| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0315/3 |
| Дугаар | 221/МА2025/0788 |
| Огноо | 2025-12-17 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2025/0788
Ж.Ндгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Ц.Сайхантуяа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Ж.Нд
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газар,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 545 дугаар шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бб, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Эж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ, хариуцагч Хот байгуулалт, хотын стандартын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Аж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Чулуунцэцэг
Хэргийн индекс: 128/2025/0315/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 545 дугаар шийдвэрээр:
Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2, 4.2.5 дахь заалт, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Ндгаас Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргад тус тус холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаартай захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
2.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.7-д "...Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан "... шийдвэр үндэслэл бүхий байх" шаардлагыг хангаагүй, хууль бус шийдвэр байна" гэж дүгнэсэн үндэслэлгүй байна. Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний дөрийн А/1172 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ж.Ндгийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгосон байна. Уг маргаан бүхий захиргааны актын үндэслэл болсон хэм хэмжээний акт нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтыг тус тус үндэслэсэн байна.
2.2. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлд газар эзэмшигчийн эрх, үүргийг хуульчилжээ. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалтад заасан үндэслэлийг захирамжийн үндэслэлд оруулсан бөгөөд шууд хүчингүй болгох үндэслэл биш байна. Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд тус маргаан бүхий актаар тус хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгож шийдвэрлэсэн.
2.3. Энэхүү 2 хуулийн зохицуулалт нь утга агуулгын хувьд ялгаатай бөгөөд нэг нь газар эзэмшигчийн үүрэг бол нөгөө зохицуулалт нь хүчингүй болгох үндэслэл юм. Гэвч үүнийг шүүхээс нийлүүлж тайлбарлаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь 2 жилийн өмнө иргэдийн өргөдөл, гомдлын хүрээнд хяналт шалгалт явуулсан боловч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болгох үндэслэл тогтоогдоогүй тул газар эзэмших эрхийг хэвээр үлдээсэн. Үүний дараа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалтад заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэл бүрдсэн тул газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий шийдвэр болсон байна.
2.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.9-д "Нэхэмжлэгч нь маргаан бүхий 200 м.кв газар дээр үйлчилгээ, албан конторын зориулалт бүхий 9 давхар барилга барихаар дээрх хуульд заасан холбогдох архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, техникийн нөхцөл зэрэг зайлшгүй бүрдүүлэх барилга байгууламжийн баримт бичгийг эрх бүхий байгууллагуудаас авсан, зарим хугацаа нь дууссан техникийн нөхцөлүүдийг 2024 онд дахин авсан нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь газрыг гэрээнд заасан "худалдаа, үйлчилгээний" зориулалтын дагуу ашиглах агуулгад хамаарах тул нэхэмжлэгчийг маргаан бүхий газрыг 2018 оноос 2024 он хүртэл 2 жил дараалан гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглаагүй гэж дүгнэх үндэслэлгүй байна" гэж дүгнэсэн үндэслэлгүй.
2.5.Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт газрыг 2 жилийн хугацаанд ашиглаагүй, тухайн газартаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлээгүй, барилга, байгууламж, зам талбай, газар тариалан эрхлээгүй байхыг ойлгоно гэж заасан байдаг. Бодит нөхцөл байдал дээр маргаан бүхий газрыг зориулалтын дагуу нэхэмжлэгч нь 2018 оноос хойш ашиглаагүй буюу худалдаа үйлчилгээ эрхлээгүй байгаа нь хавтаст хэрэгт авагдсан фото зургуудаас хангалттай нотлогддог.
2.6.Учир нь Монгол Улсын дээд шүүхийн тайлбарт техникийн нөхцөл сунгуулсан үйл баримтыг газрыг эзэмшиж ашигласанд тооцохоор тайлбарлаагүй. Барилга байгууламж баригдсан, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлсэн байхыг ойлгохоор тайлбарласан байдаг. Гэтэл дан ганц техникийн нөхцөл сунгуулсан байгааг шууд ашигласан үйлдэлд тооцохгүй.
2.7.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.13-д "Хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь Барилгын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-т заасан "барилга байгууламжийн байршил тогтоох, газар олголт, загвар зураг батлах болон техникийн нөхцөл олгох үйл ажиллагааг зохион байгуулж, нэгдсэн бүртгэл хөтлөх, хадгалах, мэдээлэл түүний аюулгүй байдлыг хангах, мэдээллийн сангийн байнгын үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих" бүрэн эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн барихаар төлөвлөж буй 9 давхар үйлчилгээ, албан конторын барилгад эрх бүхий байгууллагуудаас 2024 онд техникийн нөхцөлүүд олгосон байгааг мэдэх бүрэн боломжтой бөгөөд энэ нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй газар эзэмших эрхийг шууд хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д заасан "хууль ёсны итгэл хамгаалах" зарчмыг зөрчсөн байна." гэж дүгнэсэн үндэслэлгүй байна.
