Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

        Нарийн бичгийн дарга Б.Мөнх-Эгшиглэн

        Улсын яллагч Ч.Отгонбаатар

        Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Дашцэрэн

    Шүүгдэгч А.Уламбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Уламбаярт холбогдох эрүүгийн 2322000000042 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1984 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Өлзийт суманд төрсөн, 38 настай эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, Дундговь аймгийн Өлзийт сумын 2 дугаар баг “Цох” гэх газар оршин сууж байгаа, урьд Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, тэнсэж хянан харгалзсан,  Дундговь аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 71а дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2022/ШЦТ/56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, Харчин овогт Адъяагийн Уламбаяр /РД:ЗИ84102211/.

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

        Шүүгдэгч А.Уламбаяр нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө машин механизм ашиглаж Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг “Хармагтай” гэх газар оршин суух иргэн С.Нэргүйн байнга амьдардаг монгол гэрт нэвтэрч А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утасны өсгөгч болон цэнэглэгч, мөн гар утасны арын кэйс дотор байсан 20.000 төгрөгийг хулгайлж нийт 618.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт гэмт хэрэгт холбогджээ.

 

       ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

Шүүгдэгч А.Уламбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “01 сарын 14-ний өдөр хадмынхаасаа гараад явж байхад Баяр зам дээр зогсож байхаар нь уулзаад хаа хүрэх гэж байгаа юм гэхэд нь гэр рүүгээ явж байна гэсэн. Баяр дэлгүүр орж 2 шил архи аваад Луус сумаас 10 километр яваад 2 шил архиа уусан. Би Баярт найз нь согтоод байх шиг байна чи машин бариад явчих гэж хэлсэн. Би унтсан байсан. Баяр хаана явж байгаагаа мэдэхгүй байна гэхээр нь айл байвал сур гэж хэлчихээд буцаад унтаад өгсөн. Би айлд очсон эсэхийг сайн санахгүй байгаа юм. Нэг сэрсэн сумын цагдаа, төлөөлөгч 2 байсан. Говьсүмбэр явдаг зам дээр машины 5 бул эвдрээд зогссон байсан. Тэгээд би Өлзийт сум явсан” гэв.

       Хохирогч С.Нэргүйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад хонио хариулж яваад адуугаа баруун тийш бэлчээрт гаргачихаад явж байтал манай гэрийн зүүн урд зүгт цагаан өнгийн жижиг тэрэг зогсчихсон 2 хүн машинаасаа буугаад зогсож байгаа харагдсан. Удалгүй тэр машин манай гэрийн гадаа очоод зогсож байгаа харагдсан. Хүн бууж байгааг нь хараагүй. Би гэр рүүгээ явсан. Тэгтэл тэр машин намайг очихоос өмнө хөдлөөд явсан. Би гэртээ ортол манай суурин жи мобайлын утас газарт уначихсан байхаар нь юмнуудаа бүртгэж үзэхэд миний А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, жи мобайлын гар утасны өсгөгч болон цэнэглэгч мөн гар утасны арын кэйс дотор байсан 20.000 төгрөг алдагдсан байсан. Тэгээд баруун жирмийн усан дээр очиход саахалт айлын Жанцанноров худаг дээр хонио усалж байхаар нь би Жанцанноровт хандаж саяын цагаан өнгийн машин юун машин бэ? номерыг нь харсан уу? гэхэд Жанцанноров харж чадаагүй, манай малыг дайрчих шахаад гарлаа гэсэн. Тэр машинтай хүмүүс манайхаас гар утас, утасны цэнэглэгч хулгайлаад явсан байна гэж Жанцанноровт хэлээд Жанцанноровтой хамт тэр машины араас 30 орчим километр яваад том чулуун дээгүүр гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэр машин цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Бид хоёр очиж уулзаагүй холоос харсан болохоор улсын дугаарыг нь анзаараагүй. Намайг харахад манай гэрийн баруун талд зогсож байсан машинаас 2 хүн буугаад машинаа тойрч гараад байсан. Тэр машин Дундговь аймгийн Луус сумаас Өлзийт явах төв замаар Өлзийт сумын чиглэлд 50 орчим километр яваад Говьсүмбэр аймаг явдаг замд нийлээд зүүн зүгт явсан байсан. Би “Самсунг” А605 маркийн хавтгай дэлгэцтэй гар утсаа 2022 оны 09 сард 500.000 төгрөгөөр худалдаж авсан. Суурин жи мобайлын утасны өсгөгчийг 2022 оны 05 сард 60.000 төгрөгөөр худалдаж авсан. Суурин жи мобайлын утасны цэнэглэгчийг 10.000 төгрөгөөр худалдаж авсан. Нэг нүдний дуранг 2022 оны 04 дүгээр сард 150.000 төгрөгөөр худалдаж авсан. Миний хулгайд алдсан гар утасны арын кэйсд 20.000 төгрөг байсан. Би хулгайд алдсан эд зүйлээ тухайн үед авсан үнээрээ үнэлж байна. Миний Самсунг А605 маркийн хавтгай дэлгэцтэй гар утас цэцгэн хээтэй шар кэйстэй байгаа, утасны нүүрэн дээр наасан шилэн наалт нь зүүн дээд буландаа цууралттай, суурин жи мобайлын утасны өсгөгч хар өнгөтэй, суурин жи мобайлын утасны цэнэглэгч нь хар өнгөтэй, нэг нүдний дуран цахилгаантай хар савтай хар өнгийн дуран байгаа. Миний хулгайд алдсан гар утасны арын кэйст 20.000 төгрөг байгаа. 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр манай гэрт ирчихээд явсан жижиг цагаан тэрэгтэй 2 хүнийг авсан байх гэж бодож байна. Манайд тэр машинтай хүмүүсээс өөр хүн ирээгүй. Намайг өглөө малдаа явахад миний хулгайд алдсан эд зүйл гэрт байсан. Машин ирээд явсны дараа гэрт байсан эд зүйл алга болсон. Би хулгайд алдсан эд зүйлээ олж авмаар байна. Манай гэрээс хулгай хийсэн тэр хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү”гэх мэдүүлэг /хх-ийн 24-26/

       Хохирогч С.Нэргүйн 2023 оны 05 сарын 31-ний өдөр дахин өгсөн: “Би энэ оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гэртээ байж байтал хонь маань гэрээсээ нэлээн холдоод байхаар араас нь явах гээд гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжиж цоожлоогүй ба гэрийнхээ хаалгыг зүгээр хаачихаад гэрээсээ гарсан. Тухайн алдагдсан зүйлүүд маань бүгд гэрт байсан. Хар дэлгэцтэй утас гэрийн хоймор хэсэгт ширээн дээр цэнэглэгчтэйгээ байсан. Хажууд нь гэрийн жи мобайлын утас цэнэглэгч, гар утас цэнэглэгч, өсгөгч хоймор талын орон дээр нэг нүдний дуран гэх зүйлүүд байсан. Би алдсан зүйлүүдээ эргүүлээд авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг,

        Гэрч О.Баярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2023 оны 01 сарын 14-ний 11 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын засмал дээр Дундговь аймаг явах гээд зогсож байтал манай саахалт айлын Уламбаяр сувдан цагаан өнгийн Аллион маркийн машин уначихсан надтай ирж уулзахаар нь би Уламбаярт хандаж чи хаагуур явах юм гэхэд Уламбаяр би хөдөө гэр рүүгээ явж байна гэхээр нь би хамт явъя гээд бид 2 Луус сумаас Өлзийт сум руу хамт явсан. Луус сумаас зүүн урд зүгт 30 орчим километр яваад хороотой айлын гадаа ирсэн. Тэр айлын гэр рүү Уламбаяр орсон. Би машинаас буугаагүй. Тэр айл хүнгүй байсан юм байна лээ. Уламбаяр тэр айлаас гарч ирэхдээ хавтгай дэлгэцтэй гар утас, жи мобайлын утасны өсгөгч, нэг нүдний дуран барьж орж ирээд машиныхаа арын суудал дээр тавьсан. Би Уламбаярт хандаж буцаагаад тавь гэхэд Уламбаяр надад хандаж чамд хамаагүй “чи яасан сүртэй хүүр вэ юм үзээгүй зориггүй байна” гэж хэлэхээр нь би Уламбаярт чи больчихоо би асуудалд ормооргүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Уламбаяр би өөрийнхөө унаагаар юу хийхээ мэдэж байна гэсэн. Тэгээд тэр айлаас хөдлөөд явах замдаа Өлзийт сумын зүүн хойд зүгт 50 километр “Харууд” гэх газар Уламбаярын машины таван бул мултарч явахгүй болсон. Би машинаас гарахад гадаа тас харанхуй байсан. Удалгүй нэг машин ирсэн нь сумын цагдаа байсан. Тухайн үед Уламбаярын унаж явсан цагаан өнгийн Аллион маркийн машины хойд болон урд номер байхгүй байсан. Яагаад улсын дугаараа авсныг би мэдэхгүй. Уламбаяр машины хажууд зогсож байхдаа надад хандаж чи мэдэхгүй гэж хэлээрэй чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд Уламбаяр Өлзийт сумын төв орчихоод надад чи миний хэргийг хүлээчих, чи өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байгаагүй болохоор чамайг 500.000 төгрөгөөр торгоод явуулчихна. Зүгээрээ гэж хэлсэн. Би Уламбаярт хандаж “би хүний өмнөөс хэрэг хүлээхгүй” гэхэд Уламбаяр сүртэй пизда вэ? би чамайг хорлоно, танайхныг бүгдийг нь хорлоно нэг хэрэг даачихаж чадахгүй арчаагүй гөлөг вэ? гэж хэл амаар доромжилсон. Уламбаяр машинаас буугаад шууд айл руу ороод гараад ирэхдээ хавтгай дэлгэцтэй гар утас, жи мобайлын утасны өсгөгч, нэг нүдний дуран барьж орж ирээд машины арын суудал дээр тавьсан. Би тэр айлыг цоожтой байсан эсэхийг мэдэхгүй байна. Уламбаяр бид 2 найзууд олон жил айл саахалт явсан. Би Аллион маркийн сувдан цагаан өнгийн машинаар явсан, улсын дугаарыг нь анзаараагүй. Машинаас буухад тэр машины хойд болон урд номер байхгүй байсан. Тухайн машиныг Уламбаяр Оюунчимэг гэх хүнээс фургон машинаар сольж авсан гэж надад хэлсэн. Тухайн машиныг Уламбаяр унаж явсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-37/

        Гэрч Х.Онхооны  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Уламбаяр миний охин Урантунгалагтай 2019 оноос хойш хамтран амьдарч байгаа. Дундаасаа хүүхэдгүй. 2023 оны 01 сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 05 цагийн үед манайд Уламбаяр ганцаараа ирж хоносон. Замдаа төөрөөд хөдөө хонож байгаад ирлээ гэсэн. Би өглөө гэрээс гарч харахад цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Тэгээд маргааш нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний 09 цагийн үед Уламбаяр манайхаас ганцаараа гэр рүүгээ явлаа гээд Луус сумын чиглэлд явсан. Би машиных нь марк улсын дугаарыг нь анзаараагүй. Номертой байсан эсэхийг хараагүй. Ямар шалтгаантай ирснийг мэдэхгүй. Шөнө гэнэт ороод ирсэн. Ямар ажилтай яваагаа хэлээгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-41/

        Гэрч Ж.Жанцанноровын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын Баруун жирмийн усан дээр хонио усалж байтал цагаан өнгийн жижиг тэрэг хонин дундуур сигналдаад хүчтэй гарсан. Би тэр машины марк улсын дугаарыг нь харж чадаагүй. Тэгээд байж байтал саахалтын Нэргүй эгч худаг дээр ирж саяын машинтай хүнтэй уулзсан уу? тэр машинтай хүн манайд ирээд гэрээс гар утас, утасны цэнэглэгч хулгайлаад явсан байна гэсэн. Тэгэхээр нь тэр машины араас Нэргүй эгчтэй хамт 30 орчим километр явахад чулуун дээгүүр гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд Нэргүй эгч цагдаа дуудсан. Тэр машин цагаан өнгөтэй жижиг тэрэг байсан. Бид 2 очиж уулзаагүй холоос харсан болохоор номер улсын дугаарыг нь анзаараагүй. Яг хэдэн хүн гэдгийг нүдээрээ хараагүй. Худаг дээр мал усалж байхад машинд 2 хүн байх шиг байсан. Тэр машин Дундговь аймгийн Луус сумаас Өлзийт сум явах замаар Өлзийт сумын чиглэлд 50 орчим километр яваад Говьсүмбэр аймаг ордог төв замд нийлээд зүүн зүгт явсан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 45/

        Гэрч Г.Очирдарийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би Ж.Оюунчимэг гэх хүнийг танина, бид хоёр 2012 онд гэр бүл болсон. Тухайн 8758 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Аллион маркийн тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгсэл байсан, миний эхнэр Ж.Оюунчимэгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. 2022 оны 07 сарын 28-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Т.Цэрэндорж гэх хүнд би 7.000.000 төгрөгөөр зарж худалдан авах гэрээ хийж нотариатаар батлуулсан. Тухайн тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр зарсан ба зарсан мөнгөө өөрийн 5753809053 дансаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6.500.000 төгрөгийг авч үлдсэн 500.000 төгрөгийг бэлнээр авсан.Т.Цэрэндоржтой тооцооны асуудал байхгүй.” гэх мэдүүлэг / хх-ийн 47/

        Гэрч Т.Цэрэндоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Ж.Оюунчимэг гэх хүнээс 8758 УБМ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн машиныг 7.000.000 төгрөгөөр худалдан аваад нотариатаар батлуулчихаад Өмнөговь аймгийн Цагаан хаданд ажиллаж байхад нотариатынх нь хугацаа дууссан учраас нэрээ шилжүүлж чадаагүй юм. Тэгээд би Өмнөговь аймагт байхдаа 2022 оны 12 дугаар сард аллион маркийн машинаа Бүрэнжаргал гэх хүнтэй Верна маркийн машинаар сольчихсон юм. Тэгтэл Бүрэнжаргал тэр аллионыг цаашаа хүнд зарчихсан гэж байсан. Бүрэнжаргалтай наймаа хийхдээ тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрээ шилжүүлж аваагүй Верна маркийн машин нь өөр хүний нэр дээр байдаг. Тэр Аллион маркийн машин Оюунчимэгийн нэр дээр байгаа, шилжүүлж аваагүй. Бүрэнжаргал аллион маркийн машиныг хэнд зарсан талаар мэдэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/

        Гэрч Б.Бүрэнжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2022 оны 11 дүгээр сарын дундуур /шиг санагдаж байна/ Цэрэндорж гэх хүнээс 8758 УБМ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийг “Верна” аксент маркийн тээврийн хэрэгслээр сольж авсан. Тухайн үед Цэрэндорж машины эзэмшигчээс худалдан авах үедээ хийсэн гэрээнийх нь хугацаа дууссан гээд нэрээ шилжүүлж чадаагүй. Ингээд машинаа 1 удаа идшинд унаж яваад удаагүй 2022 оны 12 дугаар сарын дунд үеэр уг машинаа Өлзийт сумын Буянт бригадын Уламбаяр гэх хүнтэй фургон маркийн машинаар сольсон. Тухайн машиныг би өөр дээрээ удаан байлгаагүй. Цэрэндоржоос аваад 10 гаруй хоноод Л.Уламбаяртай фургон маркийн машинаар сольсон.”гэх мэдүүлэг /хх-ийн 52/

        Гэрч Х.Энэбишийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Нэргүй гэх хүнээс миний гар утсанд манай гэрт хулгай орчихлоо хулгайч Өлзийт сум руу чиглэдэг Чойрын замаар явчихлаа  би хойноос нь дагаж давхилаа, замаасаа гараад зогссон байна гэсэн дуудлага өгсөн. Тэгээд би Өлзийт сумаас тухайн газар руу цаг гарангийн дараа очсон. Намайг очиход дуудлага өгсөн хүмүүс байгаагүй. Тухайн газраас зүүн хойд зүгт Гурвансайхан чиглэлд 30 орчим километр газарт гадаа харанхуй болоод үзэгдэх орчин муу болсон байсан. Тэгээд явж байсан газарт буюу Харнууд гэх газарт том овооны баруун хойд хэсэгт машины улаан гэрэл 2 удаа асаж унтарсан. Тэр зүг рүү чиглээд 5 километр орчим явсан. Ингээд ойртоод очиход улсын дугаараа авчихсан цагаан өнгийн “Аллион” маркийн машин асаалттай зүүн урагш харсан зогсож байсан. Тухайн үед хажууд нь мотоциклтой Баянмөнх гэдэг Өлзийт сумын 5 дугаар багийн иргэн байсан. Би тэр хүнийг энд юу хийж яваа юм бэ? гэтэл дөнгөж сая гэр рүүгээ явж байтал зам дээр машин байхаар нь ирлээ гэсэн. Машинд байгаа хүмүүсийг таних уу гэхэд нэгийг нь би сайн танихгүй. Нэг нь манай сумын Уламбаяр гээд Өлзийт сумын Буянт багийн хүн байна гэж хэлсэн. Тэгээд машиныг очиж шалгахад жолооч талд нь Баяр гэх хүн жолоочийн хажуу талын суудалд Уламбаяр гэж хүн байсан. Тэгээд би тэр 2 хүнийг машинаас буулгаад Баяр гэгчээс нь хаагуур явсан ямар айлаар орсон гэж асуусан. Замаараа Уламбаяр айл руу орж байсан. Би хажууд нь унтаад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгтэл Уламбаяр Баяр  унтаж байсан юм огт хамааралгүй би айл руу ороод гар утас цэнэглэгч, өсгөгч, нэг нүдний дуран гэх мэт зүйл авсан. Энэбишээ ганц удаа аргалчихаач би дахиж ажилд чинь хүндрэл учруулахгүй, намайг уучлаарай гээд гуйгаад байсан. Тэгээд айлаас авсан эд зүйл чинь хаана байна гэхэд арын суудал дээр байгаа гэсэн. Тэгээд Уламбаяраас авсан гэх зүйлсийг нь авахуулсан. Машины номер дугаар нь хаана байна гэхэд хэлэхгүй байсан. Тэгэхээр нь шалавчийг нь үзэхэд урд суудлын шалавчны доороос 2 дугаар нь гарч ирсэн. 8758 УБМ улсын дугаар байсан. Энэ хэний машины дугаар вэ? гэхэд Уламбаяр би энэ машиныг саяхан худалдаж авсан. Миний машины номер байгаа юм гэж хэлсэн. Тэгээд Баяр, Уламбаяр нарыг машиндаа суулган Уламбаярын машин хөдлөх боломжгүй байсан учраас ойролцоо байдаг Мягмар гэх айлын гадаа аваачиж Уламбаяраар өөрөөр нь цоожлуулаад цагдаагийн хэсэгт очсон. Цагдаагийн хэсэг дээр очиход 22 цаг өнгөрч байсан учраас Уламбаяраас мэдүүлэг авсан. Мэдүүлэг авахдаа шөнийн цагаар мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байна уу? гэхэд байхгүй гэсэн учраас өөрийнх нь хүсэлтийг нь бичүүлж аваад мэдүүлэг авсан. Тэгээд хулгайлсан эд зүйлийг нь тэмдэглэл үйлдэн хураан авсан. Баяраас мэдүүлэг авах гэсэн боловч газрын даргаас яаралтай Өлзийтийн постод үүрэг гүйцэтгэ гэсэн тул мэдүүлэг авч амжилгүй Уламбаяр, Баяр хоёрыг явуулсан. Уламбаяр явахдаа хэрвээ миний хэргийг шалгавал би чиний дуудсан цагт чинь ирэхгүй лай болно шүү. Харин энэ хавиар аргалавал би дуудсан цагт чинь ирээд байж чадна. Үгүй бол мууг чинь үзэж чадна шүү Энэбиш ээ гэж хэлчихээд явсан. Хэрэв мэдүүлэг аваагүй бол Уламбаяр яах гэж өөрөө хүсэлт бичиж өгсөн байх вэ? намайг гүтгэж байгаа нь ойлгомжтой байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 54/

        Гэрч Л.Баянмөнхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Манайх Өлзийт сумаас зүүн хойш 40 километрт “Нүхт” гэдэг газар нутаглаж байсан. Тухайн үед би ганцаараа өөрийн эзэмшлийн мотоциклтой нутаг хараад явж байсан юм. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна миний бодлоор 18-19 цагийн орчимд болов уу гэж бодож байна. Тэгээд явж байтал замд цагаан өнгийн машин байсан. Нэг танихгүй хүн машинаасаа бууж ирээд гар өргөөд байсан. Тэгээд би зогсоод мотоциклоосоо бууж амжаагүй байхад сумын хэсгийн төлөөлөгч цагдаа 2 ирсэн. Хэсгийн төлөөлөгч цагдаа 2 тухайн зогсож байсан цагаан машиныг онгойлгоод уулзаад хулгайлсан юм чинь хаана байна гэж асууж байсан. Тэр үед машины зүүн урд талаас Улмаа гээд зүс мэдэх залуу бууж ирсэн. Төлөөлөгч тэр 2 хүний нэгийг нь буюу миний танихгүй хүнийг нэлээд зайтай дагуулж очоод уулзаад байсан. Тэгснээ Улмаа гээд залууг дагуулаад машиных нь цаана очиж уулзсан. Тухайн үед миний танихгүй залуутай юу ярьсныг би сонсоогүй. Харин Улмаа гээд залуутай уулзахад Улмаа гэдэг залуу намайг нэг аргалчихаач дээ гээд яриад байх шиг байсан. Өөр нарийн ширийн асуудал сонсоогүй. Тэгээд машинаас нь төлөөлөгч цагдаа 2 гар утас цэнэглэгч гэх мэт юмнууд гаргаад байсан. Төлөөлөгч цагдаа 2 машиныг чирээд айлын гадаа аваачиж тавьсан. Би айлыг нь зааж өгчихөөд явсан. Тэр тээврийн хэрэгслийн маркийг нь мэдэхгүй, цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Буруу талын урд дугуй нь эргэхгүй байна гээд зогсож байсан. Тэр тээврийн хэрэгсэл улсын дугаараа авчихсан байх шиг байсан. Би Улмааг л мэднэ. Бүтэн нэрийг нь мэдэхгүй байна. Өмнө нь нэг удаа харж байсан манай Өлзийт сумын хүн гэдгээр нь мэднэ. Би Өлзийт суманд нутаглаад арваад жил болж байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 55-56/

        Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/

        Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7/

        Эд зүйл баримт  бичгийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 13/

        Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-16/

         Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах тухай мөрдөгчийн санал /хх-ийн 17/

        Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол /хх-ийн 18-19/

        Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 сарын 19-ний өдрийн “Samsung А605 марк загварын хавтгай дэлгэцтэй гар утас 1 ширхэг 420.000, суурин жи мобайлын утасны өсгөгч 1 ширхэг 50.000 төгрөг, суурин жи мобайлын утсаны цэнэглэгч 1 ширхэг 8.000 төгрөг, АЗ8898771 серийн дугаартай 20.000 төгрөг, нэг нүдний дуран 120.000 төгрөг, нийт 618.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-63/

           Ашид билгүүн ХХК-ийн 2023 оны 01 сарын 23-ны өдрийн 1001284 дугаартай “8758 УБМ улсын дугаартай 2004 онд үйлдвэрлэгдсэн 2010 онд Монгол Улсад орж ирсэн Аллион маркийн авто машин 2023 оны 01 сарын 23-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 6.000.000 төгрөгөөр тогтоосон” талаарх авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 69-71/

            Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 114-115/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 134/

Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 10 сарын 29-ний өдрийн 96 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 137-138/

Дундговь аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 сарын 08-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 139-141/

Дундговь аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 12 сарын 19-ний өдрийн 105 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 143-145/

Сум дундын 11 дүгээр шүүхийн 2014 оны 12 сарын 15-ны өдрийн 71а дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 147-149/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

       Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар Дундговь аймгийн Луус сумын 2 дугаар багийн нутаг “Хармагтай” гэх газарт нутаглах иргэн С.Нэргүй нь гэрээсээ  2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утасны өсгөгч, цэнэглэгч, 20.000 төгрөг зэрэг нийт 618.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлээ алдсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч С.Нэргүйн алдсан А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, Жи мобайлын утасны өсгөгч, цэнэглэгч, 20.000 төгрөгийг шүүгдэгч А.Уламбаяр нь 8758 УБМ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн тээврийн хэрэгсэл /машин механизм/-ийг ашиглаж авсан болох нь:

        Хохирогч С.Нэргүйн: “Би 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өглөө 10 цагийн үед гэрээсээ гараад хонио хариулж яваад адуугаа баруун тийш бэлчээрт гаргачихаад явж байтал манай гэрийн зүүн урд зүгт цагаан өнгийн жижиг тэрэг зогсчихсон 2 хүн машинаасаа буугаад зогсож байгаа харагдсан. Удалгүй тэр машин манай гэрийн гадаа очоод зогсож байгаа харагдсан. ...тэр машин намайг очихоос өмнө хөдлөөд явсан. Би гэртээ ортол манай суурин жи мобайлын утас газарт уначихсан байхаар нь юмнуудаа бүртгэж үзэхэд миний А605 маркийн гар утас, нэг нүдний дуран, жи мобайлын гар утасны өсгөгч болон цэнэглэгч мөн гар утасны арын кэйс дотор байсан 20.000 төгрөг алдагдсан байсан. ...Тэр машинтай хүмүүс манайхаас гар утас, утасны цэнэглэгч хулгайлаад явсан байна гэж Жанцанноровт хэлээд Жанцанноровтой хамт тэр машины араас 30 орчим километр яваад том чулуун дээгүүр гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэр машин цагаан өнгийн жижиг тэрэг байсан. Бид хоёр очиж уулзаагүй холоос харсан болохоор улсын дугаарыг нь анзаараагүй. Манайд машинтай хүмүүсээс өөр хүн ирээгүй. ... гэртээ байж байтал хонь маань гэрээсээ нэлээн холдоод байхаар араас нь явах гээд гэрээсээ гарахдаа гэрийнхээ хаалгыг түгжиж цоожлоогүй ба гэрийнхээ хаалгыг зүгээр хаачихаад гэрээсээ гарсан. Тухайн алдагдсан зүйлүүд маань бүгд гэрт байсан.” гэх,

        гэрч О.Баярын: “Би 2023 оны 01 сарын 14-ний 11 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын засмал дээр Дундговь аймаг явах гээд зогсож байтал манай саахалт айлын Уламбаяр сувдан цагаан өнгийн Аллион маркийн машин уначихсан надтай ирж уулзахаар нь би Уламбаярт хандаж чи хаагуур явах юм гэхэд Уламбаяр би хөдөө гэр рүүгээ явж байна гэхээр нь би хамт явъя гээд бид 2 Луус сумаас Өлзийт сум руу хамт явсан. Луус сумаас зүүн урд зүгт 30 орчим километр яваад хороотой айлын гадаа ирсэн. Тэр айлын гэр рүү Уламбаяр орсон. Би машинаас буугаагүй. Тэр айл хүнгүй байсан юм байна лээ. Уламбаяр тэр айлаас гарч ирэхдээ хавтгай дэлгэцтэй гар утас, жи мобайлын утасны өсгөгч, нэг нүдний дуран барьж орж ирээд машиныхаа арын суудал дээр тавьсан. Би Уламбаярт хандаж буцаагаад тавь гэхэд Уламбаяр надад хандаж чамд хамаагүй “чи яасан сүртэй хүүр вэ юм үзээгүй зориггүй байна” гэж хэлэхээр нь би Уламбаярт чи больчихоо би асуудалд ормооргүй байна гэж хэлсэн. Тэгэхэд Уламбаяр би өөрийнхөө унаагаар юу хийхээ мэдэж байна гэсэн. ...Тухайн үед Уламбаярын унаж явсан цагаан өнгийн Аллион маркийн машины хойд болон урд номер байхгүй байсан. Яагаад улсын дугаараа авсныг би мэдэхгүй. Уламбаяр машины хажууд зогсож байхдаа надад хандаж чи мэдэхгүй гэж хэлээрэй чамд хамаагүй гэж хэлсэн. Тэгээд Уламбаяр Өлзийт сумын төв орчихоод надад чи миний хэргийг хүлээчих, чи өмнө нь хулгайн хэрэгт холбогдож байгаагүй болохоор чамайг 500.000 төгрөгөөр торгоод явуулчихна. Зүгээрээ гэж хэлсэн. Би Уламбаярт хандаж “би хүний өмнөөс хэрэг хүлээхгүй” гэхэд Уламбаяр сүртэй пизда вэ? би чамайг хорлоно, танайхныг бүгдийг нь хорлоно нэг хэрэг даачихаж чадахгүй арчаагүй гөлөг вэ? гэж хэл амаар доромжилсон. Уламбаяр машинаас буугаад шууд айл руу ороод гараад ирэхдээ хавтгай дэлгэцтэй гар утас, жи мобайлын утасны өсгөгч, нэг нүдний дуран барьж орж ирээд машины арын суудал дээр тавьсан.” гэх,

        гэрч Х.Онхооны: “... 2023 оны 01 сарын 13-наас 14-нд шилжих шөнийн 05 цагийн үед манайд Уламбаяр ганцаараа ирж хоносон. ...Би өглөө гэрээс гарч харахад цагаан өнгийн жижиг тэрэг байсан. ... Би машиных нь марк улсын дугаарыг нь анзаараагүй. Номертой байсан эсэхийг хараагүй. Ямар шалтгаантай ирснийг мэдэхгүй. ...” гэх,

        гэрч Ж.Жанцанноровын: “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 13 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын Баруун жирмийн усан дээр хонио усалж байтал цагаан өнгийн жижиг тэрэг хонин дундуур сигналдаад хүчтэй гарсан. Би тэр машины марк улсын дугаарыг нь харж чадаагүй. ... саахалтын Нэргүй эгч худаг дээр ирж саяын машинтай хүнтэй уулзсан уу? тэр машинтай хүн манайд ирээд гэрээс гар утас, утасны цэнэглэгч хулгайлаад явсан байна гэсэн. Тэгэхээр нь тэр машины араас Нэргүй эгчтэй хамт 30 орчим километр явахад чулуун дээгүүр гарсан байдалтай зогсож байсан. Тэгээд Нэргүй эгч цагдаа дуудсан. Тэр машин цагаан өнгөтэй жижиг тэрэг байсан...” гэх,

        гэрч Х.Энэбишийн: “2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 17 цагийн орчимд Нэргүй гэх хүнээс миний гар утсанд манай гэрт хулгай орчихлоо хулгайч Өлзийт сум руу чиглэдэг Чойрын замаар явчихлаа  ... гэсэн дуудлага өгсөн. ... Тухайн газраас зүүн хойд зүгт Гурвансайхан чиглэлд 30 орчим километр газарт гадаа харанхуй болоод үзэгдэх орчин муу болсон байсан. Тэгээд явж байсан газарт буюу Харнууд гэх газарт том овооны баруун хойд хэсэгт машины улаан гэрэл 2 удаа асаж унтарсан. Тэр зүг рүү чиглээд 5 километр орчим явсан. Ингээд ойртоод очиход улсын дугаараа авчихсан цагаан өнгийн “Аллион” маркийн машин асаалттай зүүн урагш харсан зогсож байсан. ... Тэгээд машиныг очиж шалгахад жолооч талд нь Баяр гэх хүн жолоочийн хажуу талын суудалд Уламбаяр гэж хүн байсан. Би тэр 2 хүнийг машинаас буулгаад Баяр гэгчээс нь хаагуур явсан ямар айлаар орсон гэж асуусан. Замаараа Уламбаяр айл руу орж байсан. Би хажууд нь унтаад явж байсан болохоор сайн мэдэхгүй байна гэсэн. Тэгтэл Уламбаяр Баяр  унтаж байсан юм огт хамааралгүй би айл руу ороод гар утас цэнэглэгч, өсгөгч, нэг нүдний дуран гэх мэт зүйл авсан. Энэбиш ээ ганц удаа аргалчихаач би дахиж ажилд чинь хүндрэл учруулахгүй, намайг уучлаарай гээд гуйгаад байсан. Айлаас авсан эд зүйл чинь хаана байна гэхэд арын суудал дээр байгаа гэсэн. Тэгээд Уламбаяраас авсан гэх зүйлсийг нь авахуулсан. Машины номер дугаар нь хаана байна гэхэд хэлэхгүй байсан. Тэгэхээр нь шалавчийг нь үзэхэд урд суудлын шалавчны доороос 2 дугаар нь гарч ирсэн. 8758 УБМ улсын дугаар байсан. Энэ хэний машины дугаар вэ? гэхэд Уламбаяр би энэ машиныг саяхан худалдаж авсан. Миний машины номер байгаа юм гэж хэлсэн. ... Тэгээд хулгайлсан эд зүйлийг нь тэмдэглэл үйлдэн хураан авсан.” гэх,

        гэрч Л.Баянмөнхийн: “Манайх Өлзийт сумаас зүүн хойш 40 километрт “Нүхт” гэдэг газар нутаглаж байсан. Тухайн үед би ганцаараа өөрийн эзэмшлийн мотоциклтой нутаг хараад явж байсан юм. Цаг хэд болж байсныг мэдэхгүй байна миний бодлоор 18-19 цагийн орчимд болов уу гэж бодож байна. Тэгээд явж байтал замд цагаан өнгийн машин байсан. Нэг танихгүй хүн машинаасаа бууж ирээд гар өргөөд байсан. Тэгээд би зогсоод мотоциклоосоо бууж амжаагүй байхад сумын хэсгийн төлөөлөгч цагдаа 2 ирсэн. Хэсгийн төлөөлөгч цагдаа 2 тухайн зогсож байсан цагаан машиныг онгойлгоод уулзаад хулгайлсан юм чинь хаана байна гэж асууж байсан. Тэр үед машины зүүн урд талаас Улмаа гээд зүс мэдэх залуу бууж ирсэн. Төлөөлөгч тэр 2 хүний нэгийг нь буюу миний танихгүй хүнийг нэлээд зайтай дагуулж очоод уулзаад байсан. Тэгснээ Улмаа гээд залууг дагуулаад машиных нь цаана очиж уулзсан. ... Харин Улмаа гээд залуутай уулзахад Улмаа намайг нэг аргалчихаач дээ гээд яриад байх шиг байсан. ... Тэгээд машинаас нь төлөөлөгч цагдаа 2 гар утас цэнэглэгч гэх мэт юмнууд гаргаад байсан. ... Тэр тээврийн хэрэгслийн маркийг нь мэдэхгүй, цагаан өнгийн жижиг тэрэг байсан. ...Тэр тээврийн хэрэгсэл улсын дугаараа авчихсан байх шиг байсан. ...” гэх мэдүүлгүүд болон яллагдагч А.Уламбаяраас “Хавтгай дэлгэцтэй Самсунг А605 маркийн гар утас 1ширхэг, нэг нүдний хар савтай дуран, суурин Жи мобайлын утасны өсгөгч 1 ширхэг, Жи мобайлын утасны цэнэглэгч 1ширхэг, АZ8898771 серийн дугаартай 20.000 төгрөг 1 ширхэг”-ийг хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, хураан авсан эд зүйлийг хохирогч С.Нэргүйд хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна.

        Шүүгдэгч А.Уламбаяр шүүх хуралдаанд “Би айлд очсон эсэхийг сайн санахгүй байгаа, машины номер /дугаар/-ыг хүрээ нь эвдэрсэн байхаар нь гээчих байх гэж бодоод авсан” гэж, мөн түүний өмгөөлөгчөөс “Машин унаад хулгай хийсэн болгоныг машин механизм ашигласан гэж үзэх боломж байхгүй. ...машин механизм ашигласан гэдэг нь тогтоогдохгүй байна. Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь шүүгдэгч А.Уламбаярын өөрийн өмчлөлийн Тоёота Аллион маркийн тээврийн хэрэгслийн “8758 УБМ” улсын дугаарыг зориудаар авсан болох нь гэрч О.Баярын “Уламбаяр би өөрийнхөө унаагаар юу хийхээ мэдэж байна гэсэн. ...Тухайн үед Уламбаярын унаж явсан цагаан өнгийн Аллион маркийн машины хойд болон урд номер байхгүй байсан” гэх,

       гэрч Х.Энэбишийн: “... ойртоод очиход улсын дугаараа авчихсан цагаан өнгийн “Аллион” маркийн машин асаалттай зүүн урагш харсан зогсож байсан. ...Машины номер дугаар нь хаана байна гэхэд хэлэхгүй байсан. Тэгэхээр нь шалавчийг нь үзэхэд урд суудлын шалавчны доороос 2 дугаар нь гарч ирсэн. 8758 УБМ улсын дугаар байсан. Энэ хэний машины дугаар вэ? гэхэд Уламбаяр би энэ машиныг саяхан худалдаж авсан. Миний машины номер байгаа юм гэж хэлсэн..” гэх,

        гэрч Л.Баянмөнхийн: “Тэр тээврийн хэрэгслийн маркийг нь мэдэхгүй, цагаан өнгийн жижиг тэрэг байсан. ...Тэр тээврийн хэрэгсэл улсын дугаараа авчихсан байх шиг байсан” гэх мэдүүлгүүд болон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүдээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч А.Уламбаярыг хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ Тоёота Аллиан маркийн тээврийн хэрэгслийн /8758 УБМ/ улсын дугаарыг зориудаар авч өөрийн үйлдэлийг түргэтгэх зорилгоор ашигласан байна гэж дүгнэлээ.

         Шүүгдэгч А.Уламбаярын үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.Уламбаярыг “машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

        Хохирол төлбөрийн талаар:

 

       Шүүгдэгч А.Уламбаярын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч С.Нэргүйд 618.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.  Хохирогч С.Нэргүйд 2023 оны оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Самсунг А605 маркийн хавтгай дэлгэцтэй гар утас 1 ширхэг, нэг нүдний хар савтай дуран 1 ширхэг, суурийн Жи мобайлын утасны цэнэглэгч 1 ширхэг, суурин Жи мобайлын өсгөгч 1 ширхэг, AZ8898771 серийн дугаартай 20.000 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэгийг хүлээгэн өгсөн талаарх мөрдөгчийн тэмдэглэл /хх13/ хэрэгт авагдасан байх ба хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “алдсан эд зүйлээ буцаан авсан, шүүх хуралдаанд оролцохгүй” талаараа шүүхэд мэдэгдсэн болох нь шүүгчийн туслахын тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч А.Уламбаярыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

           Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч А.Уламбаярт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирол нөхөн төлөгдсөнийг эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдлаа.

 

       Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээ, хохирол нөхөн төлөгдсөн нөхцөл байдал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч А.Уламбаярт  Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж тус тус заасан байна.

 

     Түүнчлэн шүүгдэгч А.Уламбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 6.000.000 төгрөгийн үнэлгээ /шинжээчийн дүгнэлтээр/ бүхий Тоёота Аллион маркийн 8758 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлийнх болох нь гэрч Г.Очирдарийн “Би Ж.Оюунчимэг гэх хүнийг танина, бид хоёр 2012 онд гэр бүл болсон. Тухайн 8758 УБМ улсын дугаартай цагаан өнгийн Аллион маркийн тээврийн хэрэгсэл манай тээврийн хэрэгсэл байсан, миний эхнэр Ж.Оюунчимэгийн нэр дээр бүртгэлтэй байгаа. 2022 оны 07 сарын 28-ны өдөр тухайн тээврийн хэрэгслийг Дундговь аймгийн Сайнцагаан сумын Т.Цэрэндорж гэх хүнд би 7.000.000 төгрөгөөр зарж ... өөрийн 5753809053 дансаар 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 6.500.000 төгрөгийг авч үлдсэн 500.000 төгрөгийг бэлнээр авсан.Т.Цэрэндоржтой тооцооны асуудал байхгүй.” гэх,

        гэрч Т.Цэрэндоржийн: “Би 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Ж.Оюунчимэг гэх хүнээс 8758 УБМ улсын дугаартай “Тоёота Аллион” маркийн машиныг 7.000.000 төгрөгөөр худалдан аваад нотариатаар батлуулчихаад ...нотариатынх нь хугацаа дууссан учраас нэрээ шилжүүлж чадаагүй юм. Тэгээд би Өмнөговь аймагт байхдаа 2022 оны 12 дугаар сард аллион маркийн машинаа Бүрэнжаргал гэх хүнтэй Верна маркийн машинаар сольчихсон юм.” гэх,

        гэрч Б.Бүрэнжаргалын: “Би 2022 оны 11 дүгээр сарын дундуур /шиг санагдаж байна/ Цэрэндорж гэх хүнээс 8758 УБМ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгслийг “Верна” аксент маркийн тээврийн хэрэгслээр сольж авсан. Тухайн үед Цэрэндорж машины эзэмшигчээс худалдан авах үедээ хийсэн гэрээнийх нь хугацаа дууссан гээд нэрээ шилжүүлж чадаагүй. ...2022 оны 12 дугаар сарын дунд үеэр уг машинаа Өлзийт сумын Буянт бригадын Уламбаяр гэх хүнтэй фургон маркийн машинаар сольсон.” гэх мэдүүлгүүд болон тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээний хуулбар, шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн “би тээврийн хэрэгслийг худалдаж авсан, төлбөр тооцооны асуудал байхгүй” гэх мэдүүлгээр тус тус тогтоогдож байх тул хураан авч улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

      Шүүгдэгч А.Уламбаярын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 8758 УБМ улсын дугаартай “Тоёота аллион” маркийн тээврийн хэрэгсэл нь Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын түр саатуулах хашаанд байгаа ба эд хөрөнгийг хадагалах хамгаалах үүргийг цагдаагийн аж ахуйн ажилтан дэслэгч Д.Наранжав хүлээж байгаа болох нь эд хөрөнгө битүүмжилсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, прокурорын тогтоолоор тогтоогдож байгаа болно.

        Шүүгдэгч А.Уламбаяр энэ хэргийн цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,  эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 сарын 01-ний  өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээлээ.

      Шүүгдэгчид хорих ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уламбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

      Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч А.Уламбаярт холбогдох хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг, 36.6, 36.7,  36.8, 36.10, 36.12, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Харчин овогт Адъяагийн Уламбаярыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар машин мехнаизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Харчин овогт Адъяагийн Уламбаярт 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уламбаярт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч А.Уламбаяр энэ хэргийн цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй,  шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

          5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уламбаярын  гэмт хэрэг үйлдэх үедээ  ашигласан Тоёота  Аллион маркийн 8758 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

         6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд хөрөнгө битүүмжлэх тухай 2023 оны 03 сарын 01-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Уламбаярт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

          8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  З.УУГАНБАЯР