| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 169/2023/0067/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/79 |
| Огноо | 2023-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/79
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч Ч.Отгонбаатар
Хохирогч Ц.Отгонбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Долгорсүрэн
Шүүгдэгч Г.Мягмар нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Мягмарт холбогдох эрүүгийн 2222000000155 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн 1985 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 38 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар баг Паарлын бууц гэх газар нутаглах, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй Салхит овогт Ганбатын Мягмар /РД: ЗЗ85121714/.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Г.Мягмар нь 2022 оны 08 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө Дундговь аймгийн Луус сумын 3 дугаар багийн нутаг “Хажуу-Ус” гэх газарт Ц.Отгонбаттай маргалдан улмаар түүний нүүр рүү шилэн аягаар цохиж, татаж унагаан биед нь дух, хөмсөг, зовхинд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Мягмар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүүхдийн бие өвдөөд аймагт ирсэн байсан. Хүүхдээ үзүүлчихээд гэрт байж байтал Отгонбаттай дугуй засвар дээр таараад хөдөө хамт явсан. Очтол эдний ямаа байхгүй, манай ямаа байсан. Манай ямааг нийлж саачихаад архи хувааж уусан. Зүгээр зэрэгцээд сууж байгаад намайг цохисон. Хогийн саван дээр хамт унасан. Би стаканаар цохиогүй” гэв.
Хохирогч Ц.Отгонбат шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “Хугацааг нь санахгүй байна. Шалихгүй зүйлээс болж маргалдаад хоорондоо барилцаж авсан. Стаканаар цохих шиг болсон. Нүүрэнд 2 газар язарсан байсан. Мал эмнэлэг дуудсан гэдгээс болж маргалдацгаасан. Уусан байсан учир хэн, хэнийхээ үгийг даагаагүй. Мягмарт гомдол санал байхгүй. Ял шийтгэлгүй гаргаж өгөөч гэж гуйж байна. Нэг хонхорийн хүмүүс учир гомдолтой гэж хүндрэл учруулмааргүй байна” гэв.
Хохирогч Ц.Отгонбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Адаацаг сумаас манай 2 найз болох Адъяагийн Энхбаатар, Монголын Наранбаатар нар ирсэн. Тэгээд би найзуудаа ирэхээр нь Энхбаатар, Наранбаатар, эхнэр Ичинхорлоо нарын хамт аймгийн төв ороод саахалт айлын Мягмартай таараад манай 2 найз Эрдэнэдалай сумаас ирсэн гэж хэлсэн. Тэгээд бид нар цуг хөдөө гэрт ирсэн. Манай гэрт нэг шил архи байсан, аймгийн төвөөс 2 шил “Соёрхол” нэртэй архи авсан. Ингээд архиа хувааж уучихаад би ямаандаа явлаа, та хэд байж бай гэхэд Мягмар манай ямаа гадаа байна, ямаа саагаад байж байя гэсэн. Тэгээд би ямаандаа явсан. Би ямаагаа олохгүй явж байгаад орой 21 цагийн орчим харанхуй болохоор ямаагаа бэлчээрт нь орхичихоод гэртээ иртэл хүн байгаагүй. Бүгдээрээ Мягмарынх руу явсан байсан. Тэгээд би Мягмарынд очтол Мягмар манай 2 найзыг би та хоёрыг зодох уу гэх зэргээр агсам тавьж байсан. Гэтэл Наранбаатар гадаа гараад унтаад өгсөн. Энхбаатар гэрт унтаад өгсөн. Тэгэхээр нь би Мягмарыг чи яахаараа дандаа ууж идэхээрээ агсам согтуу тавьж байдаг юм бэ? гэхэд “нусны хундага чинь чимээгүй бай” гэхээр нь чи одоо надад агсам тавих нь уу гэж хэлээд шилэн хүзүү рүү нь нэг удаа алгадчихаад эргээд тамхи асаах гээд суутал гэнэт нүүр рүү пиво ууж байсан стаканаар цохиход би арагшаа ойчсон. Дахиад дээрээс нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь нүүрнээс цус гараад дотор муухайраад байхаар нь хүргэн ах Жамьянгараваар аймаг руу машинаа унуулаад аймгийн эмнэлэгт үзүүлж нүүрэндээ оёдол тавиулсан. Манай эхнэр Ичинхорлоо, Мягмарын эхнэр Оюунжаргал, хүргэн ах Жамьянгарав, эгч Саранчимэг, Энхбаатар нар байсан. Мягмар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн халамцуу байсан. Миний хувьд архи согтууруулах ундаа хэрэглэсэн халамцуу байсан. Мягмар бид хоёрын хооронд ямар нэгэн өс хонзонгийн асуудал байхгүй. Бид 2 багаасаа үерхсэн найзууд байгаа юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/
Гэрч Х.Оюунжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өглөө аймаг орж хүүхдээ үзүүлчихээд хөдөө гэр рүүгээ явсан. Явахдаа Отгонбатын гэр бүл, 2 найзынх нь хамт хөдөө манайд очсон. Хөдөө ирээд Отгонбат, Мягмар, Жамьянгарав, Энхбаатар, Наранбаатар нар нэг шил архи уугаад байж байтал Отгонбат “Соёрхол” нэртэй архи гаргасан. Тэгээд тэр архи нь талаасаа дээгүүр орж байтал Отгонбат, Мягмар нар гэрийн гадаа муудалцаад байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг гэрт оруулсан. Тэгээд гэрт ороод байж байтал Отгонбат би чамд дээрэлхүүлэхгүй шүү гээд Мягмарын хаана цохисныг нь мэдэхгүй цохичих шиг болсон. Тэгсэн чинь Мягмар арагшаа саваад унасан. Тэгээд Мягмар босч ирээд Отгонбаттай зууралдаж байгаад давхралдаад ойчоод босоод ирсэн. Гэтэл Отгонбатын нүүрэн тус газар нь цус болчихсон байсан. Мягмарын нүүр цус болсон байсан. Отгонбатыг би ойчихдоо доош харж ойчоод манай хогийн савны тагийг мөргөөд нүүрээ урчихлаа даа гэж бодсон. Тэгээд тэр 2 салаад Отгонбат аймаг явсан. Мягмар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Согтуурлын хувьд гайгүй ухаантай байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/
Гэрч М.Наранбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн орчимд би Энхбаатарын хамт Отгонбатынд ирсэн. Тэгээд Энхбаатар бид хоёр Отгонбатын хамт аймаг яваад орой 17 цагийн үед ирсэн. Аймагт бид хэд Мягмартай тараад цуг хөдөө гэрт нь ирсэн. Бид хэд аймгаас ирээд Мягмарынд шил архи уучихаад дахиад нэг шил архи задлаад талдаа орж байтал Мягмар, Отгонбат нар муудалцаад тэврэлдээд зууралдаад арагшаа хоёулаа унасан. Тухайн үед би яг хажууд нь сууж байсан. Тэгээд та нар яаж байгаа юм гээд Мягмарыг бариад бостол Отгонбат босоод ирсэн. Тэгээд Отгонбатын нүүр цус болчихсон байсан. Тухайн үед Мягмарыг Отгонбатыг цохиж байхыг хараагүй. Би яг тэр хоёрын хажууд сууж байсан. Би бодохдоо Отгонбатын ард хогийн сав байсан,тэрийг мөргөөд ойчсон юм болов уу гэж бодсон. Энэ бол миний бодол өөрөөр Отгонбат, Мягмар нар нэгийгээ гэмтээчихээр цохиод өшиглөлцсөн зүйл огт болоогүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/
Гэрч Б.Ичинхоролын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр манайд Адаацаг сумаас найз Наранбаатар, Энхбаатар нар ирсэн. Тэгээд нөхөр Отгонбат бид хоёр Наранбаатар, Энхбаатар нарыг дагуулж аймаг явсан. Аймаг дээр Мягмартай таараад Энхбаатар, Наранбаатар 2 ирээд бид хэд цуг явж байна гэж ярьсан. Тэгээд бид нар аймгаас машинтай хөдөө Мягмарынд ирсэн. Тухайн үед Отгонбат гэртээ буугаад ямаандаа явсан. Би Мягмартай цуг гэрт нь ирээд тэдний ямааг саалцаж тэр үед Мягмар, Наранбаатар, Энхбаатар, Жамьянгарав, эхнэртэйгээ Пүрэвдаш нар нэг шил архи уугаад дууссан хойно Отгонбат ирсэн. Отгонбат ирээд нэг том пиво гаргаж өгөөд ууж байтал Отгонбат, Мягмар хоёр зэрэгцэж сууж байгаад Отгонбат босохдоо Мягмарыг чи битгий агсам тавиад бай гэж шилэн хүзүүнд нь алгадах шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаад ойчсон. Гэтэл Отгонбат босгохгүй тийчлээд байхаар нь очоод босготол нүүр нь цус болсон байсан. Тухайн үед пиво ууж байсан стаканаар нүүр рүү нь цохичих шиг болсон. Яг цохиж байхыг нь бол хараагүй. Мягмарын барьж байсан стакан хагарсан байсан. Отгонбатыг ирэхээс өмнө Мягмар нь Наранбаатар, Энхбаатар хоёрт та хоёрыг зодох уу гэх зэргээр агсам тавиад байхаар нь бид хэд чи дуугүй бай ирсэн зочдодоо агсам тавьж муухай юм болов оо гэж хэлсэн. Тэгтэл гайгүй болсон. Отгонбатын нүүрнээс цус гараад тогтохгүй болохоор нь би Жамьян ахыг манай машиныг унаад аймаг яваад өгөөч гэж гуйгаад аймаг явсан. Тухайн үед газар дээр нь цагдаа дуудах гэсэн боловч утсаа өгөөгүй. Мягмар өөрөө цагдаа дуудна гээд байсан. Бид олон жил айл саахалт яваа найз нөхөд Мягмар, Отгонбатыг бодвол согтуу байсан. Гэхдээ мэдрэлтэй байх шиг байсан. Отгонбатын хувьд гайгүй байсан. Пивотой стаканаар цохисон байх гараараа цохисон бол ингэж зүсэгдэхгүй, гомдолтой байна. Нөхрийнхөө нүүрийг ийм болгочихсон. Ямар санаатай ингэж зодсоныг нь ч ойлгохгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/
Гэрч Б.Ичинхоролын 2023 оны 06 сарын 02-ны өдөр дахин өгсөн: “Би болсон зүйлийг тайлбарлана. 2022 оны 08 дугаар сарын 19-ний орой манай нөхөр Отгонбат, Мягмар нар архи уугаад хоорондоо муудалцсан. Муудалцаж байгаад Мягмар манай нөхөр Отгонбатын нүүрэн тус газарт нь пиво ууж байсан стаканаараа цохиж арагш унагасан. Тухайн үед стакан ч хагарсан байсан. Мягмар, Отгонбат хоёр арагшаа унахдаа нуруугаараа ардаа байсан хогийн саван дээр ойчсон. Манай нөхөр Отгонбат хогийн саван дээр нүүрээрээ биш нуруугаараа ойчсон.” гэх мэдүүлэг
Гэрч М.Отгонсумьяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр нөхөр бид 2 гэртээ байж байтал Мягмар залгаад та 2 манайд хүрээд ир гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр 21 цагийн үед Мягмарынд очиход хүмүүс нэг шил архи уугаад сууж байсан. Манай нөхөр ууж байсан архийг нь аягалаад байж байтал Отгонбат, Мягмар 2 зэрэгцэж сууж байгаад гэнэт л муудалцаад зууралцаад арагшаа ойчсон. Наранбаатар тэр хоёрын хажууд сууж байгаад салгасан. Тэгээд босоод ирсэн чинь Отгонбатын нүүрнээс цус гарчихсан байсан. Юугаар цохисон талаар сайн мэдэхгүй байна. Тэр хоёрын ойчсон газарт хагархай аяга байсан ба хагархай хогийн сав бас байсан. Тэгтэл Отгонбатын эхнэр нь аймаг явж үзүүлэхгүй бол болохгүй юм байна гэсэн. Тэгээд би Жамьян ахын гэр бүл болон Отгонбатын эхнэрийн хамт аймаг явж үзүүлсэн. Тэр хоёр нэлээн халамцуу байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/