2.8.Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/4319 дүгээр албан бичгээр 2014 онд батлагдсан эх зургийг хүчинтэй хэвээр үлдээсэн хурлын шийдвэр гаргасан. Мөн УБДС ТӨХК-ийн Техникийн нөхцөл олгох комиссын 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 2 жилийн хугацаатайгаар техникийн нөхцөл олгосон. Үүний дараагаар техникийн нөхцөлийн хугацааг сунгуулж байсан үйл баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг. Үүнээс харахад уг техникийн нөхцөл олгож буй хүчинтэй хугацааг 2 жил байхаар заасан байгаа нь барилгын зураг төслийн дагуу холбогдох шугам сүлжээг холбож зөвшөөрөл авч ашиглах боломжит хугацааг олгосон гэж үзэхээр байна. Уг хугацаанд техникийн нөхцөл болон газрыг ашиглаагүй байгаа нь хавтаст хэрэгт байгаа баримтуудаар тогтоогддог.
2.9.Гэтэл 2018 онд эрх бүхий байгууллагуудаас барилгын эх зураг болон техникийн нөхцөл зэрэг шаардлагатай зөвшөөрлүүдийг олгосон байхад 2024 онд техникийн нөхцөлүүд олгосон мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна.
2.10.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасныг ноцтой зөрчиж, нотлох баримтуудыг тал бүрээс бодитойгоор харьцуулан дүгнээгүй байгаа нь холбогдох хуулийг зөрчсөн шийдвэр болсон.
2.11.Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2025/0545 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв. Үүнд:
1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:
1.1.Нэхэмжлэгч Ж.Ндгаас “Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр А/1172 дугаартай захирамж, Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг дарга, Хот байгуулалт, хотын стандартын газарт тус тус холбогдуулан гаргажээ.
1.2.Нэхэмжлэгч Ж.Ндгаас нэхэмжлэлийн үндэслэлээ “...тухайн газрыг 1990 оноос хойш эзэмшиж ашиглан 1 давхар байшин барьж, хүнсний дэлгүүр ажиллуулж байгаад үйлчилгээ, албан конторын зориулалт бүхий барилга барихаар төлөвлөж хүнсний дэлгүүрээ нурааж хашаа барьсан. Уг барилгын зөвшөөрөлтэй холбоотой маргаан 3 шатны шүүхээр шийдвэрлэгдэж дуусаад, цар тахал гарч хөл хорио тогтоосноор барилгын ажлаа эхлүүлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд ингэж явсаар байтал барилга барих зөвшөөрөл болон бусад холбогдох техникийн нөхцөлүүдийн хугацаа дуусаж холбогдох байгууллагуудад хугацаа сунгуулах хүсэлтүүдээ шийдвэрлүүлж явсаар өнөөдрийг хүрсэн” гэж тайлбарлан маргажээ.
1.3.Хариуцагчаас “...Нэхэмжлэгч нь бодит нөхцөл байдал дээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон” гэсэн тайлбарыг өгчээ.
2.Маргааны үйл баримтын тухайд:
2.1.Анх Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 275 дугаар захирамжаар[1] тус дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв талбайтай газар эзэмших эрхийг 5 жилийн хугацаатайгаар нэхэмжлэгч Ж.Ндд эзэмшүүлж, мөн өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээг[2] олгожээ.
2.2.Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар[3] дээрх 200 м.кв газрын эзэмших эрхийг шинээр баталгаажуулж, нэхэмжлэгч Ж.Нд нь Нийслэлийн Газрын албатай 2010 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх тухай” гэрээг[4] байгуулжээ.
2.3.“Г” СӨХ-өөс Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт тус тус холбогдуулан “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжийн Ж.Ндд холбогдох хэсгийг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, улмаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 442 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 623 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 475 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
2.4.Шүүхийн шийдвэрүүд албажсантай холбогдуулан Ж.Ндгаас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг хууль журмын дагуу сэргээн сунгуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Газрын алба 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр “Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх акт”[5] үйлдэж, Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хурлаар[6] хэлэлцэн, газар ашиглах эрхийн хугацааг 15 жилээр сунгахаар шийдвэрлэжээ.
2.5.Нийслэлийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн А/255 дугаар захирамжаар[7] нэхэмжлэгч Ж.Ндд нэгж талбарын 1330500182 дугаар бүхий 200 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрээ[8] байгуулан, гэрчилгээг[9] олгосон бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 01110-20185/20922 дугаартай газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, мөн өдөр 000011560 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг[10] олгосон байна.
2.6.Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-05/6500 дугаар албан бичгээр[11] Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт, мөн өдрийн 01-05/6500 дугаар албан бичгээр[12] Ж.Ндд “...газрыг зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаагүй, үр ашигтай зохистой ашиглах, хамгаалах үүргээ хэрэгжүүлээгүйгээс хотын өнгө үзэмж, орчны оршин суугчдын эрх ашигт сөргөөр нөлөөлж байгаа нь Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж байна” гэж үзэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.Ндгийн худалдаа үйлчилгээний зориулалттай 200 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож байгаа талаар мэдэгдлийг хүргүүлжээ.
2.7. Маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжаар[13] “...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 35.3.5 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь заалт, Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 01-05/6500 дугаар албан бичгийг тус тус үндэслэн Ж.Ндгийн Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 37 дугаар байрны хойно худалдаа үйлчилгээний зориулалтаар 200 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон үйл баримтууд тогтоогдож байна.
3.Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
3.1.Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3-д “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ:”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дараахь тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно”, 40.1.6-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэж тус тус заасан.
3.2.Нэхэмжлэгчид Нийслэлийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 660 дугаар захирамжаар[14] дээрх 200 м.кв газрын эзэмших эрхийг шинээр баталгаажуулж олгосноос хойш “Г” СӨХ-өөс дээрх Нийслэлийн Засаг даргын 660 дугаар захирамжийн Ж.Ндд холбогдох хэсгийг, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын “Барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 440/2014 дүгээр зөвшөөрлийг тус тус хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гарган маргаж, уг маргаан нь Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 475 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосноор дуусгавар болжээ.
3.3.Нэхэмжлэгчээс шүүхийн шийдвэрүүд албажсантай холбогдуулан газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргаснаар Нийслэлийн Засаг даргын 2018 оны А/255 дугаар захирамжаар Ж.Ндгийн нэгж талбарын 1330500182 дугаар бүхий 200 м.кв газрыг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэхдээ Нийслэлийн газрын албаны 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх актаар нэхэмжлэгчийг гэрээний үүргийн биелэлтийг хангасан гэж дүгнэсэн байх тул нэхэмжлэгчийн газраа зориулалтын дагуу ашигласан эсэхийг 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш тоолох нь үндэслэлтэй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
3.4.Нэхэмжлэгч нь маргаан бүхий газар дээр 9 давхар үйлчилгээ, албан конторын зориулалт бүхий барилга барихаар дор дурдсан үйл ажиллагааг явуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас олгосон 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 869 дугаартай төмөр бетон каркасан хийцтэй 9 давхар барилга барих “Архитектур төлөвлөлтийн даалгавар”[15],
- “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-иас олгосон 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 313/2018 дугаартай Техникийн нөхцөл[16], 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 300/2024 дугаартай Техникийн нөхцөл[17],
-“ Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК-иас 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр олгосон ТН-М309/2022 дугаартай Техникийн нөхцөл[18], 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр D-U2024/218 дугаартай Техникийн нөхцөл[19],
- “Ус сувгийн удирдах газраас” 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр олгосон 403/22 дугаартай Техникийн нөхцөл[20],
-“Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨӨӨТҮГ-ын 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40/2024 дугаартай “Техникийн тодруулга”[21], 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2024/43 дугаартай “Техникийн тодруулга”[22],
- Нэхэмжлэгч Ж.Ндгийн “ББСМО” ХХК-тай байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 06/19 дугаартай “Барилгын ажлын явцад зохиогчийн хяналт хийх ажлын гэрээ”[23]
- Хот байгуулалт, хөгжлийн газраас олгосон 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 131/2022 дугаартай “Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ”[24],
- Нэхэмжлэгч Ж.Ндгийн “Тчг” ХХК-тай 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн “Төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах” 24/01 дугаартай гэрээ[25]-г байгуулсан байна.
3.5.Мөн Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын улмаас 2020 оны 11 дүгээр сараас бүх нийтийг хамарсан хатуу хөл хорио тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 66 дугаар тогтоолоор уг өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн цуцалсан байх бөгөөд уг хорио цээрийн дэглэмтэй байсан цаг хугацаанд хариуцагчаас нэхэмжлэгчийг эзэмшлийн газраа 2 жил дараалан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу эзэмшээгүй гэж буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна.
3.6.Дээр дурдсан хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд маргаан бүхий захирамжаар нэхэмжлэгч иргэнийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “тухайн газраа зориулалтын дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 жил дараалан ашиглаагүй” гэж үзэн газар ашиглах эрхийг хүчингүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх бөгөөд хариуцагчийн “нэхэмжлэгч газар эзэмших эрх үүссэнээс хойш бодит байдал дээр маргаан бүхий газрыг ашиглаагүй” гэх тайлбарыг шүүхээс хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
3.7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “..Ковид цар тахлын хөл цуцлагдсан 2022 оноос хойш хоёр жилийн хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй” гэх тайлбар гаргаж байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...Манайх тухайн хоёр жилийн хугацаанд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК, “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨӨТҮГ-аас техникийн тодруулгуудыг сунгуулах ажлуудыг хийж байсан. Мөн 2022 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газарт маргаан үүсээд энэ маргаан шийдэгдэх гэж удсан” гэх тайлбарыг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.
3.8.Иймд анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Ж.Нд нь 2018 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс хойш маргаан бүхий газарт 9 давхар үйлчилгээ, албан конторын зориулалт барилга барихтай холбогдуулан эрх бүхий байгууллагуудаас техникийн нөхцөлүүдийг авах, Төсөл хэрэгжүүлэх, хамтран ажиллах гэрээ байгуулах зэргээр газрыг зориулалтын дагуу ашиглахтай холбоотой тодорхой үйл ажиллагаа хийсэн байх тул түүний маргаан бүхий 200 м.кв газар эзэмших эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгосон нь үндэслэлгүй, хууль бус шийдвэр байна.” гэж дүгнэн маргаан бүхий А/1172 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
4.1.Хот байгуулалт, хотын стандартын газрын даргын 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/84 дугаартай тушаалаар[26] “Барилгын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3.1 дэх заалт, Газрын дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт Худалдаа, үйлчилгээний зориулалтаар иргэн Ж.Ндд эзэмшүүлсэн 200 м.кв газрын эрх Нийслэлийн Засаг даргын 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн А/1172 дугаар захирамжаар дуусгавар болсон тул 2013 оны 869 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Загвар зургийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
4.2.Дээрх тушаалын үндэслэл болгож буй маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын А/1172 дугаар захирамж нь хууль бус болох нь дээр дурдсан үндэслэл, дүгнэлтүүдээр тогтоогдож байх тул “хуульд заасан үндэслэл бүрдээгүй, нөгөөтэйгүүр хууль бус захиргааны актад үндэслэн гарсан захиргааны акт мөн адил хууль бус байна” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байх тул түүнийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 545 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 2-р хавтас 137 дахь тал
[2] Хэргийн 2-р хавтас 129 дэх тал
[3] Хэргийн 2-р хавтас 201 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтас 191 дэх тал
[5] Хэргийн 1-р хавтас 194 дэх тал
[6] Хэргийн 1-р хавтас 180-182 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 145 дахь тал
[8] Хэргийн 1-р хавтас 188 дах тал
[9] Хэргийн 1-р хавтас 185 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 228, 231-234 дэх тал
[11] Хэргийн 1-р хавтас 173 дахь тал
[12] Хэргийн 1-р хавтас 174 дэх тал
[13] Хэргийн 1-р хавтас 16 дахь тал
[14] Хэргийн 2-р хавтас 201 дэх тал
[15] Хэргийн 1-р хавтас 27-28 дахь тал
[16] Хэргийн 1-р хавтас 55 дахь тал
[17] Хэргийн 1-р хавтас 61-62 дахь тал
[18] Хэргийн 1-р хавтас 56-57 дахь тал
[19] Хэргийн 1-р хавтас 63 дахь тал
[20] Хэргийн 1-р хавтас 66-67 дахь тал
[21] Хэргийн 1-р хавтас 60 дахь тал
[22] Хэргийн 1-р хавтас 64 дахь тал
[23] Хэргийн 1-р хавтас 46-49 дэх тал
[24] Хэргийн 1-р хавтас 26 дэх тал
[25] Хэргийн 1-р хавтас 68-75 дахь тал
[26] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал