Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1022

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00577 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХНХЯанд холбогдох

 

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б нь Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны /хуучин нэрээр/ харьяа Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн “Өнөр бүл” төвийн ерөнхий захирлын албан тушаалд ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/56 тоот тушаалаар ерөнхий захирлын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Тус тушаалыг хүчингүй болгуулж, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулахаар Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01201 дугаар шийдвэрээр Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Сайдын 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Б/56 тоот тушаалыг хүчингүй болгож, Б.Бг урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалинг ХНХЯнаас гаргуулахаар шийдвэрлэсэн. Гэвч ХНХЯны зүгээс одоо хүртэл шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй буюу ажилд эгүүлэн томилох тушаал гаргаагүй байна. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи анхан шатны шүүхээр шийдвэрлэх хүртэлх хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэхийг ХНХЯанд даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ренчиндорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч Б.Б нь шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа эгүүлэн тогтоолгох асуудлаар яаманд хандаж байгаагүй, өөр ажил хийж байгаа учраас цалингийн зөрүүг тооцох, шаардлагатай бол зөрүү олговрыг олгох боломжтой гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт тухайн байгууллага дотроо ажиллаж байгаа гэсэн нэмэлт тайлбар байхгүй. Төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд давхар ажиллах, өөр байдлаар цалин хөлс авах нь хориотой байдаг. Иймд хуулийн үзэл санааг бусад хуультай нийцүүлж тайлбарлахад олох ёстой, хууль ёсны орлого нь зөрүүтэй байгаа цалингийн асуудал гэж ойлгогдож байгаа юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ХНХЯнаас 22 819 585 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Бд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан хариуцагч ХНХЯнаас улсын тэмдэгтийн хураамжид 272 047 төгрөг гаргуулж улсын төвлөрсөн төсвийн дансанд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь зааснаар ХНХЯ нь Б.Бгийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухайн бичилт хийх үүрэгтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

 Хариуцагч итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй, талуудын хооронд үүссэн нөхцөл байдалд зөв дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий” байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байгаа тул дор дурдсан үндэслэл, шалтгааны улмаас шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Нэхэмжлэгч нь ХНХЯанд холбогдуулан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэлийн хүрээнд хариуцагч талаас шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй гэж маргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь төрийн албаны өөр байгууллагад ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар цалингийн зөрүү гарсан тохиолдолд түүнтэй тэнцэх олговрыг олгох ёстой гэж маргасан. Гэтэл анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 36.1. 2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасныг буруу тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн төрийн өөр байгууллагад ажиллаж байгааг анхаарч үзэлгүй шийдвэр гаргасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг шүүх өргөжүүлэн тайлбарлан хэрэглэсэн нь энэ тохиолдолд буруу юм. Учир нь төрийн албан хаагчийн хувьд Төрийн албаны тухай хууль. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар давхар ажил эрхлэх боломжгүй байдаг. Мөн хуулийн 69 дүгээр зүйлийг шүүх тайлбарлаж байгаачлан “бага цалинтай ажил эрхэлж байгаа бол зөрүүг олгох зохицуулалт нь нэхэмжлэгч зөвхөн тухайн байгууллага дотор ажиллаж буй тохиолдолд хамаарна” гэж хуулийн утга санаа зохицуулалтыг явцууруулж тайлбарлаж байгаа нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй болно. Мөн шүүх хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

            Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яаманд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/01201 дүгээр шийдвэрээр ажилтан Б.Бг “Өнөр бүл” хүүхдийн төвийн ерөнхий захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 4 018 760 төгрөгийг хариуцагч Хөдөлмөр, ниймгийн хамгааллын яамнаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын  шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 5-10 дугаар тал/

 

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгох талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан. Иймд Б.Б нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагч ХНХЯнаас шаардах эрхтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.2 дахь хэсэг зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй. Хариуцагч ХНХЯ нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 182/ШШ2016/01201 дүгээр шийдвэрийг биелүүлээгүй болохыг хариуцагч үгүйсгээгүй.

 

Хариуцагч нь ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэрийг биелүүлээгүйгээс үүсэх эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасантай нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч нь өөр ажил албан тушаалд хөдөлмөр эрхэлж буй нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 182/ШШ2018/00577 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