Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 10

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны                                            шүүхийн Эрүүгийн шүүх хуралдааныг  шүүгч  Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэцэцэг

Улсын яллагч Г.Амарсайхан,

         Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

         Шүүгдэгч Л.Сайнбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай  хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1, 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овгийн Лувсандашийн Сайнбаярт холбогдох 201617000299 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар

 

 Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1955 оны 08 сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ЛД55081016, Монгол овогт Лувсандашийн Сайнбаяр,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Л.Сайнбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хувцас солих өрөөнд Б.Отгонцэцэгийг ямарч шалтаг шалтгаангүйгээр зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж, догшин авирлаж танхайрсан, мөн түүнийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч  Л.Сайнбаяр  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цамцнаас нь чангаасан өөр зүйл болоогүй. Гэмшиж байна. Дахин ямар нэг асуудал гаргахгүй гэх мэдүүлэг,

 

- Л.Сайнбаярын мөрдөн байцаалтанд сэжигтнээр өгсөн: Би тухайн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн сэтгэцийн тасагт  эмчлүүлж байсан.  Тэгээд гадаа тамхи татсан. Тэгээд төрөх эмэгтэйчүүдийн тасаг руу ортол  хувцас солих өрөөнд  доогуураа нүцгэн  эмэгтэй хүн хувцсаа солиод зогсож байсан. Тэгээд би түүний  цамцны энгэрээс нь таттал  цамц урагдсан. Тэгтэл тэр хүүхэн бахираад намайг  цохиж бариад эхэлсэн. Миний хувьд гар хүрээгүй гэх мэдүүлэг /хх-ийн 76-77р х/

 

 - Хохирогч Б.Отгонцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 9-р сарын 16-ны орой ажил дээрээ хоноод 9-р сарын 17-ны өглөө 08 цагт ажлаасаа буух гээд хувцас солих өрөөнд хувцсаа сольж байтал хар нүдний шил зүүсэн буурал толгойтой, гэрийн шаахай өмссөн эрэгтэй хүн орж ирээд миний цамцнаас татаад толгой руу цохисон. Би унахдаа хан мөргөж унаснаас болж толгойноос их цус гарсан.  Тэр хүн над руу дайрахдаа миний гар, хөл рүү цохиж хөхрүүлсэн. Хаалга ойрхон байсан тул би гарч зугтаасан. Эмчилгээний болон сэтгэл санааны хохирол гэж эгч Дуламсүрэн, охин Ариунтуяа нараас нь 1.000.000 төгрөг авсан. Одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй... гэх мэдүүлэг, / хх-н 11-13, 68 х /

 

 - Гэрч Л.Дуламсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ...Л.Сайнбаяр нь миний төрсөн дүү байгаа юм. Сэтгэцийн өвчтэй эмнэлгийн хяналтанд байгаа, үг дуу муутай, хүнтэй харилцах чадвар муу, урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй. 2016 оны 09 сарын 16-ны өдөр Б.Отгонцэцэг гэдэг хүнийг зодсон гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх-н 69 х /

 

- Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 09 сарын 27-ны өдрийн 411 дугаартай дүгнэлтэд /хх-н 16 х /

- Б.Отгонцэцэгийг биед тархи доргилт, баруун чамархайн зүсэгдсэн шарх, зөөлөн эдийн няцрал, баруун даланд, баруун ташаа, баруун шилбэний гадна дунд хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо

- Дээрх гэмтэл нь хатуу  зүйлийн үүсгэгдэнэ

- Уг гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

- Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй, гэсэн дүгнэлт,

 

- Шүүх сэтгэцийн магадлан шинжилгээний 01 тоот дүгнэлт

- Иргэн Л.Сайнбаяр нь органик сэтгэцийн хөдөлгөөний эмгэгтэй байна. / архинд донтох шинж тэмдэгийн эмгэгтэй / 

- Л.Сайнбаяр болсон явдлыг бодитоор тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

- Л.Сайнбаяр хэрэг хариуцах чадвартай.

- Цаашид хөдөлмөрийн чадвар, эрүүл мэндэд хэрхэн нөлөөлөхийг хариулах боломжгүй гэх дүгнэлт / хх-н 18-33 х /

 

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас  / хх-н 34 х /зэрэг болно.  

 

Шүүгдэгч Л.Сайнбаяр нь 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хувцас солих өрөөнд Б.Отгонцэцэгийг хүчиндэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар  нотлогдож тогтоогдоогүй байх тул түүнд холбогдох бусдыг  хүчиндэхийг завдсан гэх Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ. Учир нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч болон хохирогчийн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг, шинжлэн судлагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Сайнбаяр нь хохирогч Б.Отгонцэцэгийг хүчиндэх буюу хүчиндэхийг завдсан  үйлдэл  хийсэн нь тогтоогдоогүй байна. 

 

         Харин шүүгдэгч Л.Сайнбаяр нь Аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхдаа буюу  2016 оны 09 дүгээр сарын 16-ны өглөө 08 цагийн үед Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасгийн хувцас солих өрөөнд орж  тэнд хувцсаа сольж байсан иргэн Б.Отгонцэцэгийг ямарч шалтаг шалтгаангүйгээр цамцнаас нь татаж цамцыг нь урж улмаар түүний толгой тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулж догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч, хохирогч  нарын болон хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шүүх эмчийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтаар нотлогдож байна.

 

        Иймд шүүгдэгч Л.Сайнбаярыг иргэн Б.Отгонцэцэгийг үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, түүний бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй  гэж шүүх үзнэ.

 

      Шүүхээс ял шийтгэл ногдуулахад шүүгдэгч Л.Сайнбаярын хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас  гэмшсэн зэрэг нь  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.9-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин мөн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

      Шүүгдэгч Л.Сайнбаяр нь  хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлж байгаа,   үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзлээ.

 

             Шүүгдэгч Л.Сайнбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн болон бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй гомдолгүй гэснийг тус тус дурдах нь  зүйтэй байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-т заасныг баримтлан  Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Монгол овгийн Лувсандашийн Сайнбаярт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-т заасан бусдыг хүчиндэхийг  завдсан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 2.Шүүгдэгч Л.Сайнбаярыг  бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар шүүгдэгч Л.Сайнбаярыг 3 /гурван/ жил 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д заасныг журамлан ялтан Л.Сайнбаярт оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид  эдлүүлсүгэй.

 

           5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг журамлан ялтан Л.Сайнбаярт оногдуулсан 03 жил 10 хоногийн хорих ялыг тэнсэж, 01/нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

           6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Л.Сайнбаярт хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

          7.Ялтан Л.Сайнбаяр нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй бөгөөд тэдгээр нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.Отгонцэцэг гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

          8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Л.Сайнбаярт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

          9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол  танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР