Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2025/0775

 

 

 

 

 

 

 

 

Д.Бгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа

Илтгэсэн шүүгч Б.Адъяасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч П.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Нэхэмжлэгч: Д.Б

Хариуцагч: Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, С.Д

Нэхэмжлэлийн шаардлага: “Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, С.Д нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгчид “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,691.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 123/ШШ2025/0083 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Л.М

Хариуцагч П.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номуунхүслэн

Хэргийн индекс: 123/2025/0019/З

 

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        1. Нэхэмжлэгч Д.Б-аас анх Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, С.Д нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын 32,962,488.58 төгрөгийн татвар, 13,155,062.9 төгрөгийн торгууль, 6,140,138.29 төгрөгийн алданги, нийт 52,257,690.8 төгрөгийн нөхөн төлбөрийг хүчингүй болгуулах шаардлага гаргасан.

         1.1. Нэхэмжлэгчээс 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, С.Д нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ын тогтоох нь гэсэн хэсэгт “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов” гэснийг “...7,143,586.13 төгрөгийн нөхөн татвар, 2,785,998.59 төгрөгийн торгууль, 1,309,419.34 төгрөгийн алданги, нийт 11,239,004.06 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоов...” гэж өөрчлөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн.

         1.2. 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр “Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, С.Д нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн №НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар нэхэмжлэгчид “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосноос 32,962,488.93 төгрөгийн нөхөн татвар, 13,155,062.92 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,691.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

2. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр Төв аймгийн татварын газрын татварын улсын байцаагч С.Д, П.О нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-14230000008 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-аар тогтоосон төлбөрийн хэмжээг 25,307,160.57 төгрөгийн нөхөн татвар, 10,055,919.07 төгрөгийн торгууль, 6,009,128.51 төгрөгийн алданги, нийт 41,372,208.16 төгрөгийн төлбөр төлөхөөр болгон төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэжээ.

3. Хариуцагч П.О болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт шүүх шинжилгээний ерөнхий газрын гаргаж ирүүлсэн Шинжээчийн дүгнэлт нь мэргэшсэн шинжээчийн тооцооллоор гаргуулсан нотлох баримтын хувьд тооцооллын үндэслэл нь нэхэмжлэгч, хариуцагч талын тайлбар үндэслэлээр үгүйсгэгдээгүй тул, тус дүгнэлтийн татвар ногдох орлогын дүн түүгээр ногдуулсан тооцоолын дагуу шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ… энэхүү нөхөн төлөх татвар буюу татвар ногдох орлогын зөрүү, маргаанд гүйлгээ тус бүрээр задалж тооцоолсон шинжээчийн дүгнэлтийг талууд үгүйсгэж няцаах үндэслэл бүхий тайлбар байхгүй тул... багасган тогтоож шийдвэрлэлээ гэжээ. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ040125/078 дугаартай шинжээчийн дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар тайлбар, худалдагч Ц.Гийн данснаас Д.Бгийн дансанд хийгдсэн гүйлгээнүүд дэлгүүрийн орлого биш гэж үзэх татвар ногдуулах орлогоос хасах үндэслэл байхгүй гэж үзэж байгаагаа, энэ талаар холбогдох нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн. Үүнд: Д.Б, Ц.Г нарын 2019-2022 онуудын ХХОАТ-ын тайлан, хяналт шалгалтын явцад хийгдсэн тооцоолол, дансны хуулга, ярилцлага, тэмдэглэл, хөндлөнгийн мэдээлэл орно.

Шинжээч шинжилгээнд нэхэмжлэгч Д.Бгийн ангийн хүүхэд, найз, үеэл дүүгийн нөхөр, Г-ийн охин гэх мэт 13 иргэний дансыг хамаарал бүхий иргэдийн данс гэж хүргүүлсэн. Эдгээр 13 иргэний данснаас орсон 1,174,660,288.01 төгрөгийн орлогыг буюу бүх орлогыг шинжээч дэлгүүрийн орлого биш гэж үзэх, дэлгүүрээс худалдаан авалт хийгээгүй гэж үзэх ямар ч үндэслэл, нотлох баримт байхгүй байхад орлогын тооцоололд оруулахааргүй байна гэж дүгнэсэн. Мөн тус дэлгүүрийн худалдагч Ц.Г нь 2019-2022 онуудад Хувь хүний орлогын албан татварын тайланг огт гаргаагүй буюу хувиараа орлого олсноо тайлагнаж татвар төлөөгүй атал Хаан банкны 5*21****** тоот дансанд 2022.01.01- 2022.12.31-ний хугацаанд буюу зөвхөн 2022 онд нийт 325,188,567.51 төгрөгийн орлогын гүйлгээ хийснээс 262,562,611,273.02 төгрөгийг хувийн хэрэглээний зорилгоор шилжүүлсэн орлого байна гэж, 2019-2022 онуудад иргэн Д.Бгийн төлсөн татвар, хураамжуудыг зардлаар оруулаагүй зэрэг илтэд зөрүүтэй, алдаатай дүгнэлтүүд гаргасан, энэ талаар хэргийн оролцогчид маргаантай хэвээр, хэргийн нөхцөл байдал тодорхой болоогүй байтал анхан шатны шүүхээс эдгээр дүгнэлтийн зөрүүтэй нөхцөл байдлыг арилгаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасныг зөрчсөн.

3.2. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн тухайн татварын жилд Монгол Улсад болон Монгол Улсаас эх үүсвэртэй, түүнчлэн гадаад улсад олсон орлогод албан татвар ногдоно”; 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно” 6.3.2-т “үйл ажиллагааны орлого” гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна” 8.1.2-т “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого” гэж хуульчилсан. Нэхэмжлэгч талаас үйл ажиллагааны орлого хүлээн авдаг дансны хуулгаараа орсон орлогоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д заасан орлого биш гэдгээ нотлох буюу ямар үндэслэлээр татвар ногдох орлого биш гэж үзэж байгаагаа тодорхой болгоогүй, холбогдох нотлох баримтыг хяналт шалгалтын явцад ч, шүүхийн шатанд ч гаргаж ирүүлээгүй байхад төлбөр тогтоосон актыг 25,307,160.57 төгрөгийн нөхөн татвар, 10,055,919.07 төгрөгийн торгууль, 6,009,128,51 төгрөгийн алданги нийт 41,372,208.16 төгрөгийн төлбөр төлөхөөр багасгаж шийдвэрлэсэн.

3.3. Авилгатай тэмцэх газрын 2023 оны 05/12015 тоот албан бичгээр ирүүлсэн хүсэлтийн дагуу Д.Бгийн 2021-2022 онуудын ХХОАТ-ын төлөлтийн байдалд хяналт шалгалт хийхдээ хуульд заасан, нотлох баримтын шаардлага хангасан орлого зардлыг бүрэн хасаж татвар ногдох орлогыг тодорхойлон 63,496,655.02 төгрөгийн төлбөр тавьсан. Шүүхээс уг актын талаар хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиудыг хэрэглэж эрх зүйн дүгнэлт өгөх, нотлох баримтыг үнэлэх ажиллагааг хуульд заасан журмаар хэрэгжүүлээгүй, хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл бүрд бодит дүгнэлт өгөлгүйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна” гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Д.Б “Төв аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт, шалгалтын тасгийн татварын улсын байцаагч П.О, С.Д нарын 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан НА-14230000008 дугаар Нөхөн ногдуулалтын актаар тогтоосон “...40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 6,140,139.29 төгрөгийн алданги, нийт 52,257,691.14 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэснийг хүчингүй болгуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулжээ.

3. Татварын улсын байцаагч нараас Д.Бгийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, НА-14230000008 тоот нөхөн ногдуулалтын актаар 403,021,448.60 төгрөгийн зөрчилд 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.64 төгрөгийн алданги нийт 63,496,695.20 төгрөгийн төлбөр ногдуулжээ.

3.1. Нэхэмжлэгч Д.Бгаас маргаан бүхий актыг эс зөвшөөрч Төв аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг хянаад 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаар тогтоолоор дээрх нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээсэн байна.

4. Анхан шатны шүүхээс “...хариуцагч нар нь тус дэлгүүрийн худалдагч хэзээнээс ажиллаж, орлогын гүйлгээ хэзээнээс хэрхэн хийгдсэн эсэхийг гүйцэт баримтжуулан тогтоогоогүй ..., нөхөн төлөх татвар буюу татвар ногдох орлогын зөрүү, маргаанд гүйлгээ тус бүрээр задалж, тооцоолсон шинжээчийн дүгнэлтийг талууд үгүйсгэж няцаах үндэслэл бүхий тайлбар байхгүй...” гэх дүгнэлтийг хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5. Нэхэмжлэгч Д.Б нь найман нэрийн барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлж олсон орлогоосоо Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Тухайн татварын жилд албан татвар ногдох орлого олсон, эсхүл энэ хуульд заасны дагуу албан татвар төлөх үүрэг бүхий Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн албан татвар төлөгч байна”, 6 дугаар зүйлийн 6.3-т “Албан татвар төлөгчийн дараах орлогод албан татвар ногдоно”, 6.3.2-т “үйл ажиллагааны орлого”, 8 дугаар зүйлийн 8.1-т “Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна”, 8.1.2-т “хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого” гэж тус тус заасны дагуу хувь хүний орлогын албан татвар  төлөгч байна.

7. Маргаан бүхий 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн НА-14230000008 дугаар Нөхөн ногдуулалтын актаар:

Д.Б нь 2019 онд 4,270,668.46 төгрөг, 2020 онд 9,733,113.80 төгрөг, 2021 онд 91,564,003.63 төгрөг, 2022 онд 78,116,897.25 төгрөг гээд нийт 179,414,014.86 төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй.

2022 онд борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зардлыг 27,222,313.51 төгрөгөөр илүү тусган татвар ногдуулах орлогыг бууруулсан.

Үндсэн үйл ажиллагааны болон түрээсийн борлуулалтын орлого 2019 онд 5,611,819.00 төгрөг, 2020 онд 9,532,995.66 төгрөг, 2021 онд 91,819,914.00 төгрөг, 2022 онд 78,116,897.25 төгрөг гээд нийт 185,081,626.25 төгрөгийг тайланд тусгаагүй.

Хувийн хэрэгцээний худалдан авалт болох 2019 онд 254,363.64 төгрөгийн, 2020 онд 4,125,000.00 төгрөгийн, 2022 онд 692,763,64 төгрөгийн нийт 5,072,127.28 төгрөгийн худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хасалт хийн төсөвт төлөх татварын дүнг бууруулсан зэрэг зөрчлүүдээр нийт 403,021,448.6 төгрөгийн зөрчил илрүүлэн 40,106,075.06 төгрөгийн нөхөн татвар, 15,941,061.51 төгрөгийн торгууль, 7,449,558.63 төгрөгийн  алданги, нийт 63,496,695.2 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.

8. Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж заасны дагуу маргаан бүхий актад хамаарах данс хоорондын гүйлгээ, татвар ногдох орлого, бусад орлого зэргийг түүвэрлэн татвар ногдох орлогын тооцоог гаргуулахаар Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон нь хуульд нийцсэн.

9. Тус Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЕГ040125/078 дугаар Шинжээчийн дүгнэлтээр

2020 онд 8,382,718.07 төгрөгийн үйл ажиллагааны борлуулалтын орлогыг тайланд тусгаагүй.

2022 онд борлуулсан бүтээгдэхүүний өртгийн зардлыг 29,595,497.71 төгрөгийг илүү тайлагнасан.

Үндсэн үйл ажиллагааны болон түрээсийн борлуулалтын орлого 2019 онд 3,890,651.83 төгрөг, 2020 онд 8,382,718.07 төгрөг, 2021 онд 91,230,318.16 төгрөг, 2022 онд 6,960,563.86 төгрөг нийт 110,464,251.93 төгрөгийн орлогыг нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаагүй.

Хувийн хэрэгцээнд зориулан худалдан авсан 2019 онд 254,363.64 төгрөгийн 2020 онд 4,125,000.00 төгрөгийн, 2022 онд 692,763.64 төгрөгийн нийт 5,072,127.28 төгрөгийн бараа материалын худалдан авалтыг нэмэгдсэн өртгийн албан татварын нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн худалдан авалт хэсэгт тусган хасалт хийн төсөвт төлөх татварын дүнг бууруулсан зэрэг зөрчлүүдээр нийт 255,032,304.33 төгрөгийн зөрчил илэрснээс 25,307,160.57 төгрөгийн нөхөн татвар, 10,055,919.07 төгрөгийн торгууль, 6,009,128.51 төгрөгийн алданги, нийт 41,372,208.16 төгрөгийн төлбөрийг төлөхөөр байна гэж дүгнэжээ.

10. Мөн тус шинжээчийн дүгнэлтээр “Х” дэлгүүрийн худалдагч Ц.Гийн Хаанбанкны 5*21****** тоот дансны 2022.01.01-2022.12.31-ний хугацаанд нийт 325,188,567.51 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдснээс 62,611,273.02 төгрөгийн орлого нь Д.Бгийн “Х” дэлгүүрийн үйл ажиллагаатай холбоотой, харин 262,577,294.49 төгрөгийн орлого нь хамаарал бүхий иргэдийн данснуудаас болон хувийн хэрэглээний зорилгоор шилжүүлсэн орлого байна. Иймд Ц.Гийн Хаанбанкны 5721****** тоот дансанд орж ирсэн 62,611,273.02 төгрөгийн орлогыг дэлгүүрийн орлогын тооцоололд оруулж тооцсон” байна.

11. Дээрх шинжээчийн дүгнэлтээр Татварын ерөнхий хуулийн 73 дугаар зүйлийн 73.2.1-т “татварын хууль тогтоомжид заасны дагуу тухайн татварыг төлбөл зохих өдрөөс түүнийг төлсөн өдрийг хүртэлх хоногийн тоогоор”, 82 дугаар зүйлийн 82.1-д “Татвар төлөгч нь татвар төлөхгүй байх, төлөх татварын хэмжээг бууруулах, эсхүл татвар ногдох зүйлийг нуух зорилгоор татвар ногдуулаагүй буюу татварын ногдлыг бууруулсан бол татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, дараах хэмжээгээр торгоно”, 82.1.2-т “төлбөл зохих татварын дүнг 50 ба түүнээс дээш хувиар бууруулсан бол нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар”, 84 дүгээр зүйлийн 84.1-т “Дараах үйлдэл, эс үйлдлийн улмаас төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан буюу төлөөгүй бол төлбөл зохих татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлөх татварын дүнгийн 40 хувиар торгоно”, 84.1.5-т “төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварыг бууруулах, эсхүл буцаан авах татварын хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, төлбөрийн баримтын мэдээллийг зөрүүтэй гаргасан, эсхүл падаан, төлбөрийн баримтыг үйлдээгүй”, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Татварыг хуулиар тогтоосон хугацаанд нь төлөөгүй бол хүн, хуулийн этгээдийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй татварын 0.1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тус тус заасныг зөв хэрэглэн тооцоолсон гэж анхан шатны шүүхээс дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.

12. Иймээс маргаан бүхий актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасган шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т тус тус заасныг баримтлан хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

    ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА  

 

    ШҮҮГЧ                                                Д.ОЮУМАА

 

                          ШҮҮГЧ                                                б.адъяасҮРЭН