Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 158

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Н би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороонд байрлах “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багт оршин суух, Б овогт Б.Л-т холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэг 5,102,213 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Б.Л нь тус компаниас 2018 оны 12 сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж 3,000,000 төгрөгийг, 4,9 хувийн хүүтэй 9 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд  зээл, хүүгийн эргэн төлөлтийг сар бүр төлж 2019 оны 09 сарын 01-ний өдөр дуусгах байсан. Гэвч Б.Л нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй ба өнгөрсөн хугацаанд 2019 оны 04 дүгээр сарын 19-нд 400,000 төгрөгийг төлсөн болно. 2020 оны 04 дүгээр сарын 20-ны байдлаар Б.Л-н үндсэн зээлийн үлдэгдэл 2,600,000 төгрөг, зээлийн хүү 2018.12.05-2019.09.01-ний өдрийг хүртэл 236 хоногийн хугацаанд нийт 1,002.213 /2,600,000*4,9 хувь/30*236 төгрөг алданги 2019.09.01-2020.04.20-ны өдрийг хүртэл 229 хоногийн хугацаанд 2,977,000 төгрөг ба Иргэний хуулийн 232-р зүйлийн 232.4-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 1,500,000 төгрөг, нийт 5,102,213 төгрөг байна. Иймд Б.Л-с зээлийн гэрээний үүрэгт 5,102,213 /таван сая нэг зуун хоёр мянга хоёр зуун арван хоёр/ төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч Б.Л нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б.Л нь “И” ХХК-ны нэхэмжилсэн 5,102,213 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Энэхүү төлбөрийг төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “И” ХХК-ны зүгээс Б.Л-н хариу тайлбартай танилцаж хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь хариуцагч Б.Л-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 5,102,213 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч Б.Л нь 5,102,213 төгрөгийг бүхэлд нь төлж барагдуулна гэсэн байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.

Нэхэмжлэгч И ХХК улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,585.41 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-с 96,585.41 төгрөгийг төлөх хувиас 50 хувь хөнгөлж 48,292.705 төгрөгийг, төрийн сангаас 48,292.705 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг 5,102,213  төгрөгийг хариуцагч Б.Л нь төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,585.41 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 48,292.705 төгрөг, хариуцагч Б.Л-с 48,292.705  төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “И” ХХК-нд олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ              Б.Н