| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхүндэвийн Наранбаяр |
| Хэргийн индекс | 201/2020/0004/Э |
| Дугаар | 2020/ДШМ/06 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Д.Нямдэлэг |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 2020/ДШМ/06
З.Давхарбаярт холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Д.Нямдэлэг
Хохирогчийн өмгөөлөгч хууль ёсны
төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Шүүгдэгч З.Давхарбаяр нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Давхарбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 1921003900258 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1983 оны 6 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, Хийморь овогт Зоригтын Давхарбаяр, урьд
- Дорнод аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 118 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 133 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
- Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 162 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснар 12 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,
- Сонгинохайрхан дүүргийн 2011 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 242 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3, 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн.
Шүүгдэгч З.Давхарбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансай” зоогийн газрын зүүн талын авто зам дээр 36-11 ДОР улсын дугаартай “Приус-11” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, мөн дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтыг зөрчсөний улмаас иргэн Б.Оюунбаатарыг дайрч, амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч З.Давхарбаярыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас Б.Оюунбаатарыг дайрч амь насыг хохироосон гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/335 дугаар шийтгэх тогтоолоор:
- Шүүгдэгч Хийморь овогт Зоригтын Давхарбаярыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтын Давхарбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Давхарбаярт оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
- Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З.Давхарбаярын ЖЭ83060219 тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,
- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн боронзон саарал өнгийн будагны хэлтэрхий, төмөр плаш 1 /нэг/ ширхэг зэргийг уг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт хавсаргаж,
- Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч З.Давхарбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ... шийдвэрлэжээ.
Шүүгдэгч З.Давхарбаяр 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “...Би 2019 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргаж талийгаач Б.Оюунбаатарын амь насыг хохироосон явдалд маш их харамсаж, гэмшиж байна. Хохирогчийн ар гэрийнхнээс уучлал хүсэж байна. Хэрэг болдог тэр орой 22 цагийн үед ирээдүйд буюу 2 цагийн дараа талийгаачийг автомашинаар дайрч амь насыг нь хохироох тийм аймшигт зүйл болно гэж огт төсөөлөөгүй бөгөөд дүүгийндээ охиноо тэврээд амарч байсан. Гэтэл манай дүү над руу залгаад тусламж хүссэн. Би дүүдээ туслах үүднээс өөрийнх нь эзэмшлийн приус-11 маркийн автомашиныг жолоодож “Залуус” хороололд очиж дүүгээ аваад гэрт нь ирсэн. Удалгүй манай дүү Ганцацралын найз нь манай дүү рүү залгаад бид хоёрыг ирж аваач гэж гуйсан. Би хол газар такси унаа олдохгүй байгаа юм байна гэж бодоод тэдэнд туслахаар болж дахин машин жолоодож “Залуус” хороолол руу явсан. Ингэж явах замдаа өөрийн хайхрамж болгоомжгүйгээс болж зам тээврийн осол гаргасан. Би үйлдсэн хэргээ бүрэн ухамсарлан, хүлээн зөвшөөрч хохирогч талаас уучлал гуйсан. Өөрийн өмгөөлөгчийн хамт хохирогчийн өмгөөлөгчийн албан өрөөнд хохирогчийн эхнэр Алтанцэцэг эгчтэй уулзсан. Тухайн үед хохирогчийн төлөөлөгч надаас баримттайгаар 7,0 сая гаран төгрөг баримтгүйгээр 1,0 сая төгрөг нэхэж байсан. Миний хувьд нэхэмжилсэн 8 500 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулна гэдгээ хохирогчийн төлөөлөгчид хэлсэн. Тэгэхэд Алтанцэцэг эгч надад хандаж “би мэдээж гомдолтой л байна, гэхдээ чамайг шоронд явуулаад яахав дээ, тэглээ гээд миний нөхөр босоод ирэх биш дээ” гэж уужуу сайхан сэтгэлээр хандаж хэлсэнд нь баярлаж явдаг. Хүн надад ингэж уужуу тайван хандаж байгаа учир би хохирол төлбөрийг нь дариухан бүрэн гүйцэд барагдуулъя гэж зорьсон. Гэр бүл, ах дүү нараасаа мөнгө гуйж зээлж нийт 8 500 000 төгрөг болгож хохирогч Алтанцэцэг эгчид шилжүүлсэн. Тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлье гэж аль аль талаасаа тохиролцон хүсэлт гаргасан боловч тодорхой шалтгаанаар хэрэг маань мөрдөн байцаалтанд буцсан. Ингээд дахин анхан шатны шүүх хуралдаан болж надад 1 жилийн хорих ял оногдуулсан. Би шүүхээс ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөхийг хүссэн боловч надад ял оногдуулсан. Шүүхийн шийдвэр бичгээр гарч ирснийг уншихад ял тэнсээгүй шалтгааныг хүний амь насыг хохироосон мөн хувийн байдлыг харгалзан тэнсэх боломжгүй гэж шийдсэн байсан. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна. Би талийгаачийн амь насыг хохироосондоо маш их харамсаж байгаа. Гэхдээ би талийгаачийн амь насыг хохирооё гэж хүсэж хохироогоогүй. Үнэндээ надад хүн байна гэж харагдаагүй, зам дээр хүн хэвтэж байгаа байх гэсэн төсөөлөл ч надад байгаагүй. Би хурд сааруулагч юм уу нүх байна гэж харсан. Би санаандгүйгээр талийгаачийн амь насыг хохироосон энэ байдлыг минь харгалзан үзэж болоогүй юм болов уу гэж боддог. Миний хувийн байдлыг ямар гэж тэнсэн өгөөгүй болохыг би ойлгохгүй байна. Би энэ хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан цаг бүрт ирж цагаа байнга бүртгүүлж, элдэв хэрэг төвөгт ороогүй, албан тушаалтнуудын хэлсэн бүрийг биелүүлж байсан. Би өмнө нь бага залуу насандаа олон удаа алдаж шийтгүүлж байсан. Тэр үед хийсэн хэргийнхээ ял хариуцлагыг бүрэн хүлээсэн. Тухайн үед маш буруу зүйл хийж сурч боловсрох тэр цаг хугацааг алдсандаа одоо харамсдаг. Тэр үүднээс би охиноо эрдэм номтой, ажил мэргэжилтэй сайн хүн болгоё, хань ижилдээ тус нэмэр болж сайхан амьдаръя гэсэн зорилго дүүрэн байсан. Тийм зорилго өвөрлөсөн учраас би дахин буруу муу юм хийхгүй, дахин гэмт хэрэг хийхгүй гэж өөртөө амлалт өгч хичээж ирсэн. Эхнэртэйгээ хамт хувийн бизнес хийх төлөвлөгөө хүртэл байсан. Даанч гэнэтийн төсөөлөөгүй, хүсээгүй харамсалтай зүйл болж хорих ял аван хоригдож байна. Миний хувьд хэдэн ч жилийн тэнсэн авсан байсан би хэрэг төвөгт оролгүй хуулийн байгууллагын тавьсан шаардлагыг бүрэн биелүүлж байх болно гэдгээ амлаж байна. Иймд эрхэм шүүгч нараас хүсэхэд надад оноосон хорих ялыг өөрчилж тэнсэж өгөхийг гуйж байна.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Миний үйлчлүүлэгч З.Давхарбаяр нь 2019 оны 5 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнө зам тээврийн осол гаргаж талийгаач Б.Оюунбаатарын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн. Үйлдсэн гэмт хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй. Тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтанцэцэгийн нэхэмжилсэн хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж, гэмшиж ирсэн. ... өмгөөлөгчийн зүгээс З.Давхарбаярыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 7.1-1 дэх хэсэгт заасан үндэслэлээр “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” санал гаргасан боловч анхан шатны шүүх саналыг үл хүлээн авч З.Давхарбаярт 1 жилийн хорих ял оногдуулсан. Анхан шатны шүүхээс З.Давхарбаярт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” боломжгүй тухай үндэслэлээ “... уг гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх зөрчигдөж, хүний амь нас хохирсон, хор уршгийг арилгах боломжгүй байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч З.Давхарбаярт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэж боломжгүй байна гэж үзлээ...” гэжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж хор уршгийг арилгасан бол... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл анги, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасан. З.Давхарбаярын хувьд дээрх хэм хэмжээнд заасан нөхцөл шаардлагуудыг бүрэн хангасан гэж үзэж байна. Тэрээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилсэн хохирол, төлбөрийг бүрэн барагдуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтанцэцэг нь дахин нэхэмжлэх төлбөр байхгүй тухай анхан шатны шүүх хуралдаан дээр мэдүүлж байсан. Гэтэл шүүх хүний амь нас хохирсон учир хор уршгийг арилгах боломжгүй байдал бий болсон гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч З.Давхарбаярын хувийн байдлыг харгалзан үзсэн гэх боловч яг ямар байдлыг харгалзан үзсэн болохоо тодорхой дурьдаагүй. З.Давхарбаяр нь дээрх гэмт хэрэгт холбогдсоноос хойш хэрэг хянан шийдвэрлэх хугацаанд элдэв хэрэг, зөрчил үйлдээгүй, холбогдоогүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогчийн төлөөлөгчид учирсан хохирол төлбөрийг түргэн шуурхай барагдуулж байсан. Мөрдөгч, прокурор, шүүхийн дуудсан тухай бүрт очиж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ямар нэгэн байдлаар саад учруулж байгаагүй юм. ...