Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 260

 

105/2020/0090/Э

 

 

 

 

  2020          3              5                                               2020/ДШМ/260                                 

 

С-

/S/-д

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Б.Бүжинлхам,

шүүгдэгч С-/S/-ын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл,

            нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С-/S/-ын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлоор С-/S/-д холбогдох 1902004730253  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

            С-/S/ нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “.....” хотхоны 45 дугаар байрны 176 тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: С-/S/-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч С-/S/-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 ширхэг CD-г хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий 0.5 грамм “4” гэж дугаарласан /мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис, ургамал, мөн түүний биед үзлэг хийж 1 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 3,2767 грамм, 2 гэж дугаарласан 0,7623 грамм, шар өнгийн “шавар” мэт зүйл, “Rizla” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хайрцагтай жижиг цаас, үүргэвчинд үзлэг хийж 3 гэж дугаарлан хураан авсан Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн 2 дугаар жагсаалтад багтсан “дельта 9 тетрагидроканнабинол”-ын агууламж бүхий 1,6366 грамм ногоон өнгийн ургамал мэт зүйлсийг /Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа/ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгож, С-/S/-д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч С-/S/-ын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний үйлчлүүлэгч С-нь өндрийн өвчний улмаас тайвшруулах зорилгоор дээрх ургамлыг хэрэглэсэн талаараа тогтвортой мэдүүлсэн. Анх удаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Монгол Улсын хууль тогтоомжийг мэдэхгүйн улмаас “алдаа” гаргасандаа гүнээ харамсан уучлал гуйж, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, манай улсын хууль сахиулах байгууллагын тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлж ирсэн. Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх албаны эрүүгийн төлөөлөгч ..... гэмт хэрэгт сэжиглэн баривчлах явцдаа биологийн шинжилгээ авахын тулд хүч хэрэглэж нүүрэн тус газар нь шээсний саваар цохиж гүн сорви /хх 73,186, 197/ үүсгэсний улмаас бие махбодийн болон сэтгэл санааны хохирол амссан нь сэтгэл зүйн хувьд хүнд цохилт болсон.

Мөн ...... зураг, түүнийг 6 кг мансууруулах бодис авч явж байгаад баривчлагдсан гэх мэдээлэл интернетээр цацагдсан явдалд ар гэрийнхэн болон найз, нөхөд нь маш их цочирдсон. Олон Улсын хүний эрхийн конвенцид хүний бүтэн зургийг интернетэд тавихыг хуулиар хориглодог. Гэвч манай улс уг хуулийг зөрчиж, зурагтай нь хамт тодорхой мэдээллүүдийг худал байдлаар цацсан явдал нь шүүгдэгчийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн. С-ийн хувьд дэлхийн хэмжээний өндөр боловсролтой /хх 138, 140, 149, 152, 155, 155, 157/ залуу хүн, боловсролтой хүн аливаа улсынхаа үнэт капиталд тооцогддог. Хэдийгээр түүний хувьд гадаад хэлний багш хүн, энэхүү каннабисын төрлийн ургамлыг хэрэглэсэн нь буруу боловч тэр хэзээ ч өөрийн шавь нараа буруу зүйлд уруу татаагүй болох нь түүний ажиллаж байсан сургуулиудын ажил байдлын тодорхойлолтоор нотлогддог. С-ийн эцэг, эх нь 70-80 настай, хүнд өвчний улмаас биеийн эрүүл мэнд муу, байнга бусдын асаргаанд байдаг. Шүүгдэгч нь цагдан хорих 461 дүгээр ангид хоригдоод 1 сарын хугацаа өнгөрч байна. Хэрвээ шүүгдэгчийг хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж шийдвэрлэх юм бол “энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд Монгол Улсын хууль сахиулах байгууллагынханд өөрийнхөө чадах хэмжээнд тусална, каннабисийн төрлийн ургамал хэрэглэдэг хүмүүс нь блог үүсгэсэн байдаг бөгөөд тэр хүмүүсийг олж өгөх талаар хамтран ажиллаж өгье” гэж хэлсэн. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Б.Бүжинлхам тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн зүйл, хэсэг дээр нэмж мансууруулах бодис “бэлтгэсэн” гэж гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоолын 1 дэх заалтад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг бэлтгэсэн гэсэн хэсгийг хасаж, зөвхөн хадгалсан үйлдэлд гэм буруутайд тооцох өөрчлөлт оруулах саналтай байна. Харин өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсанаар анхан шатны шүүхээс оногдуулсан ялыг тэнсэх боломжгүй, давж заалдах гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Гомдолд дурдагдсанаар мөрдөн шалгах ажиллагааны үед биологийн дээж авахаар цагдаагийн албан хаагч хүч хэрэглэсэн, мэдээлэл цацагдсан гэх асуудал нь давж заалдах шатны шүүхээр хэргийг хэлэлцэхэд ач холбогдолгүй, уг асуудал нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шалгагдаад шийдвэрлэгдсэн. Мөн цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах хүсэлт нь өнөөдрийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдэх асуудал биш, тусдаа хууль зүйн зохицуулалттай. Монгол Улсад өвчний улмаас мансууруулах бодисыг дураараа хэрэглэх ойлголт байхгүй, зөвхөн эмчийн заавраар энэ төрлийн эм, тариаг хэрэглэдэг хуулийн зохицуулалттай. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолд дээр дурдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С-/S/ нь 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, “.....” хотхоны 45 дугаар байрны 176 тоот гэртээ болон биедээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан “Дельта-9 тетрагидроканнабинол”-ын агууламжтай 4 хэсэг ууттай, нийт 4 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлсэн болох нь:

 

С-/S /-ын яллагдагчаар өгсөн “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. ... Би Монгол Улсад ирэхээсээ өмнө Энэтхэг Улсад 2 сар орчим амьдарч байсан. Тэнд байхдаа мансууруулах ургамал хэрэглэсэн.. ...” /1хх 172-174/ гэх мэдүүлэг,

 

С-/S/ түр оршин сууж байсан гэрээс болон өмссөн хувцасны халааснаас гялгар ууттай ногоон нунтаг ургамал мэт зүйл, гялгар ууттай шар өнгийн шавар мэт зүйл, тугалган цаас, “Rizla” гэсэн бичиглэлтэй саарал өнгийн хайрцагтай жижиг цаас хураан авсныг нотолсон, тухай нэгжлэг хийсэн болон хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эдгээр зүйлсийг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 18-24, 36/,

 

хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1хх 25-26, 31-32/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5223 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “S, 17/9/19” гэж хаягласан 120 мл хэмжээтэй шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/ илрэв. Тетрагидроканнабинол /ТНС/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг. ...” /1хх 56/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний газрын шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5224, 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 6070 дугаартай “...шинжилгээнд ирүүлсэн “1” гэж хаягласан ургамал мэт зүйл, “2” гэж хаягласан бор өнгөтэй зүйл, “3” гэж хаягласан ургамал мэт зүйл, “4” гэж хаягласан ургамал мэт зүйл тус бүрээс дelta-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. ...”  /1хх 48-49, 66-67/ гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч С-/S/-ын гэртээ болон биедээ 4 хэсэг ууттай, нийт 3.1627 грамм жинтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгчийг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Харин шүүгдэгч С-/S/-ыг хуулиар хориглосон мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, ял сонсгон, яллагдагчаар татаж ирүүлсэн байхад анхан шатны шүүх хуулиар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах зарчим, мөн хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шаардлагыг хангаагүй байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С-/S/-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тухайн зүйлд заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 1 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн “...хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх зохицуулалт нь шүүх заавал хэрэглэх хэм хэмжээ биш, харин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хэрэглэж болох зохицуулалт бөгөөд шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа талаар өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч С-/S/-н өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 1 дэх заалтад зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Шүүгдэгч С-/S/-ыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. …” гэснийг “...Шүүгдэгч С-/S/-ыг хуулиар хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. ...” гэж өөрчилсүгэй.

 

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч С-/S/-ын өмгөөлөгч Л.Түвшинцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

 

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН