| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жавзмаагийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 142/2017/0001/э/ |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-02-09 |
| Зүйл хэсэг | 098.1., |
| Улсын яллагч | Б.Бүжинлхам |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 09 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж
Улсын яллагч Б.Бүжинлхам
Хохирогч Б.Б-
Хохирогчийн өмгөөлөгч Х.Оюунбат
Шүүгдэгч Д.Г-
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Сарантуул
Шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Гэрэлмаа
Гэрч О.Б-, Б.Б-э, Л.Д-
Нарийн бичгийн дарга Н.Оюунбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Г-эд холбогдох 201614000409 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, ** оны ** дугаар сарын **-ны өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, “**” ХХК-ний авто тээврийн байгууллагад жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ** аймгийн ** сумын ** баг ** тоотод оршин суудаг, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх М- овогт Д-гийн Г- /РД: хх0000000/
Шүүгдэгч Д.Г- нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө ** аймгийн ** сумын ** багийн нутаг дэвсгэрт “**” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ыг урьдын таарамжгүй харилцааны улмаас өс санан зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.Г-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлынхантайгаа “**” бааранд очсон. Очиход Э- Б- нар байсан. Бид архи ууцгаасан. Гаднаас бага зэрэг халаалттай орсон. Тэгээд босож угаалгын өрөө орчихоод гараад ирэхэд манайхан гарчихсан байсан. Намайг баарнаас гарахад Б- чи миний хөлийг өшиглөчихлөө гэсэн. Бид 3 шил архи уусан. Тэгээд урьд болж байсан асуудлаа яриад муудалцсан. Би Б-ыг шанаанд нь цохисон. Ер нь бол хөлнөөс бусад гэмтлийг нь хүлээн 2. зөвшөөрч байна гэсэн мэдүүлэг, -Хохирогч Б.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2016 оны 08 дугаар сарын 10-нд Э- над руу залгаад “**” бааранд хүрээд ир гэж дуудсан. Намайг очиход Э-, Э-, Э-, М- нар байсан. Бид сууж байтал М- руу Г- залгаад хаана байгаа юм гээд ирэхээр болсон. Г- ирээд хэсэг сууж байснаа урьд нь миний хамрыг хугалж эмчилгээний зардал 250.000 төгрөг өгч байсан, тэрийгээ ярьж хэлэхээр нь тэр асуудал дууссан гээд салцгаасан. Тэгээд хэсэг сууж байгаад Э- ах нилээд согтсон байсан учир Э-ыг хүргэж өгөхөөр бид 2 баарнаас гарсан. Жилеткээ мартсан байсан учир эргэж орж аваад баарнаас гараад иртэл араас миний хөл рүү өшиглөсөн. Эргээд хартал миний ард Г- байсан. Би хөлөө бариад доош суухад намайг өшиглөөд байсан. Тэр үед Г-ээс өөр хүн байгаагүй. Тэгээд намайг чирч гулдраад Лофт баарны гадаа аваачаад зодсон. Би тэр үед хамраа хамгаалаад яг хаана цохиж байсныг анзаараагүй, түс тас гээд цохиод байсан. Хохиролд хагалгааны зардал, эмчилгээ үзлэгийн төлбөр, өмгөөллийн хөлс, цалингийн зөрүү нийт 13.172.439 төгрөг нэхэмжилнэ. Тухайн үед хагалгаанд орох мөнгө төгрөггүй байсан учир хамт олноосоо хандив авч хагалгаанд орсон. Тэгж хагалгаанд ороогүй бол би өдийд хөлтэйгөө байж байхгүй байсан. Тэр хандивт Г- 30.000 төгрөг өгсөн байсан. Түүнийг нь хохирлоос хасч тооцож болно гэсэн мэдүүлэг,
-Гэрч О.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”**” баарны гадаа очиход нэг хүн газар хэвтчихсэн байсан. Нөгөө хүн нь Б-ын дээрээс өшиглөж байсан. Б-ыг урьд нь хөл бөмбөгийн багт тоглож байсан гэдгээр нь танина. Лофт баарны гадаа нэг хүнийг чирээд байсан яваад очиход газах хэвтэж байсан хүн нь Б- байсан. “**” баарны гадаа хүмүүс зодолдож байхад би “Лофт” баарны гадаа машиндаа сууж байсан болохоор сайн анзаараагүй. Б-ын нүүр ам руу нь цохиж байсан. Б- өвдгөө барьчихсан хэвтэж байхад нь хөл хавьцаа нь өшиглөж байсан. Энэ байдлыг 5-6 метрийн зайнд харсан. Лофт баарны гадаа зууралдаж байгаад өшиглөөд унагаасан гэсэн мэдүүлэг,
-Гэрч Б.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ”**” бааранд 21 цагийн үед ороод 30-аад минут суучихаад гэгээ тасарсан байхад гарч тамхи татсан. Тэгэхэд Г- нэг хүнтэй зодолдож байсан. Тэр зодолдож байсан хүн нь Г-ээс өндөрдүү залуу байсан. Би буцаж ороод хэсэг хугацааны дараа гарч ирэхэд Г- нь Б-тай зодолдож байсан. Зодолдох ч гэж дээ Б- газар хөлөө бариад суучихсан, энэ үед Г- дайраад байсан. Тэгээд би очиж салгасан. Тэгэхэд энэ шүүгдэгч гэх хүн бидэн лүү дайрсан. Бид нарыг очихоос өмнө салгачихаар хүн байгаагүй. Бид нарыг баар руу ороход Б-, Г- нар зөрөөд гарч байсан. Нэг газар ажилладаг болохоор зүс танина. Энэ Г- гэдэг хүний эхнэр хажууд нь байсан. Намайг салгаж байх үед Б-ын нүүр лүү нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг,
-Гэрч Л.Д-ий шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би шүүгдэгч болон гэрч нарыг танихгүй. Би “Лофт” баарны хамгаалагчаар ажиллаж байсан. Тэр үед 22 цаг өнгөрч байсан. Гадагш гараад тамхи татаад зогсож байхад баарны зүүн урд байсан хоёр машины ойролцоо 2 залуу зодолдсон. Г- гэх залуу энэ хохирогч гэх залууг цохиж унагаад цээж хэвлий хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Би наад хүмүүсээ салгаач гэж хэлсэн. Би хохирогчийн царайг хараад санаж байна. Шүүгдэгч гэх залуу хохирогчийн нүүр рүү шууд цохиод авсан. Харин хохирогч залуу нь зөрүүлж цохиогүй. Унахаар нь цээж хэвлий хэсэг рүү нь цохих шиг болсон. Энэ хоёрын дундуур нэг банди орж ирээд салгаж байгаа харагдсан. Тэр салгасан хүн лүү шүүгдэгч дайрч байгаа харагдсан. Тэгээд би наад зодооноо хол очоод хийгээрэй гээд буцаад орсон гэсэн мэдүүлэг, -Шинжээч эмч М.Энхбаярын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: MRI шинжилгээний хариу, хагалгаа хийлгэсэн өвчний түүх зэргийг үндэслэж дүгнэлтээ гаргасан. Хохирогчийн урьд нь гэмтэл авч байсан талаарх баримттай танилцсан. Харин одоогийн гэмтлийг буюу чагтан холбоосны урагдлыг шинээр урагдсан байна гэж үзсэн. MRI шинжилгээнээс гадна мэс засал хийж нээж харсан хүний буюу мэс засалчийн тэмдэглэлийг үндэслэсэн. MRI, компьютер зэрэгт харагдаагүй байх боломжтой. Эвгүй гишгэж унах тохиолдолд чагтан холбоосны урагдал үүсч болно. Чагтан холбоонсны гэмтлийг оношлох зорилгоор хагалгаа хийгээгүй байх. Эмч оношлоод эмчлэх зорилгоор хийсэн байх. Мэс заслын тэмдэглэлийг бид уншдаг. Урьдны дүгнэлтийн хувьд чагтан холбоосны урагдалт оношлогдоогүй байсан байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг,
-Шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн шүүхийн хэлэлцүүгэгт өгсөн: 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаагчийн тогтоолоор БОЭТ-ийн эмч Сандуй, Балдорж нарын бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг гаргахдаа хүнээ үзсэн, уьд гаргасан дүгнэлт, компьютер томографийн шинжилгээ, мөн Монгол Хьюндай эмнэлэгийн үзлэгийн хуудас зэргийг үзэж дүгнэлтээ гаргасан. Чагтан холбоосны урагдлыг MRI шинжилгээгээр оношлоно. Компюьтер томографийн шинжилгээгээр зөөлөн эдийн гэмтэл муу гардаг, ясны гэмтэл сайн гардаг. Хүний өвдөгний үенд цор ганц тулгуур үе байдаг. Дунд чөмөгний доод хэсэг, шилбэний яс, тойг яснаас бүрдэж нийлэхдээ урд хойноо чагтан холбоосоор холбогдож дунд нь хагас сар хэлбэрийн зөөлөн эд шингэж байж хөдөлдөг. Гэмтсэнээс болж үрэвсэж хавагнадаг. Хавагнаад ирэхээр амархан гэмтдэг. Чагтан холбоос тасарвал хооронд нь нийлүүлж болдоггүй болохоор булчингийн гадуур байгаа эдээс авч холбож мэс засал хийдэг. Мэс заслын үед жийргэвч салбайсан болж болно. Тэгэхээр бид энэ гэмтэл нь урьдны гэмтэл гэж дүгнэсэн. Урьдны гэмтлээс үүдэлтэй архаг үрэвсэлтэй байсан байна. Жийргэвч нь урагдсан сэмэрсэн байж болно гэж үзсэн. Хэрвээ гэмтлийн гаралтай үүссэн бол цус хурсан байх ёстой. Миний хувьд энэ гэмтэл зодооноос үүссэн гэж үзээгүй. Хохирогчийг архаг үрэвсэлтэй байсан байна гэж үзсэн гэсэн мэдүүлэг,
-Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...** баарны гадна нэг залуу нэг залуугийн арааш өшиглөөд унагаж байсан. Тэр зодоод байсан залуу нь нэгнийгээ зодоод дэсвээд дээрээс нь нүүр лүү цохиод хөл дээр нь дэвсээд байсан гэсэн мэдүүлэг /хх 14 ху/,
-Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...** баарны гадаа очиход Б- ах газар уначихсан уйлаад байхаар нь яасан бэ гэхэд хөл рүү өшилөчихлөө гээд уйлаад байсан. Б- ахын цаана манай ажлын Г- эхнэртэйгээ зогсож байсан. Би Г- рүү очоод яагаад зодож байгаа юм бэ хамт ажилладаг байж очиж уучлалт гуй гэхэд бараг намайг зодчих гээд томроод байсан. Тэгээд Б- ах хөл дээрээ зогсож чадахгүй байсан тул эмнэлэг хүргэж өгсөн гэсэн мэдүүлэг /хх 100 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 627 дугаартай дүгнэлтэнд: 1. Б.Б-ын биед зүүн талын хэнгэргэн хальсны цооролт, хамрын таславчын муруйлт, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээж, зүүн бугалганд зулгаралт үүсчээ. 2. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4. Дэээрхи гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5. Энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 6. Зүүн талын хэнгэргэн хальсны цооролт гэмтэл нь хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй байна. Хамрын таславч муруйлт нь хуучин гэмтэл, бусад гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. 7. Монгол Хьюндай эмнэлгийн эмчийн үзлэгт зүүн өвдөгний үений үрэвсэл, цусан хуруу, зүүн өвдөгний үений дотор холбоосын урагдал гэсэн байх ба 2016.08.12-ны өдрийн мөчдийн КТГ-д /өвдөгний үе/, 2016.08.18-ний өдрийн зүүн өвдөгний үений MRI –н шинжилгээнд зүүн өвдөгний үений үрэвсэл оношлогдсон ба зүүн өвдөгний үений цусан хураа, болон зүүн өвдөгний үений дотор холбоосын урагдал нь оношлогдоогүй байна. Иймд зүүн өвдөгний үенд шинээр гэмтэл тогтоогдсонгүй ба хуучин гэмтлийн архаг өөрчлөлтүүд байна гэсэн дүгнэлт /хх 21-22 ху/,
-Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны 678 дугаартай дүгнэлтэнд: 1. 4. 5. 8. Хохирогч Б.Б-ын зүүн өвдөгний үенд үүссэн гэмтэл нь хуучин гэмтэл байна. 2. Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 4. 3. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2016 оны 08 сарын 23-ны өдрийн 627 тоот дүгнэлт үндэслэлтэй байна гэсэн дүгнэлт /хх 30 ху/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1401 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: 1. 2. 3. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 627 дугаар дүгнэлт, 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн бүрэлдэхүүнтэй 678 дугаар дүгнэлтүүд тухайн үедээ үндэслэлтэй байна. 4. 5. Б.Б-ын биед зүүн өвдөгний миниск, урд чагтан холбоосны урагдал /монгол хьюндай эмнэлгийн 2016 оны 10 дугаар сарын 16-ны зүүн өвдөгний дотор миниск, урд чагтан холбоосын урагдалыг оёсон мэс заслын тэмдэглэл/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам зааврын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Дээрх гэмтэл нь 2016 оны 08 дугаар сарын 10-нд үүссэн шинэ гэмтэл байна. Б.Б- нь 2013 онд зүүн өвдөгний чагтан холбоосын тасрал оношоор мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна гэсэн дүгнэлт /хх 89-91 ху/,
-Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 42 ху/ -Д.Г-ийг сэжигтнээр тооцох тогтоол, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, яллагдагчаар татах тогтоол, яллагдагчаар байцаасан тэмдэглэл /хх 112-118 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжилсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.Г- нь 2016 оны 08 дугаар сарын 10-ны шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт “**” баарны гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Б-ыг урьдын таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.Б-ын “...Жилеткээ мартсан байсан учир эргэж орж аваад баарнаас гараад иртэл араас миний хөл рүү өшиглөсөн. Эргээд хартал миний ард Г- байсан. Би хөлөө бариад доош суухад намайг өшиглөөд байсан. Тэр үед Г-ээс өөр хүн байгаагүй. Тэгээд намайг чирч гулдраад Лофт баарны гадаа зодсон. Би тэр үед хамраа хамгаалаад яг хаана цохиж байсныг анзаараагүй, түс тас гээд цохиод байсан” гэсэн, гэрч О.Б-, Б.Б-э, Л.Д-, Ц.Алтангэрэл /хх 14 ху/, Б.М /хх 100 ху/ нарын болон шинжээч эмч М.Энхбаяр, Ж.Гэрэлмаа нарын мэдүүлгүүд, мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.А /хх 14 ху/, Б.Мөнх-Эрдэнэ /хх 100 ху/ нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нуруу, цээж, зүүн бугалганд зулгаралт гэмтэл үүссэнийг тогтоосон шинжээчийн 267 тоот дүгнэлт /хх 21-22 ху/, мөн зүүн өвдөгний миниск, урд чагтан холбоосны урагдал гэмтэл үүссэнийг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1401 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх 89-91 ху/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Г- шүүхийн хэлэлцүүлэгт “2016 оны 08 дугаар сарын 16-ны өдөр ажлынхантайгаа “**” бааранд очсон. Очиход Э- Б- нар байсан. Бид архи ууцгаасан. Гаднаас бага зэрэг халаалттай орсон. Тэгээд босож угаалгын өрөө орчихоод гараад ирэхэд манайхан гарчихсан байсан. Намайг баарнаас гарахад Б- чи миний хөлийг өшиглөчихлөө гэсэн. Бид 3 шил архи уусан. Тэгээд урьд болж байсан асуудлаа яриад муудалцсан. Би Б-ыг шанаанд нь цохисон” гэж мэдүүлж байгааг буруутгах үндэслэлгүй, өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийнхөө эсрэг мэдүүлэх буюу хэргийн болон өөрийнхөө гэм буруутайг нотолж мэдүүлэх үүрэггүй юм. Түүний дээрхи мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэрч О.Б-ийн ”**” баарны гадаа очиход нэг хүн газар хэвтчихсэн байсан. Нөгөө хүн нь Б-ын дээрээс өшиглөж байсан. Б-ыг урьд нь хөл бөмбөгийн багт тоглож байсан гэдгээр нь танина. Лофт баарны 5. гадаа нэг хүнийг чирээд байсан яваад очиход газар хэвтэж байсан хүн нь Б- байсан. “**” баарны гадаа хүмүүс зодолдож байхад би “Лофт” баарны гадаа машиндаа сууж байсан болохоор сайн анзаараагүй. Б-ын нүүр ам руу нь цохиж байсан. Б- өвдгөө барьчихсан хэвтэж байхад нь хөл хавьцаа нь өшиглөж байсан. Энэ байдлыг 5-6 метрийн зайнд харсан. Лофт баарны гадаа зууралдаж байгаад өшиглөөд унагаасан”, Б.Б-ийн ”...Би буцаж ороод хэсэг хугацааны дараа гарч ирэхэд Г- нь Б-тай зодолдож байсан. Зодолдох ч гэж дээ Б- газар хөлөө бариад суучихсан, энэ үед Г- дайраад байсан. Тэгээд би очиж салгасан. Тэгэхэд энэ шүүгдэгч гэх хүн бидэн лүү дайрсан. Бид нарыг очихоос өмнө салгачихаар хүн байгаагүй. Бид нарыг баар руу ороход Б-, Г- нар зөрөөд гарч байсан. Нэг газар ажилладаг болохоор зүс танина. Энэ Г- гэдэг хүний эхнэр хажууд нь байсан. Намайг салгаж байх үед Б-ын нүүр лүү нэг удаа цохисон”, Д-ий “...Гадагш гараад тамхи татаад зогсож байхад баарны зүүн урд байсан хоёр машины ойролцоо 2 залуу зодолдсон. Г- гэх залуу энэ хохирогч гэх залууг цохиж унагаад цээж хэвлий хэсэг рүү нь цохиж байгаа харагдсан. Би наад хүмүүсээ салгаач гэж хэлсэн. Би хохирогчийн царайг хараад санаж байна. Шүүгдэгч гэх залуу хохирогчийн нүүр рүү шууд цохиод авсан. Харин хохирогч залуу нь зөрүүлж цохиогүй. Унахаар нь цээж хэвлий хэсэг рүү нь цохих шиг болсон. Энэ хоёрын дундуур нэг банди орж ирээд салгаж байгаа харагдсан. Тэр салгасан хүн лүү шүүгдэгч дайрч байгаа харагдсан” гэсэн мэдүүлгүүд, мөн мөрдөн байцаалтын шатанд өгсөн гэрч Ц.Аийн “...** баарны гадна нэг залуу нэг залуугийн арааш өшиглөөд унагаж байсан. Тэр зодоод байсан залуу нь нэгнийгээ зодоод дэсвээд дээрээс нь нүүр лүү цохиод хөл дээр нь дэвсээд байсан” гэсэн /хх 14 ху/, Б.М-ийн “...** баарны гадаа очиход Б- ах газар уначихсан уйлаад байхаар нь яасан бэ гэхэд хөл рүү өшилөчихлөө гээд уйлаад байсан. Б- ахын цаана манай ажлын Г- эхнэртэйгээ зогсож байсан. Би Г- рүү очоод яагаад зодож байгаа юм бэ хамт ажилладаг байж очиж уучлалт гуй гэхэд бараг намайг зодчих гээд томроод байсан” гэсэн /хх 100 ху/ мэдүүлгүүдээр няцаагдаж байна.
Хохирогчид учирсан гэмтлийн хувьд шинжээчийн 627, 678, 1401 дугаартай дүгнэлтүүд гарсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгүүд, мөн шинжээч эмч нарын дүгнэлт, тайлбар зэргээс үзэхэд хохирогчид учирсан зүүн өвдөгний миниск, урд чагтан холбоосны урагдал гэмтлийг шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.Г-эд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөргүй зэрэг байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулахдаа хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулийн шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж оногдуулах ялыг биечлэн эдлүүлэхгүй байх боломжтой гэж үзэв.
Хохирлын хувьд хохирогч талаас физик эмчилгээ, КТГ-ын зураг, үзлэг, шинжилгээ, хагалгааны төлбөр, замын зардал, цалингийн зөрүү, өмгөөллийн хөлс зэрэгт нийт 13.172.439 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд үүнээс Д.Г-ийн хандивт өгсөн 30.000 төгрөгийг хасч тооцохыг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж байна. Шүүх хохирогчоос ирүүлсэн хохирлын нотлох баримтуудыг шинжлэн судлаад Медипас эмнэлгийн үзлэг болон КТГ зураг 170.000 төгрөг, Эм би эс мед ХХК-ийн үзлэг эмчилгээний төлбөр 270.000 төгрөг, Сонгдо эмнэлгийн үзлэг, шинжилгээ, өвдөгний зургийн төлбөр 397.880 төгрөг, замын зардал 66.200 төгрөг, нийт 904.080 төгрөгний нэхэмжлэлийг төлөх үндэслэлтэй гэж үзэж, харин Шагшаа эмнэлгийн үзлэгийн 30.000 төгрөг, үзлэгийн 15.000 төгрөг, цалингийн зөрүү 6.473.359 төгрөг, хагалгааны төлбөр 5.250.000 төгрөг зэрэг нь нотлох баримтгүй, ирүүлсэн нотлох баримтын шаардлага хангаагүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Өмгөөллийн хөлсний хувьд төлбөрийн чадвартай иргэний хүсэл зоригийн дагуу байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хөлс нь байцаан шийтгэх ажиллагааны зардалд хамаарахгүй тул дээрхи өмгөөллийн хөлс 500.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгчээс шүүхийн шатанд төлсөн 2.800.000 төгрөгийг төлсөн байх тул энэ шүүх хуралдаанаар шүүгдэгчийг хохирол төлбөрийг барагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овогт Дийн Г-ийг бусдын биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар шүүгдэгч Д.Г-ийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
4. Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 292 дугаар зүйлийн 292.2, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогч Б.Б-ын нэхэмжлэлээс 500.000 төгрөгний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 11.768.359 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т тус тус зааснаар шүүгдэгч Д.Г-эд оногдуулсан 2 жилийн хорих ял тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Орхон аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Г-эд урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА