Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 03 өдөр

Дугаар 2023/ШЦТ/173

 

 2023          08          03                                            2023/ШЦТ/173

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэргийн индекс: 180/2023/0164/Э

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Заяа 

Улсын яллагч Б.Нарангэрэл

Хохирогч Б.*********

Шүүгдэгч Б.*********  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын М д холбогдох эрүүгийн 2339000000276 дугаартай хэргийг 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.*********  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ********* ” гэх газарт байрлах өөрийн гэртээ “битгий хэл амаар доромжлоод бай гэж хэллээ” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох эхнэр Б.********* тай маргалдаж улмаар толгой, баруун, зүүн бугалга, баруун мөр, цээж, бүсэлхий, зүүн гуя, зүүн шилбэ хэсгүүдэд гараараа болон галын хайчаар удаа дараа цохин зодож түүний эрүүл мэндэд духны хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун, зүүн бугалга хэсэг, баруун мөр, цээжний баруун урд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, зүүн гуя, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх хүндрүүлэх шинжийг агуулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.*********  нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...хэлэх зүйл байхгүй ...” гэв.

Хохирогч Б.*********  нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

Шүүгдэгч Б овогт Б-ын М  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ********* ” гэх газарт байрлах өөрийн гэртээ “битгий хэл амаар доромжлоод бай гэж хэллээ” гэх шалтгааны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Б.********* тай маргалдаж улмаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн толгой, баруун, зүүн бугалга, баруун мөр, цээж, бүсэлхий, зүүн гуя, зүүн шилбэ хэсгүүдэд гараараа болон галын хайчаар удаа дараа цохиж зодон эрүүл мэндэд нь “духны хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун, зүүн бугалга хэсэг, баруун мөр, цээжний баруун урд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, зүүн гуя, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

Шүүгдэгч Б.********* ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Бид 2 гэртээ ирсэн хойно гэр лүүгээ явах замд эхнэр *********  намайг “аяархан удаан яв” гэж хэлэхэд би “аяархан явж байна шүү дээ” гэж хэлээд маргалдаж энэ асуудлаар үргэлжлүүлэн маргалдаж хэрэлдэж эхэлсэн. Ингэж маргалдаж байхдаа би баруун гараараа эхнэр ********* ын шанаа хэсэг рүү 2 удаа алгадаж мөр хэсэг рүү нь түлхэн унагаасан. Энэ үед *********  ах бид хоёрын голоор орж ирэн тухайн үйл явдлыг болиулсан. Бид хоёрыг салгасны дараа эхнэр газраас босож ирэн над руу “намайг яагаад цохиж байгаа юм” гээд над руу дайраад байхаар нь би дахин 2 удаа түлхэн унагасны дараа эхнэр маань гараад гүйсэн. ...Тэгээд хашааны дээгүүр хартал эхнэр маань хашаанаас баруун урагш 300 метрийн зайд цаашаа гүйгээд явж байхаар нь би мотоциклоо унан араас нь очсон. Эхнэр *********  дээр иртэл эхнэр маань чи намайг буудчихлаа гэхэд нь би чамайг буудаагүй гэж хэлэн зогсож байхад *********  ах араас ирэн би эхнэрээ сундалж бид 3 харьсан....” гэх мэдүүлэг (хх-ийн 53-55),

 

Хохирогч Б.********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 05 дугаар 31-ний өдөр *********  “гэх газар өвөлжөөн дээрээ байх үед манайх идэх махгүй болж байсан тул 14 цагийн үед манай гэрээс чанх хойшоо 2 орчим километрт байх *********  гэх айл буюу Б.********* ийн нагац ахынд очиж мах авахаар болоод тэднийд очоод цай уугаад байж байтал *********  ахын эхнэр *********  гэх эгч 3 литрийн тосолны савны дундуур нэрмэл архи гаргаж ирэхээр нь бид 4 хувааж уучхаад *********  ах “дахиад 2 литрийн савтай нэрмэл архи байгаа, тэрийг гаргаад ир, нэг мөсөн уучихъя” гээд гаргаад ирсэн. Миний дотор муухай оргиод бөөлжөөд байсан учир би 2 дахь сав архийг уугаагүй байж байсан. ...Тэгээд намайг “янхан, банзал гичий” гэх мэтээр хараагаад байхаар нь би өөдөөс нь уухаараа дандаа битгий ингэж хүн доромжилж бай гээд хэрэлдтэл миний урд ирээд 2 гараараа хаа хамаагүй цохиж эхэлсэн. Тэгтэл *********  ах салгах гэтэл түлхэж холдуулаад намайг үргэлжлүүлэн өшиглөх болон гараараа цохихоор нь би газар байсан галын хайчийг бариад цохих гэтэл тэр галын хайчийг маань булааж аваад намайг галын хайчаараа цохиж байхад *********  ах голоор орж салгах гэж ноцолдож байхад нь би хажуугаар нь гэрээсээ гараад зугтаасан. ...манай нөхөр Б.*********  тухайн үед намайг буудаагүй юм билээ. Би тухайн үед айж сандарсандаа болоод намайг буудах нь гэж бодоод зугтаасан юмаа. Тэр үед айлын хоёр хүүхэд болон манай  хоёр хүүхэд байсан учир буугаа далд хийх гэж байгаад буу алдчихсан юм шиг байна лээ. ...надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9, 13),

 

Гэрч Т.********* ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр гэртээ эхнэр, хүүхдүүдийн хамт байж байтал 14 цагийн үед манай урд талын хөрш айл болох Б.*********  эхнэр хүүхдүүдийн хамт хүрч ирэхэд нь манай эхнэр хоол унд хийж өгчхөөд цаанаас тал сав нэрмэл архи гаргаж ирээд Б.*********  түүний эхнэр ********* , манай эхнэр *********  бид дөрөв хувааж уучхаад дахиад 2 литрийн савтай нэрмэл архи гаргаж ирэхээр нь бид нар бүгдээрээ хувааж уучхаад 17 цагийн үед Б.********* ийнхэн гэр лүүгээ явахаар болж би мөн 2 хүүхдээ мотоцикл дээрээ сундлаад цуг очтол Б.********* ийнхэн араас ирээд гэр лүү нь бүгдээрээ ороод сууж байтал удалгүй тэр хоёр хэрэлдэж эхэлсэн. Тэгээд тэр нь бүр даамжирч Б.********* , *********  хоёр барилцаж аваад Б.*********  эхнэрээ цохиод байхаар нь би очиж салгах гэтэл намайг түлхэж унагаахаар нь дахиж очоод салгах гээд ноцолдтол *********  гараад гүйсэн. Тэгтэл Б.*********  араас нь гарахдаа тамбарт байсан буугаа аваад гарсан байсан. Би тэрийг нь тэдний том охин хэлэхэд нь мэдээд араас нь гүйгээд гартал Б.*********  гэрийнхээ хашааны тэнд буугаа барьж байгаад буудсан. Яг хаашаа чиглэлтэй буудсаныг нь сайн харж чадаагүй. Тэгээд би хойноос нь гүйж очоод бууг нь булааж авах гээд ноцолдтол Б.*********  “би болилоо, гэр лүүгээ оръё” гэж хэлээд би түрүүлээд гэр лүү нь ортол Б.*********  миний хойно үлдээд тамбар луугаа орж байснаа намайг гэр лүү нь орсны дараа мотоциклоо унаад баруун урагшаа явахад нь би араас нь хэсэг хугацааны дараа очтол *********  газарт уначихсан Б.*********  дээр нь зогсож байсан. Тэгээд би очоод Б.********* ийг загнаад тайвшруулаад *********  бид гурав гэр лүү нь очтол Б.*********  гэв гэнэт над руу уурлаад гэртээ байсан морь дэлэлдэг хайчаа авч шидээд мөн шүүгээн дээрээ байсан наранцэцэгийн тосыг над руу авч шидтэл *********  ********* ийг барьж тайвшруулахаар нь би 2 хүүхдээ аваад гэр лүүгээ явсан. Тэгээд би гэртээ байж байгаад 18 цагийн үед юу болсон бол гээд санаа зовоод болохгүй байхаар нь урагшаа очиж харъя гээд очтол ********* ын ах *********  ирчихсэн ********* ыг том охинтой нь хамт аваад явж байсан. Би тэгэхээр нь санаа амраад буцаад гэр лүүгээ харьсан...” (хх-ийн 23-24),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 273 дугаартай “...Б.********* ын биед духны хэсэг, хамрын нуруу хэсэг, баруун, зүүн бугалга хэсэг, баруун мөр, цээжний баруун урд хэсэг, бүсэлхийн зүүн хажуу хэсэг, зүүн гуя, зүүн шилбэний хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 39-40),

 

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1),

 

Хохирогч Б.********* ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хх-ийн 82),

 

Шүүгдэгч Б.********* ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 84) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Б.********* ийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж зодсон үйлдлийн улмаас хохирогч Б.********* ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Б.*********  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Б.*********  нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.********* ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.********* ийг  бусдад  төлөх  төлбөргүй  гэж

үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Б.********* д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б.*********  нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*********  нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ********* ********* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* д 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********* ийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.*********  нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.********* д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга  хэмжээг  шийтгэх  тогтоол

хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Э.ХОСБАЯР