Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 08

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,   

Нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

Улсын яллагч О.Мөнхцэцэг,   

Иргэдийн төлөөлөгч Т.Наранцэцэг,   

Шүүгдэгч Д.Дагвадэмбэрэл, түүний өмгөөлөгч Г.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2601 2240 дугаартай хэргийг  хянан хэлэлцэв.     

 

Биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, шороотын 1-1 тоотод оршин суух хаягтай, урьд 2001 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 185 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгэгдэж, уг 2 жилийн хорих ялыг 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулиар ялаас өршөөн хэлтрэгдсэн, 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, уг ялыг биечлэн эдлүүлэхийг тэнсэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

            Боржигон овогт Долгорсүрэнгийн Дагвадэмбэрэл, РД:УБ73082019,

            Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Дагвадэмбэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын амны 01 дүгээр гудамжны 01 тоотод байрлах гэртээ өөрийн хамаатан Ж.Мөнхдурсгалтай үхэр тууж ирсэнгүй гэх шалтгаанаар маргалдаж, хувийн таарамжгүй харьцааны улмаас түүний цээжний зүүн хажуу доод хэсэгт хутгалж биемахбодид нь өрц, бүдүүн гэдсийг гэмтээж, хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн 11-р хавирганы хугарал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь :       

 

Шүүх тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг  шинжлэн судлав. Үүнд :      

- иргэн Мягмар овогтой Чанцалдуламаас Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст ирүүлсэн “2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо шороотын задгайд оршин суух Ж.Мөнхдурсгалыг Дагвадэмбэрэл хутгалсан” гэх гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

- хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-10/,

- эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх-11/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-12/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-13/, 

- хохирогч Ж.Мөнхдурсгалын:...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Гэзэгт буюу Энхболдын гэрт ороод байж байтал араас Дагвадэмбэрэл ах эхнэр Отгоогийн хамт орж ирсэн. Тэгээд намайг үхэр харж байгаарай бид 2 найранд явлаа гээд би тэр хоёроос хэдэн төгрөг өгчих гээд дагаад хамт гарсан. Ингээд автобус баазын дэлгүүр ороод нөгөө 2 нэг том пиво, хоёр 0.75 литрийн архи аваад гудамжинд зогсоод нэг шил архины талыг нь бид 3 хувааж уугаад би үлдсэн архи болох хагас шил архийг нь аваад Гэзэгтийн гэр рүү яваад нөгөө 2 найранд явахаар салж явсан. Ингээд би Энхболд ах Око нарын хамт тэр архийг ууж дуусгаад гэр рүү яваад хэсэг хугацааны дараа Гэзэгт Энхболд ахын гэрт очиход Дагвадэмбэрэл ах эхнэрийн хамт тэднийд ирчихсэн байсан...би зүүн талын орон дээр нь суугаад хойшоо налчихсан хэвтэж байтал Дагвадэмбэрэл ах хутга барьж ирээд миний зүүн суган доод хэсэгт хутгалсныг санаж байна...гэх мэдүүлэг /хх-15/,...би Дагвадэмбэрэл ахын гэрт ороод гэрийнх нь зүүн талын орон дээр хойд талд нь сууж байсан. Миний хажууд Око буюу Оюунболд гэх залуу сууж байсан санагдаж байна...нэг мэдсэн чинь л Дагвадэмбэрэл намайг хутгалж байсан...гэх мэдүүлэг /хх-16/... Дагвадэмбэрэл эхнэр Отгоо, Энхболд нар баруун талын орон дээр сууж байсан...би үхрийг нь хайгаад гол дээр очиход 2 үхэр нь байсан болохоор тэр 2 үхрийг нь тууж ирсэн...бусад үхэр нь гол дээр байгаагүй юм...би хохирлоо барагдуулж авмаар байна, гомдолтой байна. 1.220.000 төгрөгөө нэхэмжилж байна.../хх-17-18/,

