Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 220

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

             Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум, 2 дугаар баг 1 дүгээр хэсэг 16-16 тоотод оршин суух, /ХААН банк-ны Сэлэнгэ салбарын РД:2693321/, төв тооцооны төвийн захирал ажилтай, Булган овогт Нямсүрэнгийн Отгонтуяа /МЬ-83111200/ /ХААН банк Сэлэнгэ салбарын төв тооцооны төв/

             Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг Ганзам 2 дугаар хэсэг, 8 байр 25 тоотод оршин суух, эрэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Хурцбаатар овогт Лхагвагийн Боргил /МЮ-89010773/

             Хариуцагч:Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг Буур хээр 2 дугаар хэсэг 180 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, Сэлбийн 23, 548 тоотод түр оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Үзмээ овогт Төмөрсайханы Билгүүн /МТ-91012002/ нарт холбогдох  

“Зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 5.249.759.02 төгрөг, нотариатын 11.000 төгрөг нийт 5.260.759.02 гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.

                                                

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-ийн /Сэлэнгэ салбар/ итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 Зээлдэгч Л.Боргил, Т.Билгүүн нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ-201843881081 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 6.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авч гэрээнд заасан зээл, зээлийн хүүг төлөх эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээлд 998.565.46 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 1.229.005.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.828.98 төгрөг нийт 2.229.400 төгрөгийг төлж, 2020 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гэрээнд заасны зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 136 хоног, өнөөдрийн байдлаар 191 хоногийн хугацаа хэтрэлттэй гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа урьчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна.

 Тухайн зээл авч байх үедээ Л.Боргил нь Сүхбаатар сумын  4 дүгээр цэцэрлэгт  жижүүрээр ажилладаг байсан 2019 оны 10 дугаар сараас ажиллахаа байсан юм шиг байгаа юм. Хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Билгүүн нь “Амин...” ХХК-нд ажилладаг гэсэн боловч тус компани нь ямар үйл ажиллагаа явуулдаг, байгаа эсэх нь тодорхойгүй  юм байна лээ. Иймд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн №ЗГ/201843881081/ дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлах, Л.Боргил, Т.Билгүүн нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5.001.434.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 245.019.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.304.96 төгрөг нийт 5.249.759.02 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг нийт 5.260.759.02 төгрөг гаргуулж өгнө үү гэх.

 

Шүүх хуралдаанд уншин сонсгосон хариуцагч Л.Боргил, Т.Билгүүн  2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа:

        ...Л.Боргил, Т.Билгүүн нарт холбогдуулж Сэлэнгэ аймгийн ХААН банкны төв салбараас нэхэмжлэл ирсэн. Уг нэхэмжлэлийг 2020 оны 02  дугаар сарын 11-нд хүлээн авсан. Л.Боргил, Т.Билгүүн нар нь 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ХААН банкны салбараас зээл авсан нь үнэн. Л.Боргил, Т.Билгүүн нар нь 2019 оны 10 дугаар сараас хойш ажилгүй байсан тул зээлээ төлж чадаагүй. Одоогоор ХААН банкнаас гаргасан нэхэмжлэлийн 5.260.759.02 төгрөгийг бэлнээр төлөх боломжгүй байгаа тул бид хоёрын зүгээс хугацаа хэтрэлтийн зээлийг гүйцээж хийгээд хэвийн төлөлтөндөө орох хүсэлтэй байна. Уг хугацаа хэтрэлтийнхээ төлбөрийг хийчээд цаашид сар болгоны 02-нд 182.500 төгрөг болох хэвийн төлөлтөө таслахгүй хийх хүсэлтэй байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “ХААН банк”-ны /Сэлэнгэ салбарын төв тооцооны төв/ нь Л.Боргил, Т.Билгүүн  нарт холбогдуулан “Зээлдэгч Л.Боргил, Т.Билгүүн нар нь ХААН банкны Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ЗГ-201843881081 дугаартай “Зээлийн гэрээ” байгуулан 6.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 19.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай авч...2020 оны 01 дүгээр сарын 10-ны байдлаар гэрээнд заасны зээлийн төлбөрийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа 136 хоног, өнөөдрийн байдлаар 191 хоногийн хугацаа хэтрэлттэй гэрээний үүргээ зөрчсөн. Зээлийн гэрээнд заасны дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа урьчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдөөгүй байна...Иймд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хийгдсэн №ЗГ/201843881081/ дугаартай “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцлах, Л.Боргил, Т.Билгүүн нараас үндсэн зээлийн үлдэгдэл 5.001.434.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 245.019.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.304.96 төгрөг нийт 5.249.759.02 төгрөг, нотариатын төлбөр 11.000 төгрөг нийт 5.260.759.02 төгрөг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

 Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ/201843881081 тоот “Зээлийн гэрээ байгуулан “ХААН банк” Сэлэнгэ салбарын Төв тооцооны төвөөс 6.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй гэрээ байгуулан Иргэний хуулийн  451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох, харилцаа үүссэн байна.

“ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/ Л.Боргил, хамтран зээлдэгч Т.Билгүүн нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ/201843881081/ тоот “Зээлийн гэрээ байгуулан цалингийн орлогоо барьцаалан 6.000.000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 19.8 хувийн хүүтэй авч  “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5.001.434.24 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 245.019.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.304.96 төгрөг нийт 5.249.759.02 төгрөгийг төлөөгүй 136 хоногийн хугацаа хэтрүүлсэн болох нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Л.Боргил, Т.Билгүүн нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь, Зээлдэгчтэй холбоо барьсан болон уулзалт хийсэн тэмдэглэл, Зээлийн бүртгэлийн карт, Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг баримтуудаар нотлогдож байгаа нь

“Зээлийн гэрээ”-ний 2.4.1-т заасан “Зээлийн төлбөрийг энэхүү гэрээнд өөрөөр зааснаас бусад тохиолдолд...”Зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийн дагуу хуваарьт өдрийн 22.00 цагаас өмнө төлнө” гэсэн заалтыг хариуцагч нар нь зөрчсөн байх тул гэрээнийхээ үүргийг зохих ёсоор  хугацаандаа биелүүлээгүй гэж үзнэ.

Иймд “ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/ зээлдэгч Л.Боргил, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Билгүүн нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ201843881081 тоот “Зээлийн гэрээ”-г хугацаанаас нь өмнө цуцалж, “Зээлийн гэрээ”-ний дагуу төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 5.001.434.54 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 245.019.52 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3.304.96 төгрөг нийт 5.249.759.02 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 11.000 төгрөг бүгд 5.260.759.02 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан “ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

             Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 98.946.14 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Боргил, Т.Билгүүн нараас улсын тэмдэгтийн хураамж 98.946.14 төгрөг гаргуулан “ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/-д олгох нь  нь зүйтэй.

             Хариуцагч нарт шүүх хуралдааны товыг боломжит хугацаанд мэдэгдсэн боловч Монгол Улсын ОБК-оос Короннавируст /КОВИД-19/ халдвар гарсантай холбогдуулан 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс орон нутагт явах тээврийн хэрэгслэлийн хөдөлгөөнийг хязгаарласантай холбогдуулан хариуцагч нараас шүүх хуралдааныг хойшлуулах, эсхүл шүүх хуралдаанд байлцуулахгүйгээр хийлгэх асуудлаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийн дагуу хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн хариуцагч нарыг байлцуулахгүйгээр шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д  зааснаар “ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/, зээлдэгч Л.Боргил, хамтран үүрэг гүйцэтгэгч Т.Билгүүн нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр №ЗГ/201843881081/ тоот “Зээлийн гэрээ”-г цуцалсугай.

2.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус зааснаар Л.Боргил, Т.Билгүүн нараас 5.260.759.02 төгрөг гаргуулан “ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.946.14 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдэж, хариуцагч Л.Боргил, Т.Билгүүн нараас 98.946.14 төгрөг гаргуулан “ХААН банк” /Сэлэнгэ салбарын Төв тооцооны төв/-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шүүхэд давж заалдах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Л.СОЁЛМАА