Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0766

 

  “Гтк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ад

Нэхэмжлэгч: “Гтк” ХХК,

Хариуцагч: Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,

Гуравдагч этгээд: “Гто” ХХК, “Эб” ХХК нарын түншлэл,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:  Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 694 дүгээр шийдвэртэй,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Т, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Эч, хариуцагч Худалдан авах ажиллагааны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оэ, гуравдагч этгээд нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ог

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0447/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “Гтк” ХХК-иас Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нарт холбогдуулан дараах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ. Үүнд:

  • Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах,
  • Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/523 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,
  • НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,
  • “Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах,
  • Тендерт оролцсон “Гтк” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Гтк” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах,

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 694 дүгээр шийдвэрээр:

“Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 26 дугаар зүйлийн 26.4, 27 дугаар зүйлийн 27.5, 28 дугаар зүйлийн 28.1, 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Гтк” ХХК-аас Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нарт холбогдуулан гаргасан “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/523 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах, НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах, “Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах, Тендерт оролцсон “Гтк” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Гтк” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

“Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025.10.08-ны өдрийн 128/ШШ2025/0694 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Энэхүү шүүхийн шийдвэрийг 2025.10.27-ны өдөр гардаж авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113.2-д "Энэ хуулийн 113.1-д заасан шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй" гэж заасны дагуу гомдлоо гаргаж байна.

Итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие 2025.10.28-2025.10.30-ны өдөр хүртэлх хугацаанд албан ажилтай байсан учраас дэлгэрэнгүй тайлбараа гаргаж амжаагүй юм. Иймд дэлгэрэнгүй тайлбарыг 2025.11.03-ны өдөр гаргах хүсэлттэй байна.

Анхан шатны шүүхээс хуулийн буруу хэрэглэсэн, нотлох баримтад тулгуурлаагүй, маргааны үйл баримтыг буруу тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.3-д "Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ" гэж зааснаар хэргийг бүхэлд хянаж өгнө үү” гэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Тгээс давж заалдах гомдолдоо гаргасан нэмэлт тайлбартаа:

Тус шүүхэд "Гтк" ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар нарт холбогдох нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 694 дүгээр шийдвэртэй захиргааны хэрэг маргаан хянагдаж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болсон билээ.

4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон Тендер шалгаруулалтын зааварчилгаагаар зохицуулсан зохицуулалтыг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар "түншлэл" гэж гэрээний дагуу нэг тендер ирүүлсэн хэд хэдэн аж ахуй эрхлэгчийг гэж заасан бөгөөд тухайн тендерт "Гто" ХХК болон "Эб" ХХК нар оролцсон. Эдгээр нь хуулийн этгээдийн хувьд Тендерийн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 20 хувиас дээш байхыг шаардаж, тендерийн үнийн 20 хүртэл хувийг нэг, эсхүл түүнээс дээш тооны этгээдээр туслан гүйцэтгүүлэхээр санал ирүүлж болохыг хуульд тусгагдсан.

Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1 дэх хэсгийн 2-т "Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага шаардана гээд "Сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. Ижил төстэй ажилд барилга угсралтын ажлыг тооцно" гэж заасан. "ажил гүйцэтгэсэн" гэснийг аливаа ажил хийгээд бүрэн дууссан туршлагыг заасан гэж ойлгож байна. Тендерт түншлэлээр оролцож буй "Гто" ХХК, "Эб" ХХК-иуд нь тендерийн материалд ижил төстэй барилга угсралтын ажлын жагсаалтад нийтдээ 7 ажлын жагсаалтыг хавсаргаж ирүүлсэн.