- гэрч Ш.Энхболдын:...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Оюунболд, Мөнхдурсгал нарын хамт Дагвадэмбэрэлийн гэр рүү очиход Дагвадэмбэрэлийн эхнэр нь хашаандаа үхрээ саагаад сууж байсан ба хажууд нь Дагвадэмбэрэл сууж байсан. Тэгээд тэр 2 үхрээ саагаад дуусаад бид нар тэдний гэр рүү нь орсон. Ингээд тэдний гэрт нь ороод би баруун талын орон дээр хамгийн доод тал буюу урд талд суугаад Дагвадэмбэрэл миний дээд талд суугаад түүний эхнэр Отгоо хамгийн хойд талд сууж байсан...Зүүн талын орон дээр хойд талд нь Мөнхдурсгал суугааад доод талд нь Оюунболд сууж байсан...тэр 2 юунаас болсон юм 2 үхэр авч ирсэнгүй гэж ярьж байснаа гурил будаа яриад маргалдаад Дагвадэмбэрэл босоод зүүн орны урд байх гал тогооны 2 хаалгатай шургуулганы хойд талын шургуулгыг нээгээд дотроос нь шар иштэй хутга аваад буцаж гүйгээд Мөнхдурсгал руу очоод шууд хутгалснаа хутгаа аваад дахиад нэг удаа хутгалсан. Ямар ч байсан 2 удаа хутгаа далайгаад хутгалж байсан. Бид нар барьж авах гээд амжаагүй. Би Оюунболдын хамт очоод 2 талаас нь 2 гарыг нь барьж аваад би Дагвадэмбэрэлийн хутгатай баруун гарыг ард талд нь нугалж өчиж барьтал хутгаа унагаасан. Тэгэхээр нь би хутгыг нь аваад шүүгээн дээр тавьсан. Тэгээд гарыг нь өчөөд жаахан байсан чинь Дагвадэмбэрэл гар тавь тавьчих гэхээр нь гарыг нь тавьсан ба хутгаараа дахиад хутгалж магадгүй гэж санаад Оюунболд хутгыг нь усны савны ар руу шидсэн. Дагвадэмбэрэл эхлээд би 2 үхэр авч ирсэн байна. 2 үхрийг нь үлдээсэн байна гээд Мөнхдурсгалд хэлсэн чинь байхгүй байна, байгааг чинь чинь туугаад ирлээ гээд л “хэрэлдэж байна гэхэд хаашаа юм” ярилцаад сууж байсан...гэх мэдүүлэг /хх-19-20/...тухайн үед Дагвадэмбэрэл Мөнхдурсгалтай маргалдаж байснаа пиздааг хутгалдаад хаячихъя гээд босоод гал тогооны шүүгээ рүү босоод хурдан очсон. Тэгэхээр нь би арай хутга аваад хутгалчихгүй байлгүй хутга ч байхгүй байх гэж санаад харж байтал 2 шүүгээтэй шургуулганы хойд талын шургуулгыг онгойлгоод шар иштэй хутга аваад шууд Мөнхдурсгал дээр очоод хутгалчихсан. Би сайн харсан. Мөнхдурсгалыг хутгалах үед Мөнхдурсгал орон дээр суусан чигтээ байсан ба хутгалчихна гэж бодоогүй бололтой сууж байсан ба суусан чигтээ хутгалуулсан. Мөнхдурсгал тухайн үед өөдөөс нь хутга булаалцалдсан зүйл байхгүй...сууж байгаад л хутгалуулсан...манай эхнэр Мөнхцэцэг яваад өгсөн...тэр айл руу манай эхнэр ороогүй хутгалах үед манай эхнэр байгаагүй...гэх мэдүүлэг /хх-21/,       

-гэрч Д.Оюунболдын:...Мөнхдурсгал зүүн талын орны хойд хэсэгт орны толгойд суусан. Би түүний мууж байсан орны доод талд нь сууж байсан. Баруун талын орон дээр Энхболд, Дагвадэмбэрэл, Отгоо нар сууж байсан. Дагвадэмбэрэл Мөнхдурсгалд хандаад чи үхэр чинь олоод ирэхгүй, 2 үхэр авч ирэхгүй яасан юм, гэсэн чинь Мөнхдурсгал “олдохгүй байна наад гол дээр байхгүй байна, гол дээр байсанг нь тууж ирлээ” гэж хэлж байсан. Дагвадэмбэрэл нь шууд босоод гал тогооны шүүгээг онгойлгоод дотроос нь шар иштэй хутга гаргаж ирээд Мөнхдурсгал руу гүйж очоод зүүн суганд нь 2 удаа хутгалсан. Тэгэхээр нь би Энхболд ахын хамт очоод Дагвадэмбэрэлийг гарыг нь ард нь бариад гарыг нь өчиж байж хутгыг нь салгаад хутга нь газар унасан. Ингээд би тэр хутгыг нь аваад усны савны араар шидсэн. Тэгээд би өөрийн 86740794 гэсэн дугаараас түргэн дуудсан. Дагвадэмбэрэл уг шар иштэй хутгыг гал тогооны аяга таваг хийдэг шүүгээний шургуулгыг онгойлгоод шар иштэй хутга аваад хутгалчихсан. Би тухайн үед хутгалчихгүй байлгүй гэсэн чинь хутгалчихсан юм. Мөнхдурсгал хутгалуулах үедээ орон дээр сууж байсан ба өөдөөс нь эсэргүүцсэн ноцолдсон зүйл байхгүй. Дагвадэмбэрэл болон түүний эхнэр Отгоо нар нилээн согтсон байсан. Мөнхдурсгал болон Энхболд ах бид нар халамцуу байдалтай байсан...гэх мэдүүлэг /хх-23-24/,

-гэрч Б.Мөнхцэцэгийн:...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Дагвадэмбэрэлийн авч явсан архи пивыг уухаар боллоо гээд Энхболд, Оюунболд Мөнхдурсгал нар тэдний гэрт очихоор явсан. Би удаагүй араас нь очиход нөгөө хэд Дагвадэмбэрэлтэй юм яриад гадаа сууж байсан ба эхнэр Отгоо нь үхрээ сааж байсан. Тэгээд би тэд нарыг гадаа сууж байхаар нь гэрээ онгорхой орхисон байсан болохоор буцаад гэр рүүгээ явсан. Тэгээд буцаж ороогүй. Тэгтэл нилээн удсаны дараа Дагвадэмбэрэл Мөнхдурсгалыг хутгалчихлаа эмнэлэг рүү явууллаа нөгөөх нь цагдаа аваад явсан гээд Энхболд орж ирж байсан...гэх мэдүүлэг /хх-25/,

-гэрч Б.Отгоны:...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өглөө би үхрээ саачихаад нөхөр Дагвадэмбэрэлийн хамт 0.75 литрийн нэг шил архи авч уусан. Бид 2 Мөнхдурсгалд манай үхрийг орой ирэхээр нь хашаад байж байгаарай, бид 2 найранд явчихаад ирье гэсэн чинь Мөнхдурсгал зөвшөөрөөд та хоёр нэг шил архи аваад өгчих гээд байхаар нь дагуулж гараад баазын дэлгүүр ороод 0.75 литрийн 2 шил архи, нэг том пиво аваад нэг шил архийг нь гудамжинд зогсож байгаад тал хүртэл уугаад үлдсэн архийг нь Мөнхдурсгал аваад явсан. Бүгдээрээ манай гэрт ороод сууж байгаад манараад ухаан санаа орж гараад юу болсныг мэдээгүй байж байтал гэнэт хүмүүс шуугиад явчихаар нь юу болсон бэ гэхэд Дагвадэмбэрэл Мөнхдурсгалыг хутгалчихлаа гэж байсан...уг хутгалсан гэх хутга нь шар иштэй хутга байсан бай манай гэрийн хутга байсан. Уг хутга манай гэрийн хоолны шүүгээн дотор байсан юм...гэх мэдүүлэг /хх-26-27/,

-шүүх эмнэлгийн шинжээчийн:...Мөнхдурсгалын биед цээжний зүүн хажуу доод хэсэгт өрц, бүдүүн гэдсийг гэмтээж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, хэвлийн хөндийн цус хуралт, зүүн 11 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна...гэх дүгнэлт /хх-38/,

-шинжээч эмч Т.Номинцэцэгийн:...тухайн хутгалах үед хавирга хугарсан байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-44-45/,

-түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-88/, хохирогч Ж.Мөнхдурсгалын өвчний түүхийн хуулбар /хх-91-100/, хохирогч Ж.Мөнхдурсгалын эмчилгээний төлбөрийн баримтууд /хх-110-116/,

-шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийн:...2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр би Мөнхдурсгалтай чи үхэр туугаад ирэхгүй яасан юм бэ гэхэд Мөнхдурсгал би яаж чаддаг юм бэ чадахгүй гэхээр нь би хэрэлдэж байгаад гал тогооны шүүгээн дээр байсан шар иштэй хутгыг аваад Мөнхдурсгалын гэдэс орчимд нь хутгалчихсан.../хх-57/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүгдэгч Д.Дагвадэмбэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 17 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Шороотын амны 01 дүгээр гудамжны 01 тоотод байрлах гэртээ өөрийн хамаатан Ж.Мөнхдурсгалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн хажуу доод хэсэгт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь...   

-...Ж.Мөнхдурсгалын биед цээжний зүүн хажуу доод хэсэгт өрц, бүдүүн гэдсийг гэмтээж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, цээжний хөндийн хий, хэвлийн хөндийн цус хуралт...гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл...гэх шинжээчийн дүгнэлт /хх-38/, шинжээчийн мэдүүлэг /хх-44-45/, 

- хохирогч Ж.Мөнхдурсгалын:...Дагвадэмбэрэл намайг хутгалж байсан тухай мэдүүлэг /х-15-18/,  

-:.. Дагвадэмбэрэл гал тогооны 2 хаалгатай шургуулганы хойд талын шургуулгыг нээгээд дотроос нь шар иштэй хутга аваад буцаж гүйгээд Мөнхдурсгал руу очоод шууд хутгалсан, 2 удаа хутгаа далайсан...тухай гэрч Ш.Энхболд /хх-19-21/, гэрч Д.Оюунболд нарын мэдүүлэг /хх-23-24/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай  учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.         

Яллах дүгнэлтэд тус хэргийн сэдэлтийг “үхэр тууж ирсэнгүй” гэх шалтгаанаар маргалдсан гэх боловч шүүгдэгч...хохирогч нь манай эхнэрийг доромжилсон гэх, зарим гэрч нарын мэдүүлэгт...Дагвадэмбэрэл нь 2 үхрийг үлдээсэн байна гээд Мөнхдурсгалд хэлэхэд Мөнхдурсгал нь байгааг нь туугаад ирлээ гээд л “хэрэлдэж байна гэхэд хаашаа юм” ярилцаад сууж байсан, сүүлдээ гурил будаа ярьсан гэх,  мөн гэрч болох Ж.Мөнхцэцэг, Б.Отгон нар хэрэг учрал болоход байсан эсэх болон бусад асуудлаар зарим нотлох баримтууд өөр хоорондоо зөрүүтэй, “шүүгдэгч нь илтэд бусдын өмнө бүдүүлэг авирлан,  ичгүүргүйгээр гэмт үйлдлээ хэрэгжүүлсэн нөхцөл байдал”-ыг хууль зүйн үүднээс бүрэн гүйцэд үнэлэх ажиллагаа дутуу хийгдсэн зэрэг дахин шалган тогтоовол зохих ажиллагаанууд байх боловч үүгээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар тус хэргийг мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй гэж үзсэн болно.     

Нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгахад шүүгдэгч Д.Дагвадэмбэрэл бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан нь гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдэгдсэн, гэм буруугийн “санаатай” хэлбэрийг тодорхойлох субъектив талын шинж болон гэмт идэвхтэй үйлдэл ба хор уршгийн хоорондын шалтгаант холбоо нь тус тус  тогтоогдсон байх тул энэ талаар маргаантай асуудалгүй гэж үзнэ.       

Хохирогч нь эмчилгээний зардал болон бусад зардалд нийт 1.220.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч нь уг мөнгийг хохирогчид төлсөн, хохирогч талаас гомдол саналгүй болохоо бичгээр илэрхийлсэн, мэдэгдсэн /хх-136-137/ байх тул шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй байна.        

Шүүгдэгчийг анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, баримт хэрэгт цугларсан байх ба бусдад төлөх төлбөргүй, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.    

Шүүгдэгч нь гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу хохирогчид учирсан гэм хор арилсан, түүний ар гэрийн амьдралын болон хувийн бусад байдал, анх удаа хорих ял оногдуулж болох гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, мөн ял эдлүүлэх дэглэмийг хөнгөрүүлэв.    

Уг хэрэгт эд мөрийн баримтаар шар иштэй 1 ширхэг хутга хураагдсан,  битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь 2016.09.19-ний өдрөөс /х-48/ хойшлуулшгүйгээр 3 хоног цагдан хоригдсон байна.       

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 295, 296, 297, 298 дугаар  зүйлийг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь :  

 

1. Шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийг 3 жил 6 сар хорих ялаар шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан мөн зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийн эдлэх 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.          

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийн цагдан хоригдсон 3 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцсугай.       

5. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүйг тус тус дурдсугай.         

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар уг хэргийн эд мөрийн баримт болох шар иштэй 1 ширхэг хутгыг устгасугай. 

7. Шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлийг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тооцсугай.            

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.    

9. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

10. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Дагвадэмбэрэлд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

                 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Г.ГАНБААТАР

                                                           

                                     ШҮҮГЧ                                           Г.АЛТАНЦЭЦЭГ

 

                                                                                             Л.БААТАР