| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхтөмөрийн Солонгоо |
| Хэргийн индекс | 105/2023/1013/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1034 |
| Огноо | 2023-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Жаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1034
2023 07 26 2023/ШЦТ/1034
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,
улсын яллагч Б.Жаргал,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,
шүүгдэгч Э.Г нарыг оролцуулан тус шүүхийн Ж танхимд нээлттэйгээр хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Тугч овогт Э.Гд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2306 00000 2274 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Номин” худалдааны төвийн хажуу талын хашаанд согтуугаар “эхнэрээ зодох гээд байна, боль” гэж Э.Гтай маргалдан зодож, Б.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Г нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 26-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо “Номин” худалдааны төвийн хажуу талын хашаанд согтуугаар “эхнэрээ зодох гээд байна, боль” гэж Э.Гтай маргалдан зодож, Б.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Б.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“......2023 оны 05 дугаар сарын 25-ны үдээс хойш 17:00 цагийн орчим эхнэр Дгийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Номин худалдааны төвийн урд талд тоотыг нь мэдэхгүй найз Бийн алдарт эхийн одонгийн найранд очсон. Тэгээд тэнд архи пиво ууцгаасан орой 00:00 цагийн орчим үед танихгүй хүмүүс хоорондоо зодолдоод байсан их олон хүмүүс ирсэн. Миний зүс таних Г гэх залуу хүмүүстэй маргалдаад муудалцаад байсан би өмөөрөөд явж байсан өглөөний 06:00 цагийн үед Г бид хоёр зодолдсон юунаас болж зодолдох болсноо санахгүй байна. Г бид хоёр хоорондоо зууралдаад газар өнхөрч унасан. Г миний хүзүүг боосон надад боолт орсон би амьсгалж чадахгүй байсан болохоор боолтыг нь тавиулах гэж Гантулгын баруун гарнаас хазаж гарыг нь тавиулсан дахиж зууралдсан тэр үед бид толгой хэсгээс бас дахин нэг удаа хазсан. Г миний толгой хэсэгт 2 удаа, нүүр хэсэгт 2 удаа хөлөөрөө өшиглөсөн өөр зүйл болоогүй. Г бид хоёр хоорондоо зууралдаж маргалдаж дээр доороо ороод зөндөө зууралдсан. Миний нүүр хамар хавдсан нүд гэмтсэн. Хагалгаанд орох заалттай болсон. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний биед учирсан гэмтлийг Г учруулсан. Надад гомдол санал байхгүй. Эмчилгээний зардал төлүүлмээр байна. Өөр зүйлгүй. Би баримт гаргаж өгөх болно яг одоо бол байхгүй байна. Хагалгааны зардал 1,500,000 төгрөг болно өөр ямар зардал гарахыг мэдэхгүй байна...Гомдолтой байна. миний нүд цаашдаа яах талаар мэдэхгүй байна. Би эмчилгээний зардал нүдний имплант худалдаж авсан мөнгө 1,800,000 төгрөг болсон. зогсоолын төлбөр, хагалгааны зардал, бензин хийсэн мөнгө гээд 2,691,270 төгрөгийн зардал гарсан байна бүгд баримттай. Цаашид баримтгүй байгаа намайг тархины цусан хангамж сайжруулах тариа авч хийлгэх шаардлагатай 1 ширхэг 50,000 төгрөгийн үнэтэй, 7 удаа хийлгэх ёстой 350,000 төгрөг нэхэмжилж байна бас хамрын хагалгаа хийлгэх ёстой зардлыг мэдэхгүй байна. Одоогийн байдлаар 3,041,270 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-32/,
Гэрч О.Дгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:
“...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр танил Бийн алдарт эхийн одонгийн найр болоод би нөхөр Энхлагвагийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Номин худалдааны төвийн урд талд тоотыг нь мэдэхгүй айлд очсон. Тэгээд тэнд таних танихгүй олон хүн ирсэн байсан. Тэгээд бид нар архи уусан. Энд тэнд хэрүүл маргаан их болсон. Өглөөний 06:00 цагийн үед Э бид хоёр маргалдсан чинь Г хажуунаас гэнэт гарж ирээд манай нөхөр Э руу дайраад чи эмэгтэй хүн зодох гээд байгаа юм уу гээд шууд манай нөхөртэй зодолдоод эхэлсэн. Г, Э хоёр газраар нэг юм болоод дээр доороо ороод хоорондоо зодолдоод байсан. Яг хэн нь хаашаа нь цохисон талаар сайн мэдэхгүй байна ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч О.Бгийн 2023 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 7074 дугаар:
“...1. Б.Э биед зүүн ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын нуруу, хоёр нүдний зовхины цус хуралт, нүүр, баруун тохойн зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагйн үйлчлэлээр 3-4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Э.Г нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Э.Г ямар нэгэн гомдол саналгүй, өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 2,815,650 төгрөгийн баримт гаргаж нэхэмжлснийг шүүгдэгч Э.Г төлсөн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокурорын санал болгож, шүүдэгчийн хүлээн зөвшөөрсөн 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Э.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар Э.Гт оногдуулсан торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Э.Г нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын дотор 550.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Э.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Г-г 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Гт оногдуулсан 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Г нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хохирогч Э.Г нь цаашид гаргах гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар гэм буруутай этгээд болох Э.Гас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.СОЛОНГОО