Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00236

 

 

2022 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/00236

 

 

 

Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2020/00168 дугаар шийдвэр,

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалтай,

 

Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн нэхэмжлэлтэй,

Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдох

 

Дулааны үндсэн төлбөр 5,275,600 төгрөг, алданги 2,637,800 төгрөг, нийт 7,912,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч Хөвсгөл дулааны станц ТӨХК нь хариуцагч Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдуулан дулааны үндсэн төлбөр 5,275,600 төгрөг, алданги 2,637,800 төгрөг, нийт 7,912,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 155/ШШ2020/00168 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл Дулааны станц төрийн өмчит хувьцаат компаний нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдох дулааны үндсэн төлбөр 5,275,600 төгрөг, алданги 2,637,800 төгрөг, нийт 7,912,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

 

3. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалаар: Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 168 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд:

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 15 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Магадлалын үндэслэх хэсэгт Хэргийн оролцогчоор байгууллага оролцож байгаа тохиолдолд түүнийг удирдах албан тушаалтан эсхүл итгэмжлэлээр бүрэн эрх олгогдсон этгээд төлөөлнө. Б.Анар-Эрдэнэ нь Эрхэс худалдаа үйлчилгээний төвийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд болохоо нотлох баримтыг шүүхэд гаргаагүй...Иймд түүний томилсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хариуцагчийг төлөөлөх эрх бүхий, хуульд заасан журмын дагуу томилогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд ийм төлөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, давж заалдах шатны шүүх нь дээрх хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Улсын дээд шүүхийн 2004.10.12-ны өдрийн Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх зарим асуудлын тухай зөвлөмжийг анхаарч үзсэнгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т зааснаар Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичгийг шүүхэд үзүүлнэ гэж заасан. Энэхүү зохицуулалтад нийцэх Хөвсгөл Дулааны станц ТӨХК, Эрхэс ХҮТ нарын хооронд байгуулагдсан 2018.10.05-ны өдрийн Дулааны эрчим хүчээр хангах гэрээний БАТЛАВ хэсэгт Эрхэс ХҮТ-ийн эзэн Анар-Эрдэнэ гэж гарын үсгээ зуран зөвшөөрч, Хөвсгөл Тэвхэн ХХК-ийн тамга тэмдгээр баталгаажуулсан баримт хавтаст хэргийн материалд авагдсан байдаг. Тэр ч утгаараа Эрхэс ХҮТ-ийн эзэн Б.Анар-Эрдэнэ нь төлөөлөгчөөрөө дамжуулан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо хамгаалуулахаар итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох тухай баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нь хуульд нийцсэн гэж үзэж байна. Мөн тус магадлалд ..."Эрхэс худалдаа үйлчилгээний төвөөс дулааны төлбөр нэхэмжилсэн байхад...Тэвхэн хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал болон Хөвсгөл дулааны станц Төрийн өмчит хувьцаат компани хоорондоо харилцаж байсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн нь ойлгомжгүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6 дахь хэсэгт зааснаар "Хуулийн этгээдийн салбар, төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй байна" гэж заасан бөгөөд хариуцагч байгууллагын зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрхэс ХҮТ-ийг Худалдаа үйлчилгээний Хөвсгөл Тэвхэн ХХК-ийн салбар болохыг тодорхой тайлбарлаж, холбогдох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгч хариуцагчийн эрх зүйн байдлыг тодруулж байсан. Нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн зүгээс хариуцагч Эрхэс ХҮТ болон Худалдаа үйлчилгээний Хөвсгөл Тэвхэн ХХК-ийг харилцан хамааралтай эсэх дээр буюу хариуцагчийг жинхэнэ хариуцагчаар солих талаар хүсэлт гаргаж маргадаггүй. Харин ч Эрхэс ХҮТ-ийг Худалдаа үйлчилгээний Хөвсгөл Тэвхэн ХХК-ийн салбар мөн болохыг хүлээн зөвшөөрсөн байдаг нь хавтаст хэрэгт авагдсан Худалдаа үйлчилгээний Хөвсгөл Тэвхэн ХХК-ийн 2019.03.29-ний өдрийн 03\02 дугаартай албан бичгийн хариу болох 2019.04.25-ны өдрийн 228 дугаартай ...тоолуураар тооцоо хийх Эрхэс, Тэвхэн худалдаа үйлчилгээний халаалтын узельд үзлэг хийсэн тухай... албан бичгээр нотлогддог. Гэтэл Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь дээрх нөхцөл байдлыг анзаарахгүйгээр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт заасан Нэхэмжлэгч, хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, эсхүл зөвшөөрөөгүй бол шүүх хариуцагчийг сольж болохгүй. гэх заалтыг зөрчиж ...жинхэнэ хариуцагч ямар байгууллага болохыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй..." гэх хариуцагчийн эрх, хууль ашиг сонирхолд хохиролтой шийдвэр гаргасанд гомдолтой байна. Түүнчлэн ...Нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргах хугацааг сэргээсэн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.20-ны өдрийн 1688 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байх тул хариуцагчийг хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргасан гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.20-ны өдрийн 1688 дугаартай Давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх тухай захирамжийг илт хууль бус гэж үзэж байгаа болно. Тус шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт ...харгалзан үзэж болох нөхцөл байдал бүрдсэн буюу хүндэтгэн үзэх шалтгаан бий болсон байна гэж дүгнэн, хүсэлтийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд холбогдох тайлбарыг хүргүүлсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх дээрх тайлбарт ач холбогдол өгөлгүйгээр нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц ТӨХК-ийн давж заалдах гомдол гаргахад гаргасан алдаа зөрчлийг арилган, дахин давж заалдах гомдол гаргаж байгаа нь давж заалдах гомдол гаргах хугацаа сэргээх үндэслэлд хамаарахгүй, хүндэтгэн үзэх шалтгаан биш байтал хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хуулийн хүчин төгөлдөр үндэслэлээр хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргасан... гэж дүгнэсэн зэрэг хэт нэг талыг барьсан, үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.22-ны өдрийн 15 дугаар магадлалыг хүчингүй болгож, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.01.22-ны өдрийн 155\ШШ2020\00168 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

6. Нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэс худалдаа үйлчилгээний төвд холбогдуулан дулааны төлбөр 5,275,600 төгрөг, алданги 3,350,001 төгрөг, нийт 8,625,601 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба алдангийг хуульд нийцүүлэн багасгаж 7,912,800 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, ...дулааны эрчим хүчээр хангах гэрээний 3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт ... гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэнээс бусад тохиолдолд гэрээнд заасан дулааны эрчим хүчийг авахгүй болсон тохиолдолд энэ тухайгаа дулааны эрчим хүчээр хангагчид 7 хоногийн өмнө мэдэгдэх үүрэгтэй гэж заасны дагуу дулаанаа салгуулах талаар удаа дараагийн хүсэлтүүдийг Хөвсгөл Дулааны станц ТӨХК-д хүргүүлсэн боловч бидний хүсэлт саналыг хүлээж аваагүй, ...өөртөө туслах арга хэмжээ авч дулаанаа салгасан учир хэрэглээгүй дулааны төлбөр болон алдангийг төлөх үүрэггүй гэж маргажээ.

 

7. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасныг зөрчөөгүй тул магадлалыг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

 

8. Давж заалдах шатны шүүхийн магадлалд ...Б.Анар-Эрдэнэ нь Эрхэс худалдаа үйлчилгээний төвийг удирдах, төлөөлөх эрх бүхий этгээд болохыг нотлох баримт байхгүй, Эрхэс худалдаа үйлчилгээний төвийн дулааны төлбөр, халаалт хаалгах талаар Тэвхэн

ХХК-ийн захирал болон Хөвсгөл дулааны станц ТӨХК-ийн хоорондоо харилцаж байсан баримт маргааны үйл баримтад хэрхэн хамаарах талаар тодруулах шаардлагатай... гэж үзсэн нь үндэслэлтэй, түүнчлэн нэхэмжлэгч Хөвсгөл Дулааны станц ТӨХК нь яагаад шугам салгахыг зөвшөөрөөгүй, хариуцагч байгууллага хэзээ шугамыг салгасан, ийм байхад хариуцагч яагаад дулааны төлбөр төлөх үүрэгтэй талаар нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулаагүй, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй тохиолдолд хууль хэрэглээний асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 15 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 141,555 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ

П.ЗОЛЗАЯА

Б.МӨНХТУЯА

Д.ЦОЛМОН