Гэрч Н.Пүрэвдашийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Тухайн өдөр эхнэрийн хамт гэртээ байж байтал Мягмар 21 цагийн үед утсаар залгаад хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд бид хэд Мягмарынд очиход Мягмарын гэр бүл, Отгонбатын гэр бүл, Жамьян ахын гэр бүлийн хүмүүс архи ууж байсан. Тэгээд би тэд нарт архи аягалаад байж байтал юу ярьсныг нь мэдэхгүй Отгонбат, Мягмар хоёр сууж байгаад арагшаа зууралдаад ойчоод босоод ирэхдээ Отгонбатын нүүр цус болчихсон байсан. Тэгтэл Отгонбатын эхнэр цус гараад байна аймаг руу явъя гэсэн чинь манай эхнэр хань болоод хамт явсан. Юунаас болж муудалцсан, юугаар цохисон талаар би сайн мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 28/
Гэрч Ц.Саранчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр би Мягмарын хамт аймаг явж ирээд Мягмарын ямааг саалцаад байж байтал манай нөхөр Жамьянгарав ирсэн. Тэгээд бид 2 явах гэтэл Мягмар ороод цай уугаад яв гэхээр нь цай уугаад сууж байтал Отгонбат гаднаас нэг пиво оруулж ирсэн. Би тухайн үед Мягмарын бага хүүхэдтэй тоглоод байж байтал гэнэт зууралдаад ойчсон. Наранбаатар тэр хоёрыг салгаад босгоод иртэл Отгонбатын нүүрнээс нь цус гарсан байсан. Тэгээд бид хоёр явах гэтэл Отгонбатын эхнэр нь та 2 машин унаад аймаг яваад өгөөч гэсэн. Тэгээд аймаг яваад шөнө 04 цагийн үед ирсэн. Архи уусан байсан. Гэхдээ согтолт нь гайгүй байсан. Гэнэт л зууралдаад очихоор нь тоглож байна л гэж бодсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 30/
Гэрч Б.Жамъянгаравын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 20 цагийн үед манай эхнэр Саранчимэг аймгаас Г.Мягмартай ирчихлээ ирээд ав гэсэн. Тэгээд би Мягмарынд очсон чинь хүмүүс ямаа сааж байсан. Ямааг нь саачихаад явах гэж байтал Мягмар гэрт ороод цай уугаад яв гэхээр нь гэрт нь ороод цай уугаад сууж байтал Отгонбат гаднаас пиво оруулж ирсэн. Тэгээд Отгонбат, Мягмар нар юм ярьж сууж байгаад гэнэт хоорондоо зууралдаад ойчсон. Наранбаатар хажууд нь сууж байгаад тэр хоёрыг салгасан. Тэгтэл Отгонбатын нүүр нь цус болчихсон байсан. Тэгээд би явах гээд машиндаа ороод суутал Отгонбатын эхнэр гарч ирээд Отгонбатыг аймаг авч явахгүй бол болохгүй байна. Та аймаг яваад өгөөч гэсэн. Тэгээд би Отгонбатыг аймагт эмнэлэгт үзүүлээд буцаж ирсэн. Юугаар цохисон юунаас болж маргалдсаныг нь мэдэхгүй байна. Гэнэт л зууралдаад унасан. Би тэр хоёрыг тоглож байна гэж бодсон.”гэх мэдүүлэг /хх-ийн 32/
Шинжээч М.Баттүвшингийн 2023 оны 06 сарын 05-ны өдөр өгсөн: “Үзүүлэгч Ц.Отгонбатын духны зүүн хэсэгт үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. Харин хөмсөг болон доод зовхи хэсэгт үүссэн шарх нь 1 чиглэлд байх тул 1 удаагийн үйлчлэлээр хоёулаа үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үзүүлэгч хуванцар хогийн сав мөргөж унах үед үүсэх боломжгүй бөгөөд уг гэмтлүүд нь ир, үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой.” гэх мэдүүлэг
Дундговь аймгийн шүүх шинжилгээний албаны 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай:
1.2 Ц.Отгонбатын биед дух, хөмсөг, зовхинд шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.
4. Тухайн гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.
5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 37-39/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/
Ц.Отгонбатын Цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-ийн 02/
Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 03-04/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Ц.Отгонбат нь 2022 оны 08 дугаар сарын 19-ний шөнө 22 цагийн үед Дундговь аймгийн Луус сумын сумын 3 дугаар баг Хажуу-Ус гэх газарт бусдад зодуулсан үйл баримт тогтоогдож байна. Хохирогч Ц.Отгонбат нь бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь “дух, хөмсөг, зовхинд шарх” бүхий хөнгөн гэмтэл /хохирол/ учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 256 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгч Г.Мягмар нь “хогийн саван дээр хамт унасан, стаканаар цохиогүй” гэж маргаж, түүний өмгөөлөгчөөс “өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй мөн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг гаргаж мэтгэлцэж байх боловч тэдний мэдүүлэг, дүгнэлт нь хэрэгт авагдсан хохирогч Ц.Отгонбатын “гэнэт нүүр рүү пиво ууж байсан стаканаар цохиход би арагшаа ойчсон. Дахиад дээрээс нь нэг удаа цохисон. Тэгсэн чинь нүүрнээс цус гараад дотор муухайраад байхаар нь хүргэн ах Жамьянгараваар аймаг руу машинаа унуулаад аймгийн эмнэлэгт үзүүлж нүүрэндээ оёдол тавиулсан.” гэх, гэрч Б.Ичинхоролын “Муудалцаж байгаад Мягмар манай нөхөр Отгонбатын нүүрэн тус газарт нь пиво ууж байсан стаканаараа цохиж арагш унагасан. Тухайн үед стакан ч хагарсан байсан. Мягмар, Отгонбат хоёр арагшаа унахдаа нуруугаараа ардаа байсан хогийн саван дээр ойчсон. Манай нөхөр Отгонбат хогийн саван дээр нүүрээрээ биш нуруугаараа ойчсон” гэх, гэрч М.Отгонсумьяагийн “...Мягмар, Отгонбат 2 зэрэгцэж сууж байгаад гэнэт муудалцаад зууралдаад арагшаа ойчсон. ...Тэгээд босоод ирсэн чинь Отгонбатын нүүрнээс цус гарчихсан байсан. Тэр хоёрын ойчсон газарт хагархай аяга, хагархай хогийн сав байсан” гэх, шинжээч М.Баттүвшингийн “Үзүүлэгч Ц.Отгонбатын духны зүүн хэсэгт үүссэн гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүссэн. Харин хөмсөг болон доод зовхи хэсэгт үүссэн шарх нь 1 чиглэлд байх тул 1 удаагийн үйлчлэлээр хоёулаа үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь үзүүлэгч хуванцар хогийн сав мөргөж унах үед үүсэх боломжгүй бөгөөд уг гэмтлүүд нь ир, үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлийн улмаас үүссэн байх боломжтой” гэх мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.Мягмараас өөр хэн нэгэн этгээд хохирогч Ц.Отгонбатын бие махбодод халдсан талаарх баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч Г.Мягмарын хохирогч Ц.Отгонбатын нүүр рүү шилэн аягаар цохисон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан “дух, хөмсөг, зовхинд шарх” бүхий хөнгөн гэмтэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж дүгнэлээ.
Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй “өөрийн үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй, эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Мягмарын хохирогч Ц.Отгонбатын нүүр рүү нь шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь “дух, хөмсөг, зовхинд шарх” бүхий хөнгөн /гэмтэл/ хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Мягмарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хохирол төлбөр, шүүхээс оногдуулах ял шийтгэлийн талаар:
Хохирогч Ц.Отгонбат шүүх хуралдаанд “гомдол саналгүй” гэж мэдүүлж байх тул шүүгдэгч Г.Мягмарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Мягмарын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, улсын яллагч, өмгөөлөгч нарын санал зэрэгт дүгнэлт хийж шүүгдэгч Г.Мягмарт Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон оногдуулж, шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Г.Мягмар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.
Хохирогч У.Отгонбат хохирлын талаар ямар нэгэн баримт ирүүлээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заахаар шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мягмарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Салхит овогт Ганбатын Мягмарыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Салхит овогт Ганбатын Мягмарт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмарт нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мягмар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Мягмар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ц.Отгонбат гомдол саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ц.Отгонбат цаашид гарах хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заасугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мягмарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГАНБАЯР