Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1081

 

 

 

 

 

 

      2023        08          10                                    2023/ШЦТ/1081

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Солонгоо даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

улсын яллагч Э.Баасанбаяр,

шүүгдэгч А.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт А.н Дд холбогдох эрүүгийн 2306000002206 хэргийг 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Холбогдсон хэргийн талаар:

           Шүүгдэгч А.Д нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Ж.Мтай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.Мн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед би найзуудаараа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн спорт зааланд заал авч сагсан бөмбөг тоглож байсан. Тэр үед манай найз А.Д, Мр нар нь надтай кантакт үүсгээд алдаатай тоглоод байсан. Тэгээд би тэр хоёртой маргалдаж улмаар А.Д нь миний хамран тус газар баруун гараараа нэг удаа цохисон. Мөн М нь хажуу талаас орж ирээд миний толгой хэсэг рүү А.Дтэй нийлж цохисон. Тэгээд А.Д миний хамар руу цохих үед миний хамар гэмтэж би гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой. Миний хамарт гэмтэл учирсан тухайн гэмтлийг А.Д нь гараараа цохиж учруулсан...Би хамраа хугалуулаад хамарны яс татуулах эмчилгээ 100,000 төгрөгөөр хийлгэсэн, томографын зураг 150,000 төгрөгийн зардал гарсан байгаа. Цаашид хамарны мурийлт засах хагалгаанд орно. Энэ нь хувийн эмнэлэгт хийлгэхэд 3,999,900 төгрөг болно гэсэн. Үүн дээр нэмээд хагалгаанд орсны дараа 1-2 сарын хугацаанд эм тариа хэрэглэж, гэртээ байх учраас ажил хийх боломжгүй болно. Тэгэхээр ажлын авч цалинг нөхөн төлүүлэх шаардлага гарна...”  гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 30/, Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орой 22 цагаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байдаг 127 дугаар сургуулийн спорт зааланд тоглохоор намайг гэртээ байхад А.Д ирж авсан. Тэгээд хамт заал руу яваад сагсан бөмбөг тоглосон. Тоглохдоо хоорондоо жаахан шаралхаж тоглосон. Ж.М алдаатай тоглоход нь А.Д алдаагаа авсан чинь Ж.М шаралхаад А.Д рүү бөмбөгөө шидээд цохисон. Би очоод жийсэн. Ингэхэд 23 цаг хавьцаа болж байсан байх. Ж.М нь би ингэж зодуулаад сална гэж байхгүй хоёулаа нэглье гээд А.Дтэй зодолдъё гэсэн. Тэр хоёр зодолдож байгаад Ж.М эхлээд А.Д цохиход тэр буцаагаад хамар руу нь цохисон. Тэгээд л хамар руугаа цохиулчихаад байж бай, байж бай гээд гараад явсан. Араас нь гарсан чинь цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6910 дугаар: “1. Ж.Мы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/, Шүүгдэгч А.Д мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр би Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байх 127 дугаар сургуулийн спорт зааланд Ж.Мы нүүр рүү цохиж гэмтэл учруулсан. Үүний гол шалтгаан нь Ж.М нь миний нүүр рүү бөмбөгөө шидээд надтай нэгийн эсрэг нэг зодолдьё дараа нь ямар нэгэн асуудал гаргахгүй. Асуудал гаргахгүй гэдэг нь цагдаа сэргийлэх гэж явахгүй гэдэг утгаар хэлээд над руу хувцсаа тайлаад зодолдох гээд хүрээд ирсэн. Тэгэхээр нь би зодолдоод намайг зуураад байхаар нь өөрөөсөө түлхэж холдуулж байгаад нүүр рүү гараараа нэг удаа цохиход хамарнаас нь бага зэрэг цус гараад зодолдохоо больсон. Нэмж зодолдоогүй...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Би Ж.Мд учирсан хохирлыг прокурорын шатанд нь төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/ Шүүгдэгч А.Д эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 31/, шүүгдэгч А.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 11/, хохирогчийн гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 33-38/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгаж, тодруулсан байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

 

Нэг: Гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч А.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч А.Д нь 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 127 дугаар сургуулийн спорт зааланд хохирогч Ж.Мтай маргалдаж түүний нүүрэн тус газарт гараараа цохиж биед нь хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ж.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 26-ны орой 22 цагийн үед би найзуудаараа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын 127 дугаар сургуулийн спорт зааланд заал авч сагсан бөмбөг тоглож байсан. Тэр үед манай найз А.Д, Л.М нар нь надтай кантакт үүсгээд алдаатай тоглоод байсан. Тэгээд би тэр хоёртой маргалдаж улмаар А.Д нь миний хамран тус газар баруун гараараа нэг удаа цохисон...Тэгээд А.Д миний хамар руу цохих үед миний хамар гэмтэж би гэмтлийн эмнэлэг орж үзүүлсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би гомдолтой...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10, 30/, Гэрч Л.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн орой 22 цагаас Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байдаг 127 дугаар сургуулийн спорт зааланд тоглохоор намайг гэртээ байхад А.Д ирж авсан...Ж.М алдаатай тоглоход нь А.Д алдаагаа авсан чинь Ж.М шаралхаад А.Д рүү бөмбөгөө шидээд цохисон. Би очоод жийсэн. Ингэхэд 23 цаг хавьцаа болж байсан байх. Ж.М нь би ингэж зодуулаад сална гэж байхгүй хоёулаа нэглье гээд А.Дтэй зодолдъё гэсэн. Тэр хоёр зодолдож байгаад Ж.М эхлээд А.Д цохиход тэр буцаагаад хамар руу нь цохисон. Тэгээд л хамар руугаа цохиулчихаад байж бай, байж бай гээд гараад явсан. Араас нь гарсан чинь цагдаа дуудчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6910 дугаар: “1. Ж.Мы биед хамрын ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18/, Шүүгдэгч А.Д шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, түүний гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.Д үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлсэн бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Д “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ж.М нь хохиролд баримтаар 203,000 төгрөг нэхэмжлснийг шүүгдэгч А.Д төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч нь зөвхөн уг гэмт хэргийн улмаас үүссэн бусад хохирлыг холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс цаашид нэхэмжлэх эрхтэй болно.

 

Хоёр: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх ял оногдуулах саналтай байна” гэх дүгнэлтийг гаргасан болно.

 

Шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгч А.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгийн торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар А.Д нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А. Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч А.Дд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.

 

4. Хохирогч Ж.М нь гэм хорын хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд А.Дэс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч А.Д нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          М.СОЛОНГОО