Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1091

 

 

 

 

 

 

  

 

 

   2023          09           11                                        2023/ШЦТ/1091

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,  

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Б.Энхтүвшин,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт ***, *** нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308000000741 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, *** овогт ***гийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 9 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, ээж, дүүгийн хамт *** дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 568 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 03 жил 05 сарын хорих ялаар

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 180 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хорих ялаар,

- Чингэлтэй эрүүгийн хэргийн анхан шатны 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 500 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

2. Монгол Улсын иргэн, *** овогт ***ийн *** (регистрийн дугаар ***), 19*** оны 11 дүгээр сарын 03-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “***” ХХК-д туслах ажилтан ажилтай, Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод ганцаараа оршин суух, урьд Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 687 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 450 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч ***, *** нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоотод оршин суух иргэн ***ын эзэмшлийн гаражийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлан авч 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч ***, *** нар “нэмж мэдүүлэг өгөхгүй” гэцгээв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 606 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтуудыг”,

- өмгөөлөгч Б.Энхтүвшинээс “Эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч ***ын дахин өгсөн мэдүүлэг, ***ий сэжигтнээр өгсөн мэдүүлэг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн гуравдугаар хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Доржбямбын илтгэх хуудас (хавтаст хэргийн 16, 26, 29-30, 41, 120 дугаар хуудас)”,

- өмгөөлөгч Н.Одонтуяагаас “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хохирогч ***ын мэдүүлэг, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 1, 16, 23, 29, 74 дүгээр хуудас)”,

-  Шүүгдэгчид “байхгүй” гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч ***, *** нар бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн ***р хороо, *** тоотод оршин суух иргэн ***ын эзэмшлийн гаражийн хаалганы цоожийг эвдлэн нэвтрэн орж эд зүйлсийг хулгайлан авч 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

- 2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-6 дугаар хуудас),

- Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 7-14 дүгээр хуудас),

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ байж байх үед манай хөрш айлын *** гэх залуу над руу утсаар холбогдоод “танай гаражид хулгай орсон бололтой, хаалга нь онгорхой, нохой чинь гадаа сул явж байна” гэхээр нь Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** тоот хашаандаа ирэхэд хашааны хаалга онгорхой, гаражийн хаалга онгойчихсон байсан. Байшин руу нэвтэрч ороогүй, зөвхөн гарааш ухаж үзсэн байсан. Гаражаас аккумляторын цэнэглэгч, машины нэг ширхэг запас дугуй, автомат машин угаагч, усны тэрэг эд зүйл алдагдсан байна. Гаражийн хаалга цоожтой байсан эвдээд орсон байсан. Хулгайд алдсан бүх эд зүйлсээ 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авсан. Тухайн хоёр хүнээс бэлнээр 300.000 төгрөг авсан. Надад одоо гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23,26, 29-30 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...2023 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 16-17 цагийн үед худаг руу усанд явж байхад манай урд хөрш болох ***ын хашааны том хаалга онгойсон байсан. Усаа аваад буцаж ирж байхад зүс таних *** /шар хочтой/, үл таних хүнтэй хаалгыг нь хаачихсан архи уугаад үүдэнд нь сууж байхаар нь гэртээ ороод *** ахын утас руу залгаад юу болсон талаар хэлсэн. Эргээд машинаа асаагаад гараад ирэхэд 2 ширхэг аккумлятор гаргаад тавьчихсан хүн байхгүй байсан. Тэр үед *** ах ирж таараад 2 ширхэг аккумляторыг нь оруулаад тавьчихсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн Ц-319 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 13 дахь хэсэгт
хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд хуульд заасан үндэслэл, журмаас гадуур дур мэдэн хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөн мөшгөх, эрх чөлөөг нь хязгаарлахыг хориглож, хэнд боловч эрүү шүүлт тулгаж, хүнлэг бус, хэрцгий хандаж, нэр төрийг нь доромжилж болохгүйгээс гадна, иргэний хувийн ба гэр бүл, захидал харилцааны нууц, орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаалахаар хуульчилж өгсөн байдаг.

Хүний орон байрны халдашгүй байдал буюу хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, эсхүл онгорхой байхад нь аливаа байдлаар сэм орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг.

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулах нь гэмт этгээдийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай бөгөөд уг гэмт хэргийн тухайд тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч хохирогчийн эд зүйлсийг авч буй шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн, үйлдлээрээ санаатай нэгдэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж, хохирогч ***ын тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч 1.610.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч ***, *** нарыг тус зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.4 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ. 

Тус гэмт хэргийн улмаас хохирогч ***т 1.610.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад дрилл, lucoms брендийн 50 инчийн зурагтыг биет байдлаар, бэлнээр 300.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн (хавтаст хэргийн 120 дугаар хуудас) байна.

Иймд шүүгдэгч ***, *** нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбарыг өгсөн болохыг тэмдэглэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад зааснаар шүүгдэгч ***д 02 жил 03 сарын хорих ял, шүүгдэгч ***д 02 жил 06 сарын хорих ял оногдуулж, хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...”,

- өмгөөлөгч Б.Энхтүвшинээс “...гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, ар гэрийн байдал зэргийг харгалзан 02 жилийн хорих ял оногдуулж өгнө үү”,

- өмгөөлөгч Н.Одонтуяагаас “...Хамтран оролцож хохирол учруулснаас бэлнээр 300.000 төгрөгийг ганцаараа төлж барагдуулсан. Хохирол төлөгдсөн, хийсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.    

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шүүхийн шийдвэрийн хуулбар(хавтаст хэргийн 71, 81-86, 89, 98-115 дугаар хуудас) зэргээс үзэхэд шүүгдэгч *** нь нэг удаа, *** таван удаа эрүүгийн хариуцлага хүлээн дуусгавар болсон нь тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй тул эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах гэсэн шунахай сэдэлтээр бусдын тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч эд хөрөнгийг хулгайлан авсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчид бага хэмжээнээс дээш хохирол учруулж, хохирлыг төлж барагдуулсан), шүүгдэгч нарын хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдлээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***, *** тус бүрд 02 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг дээр дурдсан нөхцөл байдлыг үнэлж нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр шүүх хүлээн аваагүй болно.

Тодруулбал; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно”, гэж заасан нь эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг, мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчид нийцэн хангасан байхыг шаарддаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц хорих ялыг оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэсэн тул хорих ялыг хөнгөрүүлэхээс татгалзаж, өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн аваагүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж заасны дагуу ***, *** нарын 2023 оны 8 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм. (хавтаст хэргийн 152-155 дугаар хуудас)

Эрүүгийн 2308000000741 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***гийн ***, *** овогт ***ийн *** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “хулгайлах гэмт хэргийг бүлэглэн тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ***, *** тус бүрд хоёр жил, гурван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, *** нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***, *** нарын цагдан хоригдсон арван дөрөв хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

 

5. Эрүүгийн 2308000000741 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч ***, *** нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***, *** нарын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***, *** нарт авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР