Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 152

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч А.Ц би нэхэмжлэгч Д.Т-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.М-д холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 388,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 05 сарын 01-ний өдөр хүлээн авч, 2020 оны 05 сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 10 сарын 31-ний өдөр өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай Тоёота кроун маркийн автомашинаар улсын хил рүү ажил руугаа явж байхад 3-ын хаалт дээр машиныхаа баруун урд тал руу ... улсын дугаартай УАЗ-469 маркийн  автомшинд мөргүүлсэн. Үүний улмаас миний машинд кирло, гупер дугуйны эвдрэл гарсан. 2019 оны 11 сарын 01-ний өдөр хөрөнгийн үнэлгээний В компаниар  үнэлүүлэхэд 360,200 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Мөн үнэлгээний хөлс 28,000 төгрөг нийт 388,200 төгрөгийн хохирол учирсан. Мөргөсөн ... дугаартай машины жолооч Ө.М нь өнөөдрийг хүртэл  нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй утсаа авахгүй байна. Иймд надад учирсан  хохирол болох 388,200 төгрөгийг тухайн этгээдээс гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Т нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь автомашины хохирлыг Ө.М-с 388,200 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч Ө.М нь дээрх хохирлыг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Ө.М-с эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 388,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ө.М нь 2019 оны 10 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Д.Т-н эзэмшлийн ... улсын дугаартай тоёота кроун маркийн тээврийн хэрэгслийг мөргөж, улмаар 388,200 төгрөгийн хохирол учруулсан байх ба учирсан хохирлыг төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ө.М нь нэхэмжлэлийн шаардлага  болох 388,200 төгрөгийг  бүрэн төлж барагдуулсан талаарх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д.Т-н нэхэмжлэлтэй, хариуцагч Ө.М-д холбогдох эд хөрөнгөнд учирсан гэм хорын хохирол 388,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ө.М нь нэхэмжлэлийн шаардлага болох 388,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар  нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 12,296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь буюу 6,148 төгрөгийг улсын орлогоос, 50 хувь болох 6,148 төгрөгийг  хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ           А.Ц