Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 0030

 

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж

 

            Нарийн бичгийн дарга Б.Номин

Улсын яллагч Б.Жавхлантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гүенбат

Шүүгдэгч Г.Ч- нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х- овгийн Г-ийн Ч-т холбогдох 201601000181 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

1. Х- овгийн Г-ийн Ч-, Монгол Улсын иргэн, 1988 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 1, ** дүүргийн ** дугаар хороо, ** тоотод оршин суух бүртгэлтэй, Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** багийн ** тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай гэх. /Регистрийн дугаар **/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.

 

1. Шүүгдэгч Г.Ч- нь 2016 оны 07 дугаар сард Булган аймгийн ** сумын нутаг дэвсгэрт байрлах ** зуслангийн орчмоос 1971 оны 02 сарын 21-ний өдөр батлагдсан Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “делта 9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агуулагмжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг 7 дугаар хороолол 1 дүгээр байрны 3 тоот гэртээ улаан ягаан өнгийн YUNIYA гэсэн бичиглэлтэй торонд хийж хадгалсан,

 

2. 2016 ны 08 сарын 29-ний өдөр Булган аймгийн ** сумын нутгаас 1971 оны 02 дугаар сарын 21-ний өдөр батлагдсан Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “делта 9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай гялгар торны хамт нийт 1 кг 196 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч, 2016 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг 7 дугаар микр, 1 дүгээр байрны 3 тоот гэртээ H&M гэсэн бичиглэл бүхий гялгар торонд хийж хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дүгээр зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Сэжигтнээр байцаагдсан М.Ч-ийн “Тэгээд бид хоёр миний машинд суугаад Г.Ч-ийн гэрийнх нь ойролцоо байх хогийн цэг дээр очиход Г.Ч- гялгар ууттай хогоо хаячихаад одоо уул руу явъя гэхээр нь яах гэж байгаа юм бэ харанхуй шөнөөр найз нь уул руу явж чадахгүй ээ, өглөө эрт хот руу явна, тэгээд ч шатахуун багатай байна гэсэн чинь Г.Ч- цүнхнээсээ скочоор ороосон цагаан гялгар тортой юм гаргаж ирээд энэ болохгүй юм байгаа юм аа хаяхгүй бол болохгүй байна гэхээр нь би өглөө эрт хот руу явна замдаа хаячихая миний машины багажинд хийчих гэж хэлэхэд Г.Ч- замдаа заавал хаяарай мартваа гэж хэлээд миний машины багажинд хийсэн. Тэгээд Г.Ч-тэй хамт гэрт нь буцаж ороод жоохон тоглож байгаад би Т-гийнд очиж нүдний хор гаргачихаад өглөө 06 цагийн үед Эрдэнэтээс Улаанбаатар хот руу гарсан. Дархан-Уул аймаг руу дөхөөд явж байхад замын цагдаа зогсоогоод бичиг баримт болон миний машины ачаа тээшийг шалгаад Г.Ч-ийн замдаа хаяараа гээд машины багажинд хийсэн тортой зүйлийг харсанаа энэ юу юм бэ гэхээр нь би мэдэхгүй гэсэн чинь яахаараа ачаагаа мэддэггүй юм бэ гээд шалгасан бөгөөд уг торон дотор өвс байсан, намайг шалгасан цагдаа энэ хэнийх юм бэ гэхээр нь би манай найз Г.Ч- хот руу өгч явуулсан юм гээд айсандаа тэгээд хэлчихсэн юм. Уг нь Г.Ч- намайг замдаа хаячихаарай гэж хэлсэн юм Би шөнө нойр муутай хоносон болохоор Г.Ч-ийн хаяарай гэж хэлсэн юмыг нь мартчихсан байна лээ” гэсэн мэдүүлэг. /1-р хх-ийн 205-209/

2. Яллагдагчаар байцаагдсан Б.Б-ийн “Тэгээд бид гурав Эрдэнэтээс зүүн хойшоо гараад Олимпын баазын ойролцоо төв замаас баруун тийш салаад тариан талбай болон уулын бэлээр явж байгаад тариан талбайн хашааны захаар явж байгаад зогссон. Г.Ч- эхэлж буугаад тариан талбайн захаар явж байгаад буцаж машинд орж ирснээ энд ургадаг юм байна гээд машины урд хайрцагнаас нэг цэнхэр өнгийн гялгар тор аваад буухад нь С.Х- араас нь мөн тор аваад буусан, би тэр үед шорт, футболктой явсан болохоороо машинаас буух гэсэн чинь хүйтэн байсан болохоор машинаас буулгүй, арын суудал дээр нь унтчихсан юм. Тэгээд нэг мэдсэн чинь Г.Ч-ийн гэрийн гадаа ирчихсэн С.Х-аа буугаарай гэж хэлэхээр нь би түрүүлж буухад С.Х- нөгөө юм аа аваарай гэсэн. Би түрүүлээд Г.Ч-ийн гэрт орсон, араас Г.Ч- цэнхэр өнгийн тортой гялгар ургамал аваад орж ирээд, гэрийнхээ тагт руу гаргасан. 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шиг санагдаж байна, гэртээ байхад Г.Ч- өөрийнхөө ****** дугаараасаа залгаад юу хийж байна манайд хүрээд ирээч мань нь ганцаараа байна гэхээр нь би за гэж хэлсэн. Тэгээд гэрээсээ гарахад ямар ч байсан гэгээ тасарч байсан, Г.Ч-ийн гэрт нь очиход Г.Ч- ганцаараа байсан. Би ч жижиг өрөөнд нь ороод компьютер дээр нь суугаад тоглож байхад Г.Ч- намайг дуудахаар нь том өрөөнд нь орсон чинь Г.Ч- тамхи татах уу сороод үздээ гоё тамхи гэж хэлэхээд надад дүнсэн тамхи шиг цаасанд ороосон тамхи өгөхөөр нь аваад хоёр удаа сорсон чинь аймар хоолой гашуун оригоод, өөрийн эрхгүй ханиалгаад нүднээс нулимс гараад буцааж Г.Ч-т өгөөд энэ чинь юу юм бэ гэж асуухад Булганы Хялганатаас түүж ирсэн өвс чинь ш дээ ямар байна гэж асуухаар нь мэдэхгүй, наадах чинь дэмий дээ асуудал болно шүү гэж хэлээд Э- орж ирсэн. Э- Г.Ч-тэй юм ярьж байгаад гараад явсан, тэр хоёрыг хоорондоо юу ярьсныг нь мэдээгүй, ямар ч байсан Э-ыг гарсны дараа Г.Ч- гэрээ цэвэрлээд эхэлсэн. Удалгүй зүс таних М.Ч- гаднаас орж ирсэн. М.Ч- миний хажууд орж ирснээ ганцаараа тоглож байхаар Б-ын РС тоглоомын газар хүрээд ирэхгүй яасан юм бэ Б-а бид хоёр тоглож  байсан ш дээ гэж хэлээд, надтай ойр зуур юм ярьж байгаад гарсан. Г.Ч-, М.Ч- хоёр том өрөөнд нилээн юм ярьж байгаад хамтдаа гараад явсан. Удалгүй буцаад хоёулаа орж ирсэн” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 241- 246/

3. Яллагдагчаар байцаагдсан С.Х-ы “Ч- Хялганат орчихоод ирэх үү гэхээр нь яах гэж байгаа юм бэ гэсэн чинь тийшээ явах ажил байна аа, завтай бол хамт явчихаад ирье гэхээр нь би зөвшөөрсөн юм. Б.Б-, Г.Ч- бид гурав Эрдэнэтээс гараад шууд Хялганатруу явсан. Яг очсон газрынхаа нэрийг нь хэлж мэдэхгүй байна, ямар ч байсан. Булган аймгийн Хялганат сумын нутагт нэг тариан талбайны хажууд харанхуй болж байхад очсон. Уг тариан талбайгийн хажууд зогсоход Г.Ч- эхлээд бууж явж байгаад буцаж ирээд энд ургадаг юм шиг байна гэж хэлээд гялгар тор гаргаж ирээд өвс түүсэн. Би тухайн үед Г.Ч-ээс юу түүгээд байгаад асуухад Г.Ч- өвс түүж байна  гэхээр нь найз нь туслах уу яг аль өвсийг нь түүх юм бэ гэсэн чинь таван салаатай навчийг нь түүгээрэй гэж хэлэхээр нь би машинаасаа гялгар уут аваад навчтай өвснүүдийг нь түүж тороо дүүргээд машиндаа буцаж ирэхэд Б.Б- машины арын суудал дээр унтаж байсан. Харин Г.Ч- миний араас удалгүй тор дүүрэн өвстэй ирсэн. Гэхдээ би өөрийн түүсэн ургамлаа хар тамхины төрөлд багтсан өвс мөн эсэхийг нь мэдэхгүй байна” гэсэн мэдүүлэг. / 2-р х/х-ийн 1-8-р хуудас /

4. Гэрч Н.Э-ын “Би найз Ч-ийн 7 дугаар микрт байрлах “Хөүп таун”-ны 03 тоот гэрт нь шөнө 03 цагийн үед найзыгаа авах гээд гэрт нь очсон. Би ороод гутлаа тайлж байхад болконы хаалга саваад байхаар нь хаах гээд очоод харсан чинь болкон дээр хайрцагтай ногоон хардуу өнгөтэй ургамал байхаар нь найз Ч-ийг дуудаад энэ юу вэ? гэж асуусан чинь Ч- найзыгаа уучлаарай гэхээр нь чи яаж байгаа юм бэ? наадахыг чинь асуудал болгоно шүү, чи бүгдийг үлдээлгүй хая гэж хэлсэн. Тэрүүхэн хооронд бид 2 маргалдаж аваад би буцаад гарсан. Би тэр ургамалыг мансууруулдаг ургамал байна гэж бодсон” гэсэн мэдүүлэг. /1-р х/х-ийн 126-р хуудас/

5. 2016 оны 09 сарын 01-ний өдөр 08-38 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х/х-ийн 8-9-р хуудас/

 

6. 2016 оны 09 сарын 01-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р х/х-ийн 10-14-р хуудас/

 

7. 2016 оны 09 сарын 01-ний өдөр Г.Ч-ийг мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл / 1-р х/х-ийн 34-35-р хуудас/

 

8. 2016 оны 09 сарын 03-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р х/х-ийн 54-57-р хуудас/

 

9. Эд мөрийн баримтаар тооцож, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 95-102-р хуудас/

 

10. Эд мөрийн баримтаар тооцож, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 95-102-р хуудас/

 

11. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 106-108-р хуудас/

 

12. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7732 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Г- Ч- РД:***** 2016.09.03 гэсэн хаягтай хуванцар савтай шээс, Б Б- РД:********* 2016.09.03 гэсэн хаягтай хуванцар савтай шээс зэргээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol / -ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт. /1-р х/х-ийн 131-132-р хуудас/

13. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7733 дугаартай шинжээчийн дүгнэтийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. Эрүүгийн хэргийн эд мөрийн баримт, ЭЦГ-5-р хэлтэс гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ -ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт. /1 -р х/х-ийн 137-138/

14. Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 7734 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “ҮUNIYA” гэсэн бичигтэй улаан ягаан өнгийн торны ёроол хэсэгт нь байсан ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ -ийн агуулга илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын жагсаалтанд багтдаг болно” гэсэн дүгнэлт /1-р х/х-ийн 145-146/,

15. Шүүгдэгч Г.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “2016 оны 07 дугаар сарын сүулээр манай найз Б.Г Эрдэнэтэд ирээд шивээс хийж байсан юм.Тэгээд би Ё.ГанТ-р баруун гарын булчинд Арслангийн дүрс бүхий шивээс хийлгэсэн юм. Тэр үед би Б.Гантулгад хандаад надад ийм өвс байгаа ш дээ гэж хэлээд тагтан дээр байсан тортой өвсөө үзүүлээд, хэрэглэж үзэх үү, найз нь хэрэглэх аргыг нь сайн мэдэхгүй байна гэж хэлсэн чинь Б.Гантулга тэгье гэж хэлсэн. Тэгээд бид хоёр сайтаас ангилаар weed буюу монголоор өвс гэж бичиж хайлт хийхэд өвсний талаархи дүрс бичгүүд гарч ирсэн бөгөөд гарч ирсэн бичлэгүүдийг үзэж байхад өвсийг нунтаглаж байгаад цаасанд ороож тамхи шиг татаж байгаа, мөн ундааны саванд хийж утааг нь сорж байгаа гэх мэт аргууд байхаар нь Б.Гантулга бид хоёр тортой өвсөө нунтаглаж нунтаг болгоод цаасанд ороож татсан, дараа нь үлдсэн өвсөө ундааны саванд хийж байгаад татаад дуусгасан. Тэр өдрөөс хойш өвс хэрэглээгүй. 2016 оны 08 дугаар сарын эхээр өдрийг нь санахгүй байна Б.Гантулга Улаанбаатар хот руу гэр лүүгээ явсныхаа дараа 8 дугаар сарын дундуур билүү сүүлээр билүү өдрийг нь сайн санахгүй байна Б.Гантулга өөрийнхөө 99271072 дугаараас миний ****** дугаар луу залгаад нөгөө өвснөөс чинь олдох уу найздаа олдох бол олж өгч явуулаач гэхээр нь би олдвол явуулъя гэж хэлсэн. Би Булган аймгийн Хялгант суманд зэрлэг олсны ургамал буюу өвсийг ургадаг гэдгийг хүмүүсээс дам сонсож байсан болохоор тийшээ явж үзье гэж бодоод 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр шиг санагдаж байна, С.Х- машинтайгаа хүрээд ирэхээр нь би С.Х-д Булганы Хялгант орчихоод ирэх үү, тэнд өвс байвал бага зэргийг түүчихээд ирье гэж хэлэхэд С.Х- тэгье гэж хэлсэн. Тэр үед Б.Б- хажууд зогсож байсан болохоор би Б.Б-ийг хамт явах уу гэсэн чинь тэгье гэж хэлсэн. Тэгээд бид гурав Булган аймгийн Хялганат гэх газар руу явсан. Хялганатын Олимпийн бааз байрлах газраас бага зэрэг урагшаа яваад тариан талбайн хажууд очоод зогсоход замын хажуугаар зэрлэг олсны ургамал буюу Каннабис /өвс/ ургачихсан байхаар нь С.Х- бид хоёр ширхэг цэнхэр өнгийн гялгар тороор дүүргэж түүгээд, нэг торыг нь С.Х- аваад үлдсэн нэг тор өвсийг нь би авсан. Бид гурав 23 цагийн үед буцаж ирээд Б.Б- бид хоёр С.Х-аагаар шууд манайд хүргүүлсэн. С.Х-аа бид хоёрыг хүргэж өгчихөөд харилаа гээд явсан. Бид нарын түүсэн ургамал нойтон байсан болохоор би хатаах гээд тагтан дээрээ цаасан хайрцаганд хийж тавьсан. Гэрийнхээ тагтан дээр хатааж байхад гаднаас манай найз Э- орж ирээд миний түүсэн ургамлыг харчихаад дэмий зүйл одоохон хаяа гэхээр нь би гэрээсээ холхон хаях гээд М.Ч-ийг дуудсан юм. Тэр үед М.Ч-ийг ирэхээр нь үүнийг хаях гэсэн юм уул руу яваад хаячихаад ирье гэсэн чинь М.Ч- найз нь өглөө эрт хот руу явна тэгэхдээ хаячихъя гэж хэлэхээр нь машиных нь багажинд хийсэн юм” гэсэн мэдүүлэг /1-р х/х-ийн 211-230/ болон шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа, нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ч- мэдүүлэхдээ “Шүүх хуралдаанд ярих зүйл байхгүй. Яллах дүгнэлтэд үнэн зэв бичигдсэн байгаа. Гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Гүенбат мэтгэлцэхдээ “Шүүгдэгчийн гэм буруу хуулийн зүйл, хэсгийн талаар мэтгэлцэхгүй. Г.Ч- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг харгалзан түүнд оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэв. 