"Гто" ХХК-иас ирүүлсэн /4-н ажил/

1.Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 1,880,733,807 төгрөгийн гэрээ,

2.Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 1,409,902,977 төгрөгийн гэрээ,

3.Иргэн Л.Абтай байгуулсан 494,400,000 төгрөгийн гэрээ,

4.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай байгуулсан 4,689,261,589 төгрөгийн гэрээтэй холбоотой ажлуудыг сүүлийн 3 жил буюу 2022, 2023, 2024 онуудын хийсэн гэх бөгөөд бүгд захиалагчийн тодорхойлолтгүй, эдгээр ажлуудыг "ижил төстэй ажил гүйцэтгэсэнд" тооцлоо гэхэд Түншлэлийн гишүүн "Эб" ХХК-иас ирүүлсэн Баянхонгор аймаг Н ахлах сургуулийн өргөтгөл 320 суудалтай барилгын 5,467,917,368 төгрөгийн ажил нь 2020 оны 6 сард эхэлж, 2021 оны 11 дүгээр сард Улсын комисст хүлээлгэн өгсөн учраас сүүлийн 3 жилийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад хамаарахгүй,

Мөн Түншлэлийн гишүүн "Эб" ХХК-иас ирүүлсэн Усан бассейн бүхий спорт цогцолбор барилгын ажлыг хийхээр Биеийн тамир спортын хороотой гэрээ байгуулсан, гэрээ эхэлсэн хугацаа 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэрээний гүйцэтгэл 2025 оны 2 дугаар сарын байдлаар 10 хувьтай явж байгаа буюу 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гэрээ хугацаа дуусах учраас ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад хамаарахгүй,

4.2.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 4 дэх хэсгээр дүгнээд байгаа Түншлэлийн гишүүн "Эб" ХХК-иас ирүүлсэн иргэн Д.Чсгийн  давхар 43 айлын орон сууцны барилгыг дуусгасан талаар мэдээллээ өгдөг. Тухайн барилгыг 2024.10.14-ний өдрийн "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс"-ын 2024/20 дугаар дүгнэлтээр хүлээн авсан бөгөөд дүгнэлтийн 2.3 дахь хэсэгт "захиалагч иргэн гэдэгт Д.Чс" 2.4 дэх хэсэгт хуулийн этгээдийн оноосон нэр "Эб" ХХК, 2.5 болон 2.6 дахь хэсэгт Барилгын ажлыг гүйцэтгэгч байгууллага "Гто" ХХК гэж тодорхойлж өгсөн байна.

Тодруулбал, иргэн Дбын Чс нь "Гто" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, иргэний хувиар 9 давхар 43 айлын орон сууцны барилгын захиалгаа "Эб" ХХК буюу өөрийн аав Бсийн Дбаар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон байж болох хэдий ч жинхэнэ байдал дээрээ тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь "Гто" ХХК байгаа тохиолдолд түншлэлээр оролцсон гишүүн "Эб" ХХК-ийн хийсэн ажил гэж үзэхээргүй байна. Энэ ч утгаараа нэхэмжлэгч анхнаасаа нэхэмжлэлдээ түншлэлийн гишүүн болох "Эб" ХХК-ийн хүргүүлсэн ижил төстэй ажил нь ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангаагүй, тендерт оролцохдоо хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, эсхүл бусад этгээдийн баримт бичгийг өөрчилж тендер ирүүлсэн гэж үзсэн байдаг.

4.3."Эб" ХХК-иас ирүүлсэн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл нь Тендер шалгаруулалтын зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.4-д "Түншлэлийн төлөөлөх эрх бүхий гишүүн ТШЗ-ны 18, 19-д заасан чадавхын болон туршлагын шаардлагын 40-аас дээш хувийг, түншлэлийн гишүүн тус бүр 25 ба түүнээс дээш хувийг хангасан байна" гэж заасантай нийцээгүй байхад Тендерийн үнэлгээний хорооноос түншлэлээр оролцогч компаниас татгалзаж шийдвэрлээгүй хууль бус байна.

Мөн энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамны 2025.03.21-ний өдрийн "Гомдол хянасан тухай" 02/1974 дугаар шийдвэрээр “... түншлэлийн гишүүн "Эб" ХХК нь тухайн шаардлагад хамаарах огноо болон үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд 2023 онд иргэн Д.Чстэй байгуулсан 01 дугаартай "Барилга угсралтын ажил гүйцэтгэх" гэрээний хуулбар, 2024.10.14-ний өдрийн 2024/20 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025.02.07-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолтыг тус тус хавсарган ирүүлсэн байх бөгөөд тухайн тодорхойлолт нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй талаар гомдол дурдсан байх тул тухайн асуудлыг нягталж, шаардлагад нийцэх эсэхийг тодруулж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээ авч ажиллана үү гэж шийдвэрлэсэн байхад тендерийн Үнэлгээний хороо болох захиалагчаас аливаа ямар ч ажиллагаа хийгээгүй шууд түншлэлээр оролцсон "Гто" ХХК, "Эб" ХХК-иудтай гэрээ хийх тухай мэдэгдэл хийж, нэхэмжлэгчид Худалдан авах ажиллагааны газрын 2025.03.28-ны өдрийн "Мэдэгдэл хүргүүлэх тухай" 03/831 тоот мэдэгдэл, албан бичиг явуулсан нь хууль болон журамд нийцэхгүй гэж үзэж байгаа.

4.4.Тухайлбал, Сангийн яамны 2025.03.21-ний өдрийн 02/1974 дүгээр шийдвэр гарснаас хойш захиалагч болон тендерийн үнэлгээний хорооноос аливаа ямар ч ажиллагаа хийгээгүй, "Эб" ХХК-иас ирүүлсэн "Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага"-ын талаарх мэдээллийн дагуу захиалагч болон Тендерийн үнэлгээний хороо нь Сангийн сайдын 2023.12.25-ны өдрийн А/254 дүгээр тушаалын хавсралтаар баталсан "Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам"-ын 3 дугаар зүйлийн 3.9-д "Хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага /Сангийн яам/, эсхүл шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах, эсхүл тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх, эсхүл захиалагчийг тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавихыг даалгасан тохиолдолд захиалагч үнэлгээний хороог хуралдуулж шийдвэр гаргана" гэж заасан ажиллагааг хийгээгүй нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хэрэвзээ дээрх асуудлыг цаг тухай бүр тодруулж, ажиллагаа хийсэн бол Тендерийн тухай хуулийн 56.5-д заасан нөхцөл үүсэх бүрэн боломжтой байснаас гадна, гуравдагч этгээдийн ерөнхий болон чадавхын шаардлага, туршлагыг хангасан талаарх баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөх бүрэн боломжтой байсан гэж харж байна.

4.5.Өөрөөр хэлбэл, шүүхийн дүгнэсэн Барилгын тухай хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.3, 35.1.4-д заасан захиргааны байгууллагын үйл ажиллагаа болон 2024.10.14- ний өдрийн 2024/20 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтийн 2.5, 2.6-д заасан ажиллагааны талаар "Гто" ХХК-ийн захирал ажилтай иргэн Д.Чсгийн 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажлын хувийн хэргийг татаж шалгасан бол анхнаасаа энэхүү барилгыг түншлэлийн гишүүн "Эб" ХХК бус "Гто" ХХК өөрөө бие даан барьсан эсэхийг тодорхойлох бүрэн боломжтой бөгөөд "Эб" ХХК-ийг Д.Чсгийн 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажлыг хийсэн гэж үзэн ижил төстэй барилгын туршлагад хамааруулах боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлыг анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д "Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй..." гэж зааснаар тодруулаагүй шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэх шаардлагыг хангаагүй, талуудын маргаж байгаа үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт гаргаагүй, энэ талаар нотлох ажиллагаа явуулаагүй учир шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч “Гтк” ХХК-аас Сангийн яам, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хороо, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт тус тус холбогдуулан дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ:

1.1. Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах,

1.2.Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/523 тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах,

1.3.НХХАГ/20250101017 дугаартай Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга гүйцэтгэх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгуулах,

1.4.“Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэл болон захиалагч хооронд байгуулагдсан захиалгын гэрээг хүчингүй болгуулах,

1.5.Тендерт оролцсон “Гтк” ХХК-ийн материалыг дахин үнэлэн шалгаруулж гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг Тендер шалгаруулалтын үнэлгээний хороонд, уг тендерт “Гтк” ХХК-ийг шалгаруулж гэрээ байгуулах зөвлөмжийг Нийслэлийн худалдан авах ажиллагааны газарт хүргүүлэхийг Тендерийн үнэлгээний хороонд даалгах,

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газраас Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо)-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах 13,540,100,000 төгрөгийн төсөвт өртөгт тендерийг[1] 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зарлаж, 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдөр нээсэн байна.

2.2.Нийслэлийн Ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн өргөтгөлийн барилга (Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо)-ын ажлын Үнэлгээний хорооны 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 3 дугаар тэмдэглэл (Зөвлөмж)-ээр[2]  “...“Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэл 12,435,565,229 төгрөг, “Гтк” ХХК 12,727,536,800 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Тус хоёр компани шаардлагад нийцсэн тендерийн баримт бичиг ирүүлсэн тул хамгийн бага үнийн санал ирүүлсэн “Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэлийг тус тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох саналыг нийт гишүүдийн 100 хувийн саналаар дэмжиж, гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг[3] Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын даргад 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн байна.

2.3.Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 03/512 дугаар албан бичгээр[4] “Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэлд, мөн өдрийн 03/523 дугаар албан бичгээр[5] нэхэмжлэгч “Гтк” ХХК-д “... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсэгт заасан эрэмбийн 2-т эрэмбэлэгдсэн ... “Гто” ХХК болон “Эб” ХХК-иудын түншлэл шалгарсан тул ...гэрээ байгуулах эрх олгосон” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.

2.4.Дээрх дурдсан шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс Сангийн яаманд гомдол гаргасан ба Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 дүгээр албан бичгээр[6] “... түншлэлийн гишүүн "Эб" ХХК нь тухайн шаардлагад хамаарах огноо болон үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд ...Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолтыг тус тус хавсарган ирүүлсэн байх бөгөөд тухайн тодорхойлолт нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй талаар гомдолд дурдсан байх тул тухайн асуудлыг нягталж, шаардлагад нийцэх эсэхийг тодруулж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу, бусад гомдлын тухайд үндэслэлгүй" гэх хариуг нэхэмжлэгчид өгчээ.

3.Нэхэмжлэгчээс маргаж буй “...харилцагч банкны мэдэгдэл шаардлага хангаагүй” гэх үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Захиалагч санхүүгийн чадавхын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг оролцогчоос шаардаж болно.” 16.2-т “Оролцогч санхүүгийн чадавхыг дараах баримт бичгээр нотолж болно:”, 16.2.1-т “харилцагч банкны мэдэгдэл;” 16.2.2-т “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд үүсгэн байгуулагдсан улсын хуулийн дагуу гаргасан санхүүгийн тайлан;” 16.2.3-т “сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд оролцогчийн хэрэгжүүлсэн бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын орлогын мэдээлэл” гэж заасан.

3.2.Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 18.2.2-т “Түргэн хөрвөх хөрөнгийн хэмжээг нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийн аль нэгээр эсвэл нийлбэрээр тодорхойлно. Үүнд: Тендер зарласан өдрөөс хойших Арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт, /Харилцагч банкны мэдэгдэл нь зээл олгох асуудлыг судлан үзэх боломжтой гэх мэт банканд бодитой санхүүгийн үүрэг хүлээлгээгүй бол түүнийг тендер хянан үзэхэд харгалзан үзэхгүй./” гэсэн шаардлагыг заажээ.

3.3.Дээрх хуулийн зохицуулалт болон Тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад зааснаар санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох баримт бичигт “тендер зарласан өдрөөс хойших арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт” ирүүлж болохоор заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгчээс Голомт банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 10/152 дугаартай тодорхойлолт, Хаан банкны 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 5225/03/56 дугаартай тодорхойлолтууд ирүүлсэн байна.

3.4.Үүнээс үзвэл дээрх баримтууд нь өгөгдлийн хүснэгтэд заасан “арилжааны банкны судлагдсан зээлийн авч болох мөнгөн дүн бүхий зээлийн тодорхойлолт” гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн “...дээрх тодорхойлолтууд нь зээл олгохыг судлан үзэх боломжтой гэх агуулгаар бичигдсэн гэж үзэхээргүй байх тул нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэл тогтоогдохгүй байна.” гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

4.Нэхэмжлэгчээс маргаж буй “...түншлэлийг төлөөлөх эрх бүхий гишүүний тусгай зөвшөөрлийн мэдээлэл тендерийн материалд тусгагдаагүй” гэх үндэслэлийн тухайд:

4.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2-т “Цахим системээр дамжуулан шалгах боломжтой, түүнчлэн хууль тогтоомжид зааснаар эрх бүхий байгууллагаас хөтөлж, бүрдүүлсэн мэдээллийн санд байгаа олон нийтэд нээлттэй мэдээллийг нотлох баримтаар ирүүлэхийг оролцогчоос шаардахгүй.” гэжээ.

4.2.Тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.3-т “Тусгай зөвшөөрөл шаардана” гээд, ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөл ирүүлнэ. БА-2.1-т “Цутгамал болон угсармал төмөр бетон, мод ба өрөгт бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, засвар шинэчлэлт, тохижилтын ажил”, БА-7.1-т “Барилга, байгууламжийн завсар, засал, чимэглэл, интерьер, орчны тохижилтын ажил” гээд, “Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй байх шаардлагатай бөгөөд тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс шалгана” гэж тус тус заасан.

4.3.Хуулийн дээрх зохицуулалт болон Тендер шалгаруулалтын зааварчилгаанд тусгаснаар “Тендерт оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч нь гүйцэтгэх үүргийнхээ дагуу тусгай зөвшөөрөлтэй” байхаар заасан бөгөөд түүний тусгай зөвшөөрлийн талаарх мэдээллийг Худалдан авах ажиллагааны газраас цахим системээр дамжуулан шалгах боломжтой байна.

4.4.Иймээс энэ талаарх анхан шатны шүүхийн “...тусгай зөвшөөрлийн мэдээллийг худалдан авах ажиллагааны цахим системээс шалгахаар заасан байгаа тохиолдолд заавал материал ирүүлэх шаардлагагүй байна.” гэж дүгнэснийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.

5.Нэхэмжлэгчээс маргаж буй “...ижил төстэй ажил гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэлд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

5.1.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно: 17.2.1.ажил гүйцэтгэх тендер шалгаруулалтын хувьд сүүлийн гурав хүртэл жилийн хугацаанд гүйцэтгэсэн ажлын жагсаалт, тэдгээрээс ижил төстэй ажлын өртөг, хугацаа, байршил, гэрээний үүргийг гүйцэтгэсэн болохыг нотлох баримт”, мөн зүйлийн 17.4-т “Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна.” 17.5-т “Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заана” гэж тус тус зохицуулсан.

5.2.Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн 19.1-ийн 3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлага. Шаардана” гээд “Сүүлийн гурван жил буюу 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байна. Ижил төстэй ажилд барилга угсралтын ажлыг тооцно” гэж,  мөн баримт бичгийн 19.2-ийн 3-т “Ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагыг нотлох дараах баримт бичиг ирүүлнэ. Үүнд:

  • “Ажил гүйцэтгэсэн гэрээний хуулбар,
  • Эрх бүхий байгууллагын ашиглалтад хүлээн авсан комиссын дүгнэлт эсхүл акт,
  • Захиалагчийн тодорхойлолт” зэрэг баримтуудыг шаардахаар Өгөгдлийн хүснэгтэд тодорхойлсон байна.

5.3.Хуулийн зохицуулалт болон Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтэд тусгаснаар “...Түншлэлийн гишүүн тус бүрийн болон хамтдаа хангавал зохих техникийн чадавх, туршлагын доод шаардлагыг тендер шалгаруулалтын баримт бичигт заахаар, мөн түншлэл нь 2022, 2023, 2024 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр ажилласан байхыг” шаардсан байна.

5.4.Тодруулбал, тендерийн нийт төсөвт өртөг 13,540,100,000 төгрөг, түүний 30 хувь буюу 4,062,030,000 төгрөгөөс багагүй төсөвт өртөгтэй барилга угсралтын ажлыг сүүлийн 3 жилийн аль нэг жилд нь хийж гүйцэтгэсэн байхыг шаарджээ.

5.5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл “Гто” ХХК болон “Эб” ХХК нарын түншлэлийн тендерийн материалд ижил төстэй нийт 7 ажлын жагсаалт ирүүлжээ.

Тодруулбал, “Гто” ХХК-иас  дараахь ажлын жагсаалтыг ирүүлсэн:

-Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 1,880,733,807 төгрөгийн гэрээний үнэ бүхий Сургуулийн номын сан, урлаг, заалны өргөлтгөлийн барилга /2022 оны 4 сард эхэлж, 2023 оны 01 сард бүрэн ашиглалтад хүлээлгэн өгсөн./

- Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан 1,409,902,977 төгрөгийн гэрээний үнэн бүхий Цц сумын 6 дугаар цэцэрлэгийн өргөтгөл барих /2022 оны 7 дугаар сард эхэлж, 2023 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр ашиглалтад орсон/

- Иргэн Л.Абтай байгуулсан 494,400,000 төгрөгийн гэрээний үнэ бүхий үйлчилгээтэй Авто зогсоол бүхий орон сууцны барилга /2022 оны 06 дугаар сард эхэлж, 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад орсон/

-Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газартай байгуулсан 4,689,261,589 төгрөгийн гэрээний үнэ бүхий Тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажил /2024 оны 07 дугаар сард эхэлж, 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр ашиглалтад орсон/

Харин “Эб” ХХК-иас дараахь ажлын жагсаалтыг ирүүлжээ:

-Баянхонгор аймаг Засаг даргын Тамгын газартай байгуулсан 5,467,917,368 төгрөгийн гэрээний үнэ бүхий Баянхонгор аймгийн Н ахлах сургуулийн өргөтгөл 320 суудалтай барилгын ажил /2020 оны 06 дугаар сард эхэлж, 2021 оны 11 дүгээр сард ашиглалтад орсон/

-Биеийн тамир спортын хороотой байгуулсан 17,309,549,208 төгрөгийн гэрээний үнэ бүхий Усан бассейн бүхий спорт цогцолбор барилга /2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр эхэлж, 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дуусна/

-Иргэн Д.Чстэй байгуулсан 5,579,100,816 төгрөгийн гэрээний үнэ бүхий иргэн Д.Чсгийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилга /2023 оны 5 сард эхэлж, 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орсон/-ын ажлын материалууд[7].

5.6.Эдгээрээс тухайн төсөвт өртгийн ижил төстэй ажил гүйцэтгэсэн туршлагад Үнэлгээний хороо “Гто” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн Сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга /Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 4 дүгээр сургууль/-ийн төсөл, “Эб” ХХК-ийн хийж гүйцэтгэсэн иргэн Д.Чсгийн үйлчилгээний 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажлуудыг хамруулан тооцсон байна.

5.7.Иймээс “сургуулийн номын сан, урлаг заалны өргөтгөлийн барилга /Өвөрхангай аймаг, Арвайхээр сумын 4 дүгээр сургууль/-ийн төсөл болон иргэн Д.Чсгийн үйлчилгээний 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажлуудын нийт өртөг нь 7,459,834,623 төгрөг байх бөгөөд түншлэлийн гишүүн тус бүрийн хувьд хамаарах хэсгийг тооцож үзэхэд хангасан болох нь тогтоогдож байна” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

5.8.Мөн захиалагч Нийслэлийн Засаг дарга болон Худалдан авах ажиллагааны газраас давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа “...захиалагчаас түншлэлийн гишүүд нь гэр бүл төрөл садангийн хамааралгүй байна гэх шаардлага тавиагүй” гэж дурдаж байгаа энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс гаргасан “...иргэн Дбын Чс нь "Гто" ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай, иргэний хувиар 9 давхар 43 айлын орон сууцны барилгын захиалгаа "Эб" ХХК буюу өөрийн аав Бсийн Дбаар хийж гүйцэтгүүлэхээр тохиролцсон байж болох хэдий ч жинхэнэ байдал дээрээ тухайн барилгын ажлыг хийж гүйцэтгэсэн нь "Гто" ХХК байгаа тохиолдолд түншлэлээр оролцсон гишүүн "Эб" ХХК-ийн хийсэн ажил гэж үзэхээргүй байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

5.9.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан “Эб” ХХК-ийн ижил төстэй ажлын туршлагад ирүүлсэн Д.Чсгийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажилд захиалагчийн тодорхойлолт ирүүлээгүй гэж нэхэмжлэгчээс маргах боловч “Эб” ХХК-иас Д.Чсгийн үйлчилгээтэй 9 давхар 43 айлын орон сууцны барилгын ажилд захиалагчийн тодорхойлолтод Баянхонгор аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 тоот албан бичгийг ирүүлжээ.

5.10.Иймд захиалагчийн тодорхойлолтыг анхан шатны шүүхээс “...аймгийн газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар нь тухайн нутаг дэвсгэрт байрлах барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавих эрхийг хэрэгжүүлдгийн хувьд тухайн барилгад тодорхойлолт гаргасан нь үндэслэлтэй, тухайн түншлэлийн нэг гишүүн захиалга өгч барьсан барилгын хувьд уг захиргааны байгууллагаас тодорхойлолт гаргуулан өгсөн нь зөрчилгүй байна.” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

6.Нэхэмжлэгчээс маргасан “...түншлэлийн гишүүн “Эб” ХХК нь холбогдох албан мэдэгдлүүдийг ирүүлээгүй” гэх үндэслэлийн тухайд:

6.1.Тендер шалгаруулалтын баримт бичгийн Өгөгдлийн хүснэгтийн 19.1.5-д “Бусад шаардлага: “Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах үндсэн тоног төхөөрөмж, машин механизм, техник хэрэгслийг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй, Тендер шалгаруулалтад оролцогч нь ажил гүйцэтгэхэд ашиглагдах инженер, техникийн ажилчдыг гэрээ байгуулах эрх олгогдсон тохиолдолд бүрэн хангаж ажиллах үүрэгтэй” гэж тус тус шаардсан.

6.2.Өгөгдлийн хүснэгтэд энэ хүрээнд дээрх шаардлагыг хангаж ажиллах үүргийг тодорхойлсон заалт байх бөгөөд заавал албан мэдэгдэл гаргуулахаар шаардсан шаардлага гэж үзэхээргүй байна гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

7.Үүнээс дүгнэхэд, захиалагчийн тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад тавигдсан баримт бичгийг “Гто” ХХК, “Эб” ХХК нарын түншлэлийн ирүүлсэн баримт бичиг “хамгийн сайн тендер” гэж дүгнэсэн хариуцагч Үнэлгээний хорооны зөвлөмж нь Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ”, 26.4-т “Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ”, 26.4.1-т “энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх”, 26.9-д “Тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 50 дугаар зүйлийн 50.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх”, 50.2.3-т “захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх” заасантай нийцэж байх тул маргаан бүхий Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

8.Маргаан бүхий хариуцагч Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

8.1.Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.5-д “тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдсон журам батлах;” 59 дүгээр зүйлд Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах, түүнийг хянан шийдвэрлэх талаар зохицуулалтыг тусгажээ.

