Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
Хэргийн индекс | 103/2020/00083/И |
Дугаар | 103/ШШ2020/00242 |
Огноо | 2020-04-22 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 103/ШШ2020/00242
2020 4 22 | 103/ШШ2020/00242 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: 1984 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, бага боловсролтой, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр баг, Хайлаастын 1009 тоотод оршин суух, Ядам овогт Дүгэржавын Доржпаламын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бага боловсролтой, 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжигч, Оймууд овогт Ганжуурын Бат-Оршиход холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Доржпалам, хариуцагч Г.Бат-Орших, нарийн бичгийн дарга Г.Есү-Үжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч Д.Доржпалам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би 2009 онд Г.Бат-Оршихтой танилцаж, 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. 2011 онд том хүү Б.Баатархуяг, 2015 онд охин Б.Ганцэцэг нар төрсөн. Бид хоёр 9 жил гаран хамт амьдрахдаа хоёр сайхан хүү төрүүлж сайхан амьдарч байсан. Би Бат-Оршихтой суухдаа дагавар охинтой суусан, гэтэл Бат-Орших миний сайхан охиныг хүчиндэж, хүүхдийн амьдралаар тоглож, намайг дэндүү ихээр доромжилсон. Ингээд Г.Бат-Оршиход Сүхбаатар аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 17 жил чанга дэглэмтэй хорих ялмаар шийтгэсэн. Г.Бат-Оршихын эгч нь намайг хэл амаар байнга доромжилж чи нөхрийгөө хангаж чадаагүй учраас ийм асуудал болсон, дүүгийн минь гэр орныг өг гэх мэтээр загнадаг. Би одоо 5-16 насны 3 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, нийгмийг халамжаар амьдардаг. Энэ бүх доромжлол, дарамтыг тэсэж амьдрах хэцүү байна. Иймд цаашид энэ хүнтэй хамт амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Баатархуяг, Б.Ганцэцэг нарыг миний асрамжид үлдээж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Бат-Орших шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Шүүхэд гэрлэлтээ цуцлуулахгүй, хүүхдээ өөрийнхөө асрамжид авъя гэж хариу тайлбар бичсэн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас үр хүүхдээ өөр дээрээ авч, биечлэн өсгөн хүмүүжүүлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн. Миний бие үйлдсэн гэмт хэрэгтээ 17 жилийн хорих ял сонссон, одоо надад 15 жилийн хорих ял үлдсэн. Иймд гэрлэлт цуцлуулах, хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Доржпалам нь хариуцагч Г.Бат-Оршиход холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Г.Бат-Орших нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаагүй болно.
Нэхэмжлэгч Д.Доржпалам, хариуцагч Г.Бат-Орших нар нь 2009 оны 10 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Баатхуяг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр охин Б.Ганцэцэг нарыг төрүүлсэн болох нь 0150524 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2201000372, 0000690215 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбарууд, эрүүл бойжиж байгаа талаарх өрхийн эмчийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн лаборатори нэгдүгээр сургуулийн тодорхойлолт, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 9 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт, Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол зэргээр тогтоогджээ.
Зохигчид нь 9 жил хамтран амьдрах хугацаанд хариуцагч Г.Бат-Орших нь өөрийн дагавар охиноо удаа дараа хүчиндэж, бэлгийн дарамтад оруулж байсныг олж тогтоон Цагдаагийн байгууллагад хандснаар тэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэн, ялаа хаалттай хорих ангид эдэлж байгаа болох нь Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 сарын 28-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоол, зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална гэж зааснаар гэрлэлтийг шууд цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д гэрлэгчид гэрлэлт цуцлах үедээ хүүхдээ хэний асрамжид үлдээх .., тухайгаа бие даан эсвэл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно, 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг эхийн хайр халамж, ахуй нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг эхийн хэний асрамжид үлдээх.., асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж зааснаар хүүхдийн насны байдал, цаашид өсөж, хүмүүжих орчин нөхцөл, хүүхдийн санал зэргийг харгалзан хүү Б.Баатархуяг, охин Б.Ганцэцэг нарыг эх Д.Доржпаламын асрамжид үлдээх нь зүйтэй.
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт Хүүхэд эрүүл өсч бойжих, аюулгүй орчинд амьдрах, аливаа хүчирхийллээс ангид байх эрхтэй, 5.3 дахь хэсэгт хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх, эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан, тусдаа амьдрах үед хэнтэй нь амьдрах тухай үзэл бодол, саналаа илэрхийлэх эрхтэй гэж зааснаар хүүхдүүд нь эцэг Г.Бат-Оршихтой байнгын харилцаатай байх эрхийг хуулиар олгосон бөгөөд хорих ял эдэлж байгаа үндэслэлээр хүүхдүүдтэйгээ уулзах эрхийг хязгаарласан хуулийн зохицуулалт байхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийг хүүхдүүдтэй нь уулзахыг хориглох эрхгүй, хүүхдийн эрх ашиг сонирхолд харшлахааргүй бол хамт амьдрахгүй байгаа эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулах, хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлахыг хориглосон болохыг анхааруулах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсгүүдэд зааснаар Оймууд овогт Ганжуурын Бат-Орших, Ядам овогт Дүгэржавын Доржпалам нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар
2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Баатархуяг, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрсөн охин Б.Ганцэцэг нарыг эх Д.Доржпаламын асрамжид үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 140.400 төгрөг төлөхөөс 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдийн 103/2020ШЗ/00251 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж 140.400 төгрөгийг хариуцагч Г.Бат-Оршихоос гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар
Шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Д.Энхзаяад даалгасугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