Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 985

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Оын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  Т.Туяа даргалж, шүүгч Ч.Цэнд, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Г.Оын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х.Цд холбогдох

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулах тухай маргаантай хэргийг

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч: Г.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Туул нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Интернетээс “Титан гэр-400” маркийн металл хайгч багажийг зарах зарын дагуу Б.Эрдэнэбулганы хамт очиж үзэхэд бүх бичиг баримт байгаа гэж Х.Ц хэлсэн. Бид харилцан тохиролцож багажийг 23 000 000 төгрөгөөр худалдаж авч чадахгүй гэдгээ хэлэхэд багажийг “Лексус-470” маркийн автомашинаа барьцаанд тавиад авч болох юм гэсэн. Ингээд автомашиныг Х.Цын нэр дээр шилжүүлж, хэн хэн нь энэ машиныг унахгүйгээр гараашид тавья гээд 1 дүгээр хорооллын тэнд байдаг ил зогсоол дээр байрлуулсан. Үүнээс хойш Х.Ц утсаа авахгүй, холбогдохгүй болсон тул би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газарт өргөдөл гаргасан. Х.Ц надад багажаа 24 000 000 төгрөгөөр худалдаж, би өөрийн эзэмшлийн машинаа 23 000 000 төгрөгөөр үнэлсэн. Х.Ц багажаа надад 2 сарын хугацаатай зээлээр худалдаад би автомашинаа барьцаалсан. Х.Ц зөвхөн автомашины нэр шилжүүлэхийг л хүссэн. Иймд талуудын хооронд 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн эд хөрөнгө арилжих, худалдах агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, талууд дээрх хэлцэл буюу гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцааж өгөлцөж, авах үүргийг даалгуулах болон хэлцлээр хариуцагчид шилжсэн 98-98 УНЛ улсын дугаартай “Лексус 470” маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би багажийг зарна гэсэн болохоос биш багажийг түрээслэнэ гэж зар тавиагүй. Би 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Турк Улс руу ниссэн. “Титан гэр-400” маркийн металл илрүүлэгчийг 8 350 доллараар худалдаж авсан. Тухайн үед нэг доллар 2 380 төгрөг байсан. 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр би Монгол Улсад ирээд багажийг зарна гээд зар тавихад олон хүмүүс сонирхож байсан ч Г.О нь 98-98 УНЛ улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашиныг бартераар солилцъё гэж хэлээд машиныг 23 000 000 төгрөгөөр үнэлээд, уул нь 25 000 000 төгрөг боловч үнийг буулгаад 24 000 000 төгрөгөөр үнэлээд миний багажийг шалгаад, би машиныг үзээд солилцоо хийсэн. Г.О нь өөрийн биеэр машины нэрийг шилжүүлж, торгуулийг өөрөө төлсөн. Би Г.Оыг хууран мэхлээгүй, хоорондоо тохиролцож гэрээ байгуулсан. Би бичиг баримтыг дутуу өгөөгүй гүтгээд байна. Г.О гэдэг хүнтэй арилжаа хийхдээ нүдийг нь боож байгаад хүчээр дарамталж арилжаа хийгээгүй. Бүх зүйлийг шалгаж үзээд багажаа хайрцагтай нь өгсөн. Өөрийнхөө машиныг надад өгсөн. Тийм байж одоо ингэж байгааг нь гайхаж байна. Өвөг дээдсийнхээ юмыг хайна гэж байсан ч тэр нь олдоогүй болохоор намайг цагдаа, шүүхэд өгч байгаад нь гомдолтой байна. Би бүх дагалдах бичиг баримтыг өгсөн. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 98-98 УНЛ улсын дугаартай автомашиныг Х.Цаас 16 000 000 төгрөгөөр худалдаж авсан. Миний бие ч эрхийн зөрчилтэй гэдгийг мэдээгүй байж байгаад худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу автомашины гэрчилгээний нэрийг шилжүүлэх гэсэн боловч эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг шүүх хязгаарласан байсныг мэдсэн. Х.Цд гэрээний дагуу машины үнэ төлбөрийг бүрэн барагдуулсан. Шүүх эцэслэн шийдвэр гаргах хүртэл машин хэний өмч болох талаар тодорхойгүй байгаа. Гэхдээ гуравдагч этгээд нь Х.Цын нэрлэсэн дансанд 16 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Худалдах худалдан авах гэрээний дагуу гуравдагч этгээд Д.Ариунхүслэн нь машины хууль ёсны өмчлөгч гэж үзэж байна. Г.О нь хууль ёсны өмчлөгч болох нь тогтоогдвол Х.Цаас гуравдагч этгээд нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна гэжээ.

 

 Шүүх: Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан Г.Оын Х.Цд холбогдох 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн эд хөрөнгө арилжих, худалдах агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах, талууд дээрх хэлцэл буюу гэрээгээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаан өгөлцөж, авах үүргийг даалгуулах, хэлцлээр хариуцагчид шилжсэн 98-98 УНЛ улсын дугаартай “Лексус-470” маркийн автомашинаа хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 272 950 төгрөгөөс 210 600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 62 350 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн татварын хэлтсийн 2601025961 тоот данснаас буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Од олгуулахаар шийдвэрлэжээ.

 

             Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэргийг хянан шийдвэрлэж, шүүх хуралдааныг даргалсан шүүгч Баярмаа нь шүүх хуралдааны явцад хуулиар тогтоосон хэрэг хянан ийдвэрлэх ажиллагааны журам, шүүгчийн ёс зүйг бүдүүлгээр зөрчсөн дараах үйлдлүүдийг гаргаж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг ноцтой хохироолоо. Үүнд: Миний бие болон өмгөөлөгч Б.Даваажавыг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа хэлж ярихад удаа дараа таслан "гол юмаа ярь", "юмаа тодорхой ярь", "ярьж байгаа юм чинь давхцаад байна", "буруу яриад байна", "юмаа шалгаад авахад яадгийн, тэр том юмыг өгч авалцаж байж" гэх мэтээр илтэд хууль зөрчсөн үйлдэл гаргасан. Хариуцагч талыг хөтөлж асуух, хариуцагчид үгийг нь засаж залруулж хэлж өгөх мэтээр илтэд хууль зүйн зөвлөгөө, туслалцааны шинжтэй үг зааж сануулж өгөх, татгалзлаа шүүх хуралдаанд тодорхойлж чадахгүй байхад хөтөлж чиглүүлж асуух зэргээр хандаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд талууд тэгш эрхийн үндсэн дээр чөлөөтэй мэтгэлцэх хуульд заасан журмыг ноцтой зөрчсөн. Шүүгч нь шүүх хуралдааныг завсарлачихаад, зөвлөлдөх тасалгаанд байж байхдаа шүүх хуралдааны танхимыг орхин гарч, эргэн орсон нь хуулиар тогтоосон шүүх хуралдааны журам, дэг, нэхэмжлэгчийн хуулиар олгосон эрх ашиг сонирхолыг ноцтойгоор зөрчсөн зэрэг нь хэрэгт хувийн сонирхол, гадны нөлөө орсон, тухайн хэргийг хэрхэн шийдвэрлэх талаар итгэл үнэмшил бүхий болсон байсныг илтгэж байна. Процессын эдгээр ноцтой зөрчил дутагдал нь шүүх хуралдааны видео болон аудио бичлэгт  бүрэн туссан гэж үзэж байгаа тул тухайн шүүхийн архивт хадгалагдаж байгаа шүүх хуралдааны бичлэгийг давж заалдах шатны шүүхээс хэргийн хамт татан авч шалгана гэж найдаж байна. Хариуцагч Х.Ц нь зээлээр худалдан авч болох тохиролцоог хийчихээд оронд нь түр хугацаагаар автомашиныг нь гэрээгээр биш шилжүүлэн авсан байдаг. Тухайн тохиролцоо, гэрээг бичгээр  хийснийхээ дараа тухайн багаж төхөөрөмжийг шалгаж авах бололцоог бүрдүүлнэ гэсэн үйл явдал, нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс бүрэн тогтоогдож байхад илт нэг талыг барьж тухайн үйл явдлыг арилжааны гэрээ байгуулагдсан байна гэж үзсэнд харамсаж байна. Бидний зүгээс хэлцлийн агуулга, төрлөөс хамаарч тухайн үйл явдал нөхцөл байдлаас улбаалж арилжих, худалдах агуулга бүхий хэлцэл бол анхнаасаа хүчин төгөлдөр бус хэлцэл байсан хэмээн үзэж энэхүү үйл явдал нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж хийсэн хэлцэл хэмээн үзэж энэ талаар шүүхэд өөрсдийн нэхэмжлэл, нэхэмжлэлийн үндэслэл, агуулгаа тайлбарлаж холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн боловч шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэлгүй хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Шүүх хуралдаан даргалагч нь талуудын хооронд байгуулагдсан хэлцэл, гэрээг гэрээний тусгай төрлийн алинд хамаарах талаар үндэслэл бүхий дүгнэлт өгөх, нотлох баримтыг зөв үнэлж чадахгүй байсныг илэрхийлж байна. Тухайн үйл явдал, бодит нөхцөл байдлын талаар бидний зүгээс шүүхэд үнэн зөв тайлбар мэдүүлэг, гэрчүүд ч мөн үнэн зөв мэдүүлэг өгсөөр байхад шүүх холбогдох нөхцөл байдлыг үнэн зөв үнэлэлгүй асуудалд хэт хайнга хандсан. Тодруулбал: Хөрөнгө харилцан солилцох хэлцэл огт явагдаагүй, харин тухайн төхөөрөмжийг худалдан авах, барьцаа болгож автомашин шилжүүлэх зэрэг хэлцэл явагдаж худалдан  өгөхөөр ярилцсан төхөөрөмжийг холбогдох баримт бичиг зэрэг дутуу өгч, хуурч мэхэлсэн үйлдлүүд байсан бөгөөд зөрүү 1 000 000 төгрөг байсан өгнө гэсэн гэж дүгнэсэн нь илт буруу юм. Бидний зүгээс тухайн нөхцөл байдал хууран мэхлэгдсэн хэлцэл хийх замаар явагдсан үйл явдал гэж нотлосоор байтал үнэлээгүй тэгсэн хэрнээ хариуцагч тал өөрийн татгалзлаа нотлоогүй байхад түүнчлэн арилжааны гэрээний агуулга бүхий тайлбар, үндэслэлийг огт дурдаагүй байхад дурдсан, хэлсэн, нотолсон мэтээр үнэлж дүгнэн, хэт нэг талыг барьсанд харамсаж байна. Хариуцагч Х.Ц нь хууран мэхлэх арга замаар хийж нэхэмжлэгч намайг хохироосон болохыг шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын зүгээс энэ нөхцөл байдал, үндэслэлийг хангалттай тайлбарлаж нэхэмжлэлээ нотолж байсан боловч шүүх шийдвэрийнхээ аль ч  хэсэгт энэ талаар дурдаагүй дүгнэлт өгөөгүй болно. Түүнчлэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг огт үнэлээгүйд харамсаж байгаагийн зэрэгцээ гэрчүүдийн мэдүүлгийг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүйд харамсаж байна. Өөрөөр хэлбэл шүүх холбогдох нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрэн дүүрэн,
эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэсэн үндэслэл журмыг ноцтой зөрчсөн,
хэрэглэвэл хуулийн агуулгыг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохироосон гэдгийг тодотгон хэлмээр байна. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт зааснаар хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх боловч хууль хэрэглээний зохих өөрчлөлтийг оруулах шаардлагатай болно.

 

            Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч Х.Цд холбогдуулан 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хийгдсэн эд хөрөнгө арилжих агуулга бүхий хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах, хэлцлээр шилжүүлсэн эд хөрөнгийг харилцан буцаах байдлаар үр дагаврыг арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.   

 

            Цахим сүлжээнд байрлуулсан “Титан жер-400” /Titan ger-400/ маркийн металл хайгч багажийг худалдах тухай хариуцагч Х.Цацралын гаргасан зарын дагуу нэхэмжлэгч Г.О нь уг багажийг 2017 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үзэж, 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдан авахаар тохиролцсон үйл баримт тогтоогджээ.

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлдээ “... дээрх багажийг 23 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон ба багажны үнийг төлж чадахгүй байсан тул төлбөрийн барьцаанд өөрийн өмчлөлийн “Лексус-470” маркийн 98-98 УНЛ улсын дугаартай автомашиныг барьцаалсан. Хариуцагч Х.Ц нь хууран мэхэлж миний автомашиныг өөрийн эзэмшилд авсан тул Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулна” гэх боловч тэрээр уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

            Хариуцагч Х.Ц нь “Лексус-470” маркийн 98-98 УНЛ улсын дугаартай автомашиныг 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр буюу багажийг худалдан авахаар тохиролцсон өдөр нэхэмжлэгч Г.Оаас өөрийн эзэмшилд шилжүүлж авсан болох нь Автотээврийн үндэсний төвийн бүртгэлээр тогтоогдсон. /хх-ийн 5 дугаар тал/ Өөрөөр хэлбэл, хариуцагч Х.Ц нь нэхэмжлэгч Г.Оыг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд зааснаар хууран мэхэлж хэлцэл хийсэн гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй болно.

 

            Иймд нэхэмжлэгч Г.О нь багажны үнэд “Лексус-470” маркийн 98-98 УНЛ улсын дугаартай автомашиныг тооцож өгөхөөр тохиролцсон гэж үзэх тул анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

                                                                                                                       

            Зохигчдын байгуулсан арилжааны гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар хэлцлийн гол нөхцөлийн талаар талууд хэлэлцэн тохиролцсон, хэлцэл хийснийг нотолж автомашины эзэмшлийг шилжүүлсэн, уг гэрээг байгуулах хэлбэрийн шаардлага хуулиар тавигдаагүй бөгөөд талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо чөлөөтэй илэрхийлэн хийсэн хүчин төгөлдөр хэлцэл гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

            Нөгөө талаар хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалт баримталсныг давж заалдах шатны шүүхээс залруулж, найруулгын өөрчлөлт оруулна.

 

            Нэхэмжлэгч нь гомдолдоо шүүх хуралдааны ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн үйлдэл нь дуу, дүрсний бичлэгт хадгалагдсан гэх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдсан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 184/ШШ2018/00434 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан ...” гэснийг “Иргэний хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 310 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Т.ТУЯА                                         

                             ШҮҮГЧИД                                           Ч.ЦЭНД                                                                                                    

                                                                                                     Г.ДАВААДОРЖ