Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1118

 

 

 

 

 

 

 

 

 

   2023              09           20                                          2023/ШЦТ/1118

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Т.Төмөртулга,

шүүгдэгч ***, өмгөөлөгч Ц.Мөнгөндавалгаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2308021431267 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***ы *** (регистрийн дугаар ***), 20** оны 4 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** гудамжны *** байрны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: *** нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” пабаас хохирогч ***ы өмчлөлийн “Apple” маркийн Макбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.260.000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүх хуралдаанд шүүгдэгч *** “...*** энэ пабыг ажиллуулдаг гэж хэлээд “***н” пабад ажилд оруулсан. 2-3 хоног ажиллаж байхад миний мотоциклийг ***, *** нар шөнийн 11-04 цаг хүртэл хэлэхгүй авч гараад согтуу явж байгаад цагдаад баригдсан. Би тэд нарт “Торгуулиа төлөөрэй” гээд 2-3 хоног гуйж байхад авч хэлэлцэхгүй, сүүлдээ намайг яв, надаас авах юм байвал ав гээд байхаар нь яах ч аргагүй сандраад нөүтбүүкийг нь авчихсан...” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 930 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримтууд (хавтаст хэргийн 3-16, 30, 32, 34, 36-37, 39, 42, 46, 51, 54, 56-57, 59-60, 62-63, 76-82 дугаар хуудас) ”,

- Өмгөөлөгчөөс “...хохирогч ***, иргэний нэхэмжлэгч *** нарын хүсэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ***гийн торгууль төлсөн баримт, кассын зарлагын ордер (хавтаст хэргийн 24, 25, 29, 76, 83, 84 дүгээр хуудас)”,

-  Шүүгдэгчээс “байхгүй” гэцгээв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***” пабаас хохирогч ***ы өмчлөлийн “Apple” маркийн Макбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.260.000 төгрөгийн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 3 дугаар хуудас),

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 4-6 дугаар хуудас),

- Таньж олуулах ажиллагаа явуулсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас),

- Хяналтын камерын бичлэгт үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас),

- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 12-16 дугаар хуудас),

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ы “...2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 17 цагийн орчим манай ажилтан *** “Макбүүкээр дуу тавих гэхэд байхгүй, алга болсон байна” гэхээр нь “Хяналтын камерын бичлэг үз, хэн хаашаа явсан нь харагдана” гэхэд “камерын бичлэг байхгүй байна” гэж хэлэхээр нь өөрөө очиж шалгахад тухайн хэсэгхэн камерын бичлэг байхгүй байсан. Тухайн макбүүкээ Компьютер ландаас 5.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Ажлын байран дээр манай ажилчид болох ***, ***, ***, ***, ***, ***, *** гэх хүмүүс байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...хамт ажилладаг ***, ***, ***, ***, ***, *** бид нар ажлын цаг дууссан болохоор жоохон сууя гэсэн. Би  Саппорогийн хажууд байх CU дэлгүүр орж пиво, идэж уух юм авсан. Манай хэд нэлээн муудсан байсан. ***, *** хоёр гадаа гарсан байсан. Удалгүй ***, ***, *** бид хэд гарсан. Зааланд *** гэх залуу үлдсэн. *** зааланд ганцаараа унтаж үлдсэн. Би ***г унаанд суулгаад ***тэй хамт караокены өрөөнд унтаж амарсан. Маргааш нь сэрэхэд *** өглөө эрт явсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 32 дугаар хуудас),

- Гэрч ***ийн “...2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр ***, ***, ***, ***, *** бид нар өөрсдийн ажиллуулдаг караокед дуулж байтал *** хоёр удаа CU-ээс пиво авчирсан. Удалгүй би унтаж амарсан. Тэр нөүтбүүкийг “***” пабад ажилладаг хүмүүс бүгд *** ахынх гэдгийг мэднэ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34, 51 дүгээр хуудас),

- Гэрч ***гийн “...2023 оны 6 дугаар сарын 27-ны өдөр захирал ***ы саарал өнгийн макбүүкийг унтраагаад нүүрийг нь хаагаад ширээн дээр үлдээсэн. Караокены хамгийн том өрөөнд ***, ***, ***, ***, *** бид нар цаг гаран дуулсан. *** гэх залуу 2 давхрын тейкийн урд сандал дээр унтаж байсан. *** бид хоёр гурван давхрын амралтын өрөөнд орж унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас),

- Гэрч ***ын “...2023 оны 6 дугаар сарын 27-ны шөнө 03 цагт ажил дээр ирэхэд ***, ***, ***, ***, *** нар дуулцгааж байсан. Доод давхарт тейкийн хажууд *** унтаж байсан. 04 цаг 30  минутын үед хяналтын камер ажиллахгүй байгааг мэдсэн. ***, *** хоёр гурван давхарт унтсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

 - Иргэний нэхэмжлэгч ***гийн “...*** ломбардад ажиллаж байхад 16-20 орчим насны залуу саарал өнгийн, булан хэсэгт цагаан өнгийн алимын зурагтай макбүүкийг “Барьцаанд тавья” гэхээр нь тэр залуугийн регистрийн дугаарыг ломбардын бүртгэлийн сангаас шүүж үзтэл сэжигтэй зүйл байгаагүй тул 800.000 төгрөгөөр авсан. Тухайн хүүхдийн нэрийг *** овогтой *** гэж байсан. *** гэх регистрийн дугаартай, *** гэх утасны дугаартай байсан. Би өөрийн Хаан банкны данснаас ***ий данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 46 дугаар хуудас),

- “Тэнцвэр Эстимэйт” ХХКомпанийн 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ц-551 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 62-63 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж үүний улмаас хохирогчид 5.260.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч ***г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

1.4 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.  

Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Г.Ган-Очир нь 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдөр “Саарал өнгийн Аппле Макбүүк про загварын i7 процессортой, 4гб рам, 16 инч дэлгэцтэй, гадна хавтас хэсгийн зүүн доод булан хэсэгт цагаан өнгийн алимын дүрс бүхий наалдамхай цаас наасан нэг ширхэг нөүтбүүк, цагаан өнгийн 5*5 см хэмжээтэй Аппле брэндийн цэнэглэгч нэг ширхэг”-ийг хураан авч, мөн өдрөө хохирогч ***д хүлээлгэн өгсөн” талаарх тэмдэглэл үйлдсэн (хавтаст хэргийн 15 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгч ***гаас “...барьцааны мөнгө 800.000 төгрөгийг 2023 оны 07-р сарын 07-ны өдөр бүрэн хүлээн авсан. Гомдол санал нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлт (хавтаст хэргийн 25 дугаар хуудас)-ийг өгсөн байх тул шүүгдэгч ***г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Прокуророос шүүх хуралдаанд оролцуулах талаар тусгайлан гаргасан саналгүй байсан бөгөөд Шүүхээс хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “шүүх хуралд оролцохгүй” гэх тайлбарыг өгсөн болохыг тэмдэглэх нь зүйтэй юм.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 01 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суугаа Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтай оролцсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авч өгнө үү...” гэсэн дүгнэлтийг тус тус танилцуулав.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 76 дугаар хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахай сэдэлтээр амар хялбар аргаар бусдын эзэмшлийн эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч өөрийн өмчийн адил захиран зарцуулсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс доош хохирол учирсан, хулгайн эд зүйлийг хохирогчид хүлээлгэн өгсөн), шүүгдэгчийн хувийн байдал (18 настай, тодорхой эрхэлсэн ажилгүй, *** дүүргийн *** хороо, *** хороолол, *** гудамжны ***р байрны *** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, гэм буруугийн хүлээн зөвшөөрч маргаж мэтгэлцээгүй, хийсэн үйлдлээ гэмшиж буй байдал) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх зорчих үүргийг 01 жилийн хугацаагаар хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хэрвээ уг ялыг биел***гүй бол хорих ялаар солихыг түүнд с***улж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг дараах үндэслэлээр Шүүх хүлээн аваагүй болно. Тодруулбал; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, оногдуулах ялын төрлийг тодорхойлж заасан ба уг бүлэгт гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай тусгай журмыг хуульчилсан.

***ий хувийн байдалтай холбоотой мэдээллийг тогтоох зорилгоор хэрэгт авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дүгээр хуудас)-аар гэмт хэрэг үйлдэх үедээ /2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр/ 18 нас, 02 сар, 21 хоногтой байсан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар бүлэгт заасан үндэслэл, журам үйлчлэхээргүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрх олгосон хэм хэмжээг, мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний алийг сонгон хэрэглэх нь Шүүх, шүүгчид Үндсэн хууль болон Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудаар олгосон онцгой бүрэх эрх төдийгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёс болон гэм буруугийн зарчмыг хангасан, гэмт этгээдийг нийгэмшүүлэх хийгээд цээрлүүлэхэд чиглэгдсэн байх, нөгөөтээгүүр урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулсан тул хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээс татгалзаж шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн 2308021431267 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээх, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д нэг жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***г эрх бүхий байгууллагын хяналтад Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг жилийн хугацаагаар хүлээлгэж, ялыг биел***гүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд с***улсугай.    

4. Эрүүгийн 2308021431267 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг бичлэг бүхий дискийг хэрэгт хавсарган үлдээж, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР