| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2020/00108/и |
| Дугаар | 133/ШШ2020/00253 |
| Огноо | 2020-03-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 133/ШШ2020/00253
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Үйтүмэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч- Улаанбаатар хот,*** дүүрэг, 1-р хороо, *** цогцолбор, *** ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч- Говь-Алтай аймгийн ***т холбогдох,
үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1.653.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л, хариуцагчийн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “***” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган 20065720 тоот гэрээ байгуулан үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг ашиглаж эхэлсэн. Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна. Иймд хариуцагчаас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1.653.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нотлох баримт дээр 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр байгуулсан гэрээг гаргаж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллага хариуцсан Завхан салбарын ажилтан М гэдэг хүн манай аймгийн байгууллагуудад ирж борлуулалт хийж ажиллахдаа Боловсрол, соёл урлагийн газарт 57 ширхэг дараа төлбөртийн hybrid багцийн дугаарыг өгсө байгаа. Энэ дугаар нь сард 9.900 төгрөгийн суурь хураамжтай дугаар байгаа. 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гэрээ байгуулснаас хойш 02 дугаар сарын 01-ны өдрөөс төлбөр нэхэгдсэн өдрөөс хойш 57 дугаарын төлбөр буюу нэг сарын төлбөр нь 516.000 төгрөг хийгээгүй. Тэгээд 2, 3, 4 дүгээр саруудын нэхэмжлэх нь ирээд манай байгууллага дээр авлага үүсээд энэ авлага нь нэхэгдсэн байгаа. Нийт 57 дугаарын 3 сарын суурь хураамж 1.653.000 төгрөг нэхэмжилж байгаа. Манай компанийн ерөнхий захирал бол *** гэдэг хүн байгаа. ***ын ерөнхий захирал Тацуяа Хамада гэдэг хүн бол ажилтнууддаа олгосон эрх үүргийн дагуу ажилтнуудтайгаа гэрээ байгуулдаг. Нэхэмжлэх нь М ахын нэрээр ирэх боломжгүй. ***ыг эзэмшиж байгаа хүн нь М биш учир нэхэмжлэх нь *** гэдэг хүний нэрээр ирж байгаа. Тантай яг гэрээ байгуулсан хүн нь М. Энэ хүн бол ажилтны хүлээсэн үүргийн хүрээнд ажлаа хийсэн. Энэ хүн бол энэ байгууллагын эзэмшигч биш. Тийм болохоор нэхэмжлэх нь Тацуяа Хамада гэдэг хүний нэр дээр ирж байгаа. Гэрээний 5.5.7 гэдэг зүйлийг ярьж байна. Энэ нь үйлчилгээ үзүүлж байгаа хүн нь таны үйлчилгээг ямар нэгэн байдлаар сануулалгүйгээр хязгаарлах тохиолдлууд гээд заасан байгаа. Гэрээг хууран мэхэлсэн гэсэн ойлголт биш шүү гэж хэлмээр байна. Анх гэрээ байгуулахад сард 9.900 төгрөгийн төлбөртэй дугаар гэж хэлсэн байгаа. Манай ямар ч ажилчин үнэ, төлбөргүй дугаар гэж гэрээ хийдэггүй. Сарын төлбөрийг нь тайлбарлаж өгөөд гэрээ байгуулдаг. Байгууллага дээр хэд хэдэн төрлийн гэрээ хийгддэг. Нормал гэрээ, эсхүл хувь хүн өөр дээрээ дугаар аваад байгууллагын хөнгөлөлтөд хамрагддаг гэрээ гэж байгаа. Танай гэрээ бол нормал үндсэн гэрээ буюу зөвхөн байгууллагатай гэрээ байгуулаад байгууллага нь ажилтнуудын төлбөр тооцоо бүх асуудлыг хариуцдаг гэрээ хийгдсэн байгаа гэв.
Хариуцагчийн төлөөлөгч Р.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *** гэдэг хүнтэй гэрээ байгуулсан гэдгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Говь-Алтай аймгийн ***нь ***гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй. М гэдэг хүн гэрээ байгуулсан. Энэ хүн гэрээ байгуулахдаа эхлээд дугаараа тараагаад дараа нь ахлах мэргэжилтэнтэй зөвлөлдөж хийгдсэн ажиллагаа. Энэ нь өөрийн гэрээний 5.5.7 дахь хэсгийг зөрчсөн байгаа. Энэ заалт дээр хууран мэхэлсэн гэж байгаа. М гэдэг хүний нэхэмжлэл байх ёстой. Гэтэл өөр нэртэй нэхэмжлэл орж ирж байна. Манай байгууллагын сургууль, цэцэрлэгийн ажилчид бүгд ***ын дугаартай. Бидэнд ***ын нэмэгдэл дугаар авах шаардлага байхгүй байсан. М гэдэг залуу суурь хураамж авахгүй гэж хуурах буюу залилан мэхэлж бичиг баримтыг бүрдүүлж аваад дараа нь шүүхэд хандсан байсан. Тухайн хүн нь манай аймгийн төлөөлөгч биш Завхан аймгийн хүн байна. ***ын дугааруудыг тараагаад бичиг баримтыг бүрдүүлж, шүүхээр шийдвэрлүүлдэг арга заль хэрэглэдэг болох нь нотлогдож байна. Манай байгууллагын бүх сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар бүгд мобикомын дугаартай. Дахин ***ын дугаар авах шаардлага байгаагүй. Бидний зүгээс *** корпораци нь бусад операторуудаас улам илүү хүрээгээ тэлэх зорилгоор үнэгүй дугаарыг хүмүүст тарааж байгаа юм байна гэсэн ойлголтоор гэрээ хийсэн. Дараа нь М гэх залуу биднийг хүнд байдалд оруулж, ***ын захирлын гарын үсэгтэй нэхэмжлэл ирүүлсэн байна. Өмнө нь энэ байдлаа тодорхой ярьсан бол заавал дугаар авах шаардлагагүй байсан. Гэтэл дээр нэмээд ямар ч хэрэгцээгүй дугаар авч ирээд бид нарт тараасан. Дугаараа тараасны дараа гэрээ байгуулах юм байна гэчихээд сүүлд нь шүүхэд хандаж шийдвэр гаргуулах гэж байгаа хуурамч зүйлийг *** хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Манай *** бусад оперотраас илүү бааз сууриа бэхжүүлэх гэж дугаар тарааж байгаа гэж тайлбарласан. Надад ийм албан бичгүүд хэрэг болох юм байна гээд гэрээ хийсний дараа бичиг баримт бүрдүүлж авсан. Тийм болохоор энэ бол бичиг баримтын хувьд хугацаа алдаж хийгдсэн ч гэсэн ***ын энэ арга нь давхардуулж дугаар өгөөд сүүлд нь мөнгө дээрэмдэж авдаг нь зүй зохисгүй байна. Би тэр үед манай бүх салбарууд бүгд ***ын дугаартай учраас авах шаардлага байгаа юм уу гэхэд манай ахлах мэргэжилтэн мобиком хамтын ажиллагаагаа нягтруулж байгаа юм байна гэсэн. Тийм бол байгууллагуудаар очоод тараагаад явж болохгүй юм уу? гэхэд тэгэх шаардлага байхгүй. Танайх толгой байгууллага учраас аваад тараагаад өгөөрэй гэсэн. Аль ч тохиолдолд биднийг хууран мэхэлсэн үйлдэл нь мэдрэгдээд байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгч ***-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Учир нь үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1.653.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Р.Б Говь-Алтай аймгийн *** нь *** гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй. Б.М гэдэг хүн гэрээ байгуулсан. Б.М гэдэг залуу суурь хураамж авахгүй гэж хуурах буюу залилан мэхэлж бичиг баримтыг бүрдүүлж аваад дараа нь шүүхэд хандсан байсан гэж маргажээ.
Талуудын хооронд 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 20065720 дугаартай Үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 20065720 дугаартай Үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээ байгуулж, 20065720 дугаартай 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн гэрээний нэмэлтэд заасны дагуу Говь-Алтай аймгийн ***нь 57 ширхэг дугаар болон сим картыг өгч авалцсан ба Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д зааснаар талууд гол нөхцлийн хувьд өөрийн хүсэл зоригоо бодит үйлдлээр илэрхийлж хэлцэл хийж болох бөгөөд нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг хийгдсэн гэж үзэхээр Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-д зохицуулсан тул нэхэмжлэгчийн гэрээний нөхцөлийг хариуцагч Говь-Алтай аймгийн Боловсрол соёл урлагийн газрын дарга Р.Б хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан. Тухайн гэрээг байгуулахад оролцсон оролцогч нар гэрээ байгуулах үеийн үйлдэл холбогдлыг ойлгож чадахуйц эрх зүйн чадамжтай этгээдүүдийн хооронд байгуулагдсан хүчин төгөлдөр гэрээ байх бөгөөд талуудын хооронд гэрээний эрх зүйн харилцаа үүссэн байна.
Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу зарим хэсгийг нь, түүнчлэн төлөөлөгчийн газрын үүргийг гүйцэтгэж болно, 7.2 компанийн төлөөлөгчийн газар нь компанийн оршин байгаа газраас өөр газар байрладаг нэгж бөгөөд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, компанийн нэрийн өмнөөс хэлцэл хийх зэрэг эрх зүйн төлөөллийн үйл ажиллагаа явуулна гэж заажээ.
Тиймээс ***ийг төлөөлж салбарын харилцагч хариуцсан менежер Б.М нь гэрээ байгуулах эрхтэй байх тул хариуцагчийн төлөөлөгч Р.Б-ийн би Т***тай гэрээ байгуулаагүй, Б.М-тэй гэрээ байгуулсан учраас Б.М-ийн гарын үсэгтэй нэхэмжлэл байх ёстой, хууран мэхэлж гэрээ байгуулсан гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй юм.
Талуудын хооронд байгуулсан үүрэн телефон холбооны үйлчилгээний гэрээний 2.1-д “Хэрэглэгч” гэж үйлчилгээ үзүүлэгчийн үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, гэрээ байгуулсан хувь хүн, хуулийн этгээд байхаар заасан бөгөөд хэрэглэгч буюу хариуцагч Боловсрол соёл урлагийн газар нь “Миний моби” багцын үйлчилгээг сонгон авч, гэрээгээр үйлчилгээ үзүүлэгч нь үүрэн телефон холбооны дараа төлбөрт үйлчилгээг үзүүлэх, хэрэглэгч нь гэрээнд заасны дагуу зохих төлбөрийг төлөхөөр, гэрээ цуцлагдах хүртэл хүчин төгөлдөр үйлчлэхээр талууд тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үнийн дүнгээ тодорхойлохдоо миний моби багцын сарын хураамжийг 9900 төгрөгөөр тооцсон байгаа бөгөөд хариуцагч тал үйлчилгээний үнэ тарифын хувьд маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Түүнчлэн гэрээний 4.2-д хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчийн дугаар бүхий сим картуудыг өөрийн ажилтнуудад гэрээнд заасан нөхцөл, журмын дагуу эзэмшүүлж, ашиглуулах үүрэгтэй ба гэрээнд өөрөөр заагаагүй бол дугаарыг эзэмшил, ашиглалт, төлбөр тооцоотой холбоотой үүрэг хариуцлагыг “хэрэглэгч” өөрийн нэрээр бие даан хариуцна, 6.6-д хэрэглэгч гэрээг буюу дугаарыг цуцлах өдрийг хүртэлх хугацаанд ашигласан үйлчилгээний төлбөрийг бүрэн барагдуулах үүрэгтэй байх ба 6.9-д хэрэв хэрэглэгч тухайн сардаа хэрэглээ хийгээгүй тохиолдолд сарын хураамж үйлчилгээний нөхцөлийн хавсралтад заасны дагуу тогтмол нэхэмжлэгдэнэ, 6.10-д үйлчилгээ үзүүлэгч нь хэрэв барьцаа төлбөр нийт төлбөрийг барагдуулахад хүрэлцэхгүй бол үлдэгдэл төлбөрийг нэхэмжлэх эрхтэй гэж заасан байна.
Мөн гэрээний 4.6-д хэрэглэгч нь үйлчилгээ үзүүлэгчид албан ёсоор дугаар хадгалах үйлчилгээг авснаас бусад тохиолдолд ашигласан ашиглаагүйгээс үл хамааран сарын суурь хураамжийг төлөх үүрэгтэй гэж заасан байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн *** нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ буюу Миний моби багцын үйлчилгээний төлбөрийг төлсөн болох нь зохиогчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Иймд үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1.653.000 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн ***аас гаргуулж нэхэмжлэгч *** ХХК-д олгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлаа нотолсон баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41.398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Харилцаа холбооны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн ***аас үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт нийт 1.653.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *** ХХК-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 41.398 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 41.398 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ц.ҮЙТҮМЭН