Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1023

 

 

 

 

 

 

 

 

 

 

“БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг  даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00553 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “БД” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “БОМ” ХХК-д холбогдох

 

   Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 290 639 400 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Даваасүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “БД” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Паломино ойл энд энержи” ХХК-тай FIA1001711003524 тоот төлбөр тасалдлын даатгалын гэрээг байгуулсан. Уг гэрээний дагуу “Паломино ойл энд энержи” ХХК-ийн “БОМ” ХХК-тай 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан “Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” тухай гэрээний хуваарьт төлбөрийг худалдан авагч болох “БОМ” ХХК нь гэрээнд заасан хугацаанаас 90 хоногоор хэтрүүлэх, төлөгдөөгүй байхыг даатгалын тохиолдол гэж үзэн уг төлөгдөөгүй төлбөрийг “БД” ХХК-иас “Паломино ойл энд энержи” ХХК-д төлөх, “Паломино ойл энд энержи” ХХК нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээсэн. Гэвч “БОМ” ХХК нь гэрээнд заасан хуваарьт төлбөр болох нийт 680 639 400 төгрөгөөс 390 000 000 төгрөгийг төлж үлдэх 290 639 400 төгрөгийг төлөөгүй байна. Үүнээс нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр даатгалын гэрээнд заасны дагуу “Паломино ойл энд энержи” ХХК-д нөхөн төлбөрт шилжүүлсэн 13 137 090 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу, үлдэх 277 502 310 төгрөгийг “БД” ХХК-ийн “Паломино ойл энд энержи” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай” гэрээ болон мөн сарын 07-ны өдрийн 2017/204 тоот албан бичгээр шаардах эрх шилжүүлж авсны үндсэн дээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу нэхэмжилж байсан билээ. Уг хэргийг хянан хэлэлцэх явцад “БОМ” ХХК нь “Паломимо ойл энд энержи” ХХК-д 2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр төлөх ёстой байсан 68 796 000 төгрөгийг төлөх ёстой байсан ба дээрх хугацаанаас 90 хоног хэтэрсэн боловч төлөөгүй. Ийнхүү төлөөгүйн улмаас “БД” ХХК болон “Паломино ойл энд энежи” ХХК-ийн хооронд байгуулсан “Төлбөр тасалдлын даатгалын гэрээ”-ний 2 дугаар зүйлийн 2.1.9-д заасны дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн нөхөн төлбөрт 58 476 600 төгрөгийг “Паломино ойл энд энержи” ХХК-д төлсөн. Манай компани нь дээрх нөхөн төлбөрийг төлөхдөө “Паломино ойл энд энержи” ХХК-тай харилцан тохиролцсоны үндсэн дээр өөр даатгалын гэрээний хураамжид төлөх ёстой байсан 5 100 000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 53 376 600 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр болон мөн сарын 31-ний өдөр тус тус “Паломино ойл энд энержи” ХХК-ийн Хаан банк дахь 5173040347 тоот дансанд шилжүүлсэн. Нийт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 13 137 090 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу нэхэмжилж байсныг нэмэгдүүлж 71 613 690 төгрөгийг Даатгалын тухай хуулийн 8.7-д заасны дагуу нэхэмжилж байна. Үлдэх 219 079 710 төгрөгийг “БД” ХХК-ийн “Паломино ойл энд энержи” ХХК-тай 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан “Нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай'” гэрээ болон мөн сарын 07-ны өдрийн 2017/204 тоот албан бичгээр шаардах эрх шилжүүлж авсны үндсэн дээр Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар тайлбартаа: “Паломино ойл энд энержи” ХХК болон “БД” ХХК-иуд хоорондоо FIA100171103524 дугаартай “Төлбөр тасалдлын гэрээ”-г байгуулан ажилласан байна. Энэ гэрээнд заасан нөхцлийн дагуу даатгуулагч буюу “Паломино ойл энд энержи” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу “БОМ” ХХК-иас төлөх ёстой байсан төлбөр тасалдсан тохиолдолд нөхөн төлбөр авахаар тохиролцсон байна. Даатгалын гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн гэж үзэн “БД” ХХК-иас 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 137 090 төгрөгийг шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна. Энэ нотлох баримт нь банкны ямар ч тамгагүй байгаа нь үнэхээр даатгалын нөхөн төлбөрийг шилжүүлсэн эсэхэд эргэлзээ төрүүлж байна. “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-нд суурь гэрээ гэсэн ойлголт байна. Энэ гэрээ хэрэгт авагдаагүй байна. Зүй нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу шаардах эрх үүснэ. Гэвч энэ худалдах, худалдан авах гэрээ хэрэгт авагдаагүй байгаа нь үнэхээр гэрээний дагуу шаардах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна. Нөгөө талаар нэхэмжлэлийн шаардлага нь шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу мөнгө гаргуулах, эсхүл худалдах, худалдан авах гэрээний дагуу мөнгө гаргуулах нь тодорхойгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр үүрэг үүснэ. Гэтэл үүрэг үүссэнийг нотлох баримт байхгүй байхад хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд үл нийцнэ. Дээрх байдлаас дүгнэн үзвэл нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус, эсхүл нэхэмжлэлийн бүрдүүлбэр дутуу байна гэсэн дүгнэлт гарч байна. Иймд энэхүү нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангаагүй нэхэмжлэл болох нь тодорхой байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна. “Паломино ойл энд энержи” ХХК болон “БД” ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулсан байна. Шаардах эрх шилжүүлэх гэрээний дагуу 13 137 0920 төгрөгийг шаардах эрхээ “БД” ХХК-д шилжүүлсэн байна. Ийнхүү “Паломино ойл энд энержи” ХХК болон “БД” ХХК-иуд Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8-д заасны дагуу бичгээр гэрээ байгуулсны үндсэн дээр шаардах эрх шилжсэн гэж үзэхээр байна. “Паломино ойл энд энержи” ХХК болон “БД” ХХК-иуд 13 137 090 төгрөгийн шаардах эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулан шилжүүлсэн атлаа нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 290 693 400 төгрөгийн шаардах эрхииг шилжүүлэн авсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д эрх шилжүүлэх гэрээний хэлбэрийг зохицуулсан байдаг. Шаардах эрх шилжүүлэх гэрээний хэлбэр нь тухайн шилжүүлж буй шаардах эрхийг үндэслэж бий болсон гэрээний хэлбэртэй байхыг шаарддаг. Өөрөөр   хэлбэл худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулсан бол түүний шаардах эрхийг мөн адил бичгийн хэлбэрээр гэрээ хэлцэл байгуулах замаар шилжүүлнэ гэсэн үг. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 290 693 400 төгрөгийн шаардах эрх нь “БД” ХХК-д шилжээгүй байх тул шаардах эрхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2-т зааснаар хариуцагч “БОМ” ХХК-иас 290 693 400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “БД” ХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 834 790 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн улсын тэмдэгтийн хураамж 223 373 төгрөгийг улсын төсвөөс, улсын тэмдэгтийн хураамж 1 611 417 төгрөгийг хариуцагч “БОМ” ХХК-иас тус тус гаргуулан нэхэмжлэгч “БД” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “БОМ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний бие 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр хувийн шалтгаанаар БНСУ-д богино хугацаагаар зорчих шаардлагатай болсон тухайгаа шүүхэд шуудангаар хүргүүлсэн. Гэвч энэхүү хүсэлт бүхий шуудан 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш буюу шүүх хуралдаан явагдсаны дараагаар тус шүүхэд хүргэгдсэн байна. Миний бие хүндэтгэн үзэх шалтгаантай байсан учраас тус шүүх хуралд хариуцагчийг төлөөлөн оролцож мэтгэлцэх эрхийг хэрэгжүүлэн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах боломжгүй байсан. “БОМ” ХХК нь 2017 оны 6 дугаар сарын 30-ний өдөр “Паломино ойл энд энержи” ХХК-тай “газрын тосны бүгээгдэхүүн худалдах, худалдан авах” тухай гэрээг байгуулсан байдаг. Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасны дагуу “БОМ” ХХК болон “Паломино ойл энд энержи” ХХК-ийн хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн байна. Харин “БД” ХХК-тай ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаанд оролцоогүй болно. Тодруулбал “Паломино ойл энд энержи” ХХК нь “БД” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр FIA100171103524 дугаартай “Төлбөр тасалдалын даатгалын гэрээ”-г байгуулсан байдаг. Дээрх нөхцөл байдлаас үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 8 дугаар зүйлд зааснаар эрх зүйн харилцаа үүсээгүй байх тул аливаа үүрэг үүсэхгүй. “Пламино ойл энд энержи” ХХК нь “БД” ХХК-тай 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Шаардах эрх шилжүүлэх гэрээ”-г байгуулж газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 13 137 090 төгрөгийн шаардах эрхийг “БД” ХХК-д шилжүүлэн өгчээ. Ийнхүү “БОМ” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Паломино ойл энд энержи” ХХК-тай газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу төлөх 290 639 400 төгрөгөөс 13 137 090 төгрөгийн шаардах эрхийг шилжүүлэн авсан гэрээ байх бөгөөд үлдэгдэл 277 сая төгрөгийн шаардах эрхийг хууль ёсны дагуу шилжүүлэн аваагүй байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00553 дугаар шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

                                        

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “БД” ХХК нь хариуцагч “БОМ” ХХК-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 290 639 400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Хариуцагч “БОМ” ХХК нь 2017 оны 6 сарын 30-ны өдөр “Паломино ойл энд энержи” ХХК-тай Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 463020 литр түлш худалдан авсан болох нь бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Уг гэрээгээр төлбөл зохих мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 290 639 400 төгрөг болохыг гэрээний талууд тооцоо нийлж баталгаажуулжээ. /хх-ийн 37-39, 66 дугаар тал/

Худалдагч “Паломино ойл энд энержи” ХХК нь дээрх худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 290 639 400 төгрөгийг худалдан авагч “БОМ” ХХК-иас шаардан авах эрхийг 2017 оны 12 сарын 06-ны өдөр нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр нэхэмжлэгч “БД” ХХК-д шилжүүлсэн  гэж үзэхээр байна. /хх-42-44 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх дээрх шаардах эрх шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн хуулийн 123.8 дахь хэсэгт заасан хэлбэрийн шаардлагыг хангасан гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

 

Шаардах эрх эзэмшигч нь үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлж болох бөгөөд шаардах эрх шилжүүлэн авсан нэхэмжлэгч “БД” ХХК нь 2017 оны 12 сарын 06-ны өдрийн нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээний 3.4-т заасны дагуу 290 639 400 төгрөгийг хариуцагч “БОМ” ХХК-иас шаардах эрхтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 14-р тал/

 

Харин анхан шатны шүүх хариуцагчаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт баримталвал зохих шаардах эрхийн үндэслэл болсон хуулийн зохицуулалт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Хариуцагч нь 290 639 400 төгрөгийн үүргийг шаардах эрхийг нэхэмжлэгчид олгоогүй гэх татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүйгээс гадна уг татгалзал нь 2017 оны 12 сарын 06-ны өдөр нөхөн төлбөр шийдвэрлэлт, шаардах эрх шилжүүлэх тухай гэрээгээр үгүйсгэгдэж байна.

 

Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцоо нийлсэн баримтад 290 639 400 төгрөгийн үүрэг үлдсэн болохыг тодорхойлсон байхад анхан шатны шүүх техникийн шинжтэй алдаа гаргаж 290 693 400 төгрөг гэснийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой юм.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ирүүлсэн шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт нь анхан шатны шүүхэд баталгаат шуудангаар ирэхдээ шүүх хуралдаан дууссаны дараа ирсэн болох нь хүсэлт хүлээн авсан бүртгэлээр тогтоогдож байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 4 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2018/04315 дугаар захирамжаар хариуцагч “БОМ” ХХК-ийг давж заалдах гомдолд төлөх улсын тэмдэгтийн хураамж төлөхийг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар хойшлуулсан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч “БОМ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 1 545 461 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг даалгах нь зүйтэй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2018/00553 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2 ...”  гэснийг, “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1” гэж, “... 290 693 400 төгрөг ...” гэснийг, “290 639 400 төгрөг” гэж  тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдолд төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамжид 1 545 461 төгрөгийг гаргуулж /Улаанбаатар хотын банк 2611192214 тоот данс/ улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