Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 18 өдөр

Дугаар 2020/ДШМ/09

 

2020       02         18                                                 2020/ДШМ/09

 

 З.Г, Э.Ш нарт

       холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                                Н.Энхнаран   

Прокурор                                                         Д.Нямдэлэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч                              Г.Цэрэндолгор

  Б.Хүрэлсүх

Шүүгдэгч                                                          З.Г

  Э.Ш нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүгдэгч З.Г нарын гаргасан давж заалдах гомдлоор З.Г, Э.Ш нарт холбогдох эрүүгийн 1821001700336 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1984 оны 08 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, Боржигон овогт З.Г, урьд

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2001 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 306 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Зоригтын Гантулга гэх нэрээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар ялыг хойшлуулсан,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2002 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 71 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2, 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2003 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хугацаа дуусч суллагдсан,

- Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 13 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 10 хоногийн хорих ялаар шийтгэгдэж Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 101 дугаартай захирамжаар Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөд хамруулж эдлээгүй үлдсэн 6 жил 03 сар 16 хоногийн хорих ялаас чөлөөлж суллагдсан,

- Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хорих ялаар,

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Батзоригийн Ганжигүүр нэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлснийг Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2009 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 244 дугаартай магадлалаар зүйлчлэл өөрчилж мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, Боржигон овогт Э.Ш, урьд

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2004 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн А/65 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоногийн баривчлах ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2008 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар,

- Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 59 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлсэн.

Шүүгдэгч З.Г нь Э.Штай хамтран 2018 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч Ц.Ү-н гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан, 

- 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 03 дугаар сарын 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мустанг” бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэх гэмт хэрэгт,

Шүүгдэгч Э.Ш нь З.Гтэй хамтран 2018 оны 03 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини маркет” хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч Ц.Ү-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж, гар утас 2 ширхэг, Боргио нэртэй пиво 2 ширхэг, Парламент нэртэй тамхи 2 хайрцаг, Улаан шонхор нэртэй тамхи 5 хайрцаг, Ерөөл архи 2 ширхэг, Улаанбаатар архи 1 ширхэг, гоёлын хос ээмэг 1 ширхэг, бэлнээр 130.000 төгрөг зэргийг хулгайлж, нийт 599.400 төгрөгийн, мөн тус дэлгүүрийн гадна талд байрлуулсан 3 ширхэг камерыг эвдэж, 270.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболд шүүгдэгч З.Гийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

Э.Ш, З.Г нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолоор:

- Шүүгдэгч Боржигон овогт З.Г, Боржигон овогт Э.Ш нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч З.Г-г 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Боржигон овогт Э.Ш-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт оногдуулсан 3 жил 4 сар 16 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Э.Шад оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гийн цагдан хоригдсон 329 хоногийг эдлэх ялд оруулан тооцож,

- Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч З.Гээс нийт 555.080 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Б-д 280.680 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Ц.Ү-д 75.000 төгрөгийг, хохирогч Ц.Үнд 199.400 төгрөгийг тус тус олгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч З.Гийн ......................., шүүгдэгч Э.Шын ................... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг тус тус Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлж, ...шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нар 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч Э.Шыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч З.Г нь 2018.03.18-аас 19-нд шилжих шөнө Э.Шын гэрт ирэхэд тэрээр баяр тэмдэглээд согтуу байсан ба нэмж уух зорилготой гарч шөнийн цагаар архи зардаг Ц.Ү-ийн дэлгүүрт очиж цонхыг нь цохиход онгойлгоогүй байдаг. Э.Ш нь дэлгүүрийн гадна үлдэж шүүгдэгч З.Г нь архи авах зорилгоор хашааны хаалгаар нэвтэрч дэлгүүрийн арын хаалгаар ороход хаалга нь түгжээгүй онгорхой байсан. Мөн доторх хүмүүс нь унтаж байсан учир архи, пиво зэрэг зүйлсийг бусдад мэдэгдэлгүйгээр хулгайлан авсан байдаг. Энэ үед дэлгүүрийн гадаа хүлээгээд зогсож байсан шүүгдэгч Э.Шад З.Г нь 2 шил архи барин гарч ирээд “энийг авч бай, худалдагч миний 50 000 - 60 000 төгрөгийн тооцоон дээр ажиллаад мөнгө дутаагаад байна” гээд буцаж ороход нь Э.Ш нь согтуурхаж, дургүй нь хүрсэндээ гаднах камерийг хагалж, бусдын эд зүйлийг эвдэж гэмтээсэн байдаг. Үүнийхээ гэм бурууг хүлээн зөвшөөрч хохирлыг бүрэн төлж барагдуулсан ба тухайн үед З.Гийн хулгай хийж эд зүйл авч байсныг мэдээгүй мэдэх ч боломжгүй байсан. ...Мөн шүүгдэгч Э.Ш нь шүүгдэгч З.Гийн хулгай хийж буйг мэдээгүйгээ шүүх хуралдаанд тодорхой мэдүүлдэг. Энэ нь шүүгдэгч З.Гийн мэдүүлгээр давхар нотлогдож байхад хохирогч Ц.Ү-ийн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзсэн дүгнэлт нь Э.Шыг хулгайн гэмт хэрэгт бүлэглэн оролцсоныг шүүх хуралдаанаар нотлох баримтаар нотлоогүй байсаар атал анхан шатны шүүх нь гэм буруутай гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Мөрдөн байцаалтын явцад Э.Шыг Ц.Ү-ийн гэрт орсон талаарх гэмт хэргийн газраас олдож бэхжүүлж авсан ул мөр, гар, хурууны хээ зэрэг хөдөлбөргүй нотолсон нотолгоо хавтаст хэрэгт байдаггүй. Ц.Ү нь камераа шүүж үзээд дэлгүүрийн гадаа зогсож байсан Э.Шыг танин гэр рүү нь цагдаа дагуулан очиж З.Гийн гэрийг заалган баривчлуулсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд дээрх хэргийн үйл явц бичигдсэн камерийн бичлэг нь хавтаст хэрэгт хавсаргагдаагүй алга болсон. Уг бичлэг нь Э.Шын хулгайн хэрэгт оролцсон эсэх, гэм буруутай эсэхийг тогтооход хамгийн их ач холбогдолтой нотлох баримт байсан юм. Мөн дээрх камерийн бичлэгийг хэрхсэн талаар болон бичлэгт бичигдсэн тухайн хэргийн үйл явдлыг үзсэн хохирогч Ц.Үгаас мэдүүлэг авах зорилгоор шүүх хуралдаанд оролцуулах хүсэлт гаргаж Ц.Ү нь шүүх хуралд оролцохгүй байх нь шүүгдэгч Э.Шын эрх зүйн байдлыг дордуулах тул шүүх хуралдааныг хойшлуулж, хохирогчийг шүүх хуралдаанд оролцуулах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүгч хэрэгсэхгүй болгож шүүх хуралдаан явуулсанд гомдолтой байна. Э.Ш нь З.Гтэй хулгай хийх талаар үгсэн тохиролцсон ямар ч асуудал байгаагүй ба үйлдлээрээ санаатай нэгдэж хулгай хийх үйлдэлд оролцоогүй, хулгай хийснийг ч мэдээгүй юм. ...Э.Ш нь тэр өдөртөө архи нь гараагүй согтуу байсан учир эрүүлжүүлээд 2018.03.20-ны өдөр мөрдөгч Б.Болорбат нь өрөөндөө оруулан эхнэрийнх нь хажууд дэлгүүрийн камерийн бичлэгийг үзүүлсэн байдаг. Камерийн бичлэгт дэлгүүрийн цонх, хаалга тогшиж байгаа болон Э.Шын дэлгүүрийн гадаа зогсож З.Гийг хүлээж байгаа, дотогш нэвтэрч ороогүй талаар бүх зүйл бичигдсэн байсан. Тухайн гэмт хэргийг хэн ямар байдлаар үйлдсэн, гэм буруутай эсэхийг бичиж баримтжуулсан дүрсний бичлэг болох хамгийн гол нотлох баримт хэрэгт байхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Энэ бичлэгийг үзсэн хохирогч Ц.Ү нь дээрх гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлыг харж үзсэн, нотлох баримтын эх сурвалжийг хэрхсэн талаар мэдэх, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж шийдвэрлэхэд хамгийн чухал гэрчлэх этгээд юм. Иймд нотлох баримтыг дарагдуулан хавтаст хэрэгт хийгээгүй албан тушаалтныг олж тогтоон бичлэгийг нотлох баримтаар үнэлүүлэх зайлшгүй шаардлагатай юм. Э.Ш болон өмгөөлөгчийн зүгээс нотлох баримт болох камерийн бичлэгийн талаар удаа дараагийн шүүхийн хэлэлцүүлэгт санал, гомдлоо илэрхийлж байсан ба энэ асуудлыг шалгаж тогтоолгох зайлшгүй шаардлагатай байгаагаа хангуулах боломж олдохгүй байсаар энэ шүүх хуралдаанд орж байгаа нь Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл. Өөрийн гэм бурууд тохирсон шийтгэл хүлээхэд саад учруулж байгаагаар үл барам миний үйлчлүүлэгч Э.Шын эрх зүйн байдал илт доройтох нөхцөл үүсээд байна.

Э.Шын бичиг үсэг мэдэхгүй, гарын үсгээ чадан ядан зурдаг байдлыг нь далимдуулан бичиг үсэг мэддэг болгон удаа дараалан мэдүүлэг авсанд гомдолтой байна. Өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхийг нь зөрчсөн. Мөн бусдын эд зүйлийг устгаж, гэмтээсэн үйлдлийн гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрч байсныг далимдуулан хорьж, цагдана гэх зэргээр дарамтанд оруулж хүссэн мэдүүлэг дээр гарын үсэг зуруулах зэргээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хулгай хийсэн үйлдэлд бүлэглэн оролцсон болгож гэм буруу тохож байна. Хүн өөрийн хийсэн гэмт хэрэг болон гэм бурууд тохирсон хариуцлагыг хүлээх зарчмыг илт гажуудуулж бусдын үйлдсэн хэрэгт ял халдаан хэрэглэхийг хориглосныг зөрчиж мөрдөгч, прокурорын зүгээс энэ хоёр цуг явсан юм чинь санаатай нийлж хийсэн байгаа. Мөн камер хагалсан юм чинь хэргээ нуун далдлах зорилготой байж таараа гэж хэт дотоод итгэл, сэжиг таамагтаа хөтлөгдөн хэргийн бодит байдлыг тал бүрээс нь хөдөлшгүйгээр нотлоогүйгээр үл барам шүүгдэгч Э.Шын гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудалд хөнгөн хандаж буруутгаж буйд гомдолтой байна.

Иймд Э.Шад холбогдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-ээр зүйлчилсэн хэргийг бүхэлд нь хянан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байдлыг харгалзан хэргийг прокурорт буцаан тал бүрээс нь бүрэн бодитой шалгуулах боломжийг олгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч З.Г 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “... Үүнд: 1. З.Г миний эрх зүйн байдлыг дордуулж шууд нэг талыг барьж шийдсэн шүүхийн шийдвэр,

2. Надад холбогдох хэргийн нотлох баримтыг гүйцэд шалгаагүй,

3. Хэргийг бодит байдлаас харж болох байсан 2 хэрэг үйлдлийг нотлох баримт болох камерийн бичлэгийг алга болгосон, зориуд санаатай устгасан байхад огт авч үзэхгүй байгаа байдал,

4. Надад холбогдох хэргийн буюу Ү хохирогчтой хэргийг зөвхөн хувийн үзэмжээр буруу зүйлчилсэн,

5. Нэг удаа шийдэж болох байсан хэргийг 2 удаа шийдсэн. Дорнод аймаг дахь цагдаа, прокуроруудын зориуд дахин дахин яллах санаа зорилгоор нотлох баримт хэргийг шилжүүлэлгүй авч үлдэн ялыг дахин нэмэх, эрх зүйн байдлыг дордуулах гэсэн санаа зорилгыг дэмжин нэг талыг барьж шийтгэсэн гэх мэт.

З.Г миний бие нь Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 2015 оны 7 дугаар сараас 2016 оны 03 сарын хооронд үйлдэгдсэн нийт 7 удаагийн үйлдлээр буруутгагдан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан зүйлчлэлээр Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 5 сарын 14-ний өдрийн 684 тоот шийтгэх тогтоолоор 3 жил хорих ялаар шийтгүүлсэн. Энэ ялын хугацаа 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр дууссан байтал уг ялыг дуусаагүй гэж үзэн эдлээгүй үлдсэн ял дээр нэмж нэгтгэн гэж хуулийг гуйвуулж санаан зоргоороо шийдвэр гаргаж байна. Намайг Хэнтий аймаг дахь 419 дүгээр нээлттэй хорих ангиас авчирч цагдан хорьсон боловч цагдан хорих хугацаа сунгах хурал бүрийн шийдвэр дээр “... 2019 оны 01 сарын 31-ний өдрөөс эхлэн 419 дүгээр хорих ангид ял эдлэж байх ба...” гэдэг. 684 тоот шийтгэх тогтоолыг зогсоосон, түдгэлзүүлсэн заалт байхгүй байхад 684 тоот шийтгэх тогтоолоор эдлэх ёстой 3 жилийн хорих ялаас үлдсэн 10 сар 16 хоног дээр нэмт нэгтгэж, 2 шийтгэх тогтоолоор ял эдлүүлж байна. Мөн 2018 оны 3 дугаар сарын 18-аас 19-нд шилжих шөнө буюу 684 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд байх үед Дорнод аймагт шөнө болгон хууль бус худалдааг гэрээсээ болон дэлгүүрээсээ явуулдаг байсан Үнэнмаа гэх хохирогчийнд Э.Шын хамт архи худалдан авах зорилготой очсон. Намайг гэрт нь орох үед бүх хаалга үүд нь нээлттэй байсан. Харин хохирогч Үнэнмаа ширээ дэрлэн суугаагаараа унтаж байсан. Энэ байдлыг далимдуулж зарж байсан цаасан хайрцагтай эд зүйл дундаас 2 шил архи авч гараад Ш-д өгөөд буцаж ороод 2 гар утас болон цаасан хайрцагнаас 3 том пиво авч гараад Шинэбадрах дээр очих үед өмнө нь өгсөн 2 шил архи байгаагүй. “Архиа яасан” гэсэн гэхэд “би камер эвдэх гэж байгаад архиа хагалчихлаа” гэсэн. Энэ үед би “чи ямар тэнэг юм бэ” гэж хэлээд Ш-нд бид хоёр такси хөлслөн ирсэн. 3 пивоноос нэгийг нь задлан надад аяганд хийж өгөхөд “би өглөө эрт ажилтай харьж амарлаа” гэж хэлээд гэртээ харьсан. Унтаж байтал өглөө эрт Ш болон түүний гэрт амарч байсан Б, хохирогч Ү нар 2 цагдаагийн хамт манай гэрт ирээд намайг барьж цагдаа дээр очсон. Энэ үед Дорнод аймаг дахь цагдаагийн хэлтсийн эрүүгийн хэлтсийн дэд дарга дэд хурандаа Баянжаргал “Г ээ, чи муу энд мөрөөрөө байж чадахгүй байгаа бол хот руугаа зайл, энэ хэргийг чинь араас чинь явуулна гэхдээ би энд чамайг зөндөө л наана цаанатай байлгасан. Манай төлөөлөгч нараас хэдэн хэрэг авч яваарай тэгэхгүй бол энэ хэрэг дээр чинь дуудаж авчраад яллуулна шүү. Надад ч амар байна чамайг гараад алга болох болов уу гэж зовох зүйлгүй, хугацаагүй тогтоолтой” гэж хэлж байсан нь хэрэгжсээр өнөөдөр хүрч байна. Энэ хүний хэлсэнчлэн эрүүгийн мөрдөгч Мөнхдалай нь надад хэрэг хүлээлгэн гарын үсэг зуруулсан. “Мустанг” баарны хулгайн үйлдлийг хийгээгүй байж хүлээгээд байхад миний эсрэг буюу эрх зүйн байдлыг минь дордуулан шийдүүлж байна. Анхнаасаа цагдаа болон прокурорын санаа зорилго нэг байсан. Үүнд: 1. Э.Шыг хулгайн гэмт хэрэгт надтай хамтран үйлдсэн болгох гэсэн,

2. Ү гэх хохирогчийг шөнийн цагаар хууль бусаар өөрөө зөвшөөрч худалдаа хийдэг байсныг нуун далдлах гэсэн санаа зорилгоор гэмт хэргийг бодит байдлаар нотлон гэрчлэх камерийн бичлэгийг зориуд устган алга болгосон албан тушаалтан мөрдөгчид ямар ч арга хэмжээ аваагүй. Энэ хүмүүс нь хүнийг хүсэл зоргоороо гүтгэх эрхтэй юм уу. Уг дэлгүүр өөрөө зөвшөөрч хууль бусаар худалдаа хийдэг байсан учир худалдаа хийх зорилготой очсон. Хохирогч худалдаа хийж байгаад нойроо дийлэхгүй унтаж байгаа байдлыг нь далимдуулан хулгайн гэмт үйлдэлдээ 17.1-1 дэх зүйлчлэлээр зүйлчлэгдэн яллагдах боломжтой байсан. Энэ хүн шөнө зарж байсан эд зүйлээ хайрцагт хийж байгаад худалдаж байсан нь камерийн бичлэг болон хавтаст хэрэгт  авагдсан байсан. Ш бид хоёрыг очихоос өмнө 10 гаран хүн араар нь орж эд зүйл авч байсан бичлэг байсан. Мөн Ш нь хулгайн үйлдэлд ямар ч буруугүй байсан. Хэрэв хулгайн үйлдэлд оролцсон бол олж авсан эд зүйлийг хуваах байсан намайг хулгайн гэмт хэрэг үйлдэж байгааг Ш огт мэдээгүй. Би хулгай хийсэн талаар Ш-д огт хэлээгүй. Энэ бүгдийг нотлох камерийн бичлэгийг зориуд алга болгосон, устгасан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж бодож байна.

“Мустанг” баарны хулгайн үйлдэлд миний хувьд ямарч хамааралгүй. Үүнийг нотлох камерийн бичлэг байсан. Мөн Ш-д түр орхисон унадаг дугуй нь хар хөх өнгийн дугуй байсан. Уг дугуйг 2017 оны 12 сард би Улаанбаатар хотоос авчирсан. Гэтэл хохирогч Бнь удаа дараа өгсөн мэдүүлэгтээ улаан хүрэн өнгийн хүүхдийн дугуй алдсан гэдэг. Мөн унадаг дугуйг Б биш Ггэх хүн хүлээн авсан байдаг. Энэ бүгдийг тухайн үед асууж шалгаагүй. Хохирогч, гэрчээс камерийн бичлэг байсан талаар болон улаан хүрэн өнгийн дугуй алдчихаад хар хөх өнгийн дугуй хүлээн авч байгаа талаар ямар нэгэн тайлбар аваагүй хирнээ 2019 оны 3 сард намайг үнэн байдлыг хэлсний дараа дахин мэдүүлэг авч үгсэн тохирч, мэдүүлгийг миний эсрэг болгон авсан. Мөн тухайн үед хавтаст хэрэгт авагдсан гэрэл зураг дээр хэргийн газраас олж авсан унадаг дугуйн мөр болон гутлын мөрийг надаас хураасан унадаг дугуйн мөртэй харьцуулсан үзлэг, өмсөж явсан гутлын мөртэй харьцуулж үзлэг хийгээгүй бүх мөрдөх ажиллагааг мөн л миний эсрэг болгон бүрдүүлж шийдүүлж байгааг огт авч хэлэлцэхгүй байгаа. Гэмт хэргийн улмаас алдагдсан эд зүйлийг нэг хүн авч явах боломжгүй. Үүнд: 15 ширхэг шоколад, 8 уут чипс, Фрутта ундаа 10 ширхэг, мульт ундаа 21 ширхэг, Дирол бохь 2 хайрцаг, лаазтай самар 20 ширхэг, ууттай самар 18 ширхэг, 0,75 литрийн Эвок архи 2 шил, рэд бүлл ундаа 2 ширхэг, Соёрхол архи 1 шил, монетон гинж, ээмэг, бөгж, хүүхдийн унадаг дугуй гэх мэт олон нэр төрлийн эд зүйл байдаг. Намайг эдгээрийг өргөөд 2 дугаар хороо хүртэл явсан гэдэг. Энэ бүх хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн цагдаад нэгтгэн шалгуулъя гэж Дорнод аймгаас Улаанбаатар хот руу 2018 оны 3 сарын 19-ний өдөр цагдаагийн хамт явуулж Баянзүрх дүүргийн цагдаад хүлээлгэн өгчихөөд нотлох баримтыг явуулахгүй байсаар шат шатны шүүхийн шийдвэр гарсны дараа дуудан авчирч ял нэмж байгаа нь анхнаасаа энэ бүхнийг төлөвлөж эрх зүйн байдлыг минь дордуулж байна. Хэрэв аль нэг шатны шүүхэд энэ бүх хэргийн талаар нотлох баримт явуулсан бол тэр үеийн шүүх Баянзүрх дүүргийн 684 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгох боломжтой байсан. Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 710 тоот магадлалын 8 дугаар нүүрэнд “...шүүгдэгч Г-д сэжигтэн, яллагдагчаар татсан талаарх бичгийн баримтууд хэрэгт авагдаагүй учир З.Гт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах үндэслэлгүй” гэсэн. Мөн хяналтын шатны шүүхийн 448 дугаар тогтоолд “хэргийн талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй” гэх үндэслэлээр асуудлыг авч хэлэлцээгүй. Энэ хугацаанд буюу 2018 оны 3 сарын 19-ний өдрөөс 2018 оны 10 сарын 17-ны өдрийг хүртэл 6 сарын хугацаанд ямар нэгэн мэдэгдэл, хэргийн талаар нотлох баримт явуулсан бол тухайн хэргийг нэгтгэн шийдэх боломжтой байсан. Энэ хугацаанд ямарч ажиллагаа хийгээгүй. 2016 оны 3 сарын 11-нд үйлдсэн хэрэгт хамааралтай шалгагдаж байсан Л.Мөнх-Оргил нь цагдан хоригдож байгаад даалтанд гарч гадуур байх хугацаандаа 2017 оны 12 дугаар сард дахин хулгайн хэрэг үйлдсэн. Гэтэл Баянзүрх дүүргийн шүүх хэргийг нэгтгэн 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн. Энэ хүнд ямар хууль үйлчилж хэргийг нь нэгтгэн шийдээд, надад ямар хуулийн заалт үйлчилж ялыг тусад нь 2 шийтгээд байгааг ойлгохгүй байна. Хэрэв би Дорнод аймагт хэрэг үйлдээд зугтан хотод очиж хэрэг шийдүүлж энэ асуудал үүссэн бол надад маргах зүйлгүй. Анхнаасаа тухайн мөрдөгч нар нь яагаад худлаа хэлж хэргийг чинь явуулна нэгтгүүлнэ энэ л хэргийг хүлээгээд гарын үсэг зурчих гэж “Мустанг” баарнаас хулгай хийсэн гэх хэрэг үйлдэлд гарын үсэг зуруулсан юм бэ.

Дорнод аймагт дуудагдан ирсний дараа дэд хурандаа Баянжаргал мөрдөгч, дэслэгч Өлзийбадрахын хамт ирж “одоо энд дуудагдаад ирснийх эндээс манай мөрдөгчтэй уулзаад хэдэн хэрэг аваад яваарай” гэсэн. Би “тийм юм байхгүй, таниас болж би энд доод тал нь 2 жилийн хорих ял нэмүүлэх гээд байна” гэхэд “чи ямар сүртэй юм бэ” гэсэн. Энэ нь намайг хэн нэгний үйлдсэн эзэн холбогдогч нь олдоогүй хэргийг үүрч ял эдлэх техник мэтээр хандаж байгаа байдал юм. Энэ бүхэн нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааг өөрсдийн эрх мэдэл албан тушаалд нийцүүлэн хувийн сонирхлоороо яаж л бол яаж шийднэ, чи тэртээ тэргүй хулгайч юм чинь чиний үг үнэ цэнэгүй гэсэн хандлагаар ажиллагааг явуулж байна. Мөн Дорнод аймаг дахь цагдаагийн мөрдөгч дэслэгч Болорбат нь 2019 оны 3 сарын 19-ний өдөр надаас 130 000 төгрөг хурааж авсан. Гэтэл О-д 100 000 төгрөг хүлээлгэн өгч 30 000 төгрөгийг өөрөө завшсан. 30 000 төгрөгийг хохиролдоо суутгуулмаар байна.

Мөн би Дорнод аймгийн өмгөөлөгчдийн холбоонд хүсэлт гаргаж надад Цэрэндолгор өмгөөлөгчийг томилж өгсөн. Цэрэндолгор өмгөөлөгч ээлжийн амралттай байсныг хүндэтгэн үзэх шалтгаан биш өөр өмгөөлөгч ав, эсвэл өмгөөлөгчгүй хэргээ шийдүүл гэж тулган эрх зүйн байдлыг минь дордуулж, хэргийн үйл явц бодит байдлыг болон бүх нотлох баримтанд зохих хэмжээний судалгаа хийсэн байсан өмгөөлөгч байхгүй үед хэргийг бодит байдлаас харж шийдээгүй. Хэргийг шууд шийдэх замаар нэг талыг барьж нотлох баримтыг бодит байдлаар харалгүй Ш бид хоёрын үнэн байдлыг огт авч үзэлгүй нотлох баримтыг устгаж, хууль бус мөрдлөг явуулж хүнийг хүнд гэмт хэрэгт гүтгэж, үйлдээгүй хэрэг тулгасан. Хүний эрх зүйн байдлыг санааны зоргоор дордуулж байдаг мөрдөгч нараа хаацайлж байгаа прокуроруудын нэг талыг харсан шийдвэрийг үндэслэн гаргасан анхан шатны шүүхийн шийдвэрт гомдолтой байна. Үүнд:

1. “Мустанг” баарны хэрэг үйлдэл унадаг дугуйн мөр надаас авсан хар хөх өнгийн дугуйн мөртэй харьцуулах, мөн дээрх унадаг дугуйг худалдан авсан гээд байгаа газраас ямар өнгөтэй дугуй худалдан авсан талаар шалгах,

2. Э.Шыг үнэн зөвөөр зүйлчлэх, хулгайн гэмт хэрэгт хамааралгүй болгох,

3. Хэргийг нотлох, гэм буруугийн үйлдэл оролцоог бодит байдлаас харж болох камерийн бичлэгийг сэргээх,

4. Ү нь өөрөө зөвшөөрч байнга онгорхой байж хууль бус худалдаа явуулдаг байсан учир ямар нэгэн байдлаар цоож, оньс эвдэж нэвтрээгүйг дээрх камерийн бичлэг мөн нотлох байсан. Намайг хэрэг үйлдэхээс өмнө 10 гаран хүн шөнө худалдаа хийгээд гарч байсан бичлэг байсан. Хэргийн зүйлчлэлийг үнэн зөв тогтоолгох,

5. Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 684 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж хэргийг нэгтгэн шийдүүлэх гэх мэт дээрх үндэслэл бүхий бодит байдлыг харгалзан хэргийг прокурорт буцааж мөрдөн шалгах ажиллагаа хийлгэж өгнө үү.” гэжээ.

 

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч З.Гийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан тайлбартаа: Миний хувьд З.Гийн гомдлыг дэмжиж байгаа. З.Г “Мустанг” баарны хэргийг тухайн үед хүлээн зөвшөөрсөн байдаг. Ийнхүү хүлээн зөвшөөрсөн нь гэмт хэрэг үйлдсэн гэдгийг нотлох үндэслэл болохгүй. Энэ хэрэг дээр нотлогдвол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байдаг. Хохирогч анх мэдүүлэг өгч байхдаа “...улаан хүрэн өнгийн унадаг дугуй...” гэж хэлж байсан. Сүүлд З.Г энэ хэрэгт туслах зорилгоор “...надад гэрт нэг унадаг дугуй байгаа. Түүнийг очоод авчих...” гэж хэлсний дагуу дугуйг хурааж авсан байдаг. Түүнээс хойш хохирогчоос дахин мэдүүлэг авахад “...хар хөх өнгийн унадаг дугуй...” болж хувирсан байсан. Мөн энэ хэрэгт хамааралгүй Г гэж хүнээр таньж олуулан, унадаг дугуйг хүлээлгэж өгсөн байдаг. Таньж олуулах ажиллагаа 2018 оны 08 сарын 15-ны өдөр хийгдсэн. Гэтэл хохирогч Б 2018 оны 08 сарын 23-ны өдөр “...миний бие энэ хэрэгт оролцох боломжгүй. Иймд Г гэж хүнийг өөрийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулъя...” гэсэн хүсэлтийг гаргасан байдаг. Цаг хугацааны хувьд зөрүүтэй асуудлууд харагддаг. Шүүхийн шатанд Э.Ш “...энэ унадаг дугуйг цагаан сарын дараахан 02 сарын 20-оор авч ирж манай таамбарт тавьж байсан...” гэдэг. Гэтэл энэ хэрэг нь 03 сарын 01-02-нд шилжих шөнө болсон байдаг. Мөн “Мустанг” барны гаднах буюу хулгай болсон хэргийн газрын үзлэгээр гутлын болон унадаг дугуйн мөрийг бэхжүүлж авсан байдаг. Тэгэхэд хурааж авсан эд мөрийн баримттай үүнийг харьцуулж үзээгүй. Харин “С” дэлгүүрийн асуудал дээр З.Г үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Энэ хэрэг нь камерийн бичлэгээр илэрсэн хэрэг байгаа. Гэтэл тухайн камерийн бичлэг алга болсон. Энэ талаар тухайн үед хүсэлт гаргасан боловч шалгалгүй орхигдуулсан. Энэ хэрэг дээр хохирогчийн буруутай үйлдэл харагддаг. “...Шөнийн цагаар архи, согтууруулах ундаа зарж болохгүй гэсэн Засаг даргын захирамжийг зөрчсөн үйлдэл байна. Үүнийг шалгаж өгөөч...” гэсэн хүсэлтийг прокурорт гаргаж байхад энэ хүсэлтийг маань хавтаст хэрэгт оруулаагүй харагдаж байна лээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.6 дугаар зүйлд зааснаар прокурор гэмт хэрэг гарахад нөлөөлсөн нөхцөл байдлыг арилгах арга хэмжээ авах талаар авч хэлэлцээгүй, орхигдуулсан. Энэ хэрэг 03 сарын 18-19-нд шилжих шөнө үйлдэгдсэн. Үүний маргааш өглөө нь буюу 03 сарын 19-ний өглөө камерийн бичлэгийн үндсэн дээр цагдаа Э.Шынд очиж, З.Гийн гэрийг заалган баривчилсан байдаг. Тэр өдрөө З.Гийн биеэс хулгайд алдагдсан 2 гар утсыг хурааж авсан. З.Г ч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн. Гэтэл энэ хүнд холбогдох өмнөх буюу 2018 оны 05 сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолтой хэргийг энэ хэрэгтэй нэгтгэн шийдвэрлүүлэх боломж байсаар байтал энэ асуудал дээр мөрдөгч, прокурорын зүгээс хугацаа сунган хав дарж явсаар байгаад дээд шүүхийн тогтоол гарсны дараа энэ хүнийг яллагдагчаар татаж, хэргийг нь шийдвэрлэхээр болсон. Ингээд энэ хүнийг хорих ангиас авч ирж, эрх зүйн байдлыг нь дордуулж байгаа асуудал харагддаг. Үүнийг тухайн үеийн мөрдөгч, прокурорын хариуцлагагүй асуудал гэж хэлэх үү их сонин асуудал байгаа. Иймд З.Гийн яриад байгаа асуудал нь үндэслэлтэй гэсэн дүгнэлтийг миний зүгээс хийж байгаа. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг барьж шийдвэрлэсэн. Энэ заалт нь ялтан хүн ялаа эдэлж байх хугацаандаа гэмт хэрэг үйлдсэн байх ёстой заалт байгаа. Гэтэл энэ хүний хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарахаас өмнө гэмт хэрэг үйлдсэн байдаг. З.Гийн өмнөх хэргийг хүчингүй болгуулах асуудлыг ярьж байхад шийдвэрлээгүй орхисон. Тухайн үед прокурор дүгнэлтээ давж заалдах шатны шүүхэд гаргасан байдаг. Прокурор хяналтын шатны шүүхэд дүгнэлт гаргаж, энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Иймд энэ асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэхийн тулд хэргийг прокурорт буцааж өгнө үү. Буцаах шаардлагагүй гэж үзэж байвал “Мустанг” баарны үйлдлийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн саналыг гаргаж байна гэв.

 

 Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Нямдэлэг дүгнэлтдээ: Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 10-ны өдрийн 16 дугаар шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй гарсан, гэм буруугийн зүйлчлэлийн асуудал үндэслэлтэй байна гэж үзэж байгаа. Унадаг дугуйны асуудлыг яриад байна. Г унадаг дугуйг таньж, хүлээж авсан. Өөр хүний дугуй байсан бол мэдээж “...биш...” гээд авахгүй байх байсан. З.Гийн “...өөр газраас авсан...” гэсэн мэдүүлгийн дагуу шалгахад тэр нь огт үндэслэлгүй байсан. Хүнээс авсан асуудал тогтоогдоогүй. Мөн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.9 дүгээр зүйлийг буруу хэрэглэсэн...” гэж байна. Энэхүү зүйл заалтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэглэсэн. Түүнчлэн камерийн бичлэгийн асуудлыг яриад байдаг. Гэтэл эрүүгийн хэрэг хянан шалгах явцад “...камерийн бичлэг алга болсон, устгасан...” талаар хүсэлт гаргасан, эрх бүхий байгууллагад гомдол гаргасан зүйл өнөөдрийг хүртэл байхгүй байна. Э.Ш энэ хэрэгт оролцоогүй талаар ярьж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар Э.Ш, З.Г нар нь бүлэглэн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлан бусдад хохирол учруулсан үйлдэл нь тогтоогдсон. Хэн нь хэрхэн яаж оролцсон нь нотлох баримтуудаар тодорхой харагддаг. Э.Ш “...архи үнэтэй зардаг, бусдыг шулдаг учир камерийг эвдсэн...” гэж байна. Хулгайн гэмт хэрэг бол нууц далд аргаар үйлдэгддэг. Гадна талд байсан 2 ширхэг камерийг устгаж, бүр ажиллагаагүй болгож, нотлох баримтыг устгах үйлдлийг хийсэн. Ийм байдлаар энэ хэрэгт хамтран оролцсон нь тогтоогдсон гэж прокурорын хувьд үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх,  шүүгдэгч З.Г нарын  давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч З.Г, Э.Ш нар нь бүлэглэн 2018 оны 03 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Мини Маркет“ хүнсний дэлгүүрт залгаатай хохирогч Ц.Ү-ийн гэрт нэвтрэн орж, хоёр гар утас, хоёр  ширхэг Боргио пиво, хоёр хайрцаг Парламент тамхи, таван хайрцаг Улаан Шонхор тамхи, хоёр  ширхэг Ерөөл архи, нэг ширхэг Улаанбаатар архи, нэг хос гоёлын ээмэг, бэлэн 130,000 төгрөгийг хулгайлж нийт 599,400 төгрөгийн хохирол, улмаар тус дэлгүүрийн гадна орчны хяналтын гурван камерийг эвдэж 270,000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч З.Г нь ганцаараа 2018 оны 03 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Мустанг” бааранд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай байранд нэвтэрч, архи, ундаа, пиво, шоколад,  унадаг дугуй зэрэг хохирогч Г.Б-ийн  480,680 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг, мөн уг байранд хадгалагдаж байсан иргэний нэхэмжлэгч Ц.Ү-ийн эзэмшлийн 75,000 төгрөгийн үнэ бүхий мөнгөн ээмэг, бөгж, кулон, гинжний хослол хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь хэрэгт цугларсан, шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй бөгөөд, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл нь тэдний үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тохирсон гэж үзлээ.

Хохирогч Ц.Ү-ийн байрны гадна орчны хяналтын камеруудыг эвдэж буй Э.Шын үйлдэл нь түүнийг хулгайн гэмт хэрэгт санаатай нэгдэж хамтран оролцсон болохыг нотолж байх тул шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хохирогч Ц.Ү-ийн дэлгүүрийн үйлчлүүлэгчдэд зориулсан хаалга түгжээтэй, дэлгүүрээ хаасан нь бусдад ойлгогдохоор байтал шүүгдэгч нар нь хашаа давж, үйлчлүүлэгчдэд зориулагдаагүй арын хаалгаар нэвтэрсэн, хяналтын камерийг эвдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл  ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжээр зүйлчилсэн нь зөв бөгөөд энэ талаар гаргасан шүүгдэгч З.Гийн гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Э.Шын эзэмшлээс хураан авсан унадаг дугуйг хохирогч Г.Б-ийн эцэг Г.Г таньсан ба хожим хохирогч Г.Б өөрөө бататган мэдүүлэг өгсөн байна (1-р хавтасны 39, 46, 167). Шүүгдэгч Э.Ш нь уг дугуйны тухайд “2018 оны 02 дугаар сарын сүүл 03 дугаар сарын эхэн үеэр болов уу нэг шөнө унтаж байхад  З.Г авчирч үүдний пинд орхиод явсан” хэмээн мэдүүлжээ (1-р хавтасны 200). Шүүгдэгч З.Г нь энэ дугуйг Улаанбаатар хотод амьдардаг өөрийнх нь хамаатан Х.Анхбаяр гэх хүүхдийн унадаг дугуй гэж тайлбарласны мөрөөр шалгахад түүний тайлбар үгүйсгэгдсэн байна (1-р хавтасны 172-176). Иймд шүүгдэгч З.Гийг “Мустанг” баарнаас эд зүйл хулгайлах хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтуудаар батлагдсан үндэслэл бүхий болжээ. Энэ талаарх шүүгдэгч З.Гийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэсгүй байна.

З.Гийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 684 тоот тогтоолоор хорих ял эдэлж байхад нь энэ хэрэгт холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор, Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 2019/ЦХШЗ/25 дугаар шүүгчийн захирамж, Улсын Ерөнхий Прокурорын газрын 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 10 тоот зөвшөөрлийг үндэслэн Хэнтий аймаг дахь 419 дүгээр нээлттэй хорих ангиас 2019 оны 02 сарын 16-ны өдөр мөрдөгч Р.Пүрэвдоржид хүлээлгэн өгч, мөн өдрийн байдлаар ялын тооцооны хуудас үйлдсэн байна. Уг тооцоогоор “З.Г нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 14-ний 684 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гурван жилийн хорих ялаар шийтгүүлж, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар  биеэр 1 жил 11  сар 27 хоног эдэлж, шагналын 01 сар 17 хоног авч, бүгд 02 жил 01 сар 14 хоног ял эдэлж, 10 сар 16 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн” байна. Мөн энэ хэрэгт холбогдуулан цагдан хорьж, тухай бүр хугацааг нь сунгаж байсан, 2019 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс хойшхи хугацаанд хамаарах шүүгчийн захирамжууд хэрэгт авагдсан байна. Иймд З.Гийг өмнөх тогтоолоор оногдуулсан хорих ялаас 10 сар 16 хоногийг эдлээгүй үлдсэн гэж үзэн энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр нэмж, түүний энэ хэрэгт цагдан хоригдсон хугацааг 2019 оны 02 сарын 16-ны өдрөөс шийтгэх тогтоол гарах хүртэл хугацаагаар тооцон 329 хоногийг эдлэх ялд оруулан тооцсон шүүхийн шийдвэр зөв байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч З.Гт хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн холбогдох хэсгийг оновчтой хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар  зөвтгөх нь зүйтэй байна. Тухайлбал, З.Гийн хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 684 тоот шийтгэх тогтоол гарахаас өмнө эдгээр хэргүүдийг үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг тохирохгүй, харин мөн зүйлийн 2 дахь хэсгийг баримтлах нь зүйтэй.

Дээр дурдсан үндэслэлүүдээр Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх,  шүүгдэгч З.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.9 дүгээр зүйлийн  1.4, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Б.Хүрэлсүх, шүүгдэгч З.Г нарын давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож; Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/16 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт оногдуулсан 2/хоёр/ жил 6/зургаа/ сарын хугацаагаар хорих ял дээр, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 жил 4 сар 16 хоногийн хорих ялаар тогтоосугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Гт энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял дээр, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 14-ний өдрийн 684 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар 16 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг гурван жил дөрвөн сар арван зургаа хоногийн хорих ялаар тогтоосугай” гэж өөрчлөн; шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч З.Г, Э.Ш нарын 2020 оны 01 дүгээр сарын 10-наас  2020 оны 02 дугаар сарын 18-ны хооронд цагдан хоригдсон гучин ес хоногийг тус тусын ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтаар шүүгдэгч З.Гээс гаргуулж хохирогч Ц.Ү- олгохоор шийдвэрлэсэн 199,400 төгрөгийг 2020 оны 02 сарын 18-ний өдөр Ц.Ү-ийн ХААН банк дахь ................... дансанд шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг давж заалдах заалдах шатны шүүх хуралдааны үеэр  гаргаж өгсөн болохыг дурдсугай.

 4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Ж.ДОЛГОРМАА                         

        ШҮҮГЧИД                                                З.ЭНХЦЭЦЭГ

                                                                         Л.НАРАНБАЯР