| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтбаатарын Ганзориг |
| Хэргийн индекс | 110/2025/0057/з |
| Дугаар | 221/МА2025/0777 |
| Огноо | 2025-12-11 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 221/МА2025/0777
Х.Е-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч: шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэсэн: шүүгч З.Ганзориг
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.
Нэхэмжлэгч: Х.Е
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газар
Нэхэмжлэлийн шаардлага: “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0074 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгч Х.Е
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн
Хэргийн индекс: 110/2025/0057/з
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Х.Е-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах”-аар маргасан.
2. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0074 дүгээр шийдвэрээр: Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг баримтлан Х.Е-ы гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгаж, улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж, давж заалдах гомдол гаргана. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... цэнэглэгч болон технологийн машины жолоочийн ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг “хэвийн бус” гэж тодорхойлсон нь хэрэгт авагдсан “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймгийн салбарын дарга болон нэхэмжлэгч Х.Е-ы хооронд байгуулсан 2011 оны 04 дүгээр сарын 01, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдийн Хөдөлмөрийн гэрээний хавсралтын “1.6 Ажлын байрны нөхцөл” хэсгээр батлагдаж байх тул ажиллах нөхцөлийн “хэвийн” гэж үзэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улсад бий болоогүй, зөвхөн төслийн шатанд явж буй “нефть боловсруулах үйлдвэр”, эсхүл Монгол Улсад одоогийн байдлаар “нефть”-ийн төрлийн бодитой байнга харьцдаг, хамгийн түгээмэл, нийтэд илэрхий нефть хангамжийн газрын шатахуун түгээх цэнэглэгч болон технологийн машины жолоочийн ажил мэргэжлийн чиг үүрэг, онцлог нь бензин шатахуунтай, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг зөөвөрлөх, шатахуун түгээх станцуудад хүргэх замаар хортой нөхцөлд ажилладаг тул хөдөлмөрийн “хэвийн бус” нөхцөлд хамааруулан ойлгох нь зүйтэй” гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хууль бус шийдвэр гэж үзэж гомдолтой байна.
3.2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4 дэх заалтад заасан нөхцөлийг хангасан даатгуулагчид хөдөлмөрийн хортой нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоохдоо Хөдөлмөрийн, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-ыг баримталж байна.
Уг жагсаалтын “Хөдөлмөрийн хортой” 2 дахь хэсгийн 195-д заасан 8131-13 кодтой “нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил нь нефть боловсруулах үйлдвэрт хамаарах бөгөөд харин нефтийн бүтээгдэхүүнийг жижиглэн борлуулдаг аж ахуйн нэгж, байгууллагаа (шатахуун түгээх станц)-ын “түгээгч”, нефть хангамжийн операторчин” ажил мэргэжил хамаарахгүй.
3.3. Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн “Зөвлөмж хүргүүлэх тухай” 04/1091 дүгээр албан бичгээр аймаг, дүүрэг, сумын шатахуун түгээх станцын “түгээг”, нефть хангамжийн операторчин”-оор ажилласныг хөдөлмөрийн хортой нөхцөлд ажилласнаар тооцохгүй гэсэн зөвлөмж ирсэн.
Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0074 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэжээ.
4. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалсан агуулга бүхий тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр тус хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Х.Е-аас Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт холбогдуулан “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоож олгохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газарт даалгах” шаардлага гаргасан.
3. Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А/221 дүгээр тушаалаар баталсан Тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хөдөлмөрийн хортой нөхцөлийн жагсаалтын 2.19-д заасан “нефть боловсруулах үйлдвэрийн ажил, мэргэжлийн жагсаалт”-д нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Н” компанийн нефть хангамжийн газрын цэнэглэгч, технологийн машины жолооч хамаарахгүй, Х.Е нь аймгийн Нийгмийн даатгалын газарт өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр гаргаагүй” гэх зэргээр татгалзлын үндэслэлээ тодорхойлно.
4. Хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтаар тодорхойлогдох маргааны үйл баримтын тухайд;
4.1. Х.Е нь 1971 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй. Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2025 оны 5 дугаар сарын 06-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандах үедээ 53 нас 7 сар хүрсэн байжээ.
4.2. Түүний хувьд 1990-1992 онд цэргийн алба хаасан, 1992-1994 онд хамаарах хугацааны шимтгэлийг нөхөн тооцсон, 1995-1999, 2000-2010 онуудад төсөл хөтөлбөр, ТББ-д ажиллаж шимтгэл төлсөн, 2011 оны 4 дүгээр сараас 2025 оны 4 дүгээр сар хүртэл “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт цэнэглэгч болон техНийн машины жолоочоор ажилласан буюу нийтдээ 33 жил гаруй хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь хэрэгт авагдсан лавлагаа, ажилд томилж, чөлөөлөх тушаал, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдоно.
4.3. Нэхэмжлэгч нь “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарын даргын 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 12 дугаар тушаалаар “өндөр насны тэтгэвэр тогтоолгох хүсэлт гаргасан” гэх үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөний дараа хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргахад Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 47 дугаар тогтоолоор “тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн.
4.4. Хэрэгт цуглуулсан нотлох баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, шаардлага ба татгалзлын үндэслэлийг харьцуулахад, нэхэмжлэгчид өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох нас, шимтгэл төлсөн нийт хугацааны талаар хариуцагч маргаагүй, харин “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт эрхэлж байсан ажил нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд хамаарахгүй гэж л маргасан.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасан урьдчилсан нөхцөлийг нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага /төрөл/-тай харьцуулан үзвэл, Х.Е-ы өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын эс үйлдэхүй нь хууль бус шинжийг агуулахаас гадна өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан болох нь тогтоогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл бүрдэх тул шүүхээс маргааны үйл баримттай холбогдуулан, нэхэмжлэгч нь өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоолгох хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан эсэхийг шалгаж, нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхээр байна.
6. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн 14 жил 9 сарын турш ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн “нефть хангамжийн салбарын цэнэглэгч болон технологийн машины жолооч”-ийн албан тушаал нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталдаг “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д хамаарах хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл мөн эсэхэд шүүхээс эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагатай.
7. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгчийн эрхэлж байсан нефть хангамжийн салбарын цэнэглэгч болон технологийн машины жолоочийн ажил мэргэжил нь чиг үүргийн хувьд бензин шатахуун, тэсэрч дэлбэрэх бодистой байнга ойр харьцдаг, түүнийг зөөж тээвэрлэх зэргээр хортой нөхцөлд ажилладаг тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл болно, /энэ хэсгийн 5-д заасан/ жагсаалтад хамаарна, захиргааны байгууллагын татгалзал нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.
8. 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Доор дурдсан даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 5.1.4. нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 50 насанд хүрсэн эрэгтэй, …;”, 5.3-т “Газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт, хэрэглэх журмыг хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж,
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/221 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтыг хэрэглэх журам”-ын 1.2-т “Ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээ, тушаал, хөлсөөр ажиллах болон ажил гүйцэтгэх гэрээ, түүнтэй адилтгах бусад гэрээ, албан тушаалын тодорхойлолтод заасан ажил, мэргэжил нь даатгуулагчийг газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласныг нотлох үндсэн баримт болно” гэж тус тус заасан.
9. Энэ хэсгийн 8-д заасан тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор, хөдөлмөрийн хортой, халуун, хүнд, нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалт”-ын Хөдөлмөрийн хортой нөхцөл-ийн 2.19-т Нефть боловсруулах үйлдвэр-ийн 9. Жолооч, цистерний /цэнэглэх машины жолооч/ гэж тус тус зааснаас үзэхэд “Н” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт Х.Е-ы 14 жил 9 сарын турш эрхэлсэн шатахуун цэнэглэх машины жолоочийн ажил нь хөдөлмөрийн хортой нөхцөл ангилалд хамаарч байна.
10. Хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласан жилийг хэрхэн тооцох, энэ хүрээнд хөдөлмөр, нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталсан жагсаалтыг хуулийн зорилгод хэрхэн нийцүүлж хэрэглэх, аймгийн Нийгмийн даатгалын газрын дэргэдэх Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд гомдол гаргасан өдрөөс эхлэн нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах талаар Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 001/ХТ2025/0081 дүгээр тогтоолоор, хуулийн нэгдмэл хэрэглээ тогтоосон бөгөөд анхан шатны шүүхээс нийгмийн даатгалын хууль тогтоомжийг түүнд нийцүүлж хэрэглэсэн болохыг тэмдэглэв.
11. Нэхэмжлэгчийн хувьд дээрх байдлаар хуулиар тогтоосон нөхцөл шаардлагыг хангасан байхад “... зөвхөн нефть боловсруулах үйлдвэрийн харгалзах ажил мэргэжлийг тооцно, Ерөнхий газраас ийм зөвлөмж ирүүлсэн” гэх үндэслэлээр нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэврийг хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтоохоос татгалзсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль тогтоомжид үл нийцэхээс гадна нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан байна.
12. Анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг зөв тодорхойлж, шаардлагатай нотлох баримтуудыг бүрэн цуглуулж, уг баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсний зэрэгцээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил гаргаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 110/ШШ2025/0074 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ З.ГАНЗОРИГ