8.2.Энэхүү хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг батлах бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн “Журам батлах тухай” 131 дүгээр тушаалын хавсралтаар “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ыг баталсан ба мөн сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай” 241 дүгээр тушаалаар холбогдох агуулга бүхий зохицуулалт уг журамд нэмэгдсэн ба ийнхүү гомдол хянан шийдвэрлэх ажиллагааг журамлажээ.

8.3.Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 дугаар албан бичиг нь нэхэмжлэгчээс гаргасан гомдлыг өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд хянан шийдвэрлээд гаргасан албан бичиг байх бөгөөд нэхэмжлэгчээс дээрх журамд заасан ажиллагааг хариуцагч Сангийн яамнаас хэрхэн, ямар байдлаар зөрчсөн болох, өөрөөр хэлбэл, Сангийн яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар нэхэмжлэгч талаас тодорхой тайлбар үндэслэлийг дурдаагүй байна.

8.4.Иймд Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот албан бичгийн зарим хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

9.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.3-т “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.” гэж зохицуулсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх явцад “Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот шийдвэрийн 4 дэх хэсгээр шийдвэрлэсэн "... Харин түншлэлийн гишүүн "Эб" ХХК нь тухайн шаардлагад хамаарах огноо болон үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд 2023 онд иргэн Д.Чстэй байгуулсан 01 дугаартай "Барилгын угсралтын ажил гүйцэтгэх" гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/20 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолтыг тус тус хавсарган ирүүлсэн байх бөгөөд тухайн тодорхойлолт нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй талаар гомдолд дурдсан байх тул тухайн асуудлыг нягталж, шаардлагад нийцэх эсэхийг тодруулж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан байх тул дээр дурдсан хуульд заасны дагуу давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан хэсгийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 694 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтад “Нэхэмжлэгч “Гтк” ХХК нь нэхэмжлэлийн Сангийн яамны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 02/1974 тоот шийдвэрийн 4 дэх хэсгээр шийдвэрлэсэн "... Харин түншлэлийн гишүүн "Эб" ХХК нь тухайн шаардлагад хамаарах огноо болон үнийн дүн бүхий ижил төстэй ажил гүйцэтгэсэн гэрээний мэдээлэлд 2023 онд иргэн Д.Чстэй байгуулсан 01 дугаартай "Барилгын угсралтын ажил гүйцэтгэх" гэрээний хуулбар, 2024 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2024/20 дугаартай барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, Баянхонгор аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 64 дугаартай тодорхойлолтыг тус тус хавсарган ирүүлсэн байх бөгөөд тухайн тодорхойлолт нь захиалагчийн тодорхойлолтыг орлохгүй талаар гомдолд дурдсан байх тул тухайн асуудлыг нягталж, шаардлагад нийцэх эсэхийг тодруулж, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 5.9-д заасныг хэрэгжүүлж, холбогдох арга хэмжээг авч ажиллана уу" гэсэн хэсгийг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсаныг баталсугай” гэсэн хэсэг нэмсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Гтк” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ                                                 Б.АДЪЯАСҮРЭН

ШҮҮГЧ                                                 А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Тендер шалгаруулалтын баримт бичгийн 53-55 дахь тал

[2] Тендер шалгаруулалтын баримт бичгийн 106-113 дахь тал

[3] Тендер шалгаруулалтын баримт бичгийн 114 дэх тал

[4] Тендер шалгаруулалтын баримт бичгийн 126 дахь тал

[5] Нотлох баримтын 127 дахь тал  

[6] Хэргийн 1-р хавтас 11-13 дахь тал

[7] Нотлох баримтаар ирүүлсэн сиди