З.Давхарбаярын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн хувьд болгоомжгүй гэмт хэрэг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзвэл заавал хорих ял эдлүүлж шоронжуулахгүйгээр, энэрэнгүй ёсны бодлогыг баримтлан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” албадлагын арга хэмжээ хэрэглэж болох юм. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Зоригтын Давхарбаярт “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” албадлагын арга хэмжээ авч өгнө үү.” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Алтанцэцэг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “... Миний бие шүүхийн шийдвэрийг хуулийг зөв тайлбарлан, эрүүгийн хариуцлагыг шударгаар оногдуулсан гэж үзээд дэмжиж байна. Ялтны өмгөөлөгч нь ЭХЕА-ийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээг хэрэглэсэнгүй гэж гомдож байна. Би ойлгохдоо хүний амь үнэгүй гэж үзэх гээд байна гэж ойлгож байна. ЭХЕА-ийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх бөгөөд Давхарбаярын үйлдсэн гэмт хэрэг хэдийгээр болгоомжгүй үйлдлийн гэмт хэрэг боловч үүний цаана хүний алтан амь эрсэдсэн аюул, шинж чанар хэр хэмжээ гэх юм бол зүйрлэшгүй их. Тийм ч учраас би болон талийгаачийн үр хүүхдүүд, эгч, дүү нар гомдоод байгаа юм. Шүүх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид оршуулгын зардал гэх хор уршгийн мөнгийг өгсөн болохыг хөнгөрүүлэн үзэж хуульд зааснаар хамгийн бага ял оногдуулсан байх. Харин миний гомдол, үйлдсэн хэргийн шинж чанар, хохирол, хэр хэмжээ, нөхөж баршгүй байдал, гэмт хэрэг үйлдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг бага хугацаагаар ч гэсэн биечлэн эдлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд хууль хэрэглээний алдаагүй, ЭХХШТ хуулийг зөрчөөгүй гэдгийг өмгөөлөгчөөрөө дамжуулан эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалж тайлбар гаргаж байна.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Урансувд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдолтой танилцаж тайлбар гаргаж өгсөн. Энэ тайлбарыг нь дэмжиж байна. Анхан шатны шүүх З.Давхарбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдал, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн асуудал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...хүний амь насны хохирол хэзээ ч нөхөн төлөгдөх боломжгүй учраас би нөхрийнхөө амь нас хохирсон явдалд гомдолгүй гэж хэлж чадахгүй. Шударга ёсны үүднээс тухайн хүнд хариуцлага оногдуулж байгааг дэмжиж байна...” гэсэн байр суурьтай байсан. Энэ хэрэг нь 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай хэрэг байгаа. Шүүх энэ хүний хувийн байдал, хохирол төлсөн байдал, хэргийн нөхцөл байдлыг зэргийг харгалзаад харин хамгийн бага ялыг оногдуулсан. Иймд оногдуулсан ял нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нийцсэн байна гэж үзэж байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу өөрчлөлт оруулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг дүгнэлтдээ: З.Давхарбаяр 2019 оны 05 сарын 25-26-нд шилжих шөнө замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчсөний улмаас Оюунбаатарыг дайрч амь насыг хохироосон болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Ингээд анхан шатны шүүх хэргийг 2019 оны 12 сарын 16-ны өдөр хянан хэлэлцээд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар З.Давхарбаярт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан. Энэ гэмт хэрэг нь 1-5 жилийн хорих ялтай бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлыг төлсөн зэргийг харгалзан хамгийн бага ялыг оногдуулсан талаар шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тодорхой дурдсан. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх асуудлыг ярьж байх шиг байна. Хор уршгийн хувьд арилах боломжгүй. Оюунбаатарын амь нас хохирсон нь бусдад учирсан хор уршиг. Хохирогчийг оршуулах болон бусад байдлаар гарсан зардлыг хохирол гэж үзэж байна. Шүүхээс “...учруулсан хор уршиг арилаагүй байна...” гэж үзсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, хэргийн бодит байдалтай нийцэж байна гэж үзэж, хэвээр үлдээх саналтай байна. Нэмж хэлэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Үүнийг анхаарч үзнэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч З.Давхарбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.
Шүүгдэгч З.Давхарбаяр нь 2019 оны 05 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнийн 01 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сансай” зоогийн газрын зүүн талын авто зам дээр Приус 11 маркийн 36-11 ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 12.2 “харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэх заалтуудыг зөрчсөний улмаас амь хохирогч Б.Оюунбаатарыг дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, камерийн бичлэг, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, амь хохирогч Б.Оюунбаатарын үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч З.Давхарбаярын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй, прокурор, шүүх хэргийг зөв зүйлчилсэн байна.
Шүүгдэгч З.Давхарбаяр, түүний өмгөөлөгч Д.Галтогтох нарын давж заалдах гомдлын дагуу шийтгэх тогтоол, хэргийн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн холбогдох зохицуулалтуудыг судлан үзээд давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Анхан шатны шүүх энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон хор уршгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” албадлагын арга хэмжээ хэрэглэхэд саад болох нөхцөл гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд оновчгүй дүгнэлт болсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэсний “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан” гэдгийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх-эрүүгийн хариуцлагын зорилготой холбон үзэж “мөнгөөр нөхөн төлөх боломжтой хохирлуудыг нөхөн төлсөн байхыг шаардсан” гэж ойлгох нь зүйтэй. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах үүргийн талаар “хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч З.Давхарбаяр нь оршуулгын зардалд 8,500,000 төгрөг төлсөн, шүүх хуралдаанд хохирогчийн төлөөлөгчөөр оролцсон Ч.Алтанцэцэг “нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан” байх шаардлагыг хангасан гэж үзэх нь зүйтэй байна.
Мөн анхан шатны шүүх шүүгдэгч З.Давхарбаярын хувийн байдлыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзах шалтгаан болгосон. Шүүх шүүгдэгч З.Давхарбаярын хувийн байдлын чухам ямар шинжийг хэлж байгаагаа тодорхойлон бичээгүй хэдий ч түүний хувьд урьд олон удаа санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан түүхтэй нь хуульчид, шүүгчдийн анхаарлыг зүй ёсоор татаж байгааг тооцон үзвэл шүүгч энэхүү байдлыг нь хэлсэн гэж ойлгогдож байна. Шүүгч “өмнө нь удаа дараа санаатай гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байсан түүхтэй хүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь буруу эсхүл зохимжгүй” гэсэн хувийн итгэл үнэмшилтэй байж болох ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр 4-т “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж эсрэгээр заасан тул шүүн таслах ажилд энэ итгэл үнэмшлээ баримтлах боломжгүй юм. Шүүгчийн иймэрхүү итгэл үнэмшил, бодлогын шинжтэй үзэл санаанууд нь гагцхүү эрх зүйн зарчим, хуулийн хэм хэмжээний агуулгатай нийцэж байгаа нөхцөлдөө л шүүхийн практикт хэрэглэгдэх боломжтой. Энэ нь Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд тусгагдсан “шүүгч...гагцхүү хуульд захирагдах” зарчмаас урган гарна. Иймд шүүгдэгч З.Давхарбаярын хувийн байдлыг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхэд саад болохгүй гэж үзэх нь зүйтэй юм.
Түүнчлэн хэргийн нөхцөл байдлын хувьд амь хохирогч Б.Оюунбаатар нь биеэ авч явах чадваргүй болтлоо согтуурсны улмаас, шөнийн цагаар үзэгдэх орчин хязгаарлагдсан үед зам хөндлөн мөлхөж яваад замын зорчих хэсэг дээр хэвтэж байснаар осол болох ноцтой эрсдлийг бий болгосон нь камерийн бичлэг, зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлт, талийгаачийн цуснаас авсан дээжнээс спиртийн агууламж илэрсэн зэрэг баримтуудаар нотлогдсон байна. Хохирогчийн энэхүү зүй бус үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзэх боломжтой бөгөөд анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзан үзээгүй нь учир дутагдалтай болжээ.
Дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч З.Давхарбаярт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/335 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтын Давхарбаярын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Зоригтын Давхарбаярын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасаж; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тухайн хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жилийн хугацаагаар тэнссүгэй.” гэж өөрчлөн; тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгон; тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч З.Давхарбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, энэ өдрөөс эхлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Шүүгдэгч З.Давхарбаярт оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлалыг уншиж сонсгосон өдрөөс эхлэн тоолох; мөн шүүгдэгч З.Давхарбаяр нь 2019 оны 12 дугаар сарын 16-наас 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн хооронд жаран хоёр хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДОЛГОРМАА
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Л.НАРАНБАЯР