| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2019/02800/И |
| Дугаар | 001/ХТ2022/00226 |
| Огноо | 2022-03-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 001/ХТ2022/00226
| 2022 оны 03 сарын 01 өдөр | Дугаар 001/ХТ2022/00226 |
Нийслэлийн прокурорын газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00594 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 903 дугаар магадлалтай,
Нийслэлийн прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Үүдэн чулуу ХХК, Ц.Энхтайван нарт холбогдох
8,672,866 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагч Үүдэн чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярхүү, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Нийслэлийн прокурорын газар нь хариуцагч Үүдэн чулуу ХХК, Ц.Энхтайван нарт холбогдуулан 8,672,866 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00594 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Үүдэн чулуу ХХК-иас 7,672,866 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Энхтайванд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар Нийслэлийн Прокурорын газрын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Үүдэн чулуу ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 137,716 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 903 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00594 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч Үүдэн чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.19-ний өдрийн 594 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 903 дугаар магадлалыг эс зөвшөөрч ИХШХШТХуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэн дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үнэлэхдээ ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлд заасан нотлох баримтыг үнэлэх хуулийн зохицуулалтыг илтэд зөрүүтэй хэрэглэж, тайлбарласан. Тодруулбал, хариуцагчийн зүгээс Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Бууралхангай гэх газраас 2015.08.19-ний өдрөөс 2015.09.03-ны өдрүүдийн хооронд боржин чулуу олборлохдоо тусгай зөвшөөрөл бүхий Мага ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлох үйл ажиллагаа явуулсан.
Гэрээний дагуу Мага" ХХК-д 3,000,000 төгрөгийг төлсөн байдаг бөгөөд гэрээ болон төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд Мага ХХК-тай байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, дүгнээгүй, шүүх хуралдаанд хариуцагчийн зүгээс дээрх бичгийн баримтуудыг нотлох баримтаар тодотгон шинжлэн судлуулсаар байтал шинжлэн судлагдсан нотлох баримтын талаар шүүхийн шийдвэрт дурдаагүй, гэрээ болон төлбөрийн баримтууд нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах болон хариуцагчийн татгалзлалыг үгүйсгэхэд нотолгооны хувьд хэрхэн нөлөөлж байгаа талаар шийдвэр, магадлалын үндэслэх нь, болон хянавал хэсэгт ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулж байгаа нь ИХШХШТХуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсгүүдийг ноцтой зөрчсөн зөрчил болно. Хариуцагчийн зүгээс түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий Мага ХХК, тус компанийн захирал М.Баярмагнайг хэрэгт гэрчээр асуулгах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч ханган шүүхийн тогтоол гаргаж Мага ХХК-ийн захирал М.Баярсайханыг гэрчээр асуухаар тогтсон. Гэтэл дээрх тогтоолоо илтэд үндэслэлгүйгээр хүчингүй болгон өөрчлөлт оруулж гэрч асуух шаардлагагүй гэж дүгнэн хариуцагчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдааныг явуулсан.
Хариуцагчийн зүгээс гэрчээр асуулгах талаар удаа дараа хүсэлт гаргаж байсан. Мага ХХК-ийн захирал М.Баярмагнай нь хэрэгт чухал ач холбогдолтой нөхцөл байдлуудыг тодорхой мэдүүлэх боломжтой гэрч байсан бөгөөд тухайн гэрчийг шүүх хуралдаанд оролцуулалгүй, гэрчийн мэдүүлэг авалгүй шүүх хуралдааныг явуулсан нь ИХШХШТХуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Зүй нь, "Мага ХХК-ийн захирал М.Баярмагнайг гэрчээр асууж мэдүүлэг авсан тохиолдолд хэргийн жинхэнэ хариуцагч нь Үүдэн чулуу ХХК мөн эсэх, хариуцагч нь илт хууль бусаар түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулуу олборлосон эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч хариуцагчийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол шийдвэр, магадлалын хүрээнд хөндөгдөхгүй байх үр дагавар хууль зүйн хувьд үүсэх боломжтой байсныг анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэж чадаагүй байна.
Анхан бодон давж заалдах шатны шүүхүүд хариуцагчаас гаргаж өгсөн бичгийн нотлох баримтууд, шүүх хуралдаанд шинжлэн судлуулсан нотлох баримтыг үнэлэх, шийдвэр, магадлалын үндэслэл болгохдоо хэт нэг талыг барьж, нотлох баримтыг үнэлэх, дүгнэх талаар зохицуулсан ИХШХШТХуулийн зүйл хэсгүүдийг ноцтой зөрчсөн. Тодруулбал, хариуцагчийн зүгээс Мага ХХК-тай байгуулсан гэрээний үндсэн дээр Мага ХХК-д 3,000,000 төгрөг, Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГазарт 2015.09.15-ны өдөр 1,000,000 төгрөг тус тус төлсөн. Гэрээ болон санхүүгийн баримтуудыг хариуцагчийн зүгээс хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Шүүх дээрх үйл баримтыг нотолж байгаа санхүүгийн баримтуудыг үнэлж үзээд Төв аймгийн Эрдэнэ сумын ЗДТГазарт төлсөн 1,000,000 төгрөгийг санхүүгийн баримтыг үндэслэж нэхэмжлэлийн шаардлагаас хасаж тооцсон атлаа Мага ХХК-д төлсөн 3,000,000 төгрөгийн баримтын талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон шүүх хуралдаанд оролцож мэдүүлэг өгсөн гэрчүүдийн мэдүүлэгт үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулж, хэт нэг талыг барьсан. Тодруулбал, Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад хохирогчийн төлөөлөгчөөр, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгсөн иргэн Ж.Баттогтох нь ...тусгай зөвшөөрөл бүхий компанийн талбайд уг компанитай байгуулсан гэрээний үндсэн дээр боржин чулуу олборлосон үйлдэл нь хууль бус үйл ажиллагаа биш ... тусгай зөвшөөрөл бүхий компани нь туслан гүйцэтгэтч ажиллуулах нь хуулиар олгогдсон эрх... юм гэх мэдүүлэг, мөн шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Төв аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын орлогч Д.Эрдэнэ-Очир, тус сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Гэрэлт-Од нарын мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх бүхэлд нь үнэлж дүгнээгүй орхигдуулан хэт нэг талыг барьсан нь шүүхээс илтэд үндэслэлгүй шийдвэр гарахад нөлөөлсөн. Иймд ИХШХШТХуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн 594 дугаартай шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 903 дугаартай магадлалуудыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийг төлөөлж Нийслэлийн прокурорын газар нь хариуцагч Үүдэн чулуу ХХК, Ц.Энхтайван нарт холбогдуулан түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар олборлож, байгаль экологид учруулсан, олборлолт хийсэн талбайд нөхөн сэргээлт хийгээгүй тул гэм хорын хохиролд 8,672,866 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, МАГА ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайгаас олборлолт хийхээр тус компанитай гэрээ байгуулсан, мөн өөр газар олборлолт хийхдээ сумын Засаг даргатай харилцан зөвшилцөж, төлбөр хураамж төлж үйл ажиллагаа явуулсан, буруутай үйлдэл гаргаагүй гэж маргажээ.
6. Анхан шатны шүүх хариуцагч Үүдэн чулуу ХХК-аас 7,672,866 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэлээс 1,000,000 төгрөгийн шаардлага болон хариуцагч Ц.Энхтайванд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэргийг хянаад шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч Үүдэн чулуу ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
7. Хэргийн баримтаас үзэхэд Үүдэн чулуу ХХК нь Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Буурал хангай гэдэг сумын тусгай хэрэгцээний газраас түгээмэл тархацтай ашигт малтмал болох боржин чулууг хууль бусаар олборлосон үндэслэлээр тухайн компанийн гүйцэтгэх захирал Ц.Энхтайванд 2016.01.23-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, Үүдэн чулуу ХХК-ийн боржин чулуу олборлосон талбай нь МАГА ХХК-ийн зөвшөөрөлтэй талбайтай хэсэгчлэн давхцсан, давхцсан талбай буюу МАГА ХХК-ийн түгээмэл тархацтай ашигт малтмал ашиглах зөвшөөрөлтэй газарт 295м2 талбай ухагдаж 501.5м2 талбай эвдэгдэн экологи эдийн засгийн үнэлгээгээр 3,611,851 төгрөгийн хохирол учруулсан, нөхөн сэргээлтийн зардалд 363,085 төгрөг, давхцаагүй талбай буюу МАГА ХХК-ийн лицензийн гадна талбайд 663.3м2 талбай ухагдаж 1127.61м2 талбай эвдэгдэн экологи эдийн засгийн үнэлгээгээр 8,121,154 төгрөгийн хохирол учруулсан, уг талбайн нөхөн сэргээлтийн зардалд 551,712 төгрөг нийт 8,672,866 төгрөгийн хохирлын үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарчээ. /хх-10/
8. Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2016.05.17-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор Ц.Энхтайванд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 214 дүгээр зүйлд (2002 оны) заасан Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн хохирлын хэмжээнд хүрээгүй буюу гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон үйл баримт тогтоогдож байна. (хх-15-16)
9. Үүдэн чулуу ХХК болон МАГА ХХК-ийн хооронд 2015.08.14-ний өдөр Боржин чулуу олборлох гэрээг байгуулж, гэрээний үнийг 3,000,000 төгрөгөөр тохирч, олборлолтыг 2015.08.19-ний өдрөөс 2015.09.03-ны өдөр хүртэл 15 хоногийн хугацаанд хийхээр тохирсон байх боловч хариуцагч Үүдэн чулуу ХХК нь МАГА ХХК-ийн зөвшөөрөлтэй лицензийн талбайгаас гадна талбайгаас чулуу олборлосон, гэрчүүдийн мэдүүлгээр чулуу олборлох эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэй байсан гэх байдал тогтоогдоогүй, хариуцагч байгууллагын чулуу олборлосон цаг хугацаа зөвшөөрөлтэй байсан цаг хугацаатай таарахгүй байна гэсэн шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг зөрчөөгүй, хэргийн баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлсэн байна.
10.Шүүх Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5 дахь хэсэгт заасан харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эрхийг аймгийн засаг дарга хэрэгжүүлэхээр зохицуулсан, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт нийцсэн дүгнэлтийг хийсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Гэрээний дагуу МАГА" ХХК-д 3,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд гэрээ болон төлбөрийн баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхүүд МАГА ХХК-тай байгуулсан гэрээ, төлбөр төлсөн баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж, дүгнээгүй... гэх гомдол үндэслэлгүй юм.
Түүнчлэн, шүүх 2019.11.08-ны өдөр хариуцагчийн төлөөлөгч Г.Мягмардоржийн н.Баярмагнайгаас гэрчийн мэдүүлэг авахуулах тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч гэрчийг дуудан ирүүлэх нөхцлийг буюу гэрчийн оршин суугаа газар, хаягийг зөв мэдүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс н.Баярмагнайг гэрчээр асуух боломжгүй тухай хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн дүгнэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.5-д заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
11. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2020/00594 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 903 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 137,716 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
П.ЗОЛЗАЯА
Д.ЦОЛМОН