Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1089

 

 

  

 

 

 

 

 

    2023            09            11                                          2023/ШЦТ/1089

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Э.Намуун /томилолт/

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2303004090338 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** овогт ***ын *** (регистрийн дугаар ***), 19*** оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, зэвсгийн техникч мэргэжилтэй, малчин, *** аймгийн *** сумын *** баг *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, Саппорогийн урд автобусны буудлын явган хүний гарц орчимд Тоёота приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.4а заасан заалтыг зөрчин явган зорчигч ***г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** “2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Саппорогийн уулзвар дээр хүн мөргөж гэмтээсэндээ маш их харамсаж байгаа, өөрийгөө өмгөөлүүлэх шаардлага байхгүй. Аав ээж нартай нь холбоотой байгаа, цаашид гарах эмчилгээний зардал, бусад зардлыг төлнө” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 353 дугаартай яллах дүгнэлтэд дурдсан нотлох баримтууд болон хохирол төлсөн баримт /хавтаст хэргийн 2, 4-12, 16-18, 24-26, 32-41, 45-46, 59-73, 75-88, 93, 99-100, 123 дугаар хуудас/”,

- Шүүгдэгчээс “байхгүй” гэв.

1.3 Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 12 цаг 05 минутын үед Сонгинохайрхан дүүргийн *** хороо, Саппорогийн урд автобусны буудлын явган хүний гарц орчимд Тоёота приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйл “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтуудыг зөрчин явган зорчигч ***г мөргөж, түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            - 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлага, лавлагааны хуудас (хавтаст хэргийн 2 дугаар тал),

- 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-11 дүгээр тал),

- Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн насанд хүрээгүй хохирогч ***гийн “...2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “***” дунд сургуульд шалгалт өгөөд буцахдаа ганцаараа явган хүний гарцтай хэсгээр зам гарч байхад саарал өнгийн жижиг машинд мөргүүлээд газарт унасан. Эхний хоёр эгнээний машин зам тавьж өгсөн, тэр ах зам тавьж өгөхгүй шууд намайг мөргөж, унахдаа толгойгоороо газар цохисон. Одоо гэртээ хэвтрийн дэглэм барьж байгаа, машинд мөргүүлсний дараа толгой өвдөөд бөөлжөөд байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дугаар тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын “...тухайн өдөр охиноо “***” сургуульд шалгалт өгөөд ирээрэй” гээд явуулсан. Надад Олон нийтийн цагдаа гэх хүн яриад “Хүүхэд тань машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. Шууд гэмтлийн эмнэлэг руу яваад очтол уйлчихсан, толгойны зураг авхуулах гээд оочирлоод зогсож байсан. Толгойн зүүн талдаа овойж хавдсан байсан. Хүүхдийн биеийн байдал үе үе толгой өвдөж байна. Заримдаа босохоор толгой эргээд байна гээд байгаа. Хүүхдийн эмчилгээнд цаашид гарах зардлыг тооцно. Одоогийн байдлаар эцэслэн гараагүй байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18 дугаар тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 7698 дугаартай “хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр ***гийн биед зүүн зулай ясны шугаман хугарал, зүүн чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн тохойд зулгаралт, зүүн гуянд цус хуралт, зүүн зулай, чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлийн олон удаагийн үйлдлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 24-26 дугаар тал),

- “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай “Тоёота приус-20 маркийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдал стандартын шаардлага хангахгүй байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 32-41 дүгээр тал),

- Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохын 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 699 дугаартай “...Тоёота приус маркийн *** улсын дугаартай автомашины жолооч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 дүгээр зүйл “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө”, мөн дүрмийн 3.4 дүгээр зүйл “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а.Энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас осол гарах шалтгаан нөхцөл болно” гэсэн мөрдөгчийн магадалгаа (хавтаст хэргийн 77-78 дугаар тал),

- Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч ***ийн “...*** овогтой *** нь 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвөөс ойрын дуудлагын тусламж үйлчилгээ авч, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.354.000 төгрөг гарсныг ***оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаарын дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 93 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч *** нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 3.4а заасан заалтуудыг зөрчиж явган зорчигч *** (11 нас 2 cap 3 хоногтой)-г мөргөж хүнд гэмтэл учруулсан нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зам тээврийн осол, хэргийн газрын үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГазрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 999860 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Т.Буянтогтохын 699 дугаартай магадалгаа, насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7698 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдсон нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан” гэсэн шинжийг бүрэн хангасан байна.

Иймд шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэл болно.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй” болохыг дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” хүсэлт гаргасан болохыг тэмдэглэв.

1.4. Хохирол, хор уршиг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлсон. 

Тухайн гэмт хэргийн улмаас бага насны хохирогч ***гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба түүний хууль ёсны төлөөлөгч *** баримт (хавтаст хэргийн 100-107 дугаар хуудас)-аар 876.455 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч *** төлж барагдуулсан байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Эрүүл мэндийн даатгалын сангаас бага насны хохирогч ***гийн эмчилгээ, гэмтлийн яаралтай тусламжийн зардалд 1.354.000 төгрөгийг зарцуулсан (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) ба шүүгдэгчээс уг төлбөрийг төлж барагдуулсан (хавтаст хэргийн 123 дугаар хуудас) байх тул шүүгдэгч ***ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин  Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 7698 дугаартай дүгнэлтэд “...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэж заасан тул хохирогч *** (хууль ёсны төлөөлөгч ***) нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогчид хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болохыг тэмдэглэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “...шүүгдэгч  ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах”, гэсэн дүгнэлтийг шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч маргаагүй” болно.  

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, ”гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж улмаар авто осол гаргасан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага насны хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирч, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна гэх дүгнэлттэй), шүүгдэгчийн хувийн байдал (19*** онд төрсөн, ** настай, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт *** аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суудаг, баримтаар нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй) болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч ***од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг хүлээлгэж, хэрвээ ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг түүнд сануулж,  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Улсын яллагчийн дүгнэлтээс “...Төв аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах” гэснийг хүлээн авах боломжгүй буюу хэт өргөн хүрээгээр тогтоосноор зорчих эрхийн хязгаарлах ялын үр нөлөөгүй, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн 2303004090338 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй Шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг, болохыг тогтоолд дурдав.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч ***од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***ыг Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд сануулсугай.   

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Эрүүгийн 2303004090338 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, бага насны хохирогч *** (хууль ёсны төлөөлөгч ***) нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.  

 

6. Шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

7. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***од урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.БЯМБААБААТАР