Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0773

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ф В К ХХК-ийн

гомдолтой захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа,

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.С болон түүний өмгөөлөгч Л.Ж

Гомдол гаргагч: Ф В К ХХК

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Б.У

Гуравдагч этгээд: Б.Ц

Гомдлын шаардлага: Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0124613 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0679 дүгээр шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагч Ф В К ХХК-ийн төлөөлөгч Д.С

Гомдол гаргагчийн өмгөөлөгч Л.Ж

Хариуцагч Б.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2025/0441/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч Ф В К ХХК-иас Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид холбогдуулан Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0124613 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 679 дүгээр шийдвэрээр Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1, 10.16 дугаар зүйлийн 9.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2, 42 дугаар зүйлийн 42.1.3, 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтыг баримтлан Ф В К ХХК-ийн гомдлын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 0124613 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан хохирлын нөхөн төлбөр 1,181,818 төгрөгөөс 200,000 төгрөгийг хасаж, 0124613 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гомдол гаргагч Ф В К ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас дараах агуулгаар давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:

3.1 Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т “Хүн, хуулийн этгээд нь хууль, захиргааны хэм хэмжээний актыг биелүүлэх боломжтой байсан боловч түүнийг биелүүлэх зохих арга хэмжээг хэрэгжүүлээгүй бол зөрчил үйлдсэнд тооцно”, тус хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-т “Ажил олгогч нь ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, тогтоосон хугацаанд олгоогүй саатуулсан” тохиолдолд ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус хуульчилсан.

Дээрх хуулийн зүйл заалтын дагуу ажил олгогч нь Б.Ц-ийн ажилласан хугацааны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр, тогтоосон хугацаанд   олгоогүй саатуулсан нөхцөл байдлыг зөрчил шалган шийдвэрлэх явцад заавал нотолж тогтоохоор хуульчилжээ. Гэтэл хөдөлмөрийн байцаагч нь дээрх хуулийг хэрэгжүүлээгүй, нотолж тогтоохгүйгээр 2025 оны 04 сарын 10-ны өдөр 0124613 дугаартай шийтгэлийн хуудас, мөн өдөр буюу 2025 оны 04 сарын 10-ны өдөр "Эрх бүхий албан тушаалтаны даалгавар"-ыг тус тус гаргасан боловч шалгуулагчид мэдэгдээгүй, албан ёсоор хүргүүлээүй, танилцуулаагүй, танилцах боломж олгоогүй, цалин хөлсийг саатсан нөхцөл байдлын талаарх тайлбар, баримт гаргах эрхээр хангаагүй, шууд л яг одоо бэлэн мөнгөөр өг гэж шаардан өмгөөлөгч авах эрхийг хязгаарлан зөрчлийн хэргийг шууд архивд шилжүүлсэн. "Эрх бүхий албан тушаалтаны даалгавар” гарсан талаар шалгуулагч Прокурорын газрын архиваас хэргийн материалаас мэдсэн, гомдол гаргах эрхийг танилцуулаагүй, эдлүүлээгүй, хязгаарласан зэрэг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдаагүй байна.

3.2. Мөн шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтуудыг хэрхэн үгүйсгэсэн нь тодорхойгүй, цалин хөлсийг нарийн тооцоогүй, зөрчил шалган тогтоох талаар байцаагч хуулийн дагуу ажилласан эсэх, ямар ажиллагаа явуулсан талаар хууль зүйн дүгнэлт хийхгүйгээр гуравдагч этгээдийг хохирсон мэтээр дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзэж байна. Б.Ц нь 2025 оны 1 сарын 14-нд туршилтаар ажилд орж 2 сарын 11 ажлаа орхиод ямарч сураггүй явсан тул 3 сарын 1-ний өдөр нийт ажилчдын хурал хийж ..шаардлага хангаагүй, ажил таслаад алга болсон тул цаашид ажиллуулахгүйгээр шийдвэрлэсэн баримт хэрэгт авагдсан. Б.Ц 20 хоногийн цалин олгоогүй гэж гомдол гаргасан. Байцаагч хэрхэн яаж тооцож шийтгэлийн хуудсаар 1,181,818 төгрөг гэж тооцсон нь тодорхойгүй байхад шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Байцаагч асуудлыг хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн шалгуулагчийг "одоо яг бэлэн мөнгөөр цалингийн өг, нөгөө талтайгаа зохиц, тэгэхгүй бол торгоно......." гэх зэргээр айлган сүрдүүлэх, албан тушаалаараа далайлган элдэв үг хэллэгээр дайрах .." зэрэг зохисгүй үйлдэл гаргаж байсан байдаг.

3.3. Б.Ц-г Хөдөлмөрийн хуулийн дагуу тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангах эсэх, дадлага туршлагатай эсэх, ажил үүрэг гүйцэтгэх чадвартай эсэхийг шалгах зорилгоор туршилтаар ажиллуулахаар тохиролцсон боловч ажлын байраа дур мэдэн орхиж явах, ажилдаа дуртай үедээ ирж үзэгдээд, дургүй үедээ утсаа таслаад холбоогүй алга болж ажил таслах, архи ууж ажилчдыг уруу татаж ажиллуулахгүй саатуулах, таслах, ажил хийх сонирхолгүй өөрөө өөрийнхөө цагийг бүртгэхдээ ажилдаа ирээгүй ажиллаагүй өдрүүдийг ажилласан мэтээр хуурамчаар бүртгэж ажил олгогчийг хуурах зэргээр зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан тул цаашид ажилтанаар ажиллах шаардлага хангаагүй ажлын байраа дур мэдэн орхиж явсан тул ажилчдын хурлаар хэлэлцэж цаашид ажиллуулахгүй гэж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Ф В К ХХК нь ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хөтөлбөрт хамрагдан бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд гаргахаар чармайн ажиллаж нэг ч гэсэн хүнийг ажилтай, айл өрхийг орлоготой болоход нь дэмжиж ирсэн боловч санхүүгийн хувьд алдагдалтай, борлуулалт, үйлдвэрийн үйл ажиллагаа зогссон, хулгайд бүтээгдэхүүнээ алдаж хохирсон, банкны зээлээ төлөх боломжгүй болж зээлийн хугацаа хэтэрсэн ангилалд шилжсэн, сүүлийн 5 сард ямар ч орлогогүй зэрэг эдийн засгийн хүнд нөхцөл байдалд орсон тул хүндэтгэн үзэх нөхцөл байдлийг ажилчид нь ойлгож харилцан тохиролцоод зарим сарын цалинг оймс, хөнжил зэрэг өөрийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр олгож байсныг шүүх шууд үгүйсгэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

3.4. Компанийн зүгээс ямар ч шалтгаангүйгээр цалинг олгохгүй байсан мэтээр нолох баримтгүйгээр Б.Ц-ийн гомдлыг торгууль оногдуулах үндэслэл болгож, шийтгэл оногдуулсан асуудалд шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т зааснаар анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 679 дүгээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч Ф В К ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ф В К ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Маргааны үйл баримтын тухайд,

3.1. Иргэн Б.Ц нь 2024 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэст Ф В К ХХК тогтоосон хугацаанд цалин хөлс олгоогүй” гэх гомдол гаргасны дагуу хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хянан шалгаад Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2 дахь заасан “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” зөрчил гаргасан гэж үзэн 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр 0124613 дугаар шийтгэлийн хуудсаар 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, олгогдоогүй цалин хөлсний хохирол нөхөн төлбөрт 1,181,818 төгрөг гаргуулж Б.Цд олгуулахаар шийдвэрлэжээ.

4. Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ”, 10.16 дугаар зүйлийн 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж,

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.15-д "хөдөлмөр эрхлэлтийн харилцаа" гэж ажилтан нь ажил олгогчийн удирдлага, заавар, хяналтын доор тодорхой ажил үүргийг энэ хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд ажил олгогчийн заасан ажлын байранд биечлэн гүйцэтгэх, ажил олгогч нь ажилтанд цалин хөлс олгох, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлөөр хангах талаар харилцан эрх эдэлж, үүрэг хүлээхээр тохиролцсоноор үүссэн харилцааг”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл ... нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 42.1.3-т  “ажилтан гүйцэтгэсэн ажил үүрэгтээ тохирсон цалин хөлс авах эрхтэй”, 43 дугаар зүйлийн 43.2.1-д “ажил олгогч гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох үүрэгтэй”, 48 дугаар зүйлийн 48.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно” гэж тус тус заажээ.

7. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд гомдол гаргагч Ф В К ХХК нь давж заалдах гомдолдоо “...хөдөлмөрийн байцаагч нь хуулийг хэрэгжүүлээгүй, нотолж тогтоохгүйгээр шийтгэлийн хуудас, Эрх бүхий албан тушаалтаны даалгаварыг тус тус гаргасан боловч шалгуулагчид мэдэгдээгүй, албан ёсоор хүргүүлээгүй, танилцуулаагүй, танилцах боломж олгоогүй, цалин хөлсийг саатсан нөхцөл байдлын талаарх тайлбар, баримт гаргах эрхээр хангаагүй...” гэж маргаж байгаа боловч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад болон 2025 оны 03 дугаар сарын 17-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаараа тайлбарлан маргаагүй, түүнчлэн энэ талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байх тул гомдлыг хангах үндэслэлгүй. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

8. Түүнчлэн анхан шатны шүүхээс Б.Ц-д урьдчилж олгосон 200,000 төгрөгийн цалингийн хэмжээгээр шийтгэлийн хуудсаар тогтоосон төлбөрийн дүнг бууруулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

9. Иймд гомдол гаргагчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2025/0679 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч Ф В К ХХК-ийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээснийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     ШҮҮГЧ                                        Д.ОЮУМАА

 

                                     ШҮҮГЧ                                        Ц.САЙХАНТУЯА

 

                                     ШҮҮГЧ                                         Б.АДЪЯАСҮРЭН