Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1090

 

 

 

 

 

 

 

 

 

     2023           09           11                                          2023/ШЦТ/1090

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч С.Батгэрэл,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Л.Цэндоо,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308018951246 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ  өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, *** ангид барилга орон сууцны засалчин ажилтай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн ***р хороо, *** гудамжинд орчиндоо аюул учруулж болох нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 8 настай ***ийг хазаж, баруун хөлийн шилбэ, шагайн үений ½ гадаргуугийн том хууларсан шарх бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

    1. Шүүх хуралдаанд оролцогчид мэдүүлэхдээ:

- Шүүгдэгч *** “нэмж мэдүүлэг өгөхгүй”,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** “...Манай хүү “гараад тоглоё” гэхээр нь гаргачихсан. Эгч нь орж ирээд “*** нохойд бариулчихлаа” гэж хэлэхээр нь гараад гүйхэд хүүг маань нэг эмэгтэй тэвэрчихсэн ирсэн. Харахад хөлийн шилбэнийх нь мах унжчихсан байсан. Түргэн дуудаад удалгүй ирж, гэмтлийн эмнэлэг авч яваад 30 гаруй оёдол тавиулж, яаралтайгаар хагалгаанд орсон. Нийт гурван удаа хагалгаа хийлгэж, 17-18 хоног эмнэлэгт хэвтсэн. Арьс нь үхээд эхэллээ гээд зуун айлд байдаг эмнэлэг рүү шилжүүлж, гуяны арьснаас нь авч хагалгаанд дахин орсон. Би хүүхэдтэйгээ 1 сар гаруй хугацаанд эмнэлэгт байсан. Манай нөхөр хоол цай зөөгөөд ажил хийгээгүй учраас 7.000.000-8.000.000 төгрөг нэхэмжилж байна. Дансны хуулгаа өгсөн...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

-  Улсын яллагчаас “...2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 913 дугаар яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримтууд...”,

- Өмгөөлөгчөөс “...хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7079 дугаартай дүгнэлт, гэрч ***ын мэдүүлэг, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 7-16, 37-38, 31, 58 дугаар хуудас)”,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч нар “байхгүй” гэцгээв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, *** гудамжинд орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас 8 настай ***ийг нохой нь хазаж, улмаар эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-11 дүгээр хуудас),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 12-19 дүгээр хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч ***ийн өгсөн “...2023 оны 5-р сарын 26-ны өдөр “гадаа шийдэн дээр тоглоё” гэж ээжээсээ зөвшөөрөл аваад тоглож байтал манай доод гудамжинд байдаг 2-р ангийн хүүхэд надтай барилдсан. Бид хоёр барилдах гээд зууралдаад алхаж байтал хашааны онгорхойгоор нохойны толгой гарч ирээд миний хөлийг хазаад хашаа руугаа орчихсон. Хөлөөс цус гараад эмнэлгийн машин ирсэн. Шийдний хажуу талын айлын нохой хүн явахаар их хуцаж дайрдаг. Тэр хашааны банз онгорхой байгаад удаж байгаа. Би уг нь мэддэг байсан ч тэр өдөр бөх барилдаад анхаарал сарниад мартсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...Манайх *** тоот хаягтай өөд өөдөөсөө харж байрладаг. Тухайн хаягт нохой хуцаад байдаг. Сул гүйж байхыг нь хараагүй. Би дэлгүүрийнхээ үүдний хогийг байнга гарч шүүрддэг. Миний мэдэхийн л онгорхой,  жижгэвтэр нүх байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 31 дүгээр хуудас),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 7079 дугаартай шинжээчийн “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***ийн биед баруун хөлийн шилбэ, шагайн үений урд ½  гадаргуугийн том хууларсан шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн, мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээнээс үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...Манай хүүхэд гэрээс хойшоо 2-3 гудамжны цаана байдаг сагсны шийд дээр очиж тоглосон юм байна лээ. Нэг хүүхэдтэй барилдаж байхад нь гэнэт нохой нөгөө хүүхдийн хөлөөс нь хазаад тавихгүй байсан гэсэн. Тухайн үед манай хүүхэд маш их айж цочирдсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 123 дугаар хуудас),

- Иргэний нэхэмжлэгч ***ийн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т  “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан бөгөөд уг гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон насанд хүрээгүй хохирогч ***өд эрүүл мэндийн даатгалын сангаас 1.509.000 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал гарч төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учирсан байна. Иймд яллагдагч ***аас 1.509.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 142 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Орчиндоо аюул учруулж болох амьтан гэдэгт зохих хамгаалалтгүй орхисон нөхцөлд хүний эрүүл мэнд, амь насанд аюул учруулах аюултай гэрийн тэжээвэр амьтан хамаарагдах ба орчин тойрондоо аюул учруулж болох амьтныг хамгаалалтгүй орхисон эс үйлдэхүйн улмаас хүнд халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан, хүнд халдаж эрүүл мэнд, амь насыг хохироох аюултай амьтан гэдгийг мэдсээр байж зохих хамгаалалтгүй байлгасан эс үйлдэхүйдээ санаатай, үүний улмаас бий болсон хохирлыг хүсээгүй буюу болгоомжгүйн гэм буруугийн холимог хэлбэр бүхий субьектив шинжтэй байдгаараа онцлог юм.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас насанд хүрээгүй хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Тиймээс шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.4 Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж тодорхойлсон.

Тус гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ***ийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан бөгөөд тэрээр эмчилгээ эрүүл мэндтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна.

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутайд этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7079 дугаартай дүгнэлтэд “...Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэл эмчилгээнээс үр дүнгээс хамаарна” гэж заасан дагуу хохирогч ***(хууль ёсны төлөөлөгч ***) нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Эрүүл мэндийн даатгалын сангаас өсвөр насны хохирогч ***ийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламжийн зардалд 1.509.000 төгрөгийг зарцуулсан (хавтаст хэргийн 60-61 дүгээр тал) ба шүүгдэгчээс уг төлбөрийг төлж барагдуулсан тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийг торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх санал...”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг танилцуулав.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (орчиндоо аюул учруулж болох нохойгоо зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хохирол учруулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тодорхой эрхэлсэн ажилтай, орлого олдог болох нь баримтаар тогтоогдсон) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан үзэж улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний цалин хөлс, хөрөнгө, бусад орлого олох боломж зэрэгт үнэлэлт хийж торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг сануулж, түүнд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй буюу эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд /дээр дурдсан/ хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчид нийцэн хангасан байхыг шаарддаг бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэхэд чиглэгдэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц торгох ялыг оногдуулсан болно.

Эрүүгийн 2308018951246 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ***овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.

4. Эрүүгийн 2308018951246 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, насанд хүрээгүй хохирогч *** /хууль ёсны төлөөлөгч ***/ нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР