| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Балгансүрэнгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 167/2023/0167/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/168 |
| Огноо | 2023-09-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/168
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
улсын яллагч Б.Дашням,
хохирогч Г.М /цахимаар/,
шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Эрдэнэбаатар,
шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Эт холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт: Ц.Э
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн .... тоот хашаанд Г.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт цохих, толгой хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Ц.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн орчим Ш гээд найзтайгаа хамт Мийнд очсон. Намайг М нь яах гэж ирсэн юм гээд хөөсөн. Тухайн үед би жаахан архи уусан байсан. Тэгээд маргалдсан. М нь хутга барьж гарч ирээд манай машины 4 дугуйг хагалсан. Тэгээд намайг цохиж авсан. Тэгээд хүн ирж салгасан. Маргааш нь утсаа хайгаад олохгүй болохоор нь тэнд унагасан байж магадгүй гэж бодоод очсон. Хашааг нь даваад орсон чинь чи юу хулгай хийх гээд яваад байгаа юм гээд барьцалдаж аваад маргалдаж намайг бариад авахаар нь нүүр рүү нь 2 удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, миний буруу. Хохирогчид 355.000 төгрөгийг өгсөн. Баримт гаргаж өгвөл төлнө. Хохирогчийн мэдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би тэр хавиар утсаа хайгаад олоогүй. Тэгээд хашааг нь давж орж очсон. Тэгэхэд гэрээсээ гарч ирээд хаалгаа онгойлгож аавд хэлж байсан. Би цохисон нь үнэн. Хүлээн зөвшөөрнө гэсэн мэдүүлэг,
-Хохирогч Г.Мийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2023 оны 05 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед гадаа машин ирж байгаа чимээ гарсан. 2 хүн орж ирээд гэрийн хаалгыг тогшсон. Би орондоо орсон байсан болохоор нээж өгөөгүй. Тэгээд гэрийн араар тойрч гэрийн цагаан бүрээсийг 1 метр хэртэй хуулсан байсан. Гэрээд харахад Э “энэ муу пизда ингэж хаалгаа нээдэг юм” гэж байсан. Би уурлаад гэрт орж хутга аваад гарч 4 дугуйг нь хагалсан. Э нь явахгүй надтай маргалдсан. Би нэг удаа цохисон. Би гэртээ оруулаагүй. Надаас зууралдаад салахгүй байсан. Найз нар нь салгасан. Тэгээд өглөө 06 цаг болж байсан. Гадаа машин ирэх чимээ гарсан. Гараад очтол Э “пизда минь утас аваад ир” гэж дайрсан. Өчигдөр оройныхыг одоо дуусгана, ална гээд хашаа давж орж ирээд надтай барьцалдсан. Аав нь хамт ирсэн байсан юм. Би аавд нь хэлсэн. Тэгтэл Э миний нүүр рүү 2 удаа цохиод, толгой руу 2 дэвссэн. Тэгээд яваад өгсөн. Би сумын эмнэлэгт үзүүлсэн. Тэгээд шанд руу шууд гараад Сайншандад эмчид үзүүлж, хагалгаанд орсон. Хохиролд 355.000 төгрөг данс руу хийсэн байсан. Миний хувьд гомдолтой. Би амралтаа аваад хүнд 7 сая төгрөгийн ажил хийх гээд байж байтал энэ асуудал үүссэн. Одоо энэ 7 сая төгрөгийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг,
-Дорноговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн ... дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:
1.Г.Мийн биед хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт, цээж, хүзүүний цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Учирсан хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Учирсан цээж, хүзүүний цус хуралт, хүзүүний зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэсэн дүгнэлт /хх 14-15 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 16-17, 23-47 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх 60-61, 66 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 53 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Ц.Э нь 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Дорноговь аймгийн .... тоот хашаанд Г.Мтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүр хэсэгт цохих, толгой хэсэгт өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Ц.Эын “...Хашааг нь даваад орсон чинь чи юу хулгай хийх гээд яваад байгаа юм гээд барьцалдаж аваад маргалдаж намайг бариад авахаар нь нүүр рүү нь 2 удаа цохисон. Хохирогчид учирсан гэмтлийг хүлээн зөвшөөрнө, миний буруу” гэсэн, хохирогч Г.Мийн “...өглөө 06 цаг болж байсан. Гадаа машин ирэх чимээ гарсан. Гараад очтол Э “пизда минь утас аваад ир” гэж дайрсан. Өчигдөр оройныхыг одоо дуусгана, ална гээд хашаа давж орж ирээд надтай барьцалдсан. Аав нь хамт ирсэн байсан юм. Би аавд нь хэлсэн. Тэгтэл Э миний нүүр рүү 2 удаа цохиод, толгой руу 2 дэвссэн” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн эрүүл мэндэд хамрын таславчийн хугарал, таславчийн мурийлт гэмтэл бүхий хөнгөн гэмтэл учирсныг тогтоосон 02/226 дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ц.Эын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ц.Эын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Мийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүхийн шатанд 355.000 төгрөгийг хохирогчийн хаан банкны ... тоот данс руу хийсэн болох нь мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нь “...амралтаа аваад хүнд 7 сая төгрөгийн ажил хийх гээд байж байтал энэ асуудал үүссэн. Одоо энэ 7 сая төгрөгийг нэхэмжилнэ” гэсэн боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ талаархи нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ц.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Эт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.БАЙГАЛМАА