Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 1024

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Д” аймгийн ЗДТГ нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч  М.Наранцэцэг  даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/00291 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “Д” аймгийн ЗДТГ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “ММ” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 96 038 153 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Мангалжав, Ц.Баяржаргал,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Энхтүвшин,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

 

           Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ММ” ХХК-тай Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн 4 их хаан /Махранз/ бурхан бүтээх ажлын гэрээ байгуулсан. Гэтэл тус гүйцэтгэгч компани нь гэрээгээр хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлсэний улмаас Дөрвөн их хаан Махранз бурхныг бүтээх ажлын баталгаат хугацаа дуусаагүй байхад 4 махранз нурж, дахин сэргээн засварлах шаардлагатай болсон. Ингээд 2014 оны 2 сарын 14-ний өдөр Дөрвөн их хаан /махранз/ бурхныг сэргээн засварлах ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Гэтэл  2014 оны 7 сарын 01-ний дотор сэргээн засварлах үүргээ “ММ” ХХК гүйцэтгээгүй.  Хариуцагчийн хүсэлтээр хөрөнгийн үнэлгээний төвөөс 4 их бурханыг дахин засварлах, шинээр хийхэд 96 038 153 төгрөг болно гэсэн дүгнэлт гарсан. Иймд уг үнэлгээгээр тогтоогдсон 96 038 153 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2012 онд Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас зарласан тендерт Халхгол сумын нутагт орших Монгол түмний их шүтээн Жигважаджов Жанрайсиг бурханы цогцолборын сэргээн засварлалтын ажлын хүрээний үүдэн хэсэгт байрлах 4 Махранз бурхадыг бүтээн байгуулсан. Гэвч эдгээр бурхадын зарим нь жилийн дотор унаж хугаран дахин хийж бүтээхэд хүргэсэн нь дараах шалтгаантай гэж үзэж байна. Эрдэмийн зөвлөлөөс баталсан технологийн дагуу ажлыг гүйцэтгэсэн. Учир нь 3м гаруй өндөр, 1м гаруй өргөн, 30-40 см зузаантай бүтээцийг голд нь ямар нэгэн төмөр бэхэлгээгүй, түүнчлэн уг том бурхан нь суурьтайгаа 40х40 см хэсгээр холбогдсон байгаа ба энэ тухайн газрын хэвлий, хур тунадас, салхины чиглэл, эрч хүчийг тооцоолоогүй алдаатай болсон. Тухайн цогцолборын анх байгуулсан чулууны найрлага ба технологи нь байхгүй учир Монгол Улсын түүхэнд анх удаагаа чулуун найрлагат хийц, бүтээлийг боловсруулахад алдаа гарсан эсэхийг мэдэхгүйгээр хийсэн. Ингэхдээ тухайн үеийн хамгийн байж болохуйц орц найрлагаар найруулж, бэхжүүлэгч бодис ашиглан хэвэнд цутгах явцад хугацаа ихээхэн алдаж сэрүүний улиралд суурилуулсан. Гэвч эдгээр алдаа мадагийг үл өгүүлэн манай компани өөрийн хөрөнгийг боломж бололцоонд тулгуурлан дахин хийж бүтээхийг эрмэлзэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллаж байсан. Манай компани нь өөрсдийн эхлүүлсэн үйл хэргийг улам баталгаажуулж их шүтээний 4 махранз бурханыг 2016-2017 онд дахин урлаж байрлуулах болно. Гэрээнд захиалагчийн эрх, үүрэгт хяналтыг байнга тавьж ажиллана гэсэн байдаг. Мөн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах нөхцөлийг ч заасан байдаг. Ажлын гүйцэтгэлээс шалтгаалан төлбөрийг 2-3 хувааж төлнө гэсэн байгаа. Захиалагч тал үнэхээр энэ хяналтаа тавьж гэрээний дагуу ажилласан бол өдийд ийм хохирол учрах байсан уу, үгүй юу. Чулуугаар хийх үү, шавраар зуураад хийх үү гэдэг талаар захиалагч тал технологийг нь боловсруулаад өгөөгүй, дулаан цагт хийх боломжийг нь олгоогүй. Энэ бүх хохирлыг дангаараа хариуцъя гэхэд захиалагч талын хариуцлага гэж байх ёстой. Гэрээний хариуцлага гэж байгаа. Захиалагч үүргээ биелүүлэхийг шаардахдаа дүгнэлт тавиагүй. 11 дүгээр сард ажлын явц явагдаж байсныг мэдсэн бол хор хохирол учруулахгүй зогсоох, гэрээгээ цуцлах боломжтой байсан. Шинжээчийн дүгнэлтээр мөнгө нэхэж байна. Шинжээч хохиролтой болохыг л тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангахгүй орхино уу гэжээ. 

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ММ” ХХК-иас 96 038 153 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Д” аймгийн ЗДТГт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3389.647 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1дэх хэсэгт зааснаар хариуцагч “ММ” ХХКомпаниас шинжээчийн зардалд 1 100 000 төгрөгийг гаргуулж “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийнхураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “ММ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 638 140.77 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Манай компани ажлыг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх бүрэн боломж байсан боловч захиалагч нь  тендерийн мөнгийг цаг хугацаанд нь шийдэж өгөөгүй улмаас ажилд хүндрэл учирсан. Хүйтэн хэцүү цаг үед ажлыг хүлээлгэн өг гэж шаардсан ба хугацаа сунгах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй. Манай компанийн хийсэн 4 бурханаас 2 бурхан нь одоог хүртэл бүрэн бүтнээрээ байгаа. Гэтэл анхан шатны шүүх 4 бурханыг эвдэрсэн гэж 93 сая төгрөг гаргуулах шийдвэр гаргасанд гомдолтой байна. Энэ шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байх тул анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

                                        

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.

 

Нэхэмжлэгч “Д” аймгийн ЗДТГ нь хариуцагч “ММ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 99 427 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2012 оны 6 сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч “ММ” ХХК нь Их бурхант цогцолборын үүдэн хэсгийн дөрвөн их хааныг бүтээх, захиалагч “Д” аймгийн ЗДТГ нь 99 427 800 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.  /хх-ийн 33-40 дүгээр тал/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар  зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж  дүгнэсэн нь зөв.

Захиалагч нь ажлын хөлс болох 99 427 800 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан талаар болон гүйцэтгэсэн ажлын үр дүнд доголдол гарсан талаар талууд хэн аль нь маргаагүй, энэ талаар шинжээчийн дүгнэлтүүд гарсан байна. Ажил гүйцэтгэх гэрээний доголдлыг арилгахаар талууд 2014 оны 2 сарын 14-ний өдөр дөрвөн их хаан бурханыг сэргээн засварлах тухай гэрээ байгуулсан байна. /хх-ийн 9-14, 140-141 дүгээр тал/

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... ажлын үр дүнгийн доголдлыг арилгуулахаар гүйцэтгэгчид хугацаа өгсөн боловч арилгаагүй тул ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулна” гэж тодорхойлсон нь үндэслэлтэй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, захиалагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар доголдолтой ажлын үр дүнг дахин засварлах нэмэлт хугацааг 2014 оны 2 сарын 14-ний өдрийн гэрээгээр тогтоож өгсөн боловч үр дүн гараагүй байх тул гэрээнээс татгалзах эрхтэй.

 

Иймд гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелэснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан тул нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан шаардах эрхтэй болно.

 

Нэхэмжлэгч нь гэрээгээр шилжүүлсэн мөнгөн хөрөнгө болох 99 427 800 төгрөгийг шаардах эрхтэй боловч хөрөнгийн үнэлгээний шинжээчийн тогтоосон үнэлгээ болох 96 038 153 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон тул  анхан шатны шүүх уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

Харин анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалт баримталсан, мөн нэхэмжлэгчийг Дорнод аймгийн Сэргэлэн сумын Засаг даргын тамгын газар гэж буруу бичсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулав.

 

Хариуцагч нь татгалзал болон давж заалдах гомдолдоо, захиалагчийг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 184/ШШ2018/00291 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “... 352 дугаар зүйлийн 352.2.2, 355 дугаар зүйлийн 355.2 ...”  гэснийг, 3 дахь заалтын “... Сэргэлэн сумын ...” гэснийг тус тус хасч өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 653 000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                    М.НАРАНЦЭЦЭГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