Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2025/0787

 

 

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын

Прокурорын газрын хяналтын прокурор З.Ас-ын

дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

                                                                                       

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Б.Адъяасүрэн

           Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл    

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч хяналтын прокурор З.Ас

 

Дүгнэлт гаргагч: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.Ас

    Хариуцагч: Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Бц

    Гомдлын шаардлага: “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”

 

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 125/ШШ2025/0069 дугаар шийдвэртэй

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Гомдол гаргагч хяналтын прокурор З.Ас, хариуцагч гаалийн улсын байцаагч Б.Бц, хариуцагчийн өмгөөлөгч Л.Бж.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 125/2025/0067/3

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ховд аймгийн Булган сум дахь Прокурорын газрын хяналтын прокурор З.Ас нь “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах”-аар маргасан байна. 

2. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 125/ШШ2025/0069 дугаар шийдвэрээр “...Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт, Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх заалт, 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1, 2 дахь заалтыг тус тус баримтлан Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор З.Ас-ын Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Бцт холбогдуулан гаргасан 2025 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102**** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах 06 дугаартай дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

 

3.Гомдол гаргагч З.Ас-ын давж заалдах гомдолдоо:

“Шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

3.1. Прокурорын дүгнэлтийн зорилго, хууль зүйн үндэслэлд бодитой дүгнэлт хийгээгүй. Прокурорын дүгнэлтийн, үндэслэлд "Эрх бүхий албан тушаалтан нь холбогдогч Б.Гзт 2025 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102**** дугаартай шийтгэлийн хуудсаар Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь заалтад зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний 1,000,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, 384 ширхэг хийжүүлсэн ундааг хураан авч шийдвэрлэсэн шийдвэр нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна" гэсэн шударга ёсны зарчимд нийцээгүй, учир нь холбогдогч Б.Гз нь 384 ширхэг хийжүүлсэн ундааг хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулахгүйгээр шийтгэл оногдуулсан нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохироогүй" талаар тайлбарласан. Прокурор шүүхийн хэлэлцүүлэгт дээрх үндэслэлээ дэмжин оролцсон.

Тодруулбал холбогдогч Б.Гзийн буруутгагдсан зөрчлийн шинжийг хуульд "Хүнс импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүн импортолсон" гэж заасан байна. Дээрх тохиолдол нь "Импорт" гэх ойлголтод хамаарахгүй байхад Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчилд тооцсон нь үндэслэлгүй. Холбогдогч Б.Гз нь 384 ширхэг хийжүүлсэн ундааг хувийн хэрэглээндээ зориулан эсхүл худалдаалж ашиг олох зорилгоор худалдан авсан эсэхийг тодруулан шалгах ажиллагаа явуулж тогтоосны эцэст зөрчлийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагатай юм.

Учир нь Дэлхийн худалдааны байгууллагын WTO/-ын ойлголтоор импорт гэдэг нь тухайн улсын гаалийн хилээр "худалдааны урсгалын зорилгоор" бараа оруулж байгаа үйлдэл юм. Энэ утгаараа "импорт" бол бизнесийн зориулалттай худалдаа, эдийн засгийн урсгалын нэг хэсэг. Хувийн хэрэглээний бага хэмжээний хүнс нь арилжааны импорт гэж үзэгддэггүй, тусгай зөвшөөрөл, лиценз шаардахгүй, зөвхөн хорио цээрийн хяналтад хамаарахаар Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд журамласан байна. Гэтэл анхан шатны шүүх Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасан "Хүнсийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно" гэж заасан тул гэсэн заалтыг шийдвэрийн үндэслэлээ болгож тайлбарласан үндэслэлгүй болжээ. Хүнсний тухай хуулийн 11.2 дугаар зүйлд хүнс импортлоход тавигдах шаардлагыг тусгайлан заасан бөгөөд энэхүү шаардлага нь зөвхөн хүнс импортлох үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээдэд хамааралтай гэж үзэхээр байна.

3.2.Шүүх маргааны үйл баримтад илтэд хамааралгүй Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам"-ыг шийдвэрийн үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь Зөрчил үйлдэгдсэн цаг хугацаанд хүчин төгөлдөр үйлчилж байсан Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны А/275 дугаар тушаалаар батлагдсан "Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 13.2-т "Хувь хүний нэр дээр илгээсэн болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааны үнийн дүн 3.000.000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош бол "Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас" /Маягт №2/-аар, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ" гэснээс дүгнэхэд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс доош барааны үнийн дүнтэй барааг хилээр "Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас"-аap мэдүүлэн гаалийн хилээр оруулах эрх зүйн боломжтой байна.

3.3.Зөрчлийг нотлох ажиллагаа хангалтгүй хийгдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой", 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэх журмуудад нийцээгүй зөрчил бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэхээр байна. Үүнд: Эрх бүхий албан тушаалтны холбогдогчоос авсан мэдүүлгээс дүгнэхэд зөрчилд холбогдогч Б.Гз нь тухайн хийжүүлсэн ундааг ямар зорилгоор Хятад улсаас гаалийн хилээр оруулж ирсэн нь тодорхойгүй, энэ талаар тодруулан мэдүүлэг аваагүй, мэдүүлгийн агуулга хэт товч,

- Холбогдогч Б.Гз нь уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх гаалийн мэдүүлэг материалд нотлох баримтаар авагдаагүй, мэдүүлэг авах ажиллагааны явцад тодруулан шалгах боломжтой байсан боловч шалгаагүй, Эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай тэмдэглэл, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл болон эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл гэсэн баримтуудад "...хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон" тухай зөрчил илрүүлсэн гэж тэмдэглэсэн боловч уг бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй болохыг нотлох баримтаар тогтоож, энэ талаарх баримтыг материалд тусгаагүй байна.

3.4. Эрх бүхий албан тушаалтан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Засгийн газрын 195 дугаар тогтоолоор батлагдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж буй "Албадлагын арга хэмжээ авсантай холбоотой хураан авсан хөрөнгө, орлого, эд зүйл, хэрэгслээс хохирол нөхөн төлүүлэх, улсын орлого болгох, устгах журам"-ын холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн талаар шүүхийн хэлэлцүүлэгт прокурор тайлбарласан.

Тодруулбал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч Б.Гзийн эзэмшлийн 384 ширхэг лаазтай хийжүүлсэн ундааг хураан авах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Тус журмын 2.8 дахь заалтад "Хураагдсан амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, химийн болон цацраг идэвхт бодис, нян, өсгөвөр, эм, эмийн түүхий эд, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эрх бүхий албан тушаалтан заавал шинжилгээнд хамруулсны дараа Зөвлөлд хүргүүлнэ", мөн журмын 4.1 дэх заалтад "Эрх бүхий байгууллага, албан тушаалтан, эсхүл шинжээч тухайн хураан авсан хөрөнгө, эд зүйл, хэрэгслийг ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан тохиолдолд Зөвлөлөөс тэдгээрийг устгах шийдвэр гаргаж, устгах ажлыг зохион байгуулахыг Устгалын комисст даалгана" гэж тус тус заасан. Гэвч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад албадлагын арга хэмжээний хүрээнд хураагдсан хүнсний зориулалт бүхий 384 ширхэг лаазтай хийжүүлсэн ундаа нь ашиглагдах боломжтой эсэхийг тогтоохын тулд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй эсхүл эрх бүхий албан тушаалтан өөрөө энэ талаар дүгнэлт гаргаагүй нөхцөл байдалд анхан шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй.

Эрх бүхий албан тушаалтан нь дээрх журмын заалтыг хэрэгжүүлэн ажиллахын тулд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад хураан авсан эд зүйлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 1 дэх заалтад "Эрх бүхий албан тушаалтан хүн, эд зүйл, баримт бичиг, ургамал, мал амьтанд шинжилгээ хийлгэнэ" гэж заасны дагуу 384 ширхэг лаазтай хийжүүлсэн ундаанд шинжилгээ хийлгэх шаардлагатай байсан. Гэвч энэ ажиллагааг орхигдуулсан тул шийтгэл оногдуулсан шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэхээргүй байна.

Иймд Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 125/ШШ2025/0069 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулахаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.17, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсгийг баримтлан прокурорын гомдол гаргав.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

1.Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор З.Асос гаалийн улсын байцаагч Б.Бцээс гаргасан 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 102**** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” дүгнэлтийг Ховд аймгийн Булган дахь Гаалийн газрын Хүнсний чанар, стандартын хяналт хариуцсан гаалийн улсын байцаагч Б.Бцт холбогдуулан гаргасныг, анхан шатны шүүхээс прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

2.Гаалийн улсын байцаагч Б.Бц нь 2025 оны 08 дугаар сарын 07-ны өдөр 4*** ХОЕ улсын дугаартай зорчигч тээврийн автобусанд хорио цээрийн хяналт шалгалтыг хийх явцдаа зорчигч Б.Гз нь тус бүрдээ 330 мл-ээр савласан нийт 14 хайрцаг буюу 336 ширхэг, тус бүрдээ 300 мл-ээр савласан 48 ширхэг, нийт 384 ширхэг хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн /хийжүүлсэн ундаа/-г холбогдох дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр, Хүнсний болон Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуулийг зөрчиж хууль бусаар хилээр импортлон, нэвтрүүлэхийг завдсан зөрчлийг илрүүлж, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

 

3.Улмаар маргаан бүхий 2025 оны 08 дугаар сарын 11-ны өдрийн 102**** дугаартай шийтгэлийн хуудсаар[1] холбогдогч Б.Гзт “хаяг шошго, бичиг баримтын зөрчилтэй нийт 384 ширхэг хүнсний бүтээгдэхүүнийг холбогдох бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завдсан” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна.

 

4.Холбогдогч Б.Гз нь тус бүрдээ 330 мл-ээр савласан нийт 14 хайрцаг буюу 336 ширхэг, тус бүрдээ 300 мл-ээр савласан 48 ширхэг, нийт 384 ширхэг хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүн /хийжүүлсэн ундаа/-г холбогдох дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр гаалийн хилээр нэвтрүүлсэн болох нь холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл[2], мөн өдөр хураан авсан хүнсний бүтээгдэхүүний гэрэл зураг[3], эд зүйлийг хураан авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[4] зэрэг хэрэг авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

 

5.Иймд прокурорын “Зөрчлийг нотлох ажиллагаа хангалтгүй хийгдсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой", 1.2-т заасан "зөрчил үйлдэгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол" гэх журмуудад нийцээгүй зөрчил бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэхээр байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна", 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.”, 3.1 дүгээр зүйлийн 1-д “Шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтооход оршино.”, 2-т “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд зөрчлийн шинжийг харгалзан энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийтгэл оногдуулна.”, Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Хүнс экспортлох, импортлоход тавих хуульд заасан шаардлагыг зөрчиж хүнсний бүтээгдэхүүнийг экспортолсон, эсхүл импортолсон бол зөрчилтэй хүнсний бараа, бүтээгдэхүүнийг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасан.

 

7.Мөн Хүнсний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "хүнс" гэж хүний бие махбодын хэвийн үйл ажиллагааг хангах, эрүүл мэндийг дэмжин хамгаалахад шаардагдах хүнсний түүхий эд, хагас болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүн, ундны усыг”, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортолно”, 19 дүгээр зүйлийн 19.1-д “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” зохицуулжээ.

 

8.Түүнчлэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйл 1-д “Дараах үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ”, 1.1-д “Зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол”, 1.2-д “Зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол”, 6.6 дугаар зүйлийн 2-т “Зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, эсхүл зөрчил үйлдсэн нь тогтоогдож байгаа бол эрх бүхий албан тушаалтан хуульд заасан шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авна” гэж тус тус заасан.

 

9.Маргааны тохиолдлын хувьд, зөрчилд холбогдогч иргэн Б.Гз нь Ховд аймгийн Булган сум дахь хилийн боомтоор нэвтрэхдээ хаяг шошгын зөрчилтэй нийт 384 ширхэг хүнсний бүтээгдэхүүн /хийжүүлсэн ундаа/-г холбогдох дагалдах бичиг баримтгүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Хүнсийг зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд экспортолж, импортлох Хүнсний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх заалт болон Зөрчлийн тухай хуулийн 6.14 дүгээр зүйлийн 6-д заасан зөрчил гаргасан, уг зөрчлөө зөрчилд холбогдогч хүлээн зөвшөөрсөн болох нь тогтоогдож байх тул зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, түүнд торгох шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр нь хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

10.Түүнчлэн Гаалийн ерөнхий газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/223 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам”-ын 2-т “Улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийн тоо хэмжээнээс хэтэрсэн бараанд гаалийн болон бусад албан татварыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ногдуулж, хураан авахыг гаалийн улсын байцаагч нарт үүрэг болгосугай” гэж, 2.1-д “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аялалын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах эд зүйл /шинэ болон хуучин/, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс болон тухайн зорчигчийн аяллын зорилго, хугацааг харгалзан дараах барааг хамааруулна” гэж, 2.2.6-д зааснаар “арилжааны зориулалттай хүнс” зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй” гэж тус тус зохицуулжээ.

 

11.Дээр дурдсан хууль болон журмын зохицуулалтаас үзвэл, хүнсний бүтээгдэхүүнийг импортлох үйл ажиллагааг иргэн бус зөвхөн хуулийн этгээд хэрэгжүүлэхээр, мөн улсын хилээр татваргүй нэвтрүүлэх зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд аялалын үеэр зорчигчийн хэрэглээнд шаардагдах, очих газар хүртэл хэрэглэхэд хүрэлцэх дахин боловсруулалт шаардагдахгүй хүнс байхаар тодорхой заасан байх тул “энэ тохиолдолд зөрчилд холбогдогч Б.Гз нь нийтийн тээврийн автобусаар зорчихдоо 384 ширхэг ундааг тээвэрэлж явсныг түүний хувийн хэрэглээний хүнс гэж үзэх үндэслэлгүй байна.” гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

12.Иймээс прокурорын “"Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журам"-ын 13.2-т "Хувь хүний нэр дээр илгээсэн болон зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй барааны үнийн дүн 3.000.000 /гурван сая/ төгрөг болон түүнээс доош бол "Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас" /Маягт №2/-аар, 3.000.001 төгрөг /гурван сая/-өөс дээш бол гаалийн хилээр нэвтрүүлэх барааны гаалийн мэдүүлгээр гаалийн бүрдүүлэлт хийнэ" гэснээс дүгнэхэд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй 3.000.000 /гурван сая/ төгрөгөөс доош барааны үнийн дүнтэй барааг хилээр "Барааны гаалийн бүрдүүлэлтийн хуудас"-аap мэдүүлэн гаалийн хилээр оруулах эрх зүйн боломжтой байна.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

13.Холбогдогч Б.Гз нь Хүнсний тухай хууль, Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн, мөн Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл оногдуулахаар заасан зөрчлийг үйлдсэн, зөрчлийн үр дагавар нь шууд илэрсэн, мөн зөрчлөө өөрөө хүлээн зөвшөөрсөн байх тул түүнд хариуцагч улсын байцаагчаас шийтгэл оногдуулсан шийдвэрийг зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага зайлшгүй хүлээлгэх хуульд заасан шийтгэлийн зорилгод нийцсэн гэж үзэхээр байна.

 

14.Тодруулбал, хувийн хэрэглээний эд зүйлийн хэмжээнээс их хэмжээтэй хүнсний бүтээгдэхүүнийг зөвшөөрөлтэй хуулийн этгээд бус иргэн дагалдах баримт бичиггүй тээвэрлэсэн, холбогдогч иргэн өөрөө зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн, зөрчлийн талаар хуульд заасан баримтжуулах ажиллагааг хийсний үндсэн дээр хариуцагч байцаагчаас зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн байх тул прокурорын “...зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад албадлагын арга хэмжээний хүрээнд хураагдсан хүнсний зориулалт бүхий 384 ширхэг лаазтай хийжүүлсэн ундаа нь ашиглагдах боломжтой эсэхийг тогтоохын тулд шинжилгээ хийлгэж, дүгнэлт гаргуулаагүй эсхүл эрх бүхий албан тушаалтан өөрөө энэ талаар дүгнэлт гаргаагүй”, “...уг барааг гаальд мэдүүлсэн эсэх нь тодорхойгүй, энэ талаарх гаалийн мэдүүлэг материалд нотлох баримтаар авагдаагүй, мэдүүлэг авах ажиллагааны явцад тодруулан шалгах боломжтой байсан боловч шалгаагүй, "...хаяг шошгын зөрчилтэй хүнсний бүтээгдэхүүнийг импортолсон" тухай зөрчил илрүүлсэн гэж тэмдэглэсэн боловч уг бүтээгдэхүүн нь хаяг шошгын зөрчилтэй болохыг нотлох баримтаар тогтоож, энэ талаарх баримтыг материалд тусгаагүй” зэрэг давж заалдах гомдлыг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

15.Эдгээр үндэслэлээр гомдол гаргагч прокурорын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж,  гомдол гаргагч прокурорын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

 

 Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 69 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч прокурор З.Ас-ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар дүгнэлт гаргагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

           

 

 

                               ШҮҮГЧ                                                    Ц.САЙХАНТУЯА

 

 

                    ШҮҮГЧ                                                    Б.АДЪЯАСҮРЭН

 

 

                    ШҮҮГЧ                                                    А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хэргийн 15 дахь тал

[2] Хэргийн 5-6 дах тал

[3] Хэргийн 7-9 дэх тал

[4] Хэргийн 13-14 дэх тал