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Жавхлантуяа ялын шүүмжлэлдээ “шүүгдэгч Г.Ч-ийн үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон учир хуульд заасан ял шийтгэл оногуулах нь зүйтэй” гэв.

Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Г.Ч- нь 2016 оны 07 дугаар сард Булган аймгийн ** сумын нутаг дэвсгэрт байрлах ** зуслангийн орчмоос Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “делта 9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг 7 дугаар хороолол 1 дүгээр байрны 3 тоот гэртээ хадгалсан, 2016 ны 08 сарын 29-ний өдөр Булган аймгийн Хялганат сумын нутгаас Нэгдсэн үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсалтад багтсан мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодис болох “делта 9 тетрагидроканнабинол” /delta-9 tetrahydrocannabinol/-ийн агууламжтай 1 кг 196 грамм ургамлыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн олж авч 2016 оны 09 сарын 01-ний өдрийг хүртэл Орхон аймгийн Баян-Өндөр сумын ** баг *** тоот гэртээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь М.Ч-, Б.Б-, С.Х- нарын мэдүүлэг, автомашинд үзлэг хийж, эд зүйл хураан авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийж, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол тэмдэглэл, хураан авсан эд зүйлд шинжээч томилж шинжилгээ хийлгэсэн дүгнэлтүүд, Г.Ч-ийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Ч-т Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.

 

Шүүгдэгч Г.Ч-т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, уг гэмт хэргийг давтан үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал харгалзан үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ёроол хэсэгтээ ургамалын үртэс мэт зүйлтэй YUNIYA гэсэн бичиглэлтэй улаан ягаан өнгийн тор, Н&М гэсэн бичиглэл бүхий гялгар тортой 1 кг 50 грамм хатсан ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч Г.Ч- нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байх тул түүний хувийн байдлыг харгалзан оногдуулах ялыг тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                             ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Х- овгийн Г-ийн Ч-ийг мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг журамлан тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар шүүгдэгч Г.Ч-ийг                                      1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Ч-т оногдуулсан 1 /нэг/ жил,  6 /зургаа/ сарын хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар эрүүгийн 201601000181 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ёроол хэсэгтээ ургамалын үртэс мэт зүйлтэй “YUNIYA” гэсэн бичиглэлтэй улаан ягаан өнгийн тор, Н&М гэсэн бичиглэл бүхий гялгар тор, 1 кг 50 грамм хатсан ургамал зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

5.Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Ч- нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус  дурдсугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч Г.Ч-т оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг тэнсэж, 1/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, түүнд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ч-т авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Ц.АЛТАНГАДАС