Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 128/ШШ2022/0268

 

 

 

 

 

2022         04           08                                     128/ШШ2022/0268

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ц.Н**********

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/***** дугаар захирамжийн А***** газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Х******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А******** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч шүүхэд анх гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ: “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/372 дугаар захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд дараах хууль зүйн үндэслэлээр уг захирамжийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хууль бус захирамжаа цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад асуудалд хойрго хандаж асуудлыг шийдэхгүй бусдад шилжүүлсээр өнөөдрийг хүрлээ.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 2/1503 тоот хариунд дээрх газар нь газрын кадастрын мэдээллийн сангийн 2021 оны 8 дугаар сарын зурган мэдээлэлд нэгж талбарын 15******* дугаар бүхий 390 м.кв талбайгаар иргэн Ц.Н********** нэр дээр газар эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газрын орц, гарцыг баруун хойд талаараа хаасан гэдгийг нотолсон тодорхой хариуг өгсөн болно. Иргэний амгалан тайван амьдрах нөхцөл байдлыг алдагдуулсан мөн галын аюул гарах, түргэн тусламж авах бусад эрсдэл гарахад ямар ч арга хэмжээ авах боломжгүй болгож дур мэдэн хууль бус газар олгосон байна.

Чингэлтэй дүүргийн Газар зохион байгуулалтын алба орц, гарц хаасан асуудлыг шийдвэрлэх боломжтой байна гэсэн хариу өгдөг. Захирамж цуцлах талаар ямар ч хариу өгөөгүй. Захирамжийн хуулбарыг гаргуулъя гэсэн хүсэлт өгөхөд гаргаж өгөх боломжгүй гэсэн хариуг амаар өгсөн. Эцэст нь Газар зохион байгуулалтын албаны дарга захиргааны хэргийн шүүхээр шийдүүл гэсэн хариу өгсөн.

Айлуудын машинаар гэр рүүгээ орох, гарах орц, гарц машин явах шороон зам, урсаж байгаа горхи хааж, 3-4 айлуудын өмнөх газруудыг хааж иргэн А хууль бус газар олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм. Айл өрхүүдийн өндөр настан ахмадууд хууль бус газар олгосонд гомдож, арга учраа олохгүй өнөөдрийг хүртэл явна.

Иргэн Ц.Н********** 30-40 жил амьдарч байсан эмээ, өвөөгийн амьд байх үедээ хашаалсан ногооны талбайг хууль бусаар луйвардаж газар олгосон нь хууль бус, харгис үйлдэл гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 29.1, 29.2-т заасныг ноцтой зөрчиж газар олгосон болно. Чингэлтэй дүүргийн Засаг даргад 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хууль бус захирамжаа цуцалж өгнө үү гэсэн хүсэлт гаргахад асуудалд хойрго хандаж, шийдэхгүй Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд асуудлыг шийдүүлэх маягаар шилжүүлдэг. Тус газрын хариу тоотод захирамжийг цуцлах талаар юу ч дурьддаггүй гарц, орц гаргах боломжтой гэсэн ойлгомжгүй хариуг өгдөг юм.

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2, Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5, 6 дугаар зүйлийн 6.2, 33 дугаар зүйлийн 33.1.6, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдийг тус тус ноцтой зөрчсөн байна.

Иймд дээрх байдлуудыг харгалзан үзэж Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/37* тоот захирамжаар газрыг хууль зүйн үндэслэлгүй олгосон байх тул газрын мэдээллийн сангаас устгаж, газар эзэмших захирамжийг дуусгавар болгон хүчингүйд тооцож өгнө үү.” гэжээ.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэгдүгээрт: Нэхэмжлэгчийн ногооны талбай байсан газрыг авсан учраас шүүхэд хандсан. Хоёрдугаарт: Газар олгож болно, гэхдээ газар олгохдоо хүний эрх ашгийг хохироож, боогдуулах байдлаар газар олгосон Чингэлтэй дүүргийн Засаг даргад анх гомдлоо гаргасан. Тухайн гомдлыг гаргахдаа доод шатнаас эхлэн дээд шат хүртэл гомдол гаргасан боловч энэ тодорхой асуудлыг шийдэлгүйгээр өнөөдрийг хүрлээ. Ингэж нэг мөр мөрдөх ёстой хуулийг зөрчсөн учраас гомдол гаргасан. Тухайн ногооны талбайн асуудалтай холбогдуулан гомдол гаргасан. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрын кадастрын зургууд нь 1 сарын зөрүүтэй гарсан байдаг. Үүнийг шүүх нотлох баримтыг үнэлж, харгалзан үзэж шийдвэр гаргах байх гэж бодож байна.

