Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
Хэргийн индекс | 133/2020/00074/и |
Дугаар | 133/ШШ2020/00178 |
Огноо | 2020-02-20 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 133/ШШ2020/00178
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн *** газрын нэхэмжлэлтэй
хариуцагч: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух, Ж овогт С-ын Б /РД:***/-д холбогдох,
сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 125.000 төгрөг, алданги 601.379 төгрөг, нийт 5.726.379 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ***ын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч *** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн *** сумын *** багт оршин суух иргэн С.Б нь 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргатай Сум хөгжүүлэх сангаас олгох үээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийн зээл авсан байна. Энэхүү гэрээний үндсэн зээлийн болон хүүгийн төлбөрийг 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хооронд 3 жилийн хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулахаар гэрээ байгуулсан боловч 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээл 5.000.000, хүү 125.000 төгрөг, алданги 601.379 төгрөг, нийт 5.726.379 төгрөгийг төлж барагдуулахгүй гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Иймд энэ асуудлыг шийдвэрлэж үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 125.000 төгрөг, алданги 601.379 төгрөг нийт 5.726.379 төгрөгийг зээлдэгч С.Б-оос гаргуулж, тус аймгийн Халиун сумын Засаг даргын тамгын газрыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн *** сумын иргэн С.Б 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр мал махны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар сум хөгжүүлэх сангаас зээл авсан боловч зээлээ төлж барагдуулах хугацаандаа үндсэн зээл 5.000.000, зээлийн хүү 125.000, алданги 601.379 төгрөг, нийт 5.726.379 төгрөгийг төлж барагдуулаагүй болох нь хариуцагчийн хариу тайлбар, дансны хуулга, сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн зээлийн өргөдөл, хүсэлт, барьцааны гэрээ, зээлийн гэрээ зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа учир зээлийг төлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: С овогтой Б миний бие 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 5.000.000 төгрөгийн зээл авсан. Зээлийг хугацаанд төлөх гэсэн боловч ар гэрийн хүн өвчний улмаас Улаанбаатар хот руу эмчилгээнд явж хоёр жил хотод эмчийн хяналтад амьдарч байгаад элэгний хагалгаанд ороод түүнээс хойш одоо хүртэл үргэлжлүүлээд эмчийн хяналтад байж жилд 4 удаа Улаанбаатар хот руу явж эмчлүүлдэг. Ийм шалтгааны улмаас зээлээ хугацаанд нь төлж чадахгүй байгаа нь үнэн. Иймд би амьдралын боломж бололцоогоо ашиглан зээлээ төлөх болно. Манай гэр бүлийн өрхийн гол амжиргаа нь мал аж ахуй юм. Иймээс би зээлээ малын ноос ноолуур арьс шир гарах үеэр жилд 2 удаагийн төлөлтөөр хувааж 5 жилд багтааж төлөх болно. Надад бас нэг хувилбар байна. Миний бие 2020 онд тэтгэвэрт гарах тул сар бүр тэтгэвэрээсээ 150.000 төгрөг хийх боломж байна. Энэ хоёр хувилбарын аль нэгээр нь төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн ***ын газрын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Нэхэмжлэгч Говь-Алтай аймгийн Прокурорын газраас С.Б-д холбогдуулан сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 125.000 төгрөг, алданги 601.379 төгрөг, нийт 5.726.379 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч С.Б нь 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр сум хөгжүүлэх сангаас 5.000.000 /таван сая/ төгрөгийн зээлийг жилийн 2.4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай авахаар зээлийн гэрээ байгуулсан болох нь хэрэгт авагдсан 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 02/13 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээгээр тогтоогдож байна.
Талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 02/13 дугаартай сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ, 2013 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 02/13 дугаартай Барьцааны гэрээ байгуулж, 5.000.000 /таван сая/ төгрөгийг өгч авалцсан ба Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээний харилцаа үүссэн байна. Мөн зээлийн гэрээний үүргийг хангуулахаар барьцааны гэрээ байгуулагджээ. Энэхүү гэрээнүүд нь хэлбэр болон агуулгын хувьд хууль зөрчөөгүй байх тул хүчин төгөлдөр гэрээнүүд байна. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохиролцсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Хавтаст хэрэгт авагдсан баримт болон зохигчдын тайлбараас үзэхэд хариуцагч нь зээлийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь зохигчдын тайлбар, Халиун сумын сум хөгжүүлэх сангийн зээлдэгч С.Б-ын зээлийн эргэн төлөлтийн мэдээлэл зэргээр тус тус тогтоогдож байна.
Талуудын байгуулсан гэрээний 2.10 “...зээлийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусгах хүртэлх хугацаанд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч Төрийн санд төлнө.” 4.2.2 “...гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт заасан хугацаанд зээлийн төлбөр төлөөгүй, эсхүл зээл зээл төлөх эцсийн хугацаа хэтэрсэн бол зээлийн хугацаанд төлөөгүй үлдэгдэлд үндсэн хүүгээс гадна сарын 0.5 хувийн торгууль төлнө...” гэснээр хариуцагч С.Б нь хугацааны хүү болон алданги төлөх үүрэгтэй байна.
Хариуцагч нь шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй байгаа боловч төлөх хугацааны хувьд 3-5 жилийн хугацаанд төлөхөө илэрхийлжээ. Нэхэмжлэгч тал уг хугацаанд төлөхөөр эвлэрэх боломжгүй гэж тайлбарлаж байх тул шүүх хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болно.
Иймд хариуцагч С.Б-оос сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 125.000 төгрөг, алданги 601.379 төгрөг, нийт 5.726.379 төгрөгийг гаргуулж, Говь-Алтай аймгийн *** сумын Засаг даргын тамгын газарт олгох үндэслэлтэй байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 5.726.379 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 106.572 төгрөгийг хариуцагч С.Б-оос гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Хариуцагч С.Б-од 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 11 цаг 30 минутад зарлагдсан шүүх хуралдааны товыг өөрт нь 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14 цаг 44 минутад 95286491 дугаарын утсаар мэдэгдсэн бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэгч хариуцагчийг оролцоогүйгээр хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн оролцоогүйгээр түүний шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т зааснаар зохигч буюу хариуцагч шүүх хуралдааны товыг шүүхээс лавлах үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т зааснаар “...хэргийн материалтай танилцах, ...шүүх хуралдаанд оролцох...” нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд эрхийг албадан эдлүүлэх боломжгүй юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д үндэслэн хариуцагч С.Б-оос сум хөгжүүлэх сангаас авсан үндсэн зээл 5.000.000 төгрөг, хүү 125.000 төгрөг, алданги 601.379 төгрөг, нийт 5.726.379 төгрөгийг гаргуулан Говь-Алтай аймгийн ***сумын Засаг даргын тамгын газарт олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар 5.726.379 төгрөгт ноогдох улсын тэмдэгтийн хураамж 106.572 төгрөгийг хариуцагч С.Б-оос гаргуулан улсын орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг танилцуулсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН