| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2019/00428/и |
| Дугаар | 133/ШШ2020/00090 |
| Огноо | 2020-01-24 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 133/ШШ2020/00090
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** сумын 5-р баг,***ад оршин суух, Д овогт Х-ийн Н-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын 2-р баг, 0 тоотод оршин суух, Х овогт Ж-ын Х-эд холбогдох,
Эцэг тогтоолгож, 2 хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Х.Н, хариуцагч Ж.Х, нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х-ийн Н миний бие 2013 онд Хүрэлсүхтэй танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд Н-гийн Н 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, Н-гийн Г 2019 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Бид хамтран амьдрах явцдаа гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан учраас би хүүхдүүдээ өөрөөрөө овоглосон юм. Бага хүүхдээ төрснөөс хойш нэг удаа эргэн ирсэн, ирэхдээ миний хүүхэд биш гэж зодоод, ирээгүй байж байгаад өнөө өглөө ирж зодсон учир үүнээс хойш хамтран амьдрах хүсэлгүй байна. Миний охин Н, хүү Г нарын эцэг мөн болохыг тогтоож, хүүхдүүдийг минь миний асрамжид үлдээж, хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү. Хүүгээ миний хүүхэд биш гээд намайг 2-3 удаа зодож байсан. Архи уухаараа ирээд зодоод дарамтлаад байдаг. 2 хүүхдийнхээ эцэг тогтоолгож, тэтгэлэг тогтоолгоод энэ хүнээс хол амьдрах бодолтой байна. Одоо тусдаа амьдарч байгаа. Би дөрвөн хүүхэдтэйгээ энэ хүнээс тусдаа амьдраад явж чадна. Энэ хүний гэрт амьдардаг. Архи уухаараа ирээд гэрээ авна, хүүхдүүдээ авна гэдэг. Би энэ хүнд 2 хүүхдээ өгч чадахгүй. Нэг нь 6 сартай, нэг нь 4 настай. 12 сард гэхэд 4 удаа согтуу ирээд 2 удаа шүүх хурлаар орсон гэв.
Хариуцагч Ж.Х шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Ж.Х миний бие нь Х.Н-тай 2014 оны 06 сарын 31-нд хуримаа хийснээс хойш 2018 оны 08 дугаар сар хүртэл хамтран амьдрах болсон бөгөөд манай эхнэр Н нь гэрлэлтээ батлуулах гэхээр батлуулдаггүй байсан. Биднийг хамтран амьдрах хугацаанд охин Н 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн. Тусдаа амьдрах болсоны дараа хүү Ганбаяр 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн. Х.Н нь хүүхэд төрсөн цагаас хойш чиний хүүхэд биш гэдэг учир би эргэлзэж байна. Миний бие нь хувиараа хүний мал маллаж амьдардаг бөгөөд голчлон хөдөө тусдаа амьдардаг. Хаяа гэртээ ирэхээр цагдаа дуудаад өгчихдөг, эсвэл хөөж туугаад байдаг. Тиймээс ээжийндээ байдаг байсан. Харин охин Н-гийн тэтгэлэгийг төлөхийг зөвшөөрч байна. Би энэ хүнтэй 2014 оноос хойш хамтран амьдарч байна. 2015 онд нэг охинтой болоод энэ жил нэг хүүтэй болсон. Манайх нийт 4 хүүхэдтэй. Ноднин жилээс хойш намайг гэрт очихоор хөөгөөд байдаг болсон. Хоёр хүүхдийн эцэг тогтоолгох асуудал дээр маргаан байхгүй. Би охиноо өөрөө угжиж хүн болгосон. Охин, хүү хоёроо өөр дээрээ авах саналтай байна, тэтгэлэг төлөх боломжгүй. Ээжтэйгээ хүний мал хариулж өдрийн хоолоо олдог. Хүүхдүүдээ өнчрүүлмээргүй байна. Би эхнэрээсээ салмааргүй байна. Хамтдаа хүүхдүүдээ өсгөөд хамтран амьдрах хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Х.Н-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Ж.Х-эд холбогдуулан охин Нямаагийн Намуунаа, Нямаагийн Ганбаяр нарын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжилжээ.
Нэхэмжлэгч Х.Н нь хариуцагч Ж.Хтэй 2014 оноос хамтран амьдарч, 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, охин, Нямаагийн Намуунаа, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү, Нямаагийн Ганбаяр нарыг төрүүлсэн болох нь зохигчдын тайлбар, 8201000169, 8201000199 дугаартай төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбаруудаар, Говь-Алтай аймгийн Марал-Алтай өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын 1 дүгээр цэцэрлэгийн 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 71 дугаартай тодорхойлолт, Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багийн Засаг даргын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 198 дугаартай тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүсэх бөгөөд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй, 25 дугаар зүйлийн 25.3-т хүүхдийн ашиг сонирхлыг хамгаалах үүргийг эцэг, эх хүлээхээр, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй болно.
Хариуцагч Ж.Х нь хоёр хүүхдийн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрсөн тул Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, охин, Н-ийн Н, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү, Н-ийн Г нарын эцэг хариуцагч Х овогт Ж-ын Х мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэжээн тэтгэх үүрэгтэй тул эцэг Ж.Х-ээс тэтгэлэг гаргуулан охин Н-гийн Н, хүү Н-ийн Г нарыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Ж.Х эцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Х.Н-д үүрэг болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Н-г улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 124.203 төгрөгийг гаргуулан улсын орлогот оруулах нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2015 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр, охин, Н-гийн Н, 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүү, Н-гийн Г нарын эцэг хариуцагч Х овогт Ж-ын Х мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан Н-ийн Н, хүү Н-гийн Г нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Х овогт Ж-ын Х-ээс тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Н-г улсын тэмдэгтийн хураамжаас төлөхөөс хүсэлтээрээ чөлөөлөгдсөн бөгөөд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ж.Х-ээс улсын тэмдэгтийн хураамжид 124.203 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар хариуцагч Х.Х эцэг байх үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Х.Н-д үүрэг болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН