| Шүүх | Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигмэддоржийн Долгормаа |
| Хэргийн индекс | 201/2020/0005/Э |
| Дугаар | 2020/ДШМ/08 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 2020/ДШМ/08
А.Сугарсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн талаар
Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхнаран
Прокурор Ч.Мөнхзул нар оролцов.
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/44 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Мөнхзулын бичсэн эсэргүүцлээр шүүгдэгч А.Сугарсүрэнд холбогдох эрүүгийн 1821007200285 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Сугарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “ЖБЧЭ” ХХК-ийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Кибер-2” барьцаат зээлийн газрын салбарт теллерээр ажиллах явцдаа нийт 9.163.750 төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзул шүүгдэгч А.Сугарсүрэнг “бусдын эд хөрөнгийг завшсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/44 дүгээр шүүгчийн захирамжаар:
1. Шүүгдэгч А.Сугарсүрэнд холбогдох эрүүгийн 1821007200285 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж,
2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч А.Сугарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, ...шийдвэрлэжээ.
Прокурор Ч.Мөнхзул 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан эсэргүүцэлдээ: ... 1. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Сугарсүрэн нь “ЖБЧЭ” ХХК-ийн “Кибер” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллаж байх хугацаандаа дээрх хэргийг үйлдсэн байх тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт зааснаар иргэний нэхэмжлэгч Ж.Отгон нь нэхэмжлэлээ “ЖБЧЭ” ХХК-аас харин “ЖБЧЭ” ХХК нь өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс тус тус нэхэмжлэх эрхтэй атал “ЖБЧЭ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж эрх үүргийг нь танилцуулж нотлох баримт гаргаж өгөх боломжоор хангаагүй мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн нэмж ажиллагаа хийх шаардлагатай гэж дүгнэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна. Тухайлбал: Хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох Иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэчимэгийн “... манай компанид Сугарсүрэн гэдэг эмэгтэй 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр теллерээр ажилд орсон... Ингээд тооллого хийсэн чинь барьцаа байхгүй илүү үнэлсэн байсан тэгээд бэлэн мөнгө тоолж үзэхэд 3,0 сая гаруй төгрөг дутсан... нийт 8,0 сая гаруй төгрөг дутсан учраас 2018 оны 05 сарын 04-ний өдөр ажлаас нь халсан...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ж.Отгоны “... Кибер барьцаат зээлийн газарт Сугарсүрэн гэх теллерт монетон ээмэг, бөгжөө 2,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Мөн 2018 оны 02 сарын 25-ны өдөр тухайн барьцаат зээлийн газар Солонгос монетон ээмэг, бөгж, гинж, кулон зэргийг 2,0 сая төгрөгийн барьцаанд тавьсан. Тухайн барьцаанд тавьсан үнэт эдлэлүүдийн эхний сарын сунгалтыг Кибер барьцаат зээлийн газрын дансанд хийсэн ба дараа сараас нь эхлэн Сугарсүрэн надад өөрийн “Хаан” банкны 5416054095 дугаарын дансыг өгч сунгалтын мөнгийг хийчих гэж хэлсэн.” гэх мэдүүлэг. Шүүгдэгч А.Сугарсүрэнгийн “... 2018 оны 4 сарын сүүлээр кассны мөнгө дутаасан шалтгаанаар ажлаасаа гарсан. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон барьцаа, хаяг нь тодорхойгүй хүний нэр ашиглан 3 980 000 төгрөгийн зээл, 2 удаа барьцаатай боловч барьцаанаас илүү үнэлж өөрөө авсан 1 470 000 төгрөгийн зээл, кассын дутагдал 3 055 550 төгрөгийг өөртөө авч ашигласан нь үнэн. Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирлоо барагдуулахаар Кибер барьцаат зээлийн газартай тохиролцон хуваарь гаргасан байгаа. ...барьцаа хаяг нь тодорхой бус гэх хүмүүсийг таньдаг бөгөөд бүгдээрээ Хөлөнбуйр сумынх гэдгээр нь мэддэг байсан. Би өмнө нь Хөлөнбуйр сумын “Хаан” банкинд теллерээр ажилладаг байсан болохоор баримтан дээр бичиж ашигласан юм. Оршин суух хаягуудыг бүгдийг нь хуурамчаар бичсэн...” гэх мэдүүлэг, 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 02 дугаартай шинжээч нягтлан бодогч Д.Дамдиймаагийн гаргасан дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч А.Сугарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 5 сарын 04-ний өдрийг хүртэл хугацаанд “ЖБЧЭ” ХХК-ийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Кибер-2” барьцаат зээлийн газарт теллерээр ажиллах явцдаа нийт 9 163 750 төгрөгийг барьцаа хөрөнгөгүй илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон өөрөөр хэлбэл прокурор хэргийг хүлээн авч цаашид хийлгүүлэх мөрдөн шалгах ажиллагаа байхгүй байна. Харин иргэний хариуцагчаар “ЖБЧЭ” ХХК-ийг татаж хэрэгт оролцуулах асуудлын хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгчийн захирамжаар “ЖБЧЭ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж дээрх хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгөх боломжтой тул мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг заавал прокурорт буцаахгүй хавтаст хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байх тул “хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч эсэргүүцэл бичив.” гэжээ.
Шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мөнхзул гаргасан тайлбартаа: ...Анхан шатны шүүхээс мөрдөн байцаалтад буцаасан гол үндэслэл нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудал байдаг. Энэ хэрэгт 13 хүний нэрийг ашигласан гэж байгаа боловч 11 хүн нь огт байхгүй. Харин 2 хүний хувьд эд зүйл нь барьцаатай байсан. Үүний нэг барьцааны эд зүйлийг нь хүүгээ төлөөгүй учир компани зарсан асуудал яригддаг. Иймд энэ хэрэгт Отгон гэж хүнийг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлд зааснаар иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлыг тухайн шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй тохиолдолд дараа баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй байдаг. Иймд Отгоны нэхэмжлэлийг нээлттэй орхиж, компанид учирсан хохирлыг А.Сугарсүрэнгээс гаргуулахаар шийдвэрлэхэд харшлах зүйл байхгүй, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй, маргаан байхгүй учир иргэний нэхэмжлэлийг нээлттэй орхиж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Сугарсүрэнд холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч А.Сугарсүрэн нь 2018 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл “ЖБЧЭ” ХХК-ийн Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Кибер-2” барьцаат зээлийн газрын салбарт теллерээр ажиллах явцдаа 9.163.750 төгрөгийг барьцаа хөрөнгөгүй, илүү үнэлж, хаяг тодорхойгүй хүний нэр ашиглаж завшсан гэдгээ хүлээн зөвшөөрчээ.
Харин энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон Ж.Отгоны ямар эд хөрөнгийг хэрхэн яаж завшсан болохыг нарийвчлан шалгах, Ж.Отгон нь тухайн барьцаат зээлийн газарт үндсэн зээл болон хүүд хэдэн төгрөг төлсөн, мөн А.Сугарсүрэнд хэдэн төгрөг өгсөн болох, одоо нэхэмжилж буй 3,300,000 төгрөгийг юуг үндэслэж хэрхэн тооцож гаргасан, барьцаанд тавьсан эд зүйлүүдийг үнэн бодитоор жигнэж авсан эсэх /барьцаат зээлийн газар 22.5 гр гэдэг, Ж.Отгон 34 гр гэж маргадаг/ зэргийг шалгаж тогтоох шаардлагатай гэж үзлээ.
Ж.Отгоны гаргасан нэхэмжлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 2-т заасны дагуу эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэхдээ “ЖБЧЭ” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаж хуульд заасан ажиллагааг хийж гүйцэтгүүлэх талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.
Түүнчлэн шинжээч Д.Дамдимаагийн дүгнэлтэд дурдсан зээлийн хүүд ногдуулсан 658,200 төгрөгийг шууд хохиролд оруулж, нийт хохирлын хэмжээг 9,163,750 төгрөг гэж тооцсон нь үндэслэлтэй эсэхэд анхаарвал зохино.
Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авах үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2020/ШЗ/44 дүгээр шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Сугарсүрэнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Л.НАРАНБАЯР
ШҮҮГЧИД З.ЭНХЦЭЦЭГ
Ж.ДОЛГОРМАА