Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 262

 

         Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэзуу даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Нэхэмжлэгч: “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

           Хариуцагч: Ж.С,

 

           Хариуцагч: Д.С нарт холбогдох

 

          “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд цалингийн зээлийн төлбөр үндсэн зээл    15 351 094,32 төгрөг, хуримтлагдсан хүү 1 593 013,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 628,84 төгрөг, нийт 16 952 736,94 төгрөг, кредит картын зээлийн төлбөр үндсэн зээл 4 992 504,67 төгрөг, хуримтлагдсан хүү 401 150,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 967,46 төгрөг, шимтгэл 250 төгрөг, нийт 5 471 872,35 төгрөг, нотариатын төлбөр 12 500 төгрөг, дээрх бүгд нийт 22 437 109,29 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Т”-ны Сүхбаатар салбарын Харилцааны ахлах менежер Ү.Б, хариуцагч Ж.С, Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.С, Д.С нар нь “Т”-ны Сүхбаатар салбараас цалингийн зээлээр 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Зээлийн хорооны хурлын 18/391 тоот шийдвэрийн дагуу 21 700 000 төгрөгийг жилийн 20,4 хувь /сарын 1,7 хувь/-ийн хүүтэй, 50 сарын хугацаатай, 270000572653 тоот зээлийн гэрээ, 270000572653 тоот үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан, кредит картын зээлээр 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Зээлийн хорооны хурлын 18/78 тоот шийдвэрийн дагуу 5 000 000 төгрөгийг жилийн 24-30 хувь /сарын 2-2,5 хувь/-ийн хүүтэй, 2 жилийн хугацаатай, 271400133401 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулан тус тус авсан.

 

           Дээрх хугацаанд үндсэн зээл 6 356 401,01 төгрөг, үндсэн хүү 7 817 707,81 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 177 165,40 төгрөг, шимтгэл 44 200 төгрөг, нийт 14 395 474,22 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл төлсөн байна.

 

          Зээлдэгч Ж.С нь тухайн үед “С” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан. Зээлээ 2019 оны 9 дүгээр сарын 30-наас хойш төлөөгүй,  ажлаасаа 2018 оны 10 дугаар сард гарсан, одоогоор хувийн бизнес хийж байгаа боловч зээл төлөх сонирхолгүй, “С” ХХК төлнө гэх боловч тухайн байгууллагын одоогийн удирдлага хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.

 

          Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд зээлдэгч зээлээ төлөх сонирхолгүй, ямар нэгэн зээлийн төлөлт хийгдэхгүй байгаа тул Тнаас авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, бусад зардлыг гаргуулан авах, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг боломжит барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргаж, зээлийн гэрээг цуцалж, зээлийн хүүг зогсоолгон, зээлийг эргүүлэн татах хүсэлтэй байна.

 

           Тны балансад 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар цалингийн зээлийн төлбөр үндсэн зээл 15 351 094,32 төгрөг, хуримтлагдсан хүү 1 593 013,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 628,84 төгрөг, нийт 16 952 736,94 төгрөг, кредит картын зээлийн төлбөр үндсэн зээл 4 992 504,67 төгрөг, хуримтлагдсан хүү 401 150,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 967,46 төгрөг, шимтгэл 250 төгрөг, нийт 5 471 872,35 төгрөг, нотариатын төлбөр 12 500 төгрөг, дээрх бүгд нийт 22 437 109,29 төгрөгийг зээлдэгч Ж.С, хамтран зээлдэгч Д.С нараас гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ү.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа; Дээрх зээлийн гэрээг хувь хүнтэй байгуулж, хувь хүний данс руу мөнгийг шилжүүлсэн. Тиймээс уг зээлийг хувь хүн өөрөө захиран зарцуулах эрхтэй. Хэдийгээр хувь хүнтэй гэрээ байгуулсан боловч байгууллагад энэ зээлийг зарцуулж байсан гэсэн учраас тухайн байгууллагаас энэ зээлийг шаардаж, тодорхой хэмжээнд зээлийг төлж байсан ч сүүлдээ төлөхгүй болсон учраас Ж.Сд энэ талаар хэлж шүүхэд хандана, чи энэ зээлийг төлнө гэж хэлж, зөвлөж байсан. Хариуцлага нь компанид биш Ж.Сд ирж байгаа. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

             Хариуцагч Ж.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие өөрийн орон сууц, эд хөрөнгийг барьцаалан Сүхбаатар аймаг дахь Тнаас 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээ байгуулан өөрийн нэр дээр 21 700 000 төгрөгийн цалингийн зээл авч байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан. Энэхүү мөнгийг би сар бүр өөрийн цалингаас төлж, 2018 оны 4 дүгээр сарын 03-наас 2018 оны 11 дүгээр сарын 03 хүртэл хугацаанд нийт 5 131 863 төгрөгийг төлсөн. Харин 2018 оны 12 дугаар сарын 03-наас 2019 оны 9 дүгээр сарын 03 хүртэл хугацаанд 6 418 639 төгрөгийн төлбөрийг “С” ХХК төлсөн. Зээлийн төлөлт болон банкны зүгээс гаргаж ирүүлсэн тооцоон дээр ямар нэгэн маргаан байхгүй. Ингэж байгууллагын нэрийн өмнөөс цалингийн зээл авч, байгууллагын үйл ажиллагаанд зарцуулчихаад өөрөө банкны зээлэнд орж, иргэд, байгууллагад өр төлбөртэй болон эцэстээ барьцааны хөрөнгө болох орон сууц, эд хөрөнгөөрөө хохирох нөхцөл үүссэн тул дээрх төлбөрийг “С” ХХК-иас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний зээлийн түүх, зарцуулалт, эргэн төлөлтийн нөхцөл байдлыг ч нэхэмжлэгч тал маш сайн мэдэж байгаа.

             Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 508 дугаар шийдвэр, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 04 дүгээр магадлалаар нийт 36 581 451 төгрөгийг “”С” ХХК-иас гаргуулж надад олгохоор шийдвэрлэсэн.

         Мөн “С” ХХК-ийн гүйцэтгэх захирал 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 40 дугаартай албан бичигтээ “түүнийг гүйцэтгэх захирал хийж байх хугацаандаа буюу 3 дугаар сарын 22-ны өдөр авсан цалингийн зээл, кредит карт болон бусад гэрээ байгуулан авсан зээлүүдийг 2018 онд багтаан төлөлт хийж дуусгавар болгоно” гэж төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн. Намайг ажлаа өгснөөс хойш одоог хүртэл уг кредит картыг Д.Гантулга өөрөө эзэмшиж, ашиглаж байгаа.  Энэхүү зээлүүд нь тус компанийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн “П” ХХК-ийн аудитын тайланд маш тодорхой тусгагдсан.

            Нэгэнт би байгууллагын нэрийн өмнөөс Ттай гэрээ байгуулж зээл авсан, энэхүү зээлийг байгууллагын үйл ажиллагаанд зарцуулж төлбөрийг С” ХХК-иас гаргуулах нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, компани ч төлбөрийг төлөхийг бичгээр хүлээн зөвшөөрч тодорхой хугацаагаар төлбөрийг төлж байсан зэрэг нөхцлүүд нь Тны зээлийн төлбөрийг би хариуцан төлөх үндэслэлгүйг нотолно гэжээ.

              

          Хариуцагч Ж.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цалингийн зээл миний хувийн дансанд орж бэлнээр зарлага гаргаж, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн. Тийм ч учраас 2 шатны шүүхэд ялалт байгуулсан боловч одоо тус маргаан хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Нэхэмжлэгч эвлэрэх боломжгүй орж ирж байгаа учраас эд хөрөнгийг хураах шийдвэр гарах байх. Энэ компанийг өнгөтэй өөдтэй яваасай гэж бодсоны үндсэн дээр ингэж зээл авч байсан. Кредит карт авах саналыг би өөрөө гаргаагүй. Банкны зүгээс уг картыг санал болгож би авсан. Харин картыг өгөхдөө ийм зүйл барьцааллаа гэж хэлээгүй. Тухайн үед би яаруу ажилтай явж байсан учраас гэрээг уншихгүй гарын үсэг зурсан. Намайг ажлаас халагдсанаас хойш 10 сарын хугацаанд компанийн зүгээс зээл, кредит картын зээлийг төлж байсан. Компанийн захирал П.Гантулга нь миний хэрэглэж байсан кредит картыг Таар дамжуулж авсан. Гэхдээ энэ карт миний нэр дээр байдаг. Цалингийн зээл, кредит картын зээлийг 2018 онд багтааж төлнө гээд “С” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 40 тоот албан бичиг хийж өгсөн гэв.

          

           Хариуцагч Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ж.С нь миний гэр бүлийн хүн юм. Байгууллагын үйл ажиллагаанд зориулан цалингийн зээл авах шаардлагатай байна. Чи хамтран зээлдэгчээр оролцох хэрэгтэй байна. Мөн орон сууц, гэрийн тавилгаа барьцаанд тавихаар боллоо гэхээр нь нөхрийнхөө ажлыг дэмжих үүднээс цалингийн зээл авах, өөрөө хамтран зээлдэгчээр орох, орон сууц, тавилгаа барьцаалахыг зөвшөөрч банкны гэрээн дээр гарын үсэг зурсан. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгууллагын төлөө авсан энэ зээлийн төлбөрийг төлөх гэж манайх бусдаас мөнгө зээлж, шүүх, шийдвэр гүйцэтгэх газар, банкинд удаа дараа дуудагдаж, гэр орон, эд хөрөнгөгүй болоход хүрч, эдийн засаг, сэтгэл санааны байнгын дарамтанд орж, ар гэрийн амьдрал ч сарниж бутрахад хүрээд байгааг шүүх анхааралдаа авна уу. Биднийг, манай гэр бүлийг энэ хүнд нөхцөл байдал, өрийн дарамтаас салгаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагч Д.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай нөхөр Ж.С “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа зээл авах саналыг надад 2-3 удаа хэлж байсан. Тиймээс хийж байгаа үйл ажиллагааг нь дэмжиж, зээл авахад гарын үсэг зурсан. Энэ зээлээс манайх нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Зээлийг төлөхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ “С” ХХК-иар дамжуулж төлнө гэв.

    

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                ҮНДЭСЛЭХ нь:

         

           Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч Ж.С, Д.С нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд цалингийн зээлийн төлбөр үндсэн зээл 15 351 094,32 төгрөг, хуримтлагдсан хүү 1 593 013,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 628,84 төгрөг, нийт 16 952 736,94 төгрөг, кредит картын зээлийн төлбөр үндсэн зээл 4 992 504,67 төгрөг, хуримтлагдсан хүү 401 150,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 967,46 төгрөг, шимтгэл 250 төгрөг, нийт 5 471 872,35 төгрөг, нотариатын төлбөр 12 500 төгрөг, дээрх бүгд нийт 22 437 109,29 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

           Хариуцагч Ж.С нь цалингийн зээл авсан нь үнэн. Миний хувийн дансанд мөнгө орж бэлнээр зарлага гаргаж, компанийн үйл ажиллагаанд зарцуулсан нь үнэн. Энэ компанийг өнгөтэй өөдтэй яваасай гэж бодсоны үндсэн дээр ингэж зээл авч байсан. Кредит карт авах саналыг банкны зүгээс гаргасныг миний бие хүлээн зөвшөөрч авсан. Тухайн үед би гэрээг уншихгүйгээр гарын үсэг зурсан. Намайг ажлаас халагдсанаас хойш 10 сарын хугацаанд компанийн зүгээс цалингийн зээл, кредит картын зээлийг төлж байсан. Энэ карт миний нэр дээр байдаг. Цалингийн зээл, кредит картын зээлийг 2018 онд багтааж төлнө гээд “С” ХХК 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 40 тоот албан бичиг хийж өгсөн. Энэ нэхэмжлэлтэй хамаарал бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн 2 шатны шүүхийн шийдвэрээр байгууллагын үйл ажиллагаанд зарцуулсан гэх зээл, зээлийн хүүгийн төлбөрийг “С” ХХК-иас гаргуулан надад олгохоор шийдвэрлэсэн.  Одоогоор тус хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

            -хариуцагч Д.С нь манай нөхөр Ж.С “С” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа дээрх цалингийн зээлийг авч байсан ба миний хувьд компанийнх нь үйл ажиллагааг дэмжиж, зээл авахад нь хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Энэ зээлээс манайх нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Зээлийг төлөхгүй гэж хэлэхгүй. Гэхдээ “С” ХХК-иар дамжуулж төлнө гэж маргажээ.

    

           Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

          Хэргийн баримтаас үзэхэд “Т” ХХК болон хариуцагч Ж.С, Д.С нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 270000572653 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк нь 21 700 000 төгрөгийг жилийн 20,4 /сарын 1,7/ хувийн хүүтэй, 50 сарын хугацаатай зээлдүүлэхээр,

 

          мөн “Т” ХХК болон хариуцагч Ж.С нарын хооронд 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 271400133401 тоот кредит карт эзэмших гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр тус банк нь 5 000 000 төгрөгийг бэлэн гүйлгээний хүү жилийн 30 хувь, бэлэн бус гүйлгээний хүү 24 хувьтай байхаар, 2 жилийн хугацаатай зээлдүүлэхээр талууд тус тус харилцан тохиролцсон байна.

         Дээрх үйл баримт нь талуудын хооронд байгуулсан 270000572653 тоот барьцаат зээлийн гэрээ, барьцаат зээлийн гэрээний хавсралт, 270000572653 тоот үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, 22-2084 тоот барьцаалбар, 000236999 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлдэгч нараас гаргасан зээл хүссэн өргөдөл, нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, зээлийн гэрээний үүрэг биелүүлэх нэмэлт хугацаа олгох мэдэгдэл, 271400133401 дугаартай кредит карт эзэмших гэрээ, гэрээний хавсралтын хуулбар, нотариатын зардал төлсөн баримт, зохигчдын тайлбар зэргээр нотлогдсон бөгөөд талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2.-т заасан шаардлагыг, мөн түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр, тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ болжээ.

         

            Нэхэмжлэгч нь гэрээний зүйл болох 21 700 000 төгрөгийг хариуцагчийн дансанд, кредит картыг  хариуцагчийн эзэмшилд шилжүүлсэн, зээлийн гэрээний зүйлийг хариуцагч нар хүлээн авсан, гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөх хуваарь, зээл, хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэг үйл баримтад маргаагүй.

 

           Хариуцагч Ж.С, Д.С нар зээлийн буцаан төлөлттэй холбогдуулан “С” ХХК-ийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн П” ХХК-ийн дүгнэлт, Ж.Сы нэхэмжлэлтэй “С” ХХК-д холбогдох 39 263 451 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэсэн Сүхбаатар аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.17-ны өдрийн 508, Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.11-ний өдрийн 00004 дугаартай магадлал зэргийг үндэслэн маргасан боловч дүгнэлт, дээрх хэргийн нэхэмжлэлийн шаардлага энэ хэргийн нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй, уг шийдвэр, магадлалтай иргэний хэрэг хяналтын шатны шүүхэд хянагдаж байгаа бөгөөд хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлоогүй байна.

 

           Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй” байхаар заасан тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй.

 

           Талуудын хооронд байгуулагдсан барьцаат зээлийн гэрээний хугацаа 2022 оны 5 дүгээр сарын 03-ны өдөр дуусах, нэхэмжлэгч болон хариуцагч Ж.С нарын хооронд байгуулагдсан кредит карт эзэмших гэрээний хугацаа 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр дууссан боловч хариуцагч зээлийн гэрээгээр хүлээсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь гэрээ цуцлахыг шаардах эрхтэй бөгөөд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасантай нийцсэн байна.

 

           Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд хариуцагч нар зээлийн гэрээгээр тохиролцсон төлбөр төлөх үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасан тул хариуцагч нар зээлийн гэрээний дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөгдөхгүй юм.

 

          Иймд шүүх цалингийн зээлийн төлбөр үндсэн зээл 15 351 094,32 төгрөг, хуримтлагдсан хүү 1 593 013,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 628,84 төгрөг, нийт           16 952 736,94 төгрөгийг хариуцагч Ж.С, Д.С нараас, кредит картын зээлийн төлбөр үндсэн зээл 4 992 504,67 төгрөг, хуримтлагдсан хүү 401 150,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 967,46 төгрөг, шимтгэл 250 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 5 484 372,35 төгрөгийг  хариуцагч Ж.Саас тус тус гаргуулахаар шийдвэрлэв.

 

           Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээгээр барьцаалсан эд хөрөнгийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд талууд барьцаат зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр 270000572653 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч Ж.Сы өмчлөлийн Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт орших “Боловсрол” хорооллын 6-4 тоот хаягт байрлах, 64 м2 талбайтай, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-1213003028 дугаартай орон сууц, цалин, хөргөгч, өнгөт зурагт, буйдан, гал тогооны стинк зэргийг, кредит карт эзэмших гэрээний барьцаанд цалин, хөргөгч, өнгөт зурагт, буйдан зэргийг тус тус барьцаалжээ.

 

           Хариуцагч нар барьцаат зээлийн гэрээ байгуулсан талаараа маргаагүй, зохигчдын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д заасан шаардлагыг тус тус хангасан хүчин төгөлдөр хэлцэл байх тул хариуцагч үүргээ гүйцэтгэхгүй буюу зохих ёсоор гүйцэтгэхгүй бол барьцааны зүйл болох эд хөрөнгийг албадан худалдаж, түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

           Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 135 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 270 135 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт баримтлан хариуцагч Ж.С, Д.С нараас цалингийн зээлийн төлбөр үндсэн зээл 15 351 094,32 төгрөг, хуримтлагдсан хүү 1 593 013,78 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 8 628,84 төгрөг, нийт 16 952 736,94 төгрөгийг, хариуцагч Ж.Саас кредит картын зээлийн төлбөр үндсэн зээл 4 992 504,67 төгрөг, хуримтлагдсан хүү 401 150,22 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 77 967,46 төгрөг, шимтгэл 250 төгрөг, нотариатын зардал 12 500 төгрөг, нийт 5 484 372,35 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Т” ХХК-д олгосугай.

 

         2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл гэрээ тус бүрийн барьцааны зүйл болох хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 270 135 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 270 135 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

           4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ц.ЭРДЭНЭЗУУ