Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 174

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын 4-р багт оршин суух, Б овогт Э-ы С-г төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох,

ажилд тогтоогдсоноос хойших буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүх хурал болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.С нь 2015 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн Б/08 дугаартай Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар Есөнбулаг сумын Хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдон ажиллаж байгаад 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс жирэмсний амралтаа авч 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн. Ажилдаа орох хүсэлтээ удаа дараа өгсөн боловч хүүхдээ 3 нас хүрэхээр ор гэсэн боловч хүүхэд нь 3 нас хүрсэн ч ажиллуулаагүй учир тус шүүхэд нэхэмжлэл гаргаж 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 234 дугаартай Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр Э.С-г Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Есөнбулаг сумын  хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг даалгаж шийдвэрлэсэн боловч одоо хүртэл шүүхийн шийдвэр биелээгүй байна. Иймд Э.С-гийн ажилд тогтоогдсоноос хойших буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүх хурал болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалд зохих бичилтийг хийхийг даалгаж өгнө үү. Э.Сг ажилд нь авсан байсан бол ийм асуудал гарахгүй байсан. Гэтэл одоог хүртэл ажилд нь аваагүй. Жирэмсний амралтаа авсны дараа нь 2 хүнийг тухайн орон тоонд авч ажиллуулсан байдаг.   Тийм болохоор боломжгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс томилогдсон боловч тухайн үед Хөдөлмөр халамж үйлчилгээний газар ажлын байр байхгүй байсан учир аваагүй шалтгаан байгаа. Шүүхийн шийдвэр гарсан байгаа учраас цалингийн асуудал дээр хоногийг нь багасгаж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлаад Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдох, ажилд тогтоогдсоноос хойших буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс шүүх хурал болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэгч - төлөөлж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Э.С-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нь хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт холбогдуулан шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоогдсоноос хойших буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс энэ нэхэмжлэлийг шийдвэрлэх шүүх хуралдаан болох хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Нэхэмжлэгч Э.С нь 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр жирэмсний амралтаа авч, хүүхдээ гурван нас хүртэл асраад ажилдаа орох хүсэлтээ өгсөн боловч түүнийг ажиллуулахаар ямар нэгэн шийдвэр гараагүй бөгөөд улмаар шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2019/00234 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Есөнбулаг сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан тул дээрх Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2019/00234 дугаартай шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар шүүх дахин нотлохгүй буюу энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт хийхгүй юм.

Хариуцагч байгууллага шүүхийн энэхүү шийдвэрийг биелүүлж ажлын байраар хангаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байх ба ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэлх хугацаа мөн хамааралтай болно. Иймд нэхэмжлэгч энэхүү нэхэмжлэлийг гаргах эрхтэй байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.3-т зааснаар мэдэгдлийг хүлээн авсан ажил олгогч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосноор гүйцэтгэх баримт бичгийн шаардлага биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болохоор байна.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааг Говь-Алтай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 133/ШШ2019/00234 дугаартай шийдвэрээр Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Есөнбулаг сумын хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулахыг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт даалгаж шийдвэрлэсэн хугацаанаас шүүх хуралдаан болсон хугацаа буюу 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал хугацаа гэж тодорхойлсон болно.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б нь цалингийн асуудал дээр хоногийг нь багасгаж өгнө үү гэж тайлбар гаргажээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д энэ хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...олгоно гэж заасан, мөн нэхэмжлэгч тал эвлэрэх боломжгүй гэсэн байх тул хоногийг багасгах боломжгүй юм.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.С-гийн 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал нийт 160 хоногийн цалинтай тэнцэх олговорыг түүний урьд авч байсан сарын цалингийн дунджийг тооцон хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулах үндэслэлтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Э.С-гийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр жирэмсний амралтаа авахаас өмнөх гурван сарын хугацааны цалингийн дундаж болох 2015 оны 12, 2016 оны 01, 02 дугаар саруудад ажилласан хугацаанаас тооцон 1 сарын цалингийн дунджийг тооцоход 1.159.037+601.286+439.764=2.200.087 : 3 сар=733.362:21.5= 34.109 төгрөг байна. Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговрыг 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ажлын 116 өдрөөр тооцож үзвэл олговорын хэмжээ 34.109*160=5.467.440 /таван сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин/ төгрөг байна.  

Нэхэмжлэгч Э.С-д  2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг дуустал ажилгүй байсан нийт 160 хоногоор тооцож ажилгүй байсан хугацааны олговорт  5.467.440 /таван сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулан олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй. 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж тус тус зааснаар дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.С-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид  102.269 /нэг зуун хоёр мянга хоёр зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон, ТОГТООХ нь:

  1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас ажилгүй байсан хугацаа 160 хоногийн олговорт 5.467.440 /таван сая дөрвөн зуун жаран долоон мянга дөрвөн зуун дөчин/ төгрөгийг гаргуулан Б овогт Э-ы С-д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т заасныг баримтлан дээрх олговороос зохих шимтгэл, хураамжийг тооцон нэхэмжлэгч Э.С-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийж, баталгаажуулалт хийхийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамжид  102.269 /нэг зуун хоёр мянга хоёр зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ц.ҮЙТҮМЭН