Газрын тухай хууль гарч иргэдийг 0,07 га газрыг өмчилж болно гээд сүүлд 2020 оны үед зуслангийн газартай айлуудын газрыг шууд өгнө гэсэн асуудал гараад, дараа нь 0,1 га газарт хувиараа ногоо тарьж болно гэсний дагуу нэхэмжлэгч нь хашаа барьж ногоо тарьсан. Нэхэмжлэгч талын маргаж байгаа үндэслэл нь орц гарц биш. Орц гарц хаасан талаар огт маргаан байхгүй. Ар талын ногооны талбайн газрыг давхцуулж олгосон гэж үзэж маргаж байна.” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “ Нэхэмжлэлийн шаардлага нь дараах үндэслээр Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг илтэд буруу тайлбарлаж хэрэглэсэн, холбогдох баримтад үндэслээгүй талаарх тайлбарыг хүргүүлж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж заасан байна. Үүнийг тодруулбал, Үндсэн хууль ёсоор Монгол Улсад газар өмчлөгч, эзэмшигч нь нэгдүгээрт Монгол Улсын иргэн, хоёрдугаарт "Монголын төр" байна. Энэ хоёр субьектээс өөр этгээд Монгол Улсын газрыг өөрийн эзэмшил, өмчлөл, ашиглалтад байлгаж, захиран зарцуулах, хууль бусаар эзэмшиж, ашиглах боломжийг Үндсэн хуулиар олгоогүй байна.

Мөн Монгол Улсын Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Газар эзэмших хүсэлт гаргагч нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага байна.”, 31.2.-т “Хүсэлт гаргасан газрын байршил нь аймаг, нийслэл, сум, дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлж болохоор заагдсан байна.”, 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж, 32 дугаар зүйлийн 32.1-д "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргана." гэж, 33 дугаар зүйлийн 33.1.1-д "энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана” гэж тус тус заасан байна. Хуулийн дээрх зохицуулалтуудаас харахад газар эзэмших хүсэлт гаргах нь Монгол Улсын иргэн бүрт хуулиар олгогдсон эрх бөгөөд тухайн эрхээ хэрэгжүүлж, хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан иргэний хүсэлтийг хангах нь Засаг даргын хуулиар олгосон үүрэг юм.

Засаг даргын зүгээс нэхэмжлэгч иргэнээс гаргасан хууль тогтоомжид нийцээгүй хүсэлт, шаардлагыг хангаж, хуулийн дагуу газар эзэмших хүсэлт гаргасан, маргаан бүхий газрын эзэмшигч иргэний эрхийг зөрчих нь үндэслэлгүй юм. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3-т “... хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно." гэж заасан Монгол Улсын иргэний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөнд халдах халдах эрх төрийн аль ч байгууллагад олгогдоогүй болно.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Э********** нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд бөгөөд гагцхүү хууль зүйн үйлчилгээ үзүүлэх гэрээ, итгэмжлэлийн үндсэн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийг төлөөлөн оролцох эрхтэй этгээд гэж үзэж байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг зөрчсөн шаардлага бүхий, нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болох өмгөөлөгч Х.Э******** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “ Нэхэмжлэгч тал анх өргөдөл гаргахдаа орц гарц хаасан гэж гаргаж байсан. Одоо нэхэмжлэлийн шаардлага нь өөр болчихлоо. Тэгэхээр яриад байгаа ногооны талбайн газрын төлбөр нь Хөдөө, аж ахуйн сандаа ордог. Тэгэхээр тухайн газарт албан ёсоор ногоон талбай гэсэн газар байхгүй, нэхэмжлэгч талд ч гэсэн ногоон талбайн гэрчилгээ гэж байхгүй. Нэхэмжлэгч тал ногоо тарьж байсан газрыг маань бусдад олгочихлоо гэж маргаж байгаа бол газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зураг, мөн ногоо тарьж байсан гэдгээ ямар нэгэн байдлаар нотлох ёстой...

Ногооны талбай орохгүйгээр нэхэмжлэгчийн кадастрын зураг хийгдсэн. Өмнө нэхэмжлэгчийн газар маш бага байсан. Нэхэмжлэгч тал нэг удаа талбайгаа нэмсэн, тухайн нэмсэн талбайгаа өөрсдөө хашиж авсан байгаа. Нэхэмжлэгч тал анх нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа орц гарцыг хаасан учраас А гэдэг хүний газар эзэмших эрхийг хүчингүй болгож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ногооны талбайг эзэмших хүсэлт гаргаж байсан талаар манай программд бүртгэл байхгүй. Нэхэмжлэгч тал ногоон талбай эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй. Нэхэмжлэгч 2014 онд газрын талбайг нэмэгдүүлэх хүсэлт гаргахад нь хүсэлт гаргасан хэмжээгээр нь нэмсэн байсан.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Газар зохион байгуулалтын албанд гомдол гаргахдаа орц гарцын талаар гомдол гаргадаг байсан. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ орц гарц байхгүй, мөн ногооны талбайг бусдад эзэмшүүлсэн байна гэж гаргасан байна. Тэгэхээр орц гарц нь байгаа гэдгийг маргаан бүхий газар үзлэг хийж тогтоосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж бодож байна.

2004-2007 оны үед газрын бүртгэл хийх төсөл хэрэгжиж, газар дээрх бүх барилга, объектыг улсын төсвийн хөрөнгөөр кадастрын мэдээллийн санд бүртгэсэн юм. Тухайн үед нэхэмжлэгчийн хажуу талын зуслангийн сууц бүхий газрын кадастрын зураг мэдээллийн санд орсон байсан. Гэхдээ тус зураг нь Геодези, зураг зүйн мэдээллийн санд байгаа боловч эрх зүйн чадамжгүй буюу эзэмших эрх нь баталгаажаагүй, газар эзэмших гэрчилгээ аваагүй. Тийм учраас тухайн газарт эзэмших эрх байхгүй гэж үзэн нэхэмжлэгч Ц.Н**********орц гарц чөлөөтэй гэсэн хариуг өгсөн.” гэв.

5. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ Иргэн Ц.Н********** Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/372 дугаар захирамжаар иргэн А.Х******* газар эзэмшүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай  нэхэмжлэлийн шаардлагыг бүхлээр нь хүлээн зөвшөөрөхгүй болно.

Уг газрыг тухайн үед Үндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу Монгол улсын холбогдох хууль тогтоомжинд нийцүүлэн авсан бөгөөд авснаас хойш газрын татвар хураамжийг цаг тухайд нь төлж ирсэн болно.

Энэ хугацаанд тэр хавийн айлууд хашаа барилгүй, Ц.Н********** авга ах Х.А**** хүсэлтээр дураар нь машин техникийг нь оруулж эзэмшүүлж байсан. Энэхүү итгэлийг эвдэн миний газраас дур мэдэн хашаа барин өөрсдийн газрын хашаагаа сунгаад зогсохгүй одоо миний газрын гэрчилгээг хүчингүй болгуулан булаан авахыг зорьж байна. Би орц гарц гаргахад татгалзах зүйлгүй бөгөөд өөрийн санаачлагаар зураг төслийг хийж хүргүүлж байна.” гэжээ.

6. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие П.А********** эмээ, өвөөгийн гар дээр өссөн. Намын Төв Хороо, Засгийн газрын лагерь гэж байхаас эхлүүлээд тухайн лагерьд байж байгаад намайг ухаан орохоос буюу 1971 онд тухайн газарт амьдарч байсан. Нэхэмжлэгч манайх хоёр олон жилийн турш хөрш байсан, нэхэмжлэгчийнх манайхаас 100 гаруй метрийн зайд байж байгаад 1990 оны сүүлээр манай хажуу айлын газрыг худалдаж авсан юм. Тийм учраас би сайн мэдэж байна, тус ногооны талбай гэсэн зүйл огт байгаагүй. Харин хойд талын булалцаад байгаа газрын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу газар эзэмших хүсэлтээ гаргаад, Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу судлуулсны үндсэнд 2010 оны үед миний хүү хойд талын маргаан бүхий газрыг авсан. Миний хүү тухай газраа аваад зохих хууль тогтоомжийн дагуу газрын төлбөрөө төлж ирсэн. Нэхэмжлэгчийн газартай давхацсан газар байхгүй. Нэхэмжлэгч 2-3 жилийн өмнөөс эхлээд надтай утсаар холбогдон наад газраа зарчих гэдэг санал тавьдаг, харин би зах зээлийн үнийн дагуу худалдах санал тавьдаг. Нэхэмжлэгч худалдаж авахаар тохироод хэдэн сарын дараа “...Тухайн газрыг худалдаж авахаа болилоо...” гэж хэлсэн. Нэхэмжлэгчийн газар нь хажууд ойрхон байдаг учраас газраа зах зээлийн үнээр буюу 1 айлын газрыг 5 сая төгрөгөөр худалдана гэж хэлдэг. Энэ хүн сүүлдээ худалдаж авахаа болиод “...Найрамдал зусланд миний газар байгаа хоёулаа сольё...” гэдэг санал тавьсан. Тэгэхэд би зөвшөөрсөн гэтэл солиогүй, сүүлдээ хашаа бариад өдөр бүр над руу утасдаж газраа өг гэж дарамталдаг. Тухайн газар нь ногооны газар байсан гэдэг нь худал юм. Мөн нэг сарын зайтай өргөдөл өгч авсан гэж тайлбарлаж байна. Гэтэл Газар зохион байгуулалтын албанаас 2-3 сар өргөдлийн дагуу судалж үздэг. Тийм учраас 1 сарын зөрүүтэй байх боломжгүй. Маргаан бүхий газрыг авмаар байгаа бол худалдаж ав гэж хэлдэг.

Нэхэмжлэгчийн газартай зэргэлдээ байгаа зуслангийн сууц нь манай ээжийнх, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ байхгүй, зуслангийн сууцанд үл хөдлөхийн гэрчилгээ олгодоггүй юм. Өмнө нь Засгийн газраас зусланд гарах болгонд зөвшөөрөл өгдөг, зуслангийн байшин нь 1971 онд баригдсан байдаг юм. Газрын эзэмших эрх баталгаажаагүй юм. 2006 онд улсын төсвийн хөрөнгөөр кадастрын зураг хийсэн, түүнээс хойш олон удаа тухайн газрыг авахаар өргөдөл өгсөн байдаг юм. Гэтэл сонгуулийн үе давхацсан учраас сонгуулийн дараа шийдвэрлэнэ гэдэг хариу өгдөг байсан.

Гуравдагч этгээд А.Х******* нь 2016 оны 03 дугаар сард өргөдөл өгч шийдвэрлүүлээд, 2016 оны 05  дугаар сарын 13-ны А/37* захирамж гарч, газрын гэрчилгээгээ авсан байдаг. Ц.Н********** нь 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр 5 сарын дараа хүсэлт гаргасан. А.Г************ 5 сарын дараа өргөдөл гаргасан учраас хуулийн дагуу газар олгох боломжгүй гэдэг хариу өгсөн байх.” Гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н********** нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/372 дугаар захирамжийн А.Х********** газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулахаар “ногооны газрыг давхардуулан эзэмшүүлсэн” гэх үндэслэлээр маргасан бөгөөд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Ц.Н********** нь Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2004 оны 172 дугаар захирамжаар эзэмшиж байсан Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Жигжид гудамж хаягт байрлах 273 м.кв газрын хэмжээг нэмэгдүүлж 390 м.кв газар эзэмших хүсэлт гаргаснаар 2012 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн А/11* дүгээр захирамжаар түүнд эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлэн 39* м.кв хэмжээгээр эзэмшүүлж, мэдээллийн санд *************** дугаарт бүртгэсэн, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн А/7** дугаар захирамжаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, 2021 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр эрхийн гэрчилгээ олгосон, газрын кадастрын мэдээллийн санд шинэчилсэн бүртгэлээр *********** дугаарт бүртгэсэн.

Гуравдагч этгээдээр татагдсан А.Х********* хувьд Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/37** дугаар захирамжаар мөн хаягт 59* м.кв газар эзэмшсэн нь нэгж талбарын ********* дугаарт бүртгэгдсэн.

Мэдээллийн санд бүртгэгдсэн нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн дээрх газрууд хоорондоо давхцалгүй бөгөөд, харин нэхэмжлэгч Ц.Н********** нь эзэмшиж буй 390 м.кв газраасаа илүү 499 м.кв хэмжээгээр хашаалан эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлсэн газраас илүү хэмжээний газрыг ашиглаж байгаа, тэрээр ийнхүү илүү хашаалсан ногооны гэх 109 м.кв талбайг эзэмших хүсэлтийг Газрын тухай хуульд заасан журмаар гаргаж байгаагүй тул давхцуулан эзэмшүүлсэн гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагад хамаарах актаар А.Н************* газар эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан “хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай ямар нэгэн хэмжээгээр давхцаагүй байна” гэсэн шаардлагыг зөрчөөгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглох тул нэхэмжлэгч илүү хашаалсан ногооны гэх талбайг эзэмших эрхгүй, мөн хүсэлт гаргаж байгаагүй тул газар эзэмшихээр гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэх субьектив эрхийн асуудал ч яригдахгүй. Нэхэмжлэгч нь 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр илүү хашаалсан ногооны гэх талбайг оруулан 508.2 м.кв хэмжээгээр кадастрын зураг Ж*********** ХХК-иар хийлгэсэн байх ч энэ хэмжээгээр газар эзэмших хүсэлтээ Газрын тухай хуульд заасан зохих журмын дагуу эрх бүхий этгээдэд гаргаагүй байх тул илүү хашаалсан ногооны талбайн хувьд давхцуулсан хэмээн бусад этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэртэй маргах эрхгүй, маргаан бүхий актаар гуравдагч этгээдэд газар эзэмшүүлсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.

Ц.Н********** нь шүүхэд нэхэмжлэл гаргахаасаа өмнө “А.Х******** газар эзэмшүүлсэн нь түүний эзэмшил газрын орц, гарцыг хаасан” хэмээн Чингэлтэй дүүргийн Засаг даргад болон Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж байсан ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаан дээр тайлбарлахдаа “одоо орц, гарц хаасан гэж маргахгүй, нэхэмжлэгчийн ногооны талбайд давхцуулж эзэмшүүлсэн” гэж гомдлын үндэслэлээ өөрчилсөн байдаг. Мэдээллийн сангийн зургийг агаарын зурагтай давхцуулсан зургаас үзвэл нэхэмжлэгчийн газрын зүүн талд буюу түүний зуслангийн сууцны зүүн талд байрлах зуслангийн сууц бүхий газар нь эзэмших эрх олгогдоогүй буюу баталгаажаагүй, хашаалаагүй, нэхэмжлэгчийн орц, гарц зүүн хойд талаараа байх тул гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлснээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын орц, гарц хаагдаагүй байна.

Харин тухайн орчимд байх бусад айлын орц, гарцын асуудлаар нэхэмжлэгчид маргах эрх үүсэхгүй.

Ийнхүү А.Х********** нь газар эзэмших хүсэлтээ тухайн шатны Засаг даргад газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас баталсан загварын дагуу гаргасан нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасанд,  дүүргийн Засаг дарга иргэний гаргасан газар эзэмших хүсэлтийг шийдвэрлэж газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь мөн хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасанд тус тус нийцсэн, газар эзэмших хүсэлт гаргахдаа, газар эзэмшүүлсэн шийдвэр гаргахдаа нэхэмжлэгчийн хууль ёсоор эзэмшиж буй газартай давхцуулаагүй, орц гарцыг нь хаагаагүй тул эрх хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчөөгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1 дэх  заалтыг баримтлан “Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн А/372 дугаар захирамжийн А.Х************ газар эзэмшүүлсэн хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэгч Ц.Н********** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Д.ХАЛИУНА