Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 174

 

Ч.Ө-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат, нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалтай, 201718020086 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1986 онд төрсөн, 31 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Ч-ийн Ө нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барах” гэмт хэрэгт холбогджээ. 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх Ч.Ө-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулснаас хохирогч нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д зааснаар 5 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.5-д зааснаар 2011 оны 01 дүгээр сарын 14-нд төрсөн С-ын С, 2012 оны 07 дугаар сарын 13-нд төрсөн С-ын С, 2014 оны 08 дугаар сарын 10-нд төрсөн С-ын М, 2016 оны 10 дугаар сарын 01-нд төрсөн Г-ийн Г нарт асран хамгаалагч тогтоож, хүүхдүүдийн эрх ашиг, сонирхлыг хамгаалахыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргад даалгасугай” гэсэн заалт нэмж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Сувдаагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч байна. Шүүх Ч.Ө-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.5-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял шийтгэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтаар Ч.Ө нь хохирогч хамтран амьдрагч Б.Г-ийг өөрийнх нь дээр сандайлж суугаад болохгүй байх агшинд түүнийг санаатай гэмтэл учруулах, алах сэдэлт зорилгогүй өөрөө босох, түүнийг холдуулах үүднээс түлхэхэд хохирогч согтуу байсан тул биеийн жингээрээ арагш унаж орны хөлийг мөргөсөн болох нь нотлогдсон. Гэтэл энэ үйлдлийг санаатай хүнд гэмтэл учруулах үйлдэл гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болсон гэж үзэж байна. Дээрх үйлдлийг гэрч С, Б болон шүүгдэгч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байдаг. Нөхөр Г нь Ч.Ө-ийн цээжин дээр дарж сандайлж суугаад хоёр гарыг нь бариад босохгүй байх агшинд түүнийг арагш нь түлхсэн үйлдэл нь санаатай үйлдэл гэж үзэх нь эргэлзээтэй бөгөөд шүүх шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлаагүй гэж үзэж байна. Дээрх үйлдэл нь маргаж хэрэлдсэн үйлдлээс хойш тусдаа үйлдэл байсныг шүүх анхаарч үзээгүй. Иймд шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлээр зүйлчилж, түүнд оногдуулах хорих ялыг бага насны хүүхэдтэй болон бусад хувийн байдлыг харгалзан үзэж шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулж өгнө үү” гэв.

Мөн хуралдаанд прокурор Ц.Бурмаа гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Энэ хэрэг шүүгдэгчийн хадам эцэг Б-ны гэрт гарсан. Шүүгдэгч нь нөхрөө хамт архи ууж байсан эмэгтэйтэй хардан зодож, цохисон асуудал байсан гэдгийг хамт архи ууж байсан хүмүүс гэрчилсэн. Тархины хүнд гэмтэл авсан нь зодооны үргэлжлэлээс үүсэх үндэслэлтэй гэж үзэж байна. Талийгаач шүүгдэгчийн хөл дээр сууж байхад нь шүүгдэгч түүнийг гараараа түлхэхэд ор мөргөж унасан гэх үйл баримтыг 2017 оны 5 сарын 24-ний өдөр туршсан байдаг. Талийгаач орны хөл мөргөх үед "тог" гэх чимээ гарсан. Мөн газар унахад нь орхиод явсан талаар хамт архи ууж байсан Э гэх гэрч мэдүүлсэн. Зодооны үргэлжлэлээс талийгаачид гэмтэл учирсан гэдэг нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг үндэслэн Ч.Ө-ид холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд шүүгдэгч Ч.Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг “Орхироо” гэх газарт 2017 оны 04 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө өөрийн хамтран амьдрагч Б.Г-ийг бусадтай хардан маргалдаж, түүний толгой руу нь цохиж, улмаар түлхэж унагаан эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулж, хохирогч Б.Г нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2017 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нас барсан талаарх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан үндэслэлтэй зөв тогтоожээ.

Гэвч гэм буруугийн талаар дүгнэлт хийхдээ шүүгдэгчийн хохирогчид халдсан болон хохирогчийн эсэргүүцсэн үйл ажиллагаанууд өөр өөр сэдэлтээр үйлдэгдсэн эсэхийг ялган тогтоож, учруулсан хор уршигтай хэрхэн холбогдож байгаад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийн бодит байдлыг тогтоохын оронд нэгдмэл нэг санаа зорилгоор хохирол учруулсан мэтээр хэргийг зүйлчилж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Шүүгдэгч Ч.Ө нь амь хохирогч Б.Г-ийг бусадтай хардсаны улмаас түүнийг алгадаж зодох үед хохирогч идэвхтэй эсэргүүцэж шүүгдэгчийн үйлдлийг таслан зогсоож гарыг нь барьж дээр нь суусны дараа Ч.Ө мултрах зорилгоор амь хохирогчийг түлхэн орны толгой мөргүүлснээс хойш гавал, тархины хүнд гэмтэл учирсан шинж тэмдэг илэрч ухаан оролгүй  6 хоногийн дараа нас барсан болох нь тогтоогджээ. Шинжээчийн дүгнэлтээр хохирогч гавал тархины битүү гэмтэл авч, уг гэмтлийн улмаас нас барсан болохыг тогтоож, энэхүү гэмтлийг авсан хүний хөдөлгөөн хязгаарлагдаж идэвхтэй үйлдэл хийх боломжгүй талаар дүгнэжээ.

Амь хохирогчийг зодож алгадсан шүүгдэгч Ч.Ө-ийн үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулж байх боловч харин хохирогчийн хориглосон барьцыг тавиулж зугтаах зорилгоор түлхэн унагаахдаа хүнд гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Иймээс шүүгдэгч Ч.Ө-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, түүнд 4 жил хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Энэхүү гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хэмжээ нэгээс таван жил хүртэл байхаар хуульчилсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн гурав хүртэлх насны 2, бага насны 2 хүүхэдтэй нөхцөл байдлыг харгалзан хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.

Энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбатын гомдол үндэслэлтэй тул хүлээн авч, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд дээрх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 125 дугаар шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 13 дугаар магадлалд:

“Шүүгдэгч Ч.Ө-ийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  4 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй”,

“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ө-д хорих ял оногдуулсан тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, энэ хугацаанд ялтанд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

                      ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН