Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1119

 

 

 

 

 

 

 

 

 

  2023              09           20                                          2023/ШЦТ/1119

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бямбаабаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ренчинханд,

улсын яллагч Н.Ундрах /томилолт/,

шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн 2208038220191 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, *** овогт ***ы *** (регистрийн дугаар ***), 19*** оны 4 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, *** настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, мал малладаг, *** дүүргийн *** хороо, *** гудамжны *** тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” худалдааны төвийн үүдэнд хохирогч ***ын гар утсыг “утсаар чинь яриад өгье” гэж аван гар утасны ард талд байсан Хаан банкны картаас 3.500.000 төгрөгийг авч хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар.

1.1 Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт “мэдүүлэг өгөхгүй” гэв.

1.2 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

- Улсын яллагчаас “2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 177 дугаартай яллах дүгнэлтийн хавсралтад тусгагдсан нотлох баримтууд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, ***ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 11, 23, 24, 44 дүгээр хуудас)”,

-  Шүүгдэгч “байхгүй” гэв.

    1. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт.

Шүүгдэгч *** нь 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Шонхор” худалдааны төвийн үүдэнд хохирогч ***ын гар утсыг “Утсаар чинь яриад өгье” гэж аван гар утасны ард талд байсан Хаан банкны картаас 3.500.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2022 оны 11-р сарын 16-ны өдрийн 12 цагийн үед найзууд болох ***, ***, *** нарын хамт хотоос гарч машин үзчихээд 17 цагийн үед буцсан. *** машин барьж, ***, *** бид нар 3, 3 лааз Сэрүүн гэдэг пиво уусан. Эмээлтийн Шонхор худалдааны төвийн гадаа 20 цагийн үед нойл орох гээд зогссон. *** бид 2 нойлын өрөө ороод гарах гэхэд *** “Утсаар чинь ганц ярьчихъя” гэхээр нь би утсаа өгсөн. Тухайн үед миний банкны карт утасны гэрний ард байсан. Хэдэн минутын дараа *** нойлоос гарч ирээд бид нар хөдлөх гээд зам руу орж байхад *** гэнэт “Миний гэдэс өвдөөд байна, буцаад нойл орох хэрэгтэй байна” гэхээр нь зогссон. *** 30-40 минутын дараа буюу 21 цагийн үед Шонхор худалдааны төвөөс гарж ирээд машинд суугаад миний утсыг өгсөн. Эхнэр бид 2 гэр рүүгээ буцах замдаа 22-н товчооны Well mart дэлгүүр орж үйлчлүүлээд тооцоогоо хийгээд үлдэгдлээ харахад 6.922.000 төгрөг байснаас 3.394.000 төгрөг үлдчихсэн байсан. 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10 цагийн үед Шонхор худалдааны төвийн камерын бичлэгийг очиж үзэхэд *** нойл ороогүй, харин Хаан банкны АТМ-р үйлчлүүлж байгаа нь харагдаж байсан. Тэр үед миний картаас мөнгө авсан байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дүгээр хуудас),

- ***ын Хаан банкны дансны хуулга (хавтаст хэргийн 7 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид мэдэгдэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдэл байдаг. 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ***ыг шунахай сэдэлтээр гэмт үйлдэлдээ идэвхтэй буюу ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэн Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний өмчлөх эрхэд халдаж үүний улмаас хохирогчид 3.500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч ***ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *** нь “...гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл дээр маргаж мэтгэлцээгүй”-г дурдаж, тэрээр Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцох” тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан болохыг тэмдэглэв.   

1.4 Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж тодорхойлжээ.  

Шүүх зөвхөн бодитоор учирсан хохирлыг хууль ёсны нотлох баримтад үндэслэн гэм буруутай этгээдээс гаргуулан олгож шийдвэрлэх учиртай бөгөөд хэрэгт авагдсан баримтаар 3.500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогч ***т олгож шийдвэрлэв.

Шүүгдэгчээс “хохирол төлбөрийг төлөх завсарлага авах эрхээ эдлэхгүй” гэсэн хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан, Прокуророос шүүх хуралдаанд оролцуулахаар тусгайлан гаргасан саналгүй байсан ба Шүүхээс хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүрэлцэн ирээгүй болно.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 01 жил 02 сарын хорих ял оногдуулах, түүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай” гэсэн дүгнэлт танилцуулсныг шүүгдэгчээс “...хүлээн зөвшөөрч байна” гэсэн болно.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас)-аар *** нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (шунахай сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд халдсан), гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (бага хэмжээнээс доош хохирол учирсан, хохирлыг төлж барагдуулаагүй), шүүгдэгчийн хувийн байдал (эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй хүлээн зөвшөөрч оролцсон, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлж эрэн сурвалжлагдаж байсан) болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 01 жил 02 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх...цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж хуульчилсны дагуу шүүгдэгч ***ын цагдан хоригдсон 27 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хасах нь зүйтэй юм.

Эрүүгийн 2208038220191 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ***ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тогтоолд дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ы ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т нэг жил, хоёр сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ***ын цагдан хоригдсон хорин долоон хоногийг эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ***аас 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч ***т олгосугай.

6. Эрүүгийн 2208038220191 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ***ын эдлэх хорих ялын хугацааг 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл оролцогчид гардан авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш арван дөрөв хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч ***т урьд авсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.БЯМБААБААТАР