| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 183/2018/2041/И/ |
| Дугаар | 1115 |
| Огноо | 2018-05-14 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 1115
“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00580 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “ПТ” ХХК-д холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,
шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ч.Баттулга,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Ж.Батзоригт
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батхүү,
Хариуцагчийн өмгөөлөгч: Х.Нямдэлгэр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Энэрэл нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани “ПТ” ХХК-тай 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж 2016 оны 7 сарын 19-ний өдрөөс 2016 оны 7 сарын 30-ны хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд байрлах Танан төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шалны 634 м.кв талбайг засварлаж будаж янзлах тэмдэг тэмдэглэгээг хийх ажлыг гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж ажил гүйцэтгэсний хөлсөнд 18 000 000 төгрөг төлөхөөр тохиролцож төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Тус гэрээг байгуулахдаа гэрээнд тусгагдсан материалаар уг ажлыг чанарын өндөр түвшинд стандарт норм нормативыг баримтлан хийж гүйцэтгэхээр тохиролцон 1 жилийн баталгаа өгсөн боловч 2 сар ч хүрэлгүй 2016 оны 9 сараас шал хуурч ховхорч талбай нь хэвийн ашиглагдах боломжгүй болж эхэлсэн. Уг асуудлыг “ПТ” ХХК-д мэдэгдэж сэргээн засварлахыг 2017 оны 1 сарын 10-ны өдрөөс удаа дараа амаар болон бичгээр хүсэлт өгч байсан боловч одоог хүртэл засч янзлахгүй бидний ажилд маш их хүндрэл учруулж үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүй байдалд хүрээд байна. ”О” ХХК нь 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасан бөгөөд дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн “ПТ” ХХК-иас гэрээгээр хүлээсэн үүргээ зохистой гүйцэтгээгүй тул гэрээний 2.3, 4.5-д заасны дагуу гэрээний үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсний дагуу анз тооцон 9 000 000 төгрөг гаргуулах, “ПТ” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилгын гараашийн шалны ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж дуусгаж, хүлээлгэн өгөхийг даалгаж өгөх гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Харин уг компани одоо болохоор манай буруугаас болоогүй гэж маргаж байгаа тул бид ажлыг муу хийдэг байгууллагаар дахин хийлгэх сонирхолгүй байгаа тул “ПТ” ХХК-иар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдолыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “О” ХХК-ийн хүсэлтээр 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж манай компани “Танан” төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шалны 634 м.кв талбайг Солонгос Улсын КСС брэндийн эпокси будгаар будаж тэмдэг, тэмдэглэгээг хийх ажлыг гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд, доголдолгүй, зохих ёсоор хийж гүйцэтгэж 2016 оны 8 сарын 03-ны өдөр ажил хүлээлцэх акт бичгээр үйлдэж “О” ХХК албан ёсоор хүлээн авч гэрээгээр тохиролцсон ажлын хөлсийг бүрэн төлж барагдуулсан. Ийнхүү талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн биелэлт бүрэн хангагдаж дуусгавар болсон байтал “О” ХХК нь гэрээнээс учирсан гэм хорын хохиролд 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. “Танан” төвийн оффис үйлчилгээний барилгын гараашийн шал хуурч ховхорсон нь манай компанийн хийж гүйцэтгэсэн ажилтай огт хамааралгүй бөгөөд тухайн үед нэхэмжлэгч компанийн гаргасан алдаатай шийдвэрээс болж үүссэн хагарал ховхрол юм. Тодруулбал, дээрх үйлчилгээний төвийн гараашийн будгийн ажил чанарын шаардлага бүрэн хангасан бөгөөд гагцхүү уг будгийг тавьсан суурь бетоны чанараас шалтгаалж тухайн гараашийн шаланд хагарал, хуурал үүссэн. Гэтэл нэхэмжлэгч “О” ХХК нь тухайн үед зардлаа хэмнэж чанарын шаардлага хангахгүй талбай дээр будаг хийлгэсэн үйлдлээсээ болж учирсан хохирлыг манай компаниас нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу барилгын гараашийн шалны засварын ажлыг хийж гүйцэтгэсэн байхад анз тооцсоныг ойлгохгүй байна. Харин гэрээнд заасан ажлыг бүрэн хийж гүйцэтгээд ажил хүлээлцсэн актаа хоёр талаасаа гарын үсэг зураад ажлаа хүлээлцсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн хариуцагч ”ПТ” ХХК-д холбогдох 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “ПТ” ХХК-д холбогдуулан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж барилгын гараашийн шалны ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж, дуусган хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, энэ хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Отана ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 247 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хууль зүйн үндэслэлтэй дүгнээгүй хуулийг буруу тайлбарлан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шийдвэрийн үндэслэх хэсэгт тодруулбал гэрээний уг заалтуудыг гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй байна гэж шүүх дүгнэв. Дээрхийг нэгтгээд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байна гэжээ. Шүүх иргэний хуулийн ямар заалтыг үндэслэж тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч 2018 оны 1 дүгээр сарын 03-нд шинжээч томилуулах хүсэлт гаргасан байна. Шүүгчийн 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах захирамж гаргасан. Тухайн шүүх хуралдаанд иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Батхүү өмгөөлөгчийнхөө шинжээч томилуулах хүсэлтийг дэмжиж оролцсон. Шүүхээс хариуцагчийн зүгээс шүүхийн шийдвэрийг баталгаажуулах, хөрөнгө битүүмжлэх шүүгчийн захирамжид гомдол гаргасан тул шүүх хуралдааныг хойшлуулсан. Шүүхийн шүүгчийн 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн захирамжаар шүүх хуралдааныг хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчид танилцуулах шаардлагатай гэж дахин хойшлуулсан. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар хүсэлтийг шийдвэрлэх заалтыг зөрчсөн. Харицагчийн өмгөөлөгчийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй байхад итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дахин шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй. Хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэрийн шинжээч томилуулах хүсэлтийг шүүх шийдвэрлэхгүй процессын алдаа гаргасан. Мөн түүнчлэн хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгчөөсөө татгалзсан ямарч нотлох баримт болон хүсэлт гаргаагүй хавтаст хэрэгт байхгүй болно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид өмгөөлөгчөөс татгалзах шүүх хуралдаанд оролцуулахгүй байх эрх олгогдоогүй байна. Шүүхээс хариуцагчийн өмгөөлөгч Х.Нямдэлгэртэй эрх зүйн туслалцааны гэрээг “ПТ” ХХК-ийн захирал Ж.Оджаргал байгуулсан байхад оролцох эрхийг шалгаагүй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхэд хариуцагч өмгөөлөгчөөсөө татгалзсан эсэх нь тодорхойгүй талаар тайлбар хэлсэн боловч шүүх анхаарч хүлээж авч хэлэлцээгүй болно. Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэсэн байх боловч хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч “О” ХХК нь хариуцагч “ПТ” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 18 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчилж, ажил гүйцэтгэх гэрээний торгуульд 9 000 000 төгрөг гаргуулах, барилгын ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж өгөхийг даалгуулах шаардлага гаргасан ба шүүх хуралдаанд барилгын ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлаж өгөхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзжээ.
Зохигчид 2016 оны 7 сарын 19-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч “ПТ” ХХК нь “Танан” төвийн барилгын гараашийн шалны 634 м.кв талбайг будаж, тэмдэг тэмдэглэгээг 2016 оны 7 сарын 30-ны өдрийн дотор хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч “О” ХХК нь 18 000 000 төгрөгийн ажлын хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан чанарын дагуу гүйцэтгээгүй тул гэрээний 2.3, 4.5-д тус тус зааснаар торгууль 9 000 000 төгрөг гаргуулна” гэж тайлбарласан нь үндэслэлгүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Тодруулбал, талуудын байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний 2.3, 4.5 дэх хэсэгт ажлын үр дүн хүлээлгэн өгөх, төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн тохиолдолд анз тооцох үүргийг тодорхойлсон байх бөгөөд нэгэнт хүлээн авсан ажлын доголдлыг арилгаагүй тохиолдолд гүйцэтгэгчээс захиалагч анз шаардах эрх олгосон тохиролцоо биш байна.
Нөгөө талаар, талуудын байгуулсан гэрээний 4.5-д заасан торгууль төлөх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дэх хэсэгт заасан шаардлага хангаагүй буюу гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үнийн дүнгийн тодорхой хувиар торгууль төлөх тухай тохиролцоо гэж үзэх боломжгүй байна.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсгийг зөв хэрэглэсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчийн барилгын ажлын доголдлыг өөрийн хөрөнгөөр засварлахыг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэхдээ зохих хуулийн заалтыг баримтлаагүй, нэхэмжлэгчийн анз шаардсан шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ баримталбал зохих хуулийн зохицуулалт баримтлаагүйг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчлөв.
Нэхэмжлэгчийн анз шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг шүүхээс хэрэгсэхгүй болгон, ажлын доголдлыг засварлуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж шийдвэрлэсэн нь гүйцэтгэгчийн гүйцэтгэсэн ажлын доголдолтой холбоотой бусад шаардах эрхээ хэрэгжүүлэхэд энэ шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2018/00580 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 ...” гэсний дараа “232 дугаар зүйлийн 232.5” гэж нэмж,
2 дахь заалтын “Нэхэмжлэгч Отана ХХК нь ...” гэсний өмнө “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар” гэж тус тус нэмж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА
Г.ДАВААДОРЖ