Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 110/2022/0015

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж,  тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

              Нэхэмжлэгч: М.А,

              Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Н.Д хэлтэс нарын хоорондын  нийгмийн даатгалын маргааныг хянан  хэлэлцэв.

              Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Еркегүл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь :

              1.Нэхэмжлэгч М.А нь Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан, “М.А-д өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах“-аар маргаж байна.

            2. М.А нь  2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор өргөдөл гаргасан ба тус хэлтсийн байцаагчаас өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзаж   хариу өгсөн байна.

            3. М.А  нь  өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд 2021 оны 07 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргасан боловч хариу өгөөгүй гэсэн үндэслэлээр 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийг  тус шүүхийн шүүгчийн 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 350 дугаар захирамжаар  урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй  гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан.

            Улмаар Нийгмийн даатгалын хэлтсийн  дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн  хурлаар М.Ан  хүсэлтийг хэлэлцээд  “өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэсэн  хариу өгснөөр нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            4. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

“Иргэн М.А би Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2021/0073 дугаартай шийдвэрээр Баян-Өлгий аймгийн С  сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл  сахиулаар, Баян-Өлгий аймгийн С  сумын “Е.А” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 25-аас 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл  түүхий эдийн туслах ажилчнаар, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  хүртэл уурын зуухны машинист /качегар/-аар, Баян-Өлгий аймгийн С сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт  1988 оны 05 дугаар сарын 15-аас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинист /качегар/ -аар, Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зуухны машинист /качегар/ -аар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг  тогтоосон. Одоо шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Энэхүү шүүхийн шийдвэрээр миний ажилласан 8 жил нь хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарч байна.

М.А би 2001-2019 он хүртэл Баян-Өлгий аймгийн С сумын хүн эмнэлэг, цэцэрлэг, сумын Засаг даргын Тамгын газар, сургууль, цагдаагийн кабон, “К” ХХК-д галч /качегар/-аар тус тус нийтдээ 20 гаруй жил тасралтгүй ажилласан. Ингээд би улсад нийт 20-оос доошгүй жил ажилласан, үүнээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд 12 жил 6 сараас дээш хугацаагаар ажилласан тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор Баян-Өлгий аймгийн С сумын нийгмийн даатгалын байцаагч Ш.А 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр холбогдох бичиг баримтуудыг өгөх гэсэн боловч тэрээр хүлээн авахаас татгалзсан. Нийгмийн даатгалын байцаагч Ш.А хууль бус асуудлыг таслан зогсоож, надад өндөр насны тэтгэвэр тогтоох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд гомдол гаргасан юм. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөл нь М.А миний гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцээд надад “таны гомдлыг ханган шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг амаар өгсөн.

Иймд М.А надад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, М.А надад 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоохыг аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгаж өгөх тухай шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн  төлөөлөгч  Я.С шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

“М.А С суманд оршин суудаг, 58 настай. Насаараа С сумын эрчим хүчний салбарт галч, машинистаар ажилласан хүн. Хуульд зааснаар 55 насанд хүрсэн, улсад нийтдээ 20-оос доошгүй жил ажилласан гэдэгт хариуцагч маргахгүй байна. Хариуцагчаас 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр шүүхэд ирүүлсэн тайлбартаа “Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зуухны машинист /качегар/-аар ажилласан 4 жил 8 сар нь дээрх жагсаалтын 4 дүгээр бүлэг хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 буюу эрчим хүчний салбарын жагсаалтад хамрагдах албан тушаалд багтах учраас хүнд нөхцөлөөр ажилласан хугацаанд тооцогдоно” гэж 4 жил  8 сард маргахгүй байна. 

Уурын зуухны галчийн албан тушаал хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах албан тушаал гэж ойлгож байна. 12 жил 6 сараас дээш хугацааны болзол шаардлагыг хангаж байна.

2000 оноос 2014 он хүртэл 14 жил гаруй С сумын ерөнхий боловсролын сургуульд качегар, галч, машинистаар ажилласан. Ажлын объектын талаар шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтээр Баян-Өлгий аймгийн С сумын сургуульд 2001-2016 он хүртэл нийт 7 ширхэг зуухыг галлаж ажилласан байна. Уг зуухнуудын нийт хүчин чадал нь 1,49 Гкалл/цаг ба 90/70ºС температурын хүчин чадалтай байна. Уг халаалтын зуух нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, хангах зориулалттай, байнгын ажиллагаатай нам даралтын зуух мөн гэсэн. Өөрөөр хэлбэл байнгын ажиллагаатай уурын зуух гэдгийг тогтоосон. 2016-2021 онд М.А “К” ХХК-д ажилласан. Тухайн компанид 2 зуух байсан. Эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх зориулалттай байнгын ажиллагаатай зуух, стандарт,дүрмийг үйл ажиллагаанд мөрддөг, эрчим хүч үйлдвэрлэлийн салбарт хамаарах, эрчим хүчний барилга байгууламж мөн гэсэн дүгнэлт гарсан.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн  сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтын 4-д эрчим хүчний системийн хөдөлмөрийн хүнд нөхцөлийг зохицуулсан ба байнгын ажиллагаатай уурын зуухны галч гэдэг албан тушаалыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулсан. Ийм учраас нэхэмжлэгч М.А нь 55 настай, улсад нийтдээ  20-оос доошгүй жил ажилласан. Энэ салбарт тасралтгүй 20-оод жил ажилласан. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж өгөхийг хүсэж байна” гэв.

5. Хариуцагч  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийг төлөөлж  дарга М.А хариу тайлбартаа:

“Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иргэн М.А 2021 оны 07 дугаар сарын 26-ны өдөр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлд хандаж гомдол гаргасан. Уг гомдлыг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх Гомдлын шаардлагын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж “Өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй” гэж шийдвэрлэсэн. Учир нь: М.А 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 11 дүгээр сарын 25-ны хүртэл С сумын Худалдаа бэлтгэл ангид сахиул, 1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 16-ны хүртэл С сумын “Е.А” нэгдэлд түүхий эдийн нярав, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны хүртэл мөн нэгдэлд уурын зуухны машинист /качегар/-аар тус тус ажилласан хугацаа хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан хугацаанд тооцогдоно. 2001 оноос 2016 оны 10 дугаар сар хүртэл С сумын сургуульд галчаар ажилласан хугацаа мөн хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамаарагдаж байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д ороогүй ажил, мэргэжлийг хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцно. 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний хүртэл Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зуухны машинист /качегар/-аар ажилласан 4 жил 8 сар нь дээрх жагсаалтын Дөрөвдүгээр бүлэг Хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1 буюу Эрчим хүчний салбарын жагсаалтад хамрагдах албан тушаалд багтсан тул хүнд нөхцөлд ажилласан хугацаанд тооцогдоно. Харин ”К" ХХК-д ажиллаж шимтгэл төлсөн хугацаа  47 сар буюу 3 жил 11 сар нь хүнд нөхцөлд орох эсэх нь эргэлзээтэй, уг хугацаа хүнд нөхцөлд хамаарагдана гэж үзсэн ч М.Ан хүнд нөхцөлд ажилласан хугацаа 8 жил 6 сар гарна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дугаар хэсгийн 3-т нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр“ өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй гэж заасан.

Иймд М.Ан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаа уг болзлыг хангахгүй байгаа тул өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй болно” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Жанарбек хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч М.А С сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт 1988 оны 05 дугаар сарын 15-аас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл зуухны машинист /качегар/-аар 1 жил 11 сар 15 хоног ажилласныг шүүхээр тогтоолгосон байна. Энэ нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004  оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-4 дүгээр бүлэг “Хөдөлмөрийн хүнд нөхцөл” хэсгийн 38 дахь хэсэгт Нийтийн аж ахуйн салбарын ажил мэргэжлээс хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийг дурдсан байдаг. Тус ажил ,мэргэжлийн жагсаалтад  “НАА, орон сууц тохижилт үйлчилгээ,  бохир усны слесарь, гагнуурчин, нийтийн бие засах газрын үйлчлэгч, будагчин, засалчин, үл хамаарах системтэй дулаан хуваарилах төвийн машинч, зам талбайн үйлчлэгч, ургамлын хортон шавьж устгагч, хор найруулагч, ургамал хамгааллын мэргэжилтэн, хүлэмжийн хор цацагч, хог ачигч, хог түрдэг бульдозерчин, экскаваторчин, засварчин, хог асгах цэгийн диспетчер, нохой, муурын анчин” хүнд нөхцөлийн ажил мэргэжилд тооцогдохоор зохицуулсан. Харин уг хэсэгт зуухны машинист /качегар/ гэдэг ажил мэргэжил багтаагүй тул хөдөлмөрийн хүнд нөхцөл гэж үзэхгүй хөдөлмөрийн хэвийн нөхцөлд ажилласнаар тооцогдоно.

1978 оны 6 дугаар сарын 15-аас 1982 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл Худалдаа бэлтгэлийн ангид галч, ачигчаар ажилласан тухай хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байна. 1978 онд М.А 14 настай байсан бөгөөд уг ажлыг хийж байсан эсэх нь эргэлзээтэй тул аймгийн Архиваас ажилласан хугацааны архивын лавлагаа авч баталгаажуулах шаардлагатай. Харин Худалдаа бэлтгэл ангийн галч, ачигч Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-д  багтаагүй ажил, мэргэжил тул хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл гэж тооцогдохгүй.

“К” ХХК нь 2016 онд нийгмийн даатгалын байгууллагад шимтгэл төлөгчөөр бүртгүүлсэн байна. Харин 2019 оны 4 дүгээр сард “Дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах” тусгай зөвшөөрөл авсан байна. Иймд иргэн М.Ан 2019 оны 04 дүгээр сараас хойш “К” ХХК-д ажиллаж шимтгэл төлсөн  24 сар буюу 2 жил хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацаанд оруулан тооцогдоно. Харин үүнээс өмнө “К” ХХК-д ажиллаж, шимтгэл төлсөн хугацааг хэвийн нөхцөлд ажилласнаар тооцно.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” нь өөрөө салбар салбараар зохицуулан гаргасан жагсаалт. Тус жагсаалтад  галч гэдэг мэргэжил “тоосгоны үйлдвэрлэлийн тоосго шатаах зуухны галч”-ыг  хөдөлмөрийн халуун нөхцөлд хамааруулсан, эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай уурын зуухны галч, тоосго үйлдвэрлэлийн тоосго хатаах зуухны галч нарыг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулан зохицуулсан. Бусад салбарт ажилладаг галч нарыг тус жагсаалтаар зохицуулаагүй тул хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамааруулна. Аймгийн Эрчим хүчний үйлдвэр буюу “Эрчим” ХК нь жилд 35 мянган тонн нүүрс түлж, бүхэл бүтэн аймгийг дулаанаар хангадаг. Харин сургууль ,цэцэрлэг, нэгдлийн конторт тийм их хэмжээний нүүрс түлдэггүй. Өөрөөр хэлбэл томхон шиг байшин, эсвэл жижиг үйлдвэр, үйлчилгээний газарт түлдэг хэмжээний нүүрсийг жилд түлдэг. Үүнийг эрчим хүч үйлдвэрлэлийн салбартай харьцуулах боломжгүй.

М.А одоо 57 нас 10 сартай, нийт шимтгэл төлж ажилласан хугацаа 20 жилийг хангаж байгаа хэдий ч хүнд нөхцөлд ажилласан хугацаа 12 жил 6 сараас доошгүй байх болзлыг хангаагүй. Хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоохын тулд дээрх 3 болзлыг зэрэг хангасан байх шаардлагатай. Иймд М.Ад хөдөлмөрийн хүнд нөхцөлөөр тэтгэвэр тогтоох боломжгүй” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан нэмэлт  тайлбартаа:

“Иргэн М.Ан хувьд сургуульд уурын зуухны галчаар ажилласан хугацааг хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарна гэж маргаад байгаа. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын доор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт”-аар хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлийн жагсаалтыг салбараар нь зохицуулсан. Энэ жагсаалтад ороогүй салбарын ажил мэргэжил хөдөлмөрийн хэвийн нөхцөлд тооцогддог. Дээрх жагсаалтын гуравдугаар бүлэг хөдөлмөрийн халуун нөхцөлийн 1-т “Эрчим хүч үйлдвэрлэлийн 35 ата ба түүнээс дээш даралтаар ажилладаг зуухны машинч, ахлах машинч, шаар цэвэрлэгч” гэж зохицуулсан. Мөн жагсаалтын 4 дүгээр бүлэг хөдөлмөрийн хүнд нөхцөлийн 1-т “эрчим хүч үйлдвэрлэлийн дулааны шугам хоолойн слесарь.... байнгын ажиллагаатай уурын зуухны галч....техникч, инженер” гэж тус тус зохицуулсан. Уг жагсаалтад боловсролын салбарын галч байхгүй  тул хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд хамаарахгүй бөгөөд хэвийн нөхцөлд тооцогдоно. Сургуулийн нам даралтын зуухыг эрчим хүчний салбарын өндөр даралтаар ажилладаг зуухтай хольж хутгаж ойлгож болохгүй. Шүүгчийн захирамжаар Мэргэжлийн хяналтын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч нар, “Э.Б” ХК-ийн инженер гэсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн багийг томилуулсан. Уг шинжээчийн дүгнэлтээр “Уг халаалтын зуух нь дулааны эрчим хүч үйлдвэрлэх, хангах зориулалттай байнгын ажиллагаатай нам даралтын зуух мөн, эрчим хүчний барилга байгууламж мөн байна” гэж дүгнэсэн байна. 2004 оны 77 дугаар тушаалын хавсралтаар баталсан жагсаалтын 4 дүгээр бүлгийн 1-д “байнгын ажиллагаатай уурын зуухны галч” хөдөлмөрийн хүнд нөхцөлд тооцогдохоор маш тодорхой зохицуулсан. Байнгын ажиллагаатай нам даралтын зуухны галч гэж байхгүй. Нам даралтын зуух гэдэг нь тухайн нэг объектыг эсвэл объектын тодорхой хэсгийг дулаанаар хангах зорилготой зуух юм. Төвлөрсөн халаалтад холбогдоогүй айл өрх, албан байгууллагууд нам даралтын зуухаар дулааны эрчим хүчний хэрэгцээгээ хангадаг. Үүнийг Эрчим хүчний салбарын өндөр даралтаар ажилладаг, жилдээ 35 мянган тоон нүүрс түлдэг зуухтай харьцуулах боломжгүй. Иймд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-ын 2-т заасан хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажилласан хугацааны, мөн 3-т заасан хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан хугацааны болзлыг хангаагүй тул хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.  

ҮНДЭСЛЭХ  нь:

            1. Нэхэмжлэгчийн “М.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

            2. Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00723 дугаартай шийдвэрээр /1 дэх хавтаст хэргийн 9-11 дэх тал/ М.А  нь Баян-Өлгий аймгийн С  сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1986 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс  1986 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл  сахиулаар, Баян-Өлгий аймгийн С  сумын “Е.А” нэгдэлд 1986 оны 11 дүгээр сарын 25-аас 1987 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл  түүхий эдийн туслах ажилчнаар, 1987 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  хүртэл уурын зуухны машинист /качегар/-аар, Баян-Өлгий аймгийн С сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт  1988 оны 05 дугаар сарын 15-аас 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл уурын зуухны машинист /качегар/ -аар, Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зуухны машинист /качегар/ -аар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл тус тус ажиллаж байсныг  тогтоосон байх ба шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

            Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 20-21,23-25,59,82-87,130-131,172-184,210-211 дэх тал/ нэхэмжлэгч М.А  нь  1982 оны 06 дугаар сарын 23-аас ардын армийн 030 дугаар  ангид цэргийн 3 жилийн  хугацаат алба хаасан,  Баян-Өлгий аймгийн С  сумын 10 жилийн дунд сургуульд 2001 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2003 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, 2004 оны 01 дүгээр сарын 02-оос 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний  өдөр хүртэл, нийт  14 жил 10 сар  галчаар,   ”К” ХХК-д 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний  өдрөөс  2021 оны  4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл, нийт 4 жил 5 сар  машинист /качегар/-аар ажилласан болох нь тус тус  тогтоогдож байна.

3.Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө”, 16 дугаар зүйлийн 7-д “Хуанлийн жилд 7 сараас доошгүй хугацаагаар улирлын чанартай ажил, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ажилтныг жилийн туршид нийгмийн даатгалд даатгуулсанд тооцно”, 8-д “Энэ зүйлийн 7 дахь хэсэгт заасан ажилтны нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажил олгогчийн төлөх шимтгэлийн хувь хэмжээгээр төлнө”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Шимтгэл төлсөн нийт хугацааг тодорхойлохдоо тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоос болон даатгуулагч өөрөө төлсөн нийт хугацааны дээр шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор хуульд заасан бусад хугацааг нэмж тооцно”, 3-т “Төр, аж ахуйн нэгж, байгууллагаас дараахь хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 2/ цэргийн жинхэнэ албыг байлдагч, түрүүчээр хаасан хугацаа” гэж, Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн 3  дугаар зүйлд “Нийгмийн даатгалын тухай хуулиуд хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд ажиллагчдын цалингийн сангаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн төр, хувийн өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллага, түүний дотор хоршооллын байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажилласан бүх иргэнийг мөн хугацаанд нийгмийн даатгалд /ажилгүйдлийн даатгалаас бусад төрөлд/ даатгуулсанд тооцож уг хугацааг тухайн иргэний шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно. Үүнд хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүдийн нэгдэлдээ ажилласан, байлдагч, түрүүчээр цэргийн жинхэнэ алба хаасан хугацаа нэгэн адил хамаарна”  гэж тус тус заасан ба М.Ан дээрх шүүхийн шийдвэрээр ажилласнаар тогтоосон хугацаа, цэргийн алба хаасан 3 жил,  Баян-Өлгий аймгийн С  сумын 10 жилийн дунд сургуульд  галчаар ажилласан 14 жил 10 сар, ”К” ХХК-д машинист /качегар/-аар ажилласан 4 жил 5 сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн гэж үзэхээр байна.

4. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-д “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасан болзол журмын дагуу шимтгэл төлж нийгмийн даатгалд даатгуулсан иргэн хуульд заасан тэтгэвэр, тэтгэмж авах эрхтэй”, 8 дугаар зүйлийн  1-д “Даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргана”, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т “Газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун, хүнд нөхцөлд ажилласан даатгуулагч дор дурдсан болзлыг хангасан бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй: 3/нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь мөн нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол тус тус өөрийн хүсэлтээр”, 6 дугаар зүйлд “Өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрэхээс өмнө гаргасан бол уг насанд хүрсэн өдрөөс, хэрэв тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэнээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн, нас барсны дараагийн сар дуустал олгоно” гэж тус тус зохицуулсан.

5.Хариуцагчаас  Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан тэтгэврийн даатгалын шимтгэл төлж нийт ажилласан хугацаа болон насны шаардлагыг нэхэмжлэгч М.А  хангаж байгаа талаар маргаагүй , харин “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх” гэсэн  шаардлагыг хангаагүй гэж үзэж, М.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байна.

Татгалзсан үндэслэлээ   “Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын  2004 оны  77 дугаар  тушаалын хавсралтаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй  тогтоох  газрын дор болон  хөдөлмөрийн хортой, халуун,хүнд нөхцөлд хамаарах ажил мэргэжлийн жагсаалт” нь өөрөө салбар салбараар зохицуулан гаргасан жагсаалт бөгөөд  эрчим хүчний салбарын байнгын ажиллагаатай  уурын зуухны  галчийг  хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулан зохицуулсан. Бусад салбарт ажилладаг галч нарыг  тус жагсаалтаар зохицуулаагүй тул  хөдөлмөрийн хэвийн нөхцөлд хамааруулна. Аймгийн “Эрчим” ХК нь  жилд 35 мянган тонн нүүрс түлж, бүхэл бүтэн  аймгийг дулаанаар хангадаг. Харин сургууль, цэцэрлэг, нэгдлийн конторт  тийм их хэмжээний нүүрс түлдэггүй.Үүнийг эрчим хүчний үйлдвэрлэлийн салбартай харьцуулах боломжгүй” гэж тайлбарлажээ. 

6. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2004 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн  77 дугаар тушаалаар баталсан “Тэтгэврийг хөнгөлөлттэй тогтоох газрын дор болон хөдөлмөрийн хортой, халуун,  хүнд нөхцөлд хамаарах  ажил, мэргэжлийн жагсаалт”-ын “Дөрөв.Хөдөлмөрийн хүнд нөхцөл”-ийн 1-т “Эрчим хүч үйлдвэрлэлийн ...байнгын ажиллагаатай уурын зуухны галч” гэж  заасан.

            Хариуцагчаас  нэхэмжлэгч М.Ан Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зуухны машинист /качегар/-аар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 4 жил 8 сар  болон  “К” ХХК-д  2016 оны 11 дүгээр  сарын 01-ний  өдрөөс  2021 оны  4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл машинист /качегар/-аар ажилласан 4 жил 5 сарын хугацааны тус компанийн  дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах  тусгай зөвшөөрөл авснаас хойших хугацаанд ажилласан  2 жил, нийт 6 жил 8 сарын хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”  гэж үзэх талаар маргаагүй.

            Харин нэхэмжлэгч М.Ан Баян-Өлгий аймгийн С  сумын “Е.А” нэгдэлд уурын зуухны машинист /качегар/-аар ажилласан 1 жил 2 сар 29 хоног, С сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт  уурын зуухны машинист /качегар/ -аар ажилласан 1 жил 11 сар 16 хоног, Баян-Өлгий аймгийн С  сумын 10 жилийн дунд сургуульд  галчаар ажилласан 14 жил 10 сар, “К” ХХК-д  машинист /качегар/-аар ажилласан 4 жил 5 сарын хугацааны тус компанийн  дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах  тусгай зөвшөөрөл авахаас өмнөх  хугацаанд ажилласан 2 жил 5 сарын хугацааг тус тус хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахгүй гэж маргасан.

7.Хэрэгт авагдсан нотлох баримтууд /1 дэх хавтаст хэргийн 63-70,89-103 дах тал/ болон Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2020/0024 дүгээр шийдвэрээр /1 дэх хавтаст хэргийн 104-121 дэх тал/ “К” ХХК нь  тусгай зөвшөөрөлгүйгээр С сумын Засаг даргын Тамгын газар, ахлах сургууль, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг зэрэг төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтаар хангах үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сараас явуулж эхэлсэн, харин дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах  тусгай зөвшөөрлийг 2019 оны 4 дүгээр сард авсан болох нь  тус тус тогтоогдож байна.

Мөн энэ шүүхийн шийдвэрээр “...“К” ХХК нь тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг  2016 оноос хойш удаа дараа  гаргаж байсан, уг өргөдлийг тухайн байгууллага  шийдвэрлээгүй болох нь... нотлох баримтаар тус тус батлагдаж байна.

 Дээрх үйл баримтаас үзэхэд  “К” ХХК нь хуульд зааснаар тусгай зөвшөөрөл олгох өргөдлөө гаргасан боловч Эрчим хүчний зохицуулах зөвлөл нь хуульд зааснаар 10 хоногт шаардлага хангаагүй үндэслэлээр  буцаагаагүй,   уг өргөдлийг  60 хоногт шийдвэрлээгүй,  тодорхой нэг шийдвэр гаргаагүй хойшлуулсан болох нь тогтоогдож байгаа ба  ийнхүү хуулийн хугацаанд шийдвэрлээгүй нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинжид тус тус    нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Улсын байцаагч нь  “тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан” үндэслэлээр 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр шийтгэл ногдуулсан,  шийтгэл ногдуулснаас 3 хоногийн дараа буюу 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс 2018 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өргөдлийг үндэслэн  тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргасан, барилга байгууламж барих тусгай зөвшөөрлийг 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр, С сумын төвд дулаан үйлдвэрлэх, түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр тус тус олгосон үйл баримтаас дүгнэхэд  “К” ХХК-ийн шууд буруутай үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрөл олгогдоогүй гэж үзэхэд учир дутагдалтай байна” гэж дүгнэж,  Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн “эрчим хүчний барилга байгууламж барих, дулаан үйлдвэрлэх, түгээх, хангах” тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа эрхэлсэн гэсэн үндэслэлээр  “К” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 1 дүгээр хэсэгт заасны дагуу 2016, 2017, 2018 оны борлуулалтын орлого болох 208797068  төгрөгийг хурааж, 2500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2500000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан  2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 0063068 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

Дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд “К” ХХК нь 2019 онд дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах  тусгай зөвшөөрөл авсан  байгаа боловч тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллагад тусгай зөвшөөрөл олгох өргөдлийг 2016 оноос хойш удаа дараа  гаргаж байсан, уг өргөдлийг тухайн байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй болох нь тогтоогдсон,  мөн  тус компани нь С сумын Засаг даргын Тамгын газар, ахлах сургууль, хүүхдийн цэцэрлэг, сургууль, эмнэлэг  зэрэг төсвийн байгууллагуудыг нэгдсэн халаалтаар хангах үйл ажиллагааг 2016 оны 11 дүгээр сараас явуулж эхэлсэн ба нэхэмжлэгч М.А нь тус компанид 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн гэрээ байгуулан машинист/качегар/-ын албан тушаалд ажиллаж, машинист/качегар/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан  ажил, үүргийг гүйцэтгэж, цалин хөлс авч, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нь тогтоогдож байх тул  ажиллаж  байсан компани нь тусгай зөвшөөрөл аваагүй  гэдгээр ажилтан  М.Ан  машинист/качегар/-аар ажилласан хугацааны заримыг нь  хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамааруулахгүй гэж байгаа нь үндэслэлгүй гэж дүгнэлээ.

8. Шүүхээс нэхэмжлэгч М.А С  сумын 10 жилийн дунд сургуульд  галчаар ажилласан 14 жил 10 сарын хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарна гэж үзлээ.

Учир нь “К” ХХК болон С  сумын 10 жилийн дунд сургуулийн зуухны  хувьд  Түлш, эрчим хүчний яамны сайдын 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаар тушаалаар баталсан "0,07 мПа-аас бага даралттай уурын ба 388 К/115С/-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийг үйл ажиллагаандаа мөрддөг, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах  зориулалттай байнгын ажиллагаатай нам  даралтын зуух бөгөөд С сумын 10 жилийн дунд сургуулийн галч буюу машинист /качегар/ болон С сумд дулаан үйлдвэрлэх, түгээх,  дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үндсэн  дээр  үйл ажиллагаа явуулж байгаа “К” ХХК-ийн  машинист /качегар/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил, амралтын цаг, нэг хүнд оногдох ээлжийн ажлын ачаалал, ажлын байранд үйлдвэрлэлийн явцад үүсэх физик, химийн  сөрөг нөлөөлөл ижил түвшинд байгаа болох нь шинжээчийн дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2017.03.16-ны өдрийн 05/091/64 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013.04.04-ний өдрийн 04-06-032/193 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар/1 дэх хавтаст хэргийн 222-227,230-233,234-235 дах тал/  тус тус нотлогдсон.

Мөн гэрч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын ахлах байцаагч  М.Д “...байнгын ажиллагаатай уурын зуух  гэдэг нь 24  цаг  тасралтгүй эрчим хүчээр хангах үүрэгтэй байгууллага” гэж, гэрч аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.С  “...”К” ХХК нь  2016 оны сүүлээс эхлэн дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байгаа. ”К” ХХК–ийн нам даралтын халаалтын зуухны хүчин чадал нь 1.9 мВт юм. Тус компани нь халаалтын улирлын хугацаанд хэрэглэгчдийг тасралтгүй дулаанаар хангах үйл ажиллагаа явуулж байгаа” гэж тус тус мэдүүлсэн /1 дэх хавтаст хэргийн 152,162-163 дах тал/, “К” ХХК болон  М.А нарын байгуулсан хөдөлмөрийн гэрээнүүдэд /1 дэх хавтаст хэргийн 173-182 дах тал/  “Ажлын байрны  буюу албан тушаалын нэр: Нэгдсэн төв халаалтын галч, Ажиллах нэгж хэсэг: Уурын зуух” гэж  заажээ.

Нэхэмжлэгч М.Ан “К” ХХК нь 2019 оны 4 дүгээр сард дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалттай хангах  тусгай зөвшөөрөл авснаас  хойш тус компанид  машинист /качегар/-аар  ажилласан 2 жилийн хугацааг  хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад байгаа “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-д хамаарна гэж  хариуцагч  хүлээн  зөвшөөрсөн.

Гэтэл дээрх байдлаар  “К” ХХК болон С  сумын 10 жилийн дунд сургуулийн зуухны  хувьд   хоёулаа “0,07 мПа-аас бага даралттай уурын ба 388 К/115С/-аас доош температуртай ус халаах зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрэм"-ийг үйл ажиллагаандаа мөрддөг, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах  зориулалттай байнгын ажиллагаатай нам  даралтын зуух байгаагаас гадна С сумын 10 жилийн дунд сургуулийн галч буюу машинист /качегар/ болон С сумд дулаан үйлдвэрлэх, түгээх,  дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийн үндсэн  дээр  үйл ажиллагаа явуулж байгаа “К” ХХК-ийн  машинист /качегар/-ын ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүрэг, ажил, амралтын цаг, ажлын ачаалал, хөдөлмөрийн нөхцөл ижил түвшинд байгаа болох нь тогтоогдож байхад хариуцагчаас нэхэмжлэгчийн  С  сумын 10 жилийн дунд сургуульд  галчаар ажилласныг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах ажил, мэргэжлийн жагсаалтад байгаа “байнгын ажиллагаатай уурын зуухны галч”-д хамааруулахгүй байгаа нь үндэслэл бүхий биш байна гэж дүгнэлээ.

9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.4-т “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заасан ба дээр дурдсан Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 130/ШШ2019/00723 дугаартай хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр М.А  нь Баян-Өлгий аймгийн С  сумын “Е.А” нэгдэлд уурын зуухны машинист /качегар/-аар 1 жил 2 сар 29 хоног, С сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний  газарт  уурын зуухны машинист /качегар/ -аар 1 жил 11 сар 16 хоног ажилласан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар /1 дэх хавтаст хэргийн 162-163,203,250 дах тал/  С сумын  нэгдлийн харьяанд төсөвт байгууллагуудыг   төвлөрсөн халаалтаар хангадаг уурын зуухны байгууламж байсан, Сайд нарын зөвлөлийн 1990 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 142 дугаар тогтоолын дагуу Нийтийн аж ахуйн үйлчилгээний яамыг татан буулгасантай холбоотойгоор Баян-Өлгий аймгийн Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын харьяанд байсан аймгийн  хэмжээний дулаацуулгын зуух,  дизелийн цахилгаан  станц, тэдгээрийн шугам сүлжээг ажиллах хүч,  зориулалтын машин механизм, тоног төхөөрөмжийн хамт Баян-Өлгий аймгийн  Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт шилжүүлсэн нь нотлогдож байгаа, өөрөөр хэлбэл  С сумын уурын зуух нь  нэгдлийн, дараа нь   Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрын, сүүлд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяанд тус тус байсан үйл баримтууд тус тус тогтоогдож байна гэж үзлээ.

Хариуцагчаас  нэхэмжлэгч М.Ан Баян-Өлгий аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зуухны машинист /качегар/-аар 1990 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 дүгээр  сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 4 жил 8 сарын хугацааг хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарах талаар маргаагүй ба  дээрх шүүхийн шийдвэр болон нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлуудыг үндэслэн  М.Ан аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн харьяа С сумын уурын зууханд ажиллахаас өмнө Баян-Өлгий аймгийн С  сумын “Е.А” нэгдэлд уурын зуухны машинист /качегар/-аар, С сумын Нийтийн аж ахуйн үйлчилгээний газарт  уурын зуухны машинист /качегар/  -аар  ажилласан  хугацааг мөн адил хөдөлмөрийн хүнд нөхцөлд хамаарахаар байна гэж дүгнэлээ.

10. Дээрх байдлаар  нэхэмжлэгч М.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3-т заасан “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан” гэсэн өндөр насны тэтгэвэр тогтооход тавигдах болзлыг хангаж байгаа болох нь тогтоогдсон, мөн  “нийтдээ 20-иос доошгүй жил ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн” гэх  бусад болзлыг хангасан  талаар хариуцагч маргаагүй болно.

Иймд  нэхэмжлэгчээс гаргасан  өндөр насны тэтгэвэр тогтоох хүсэлтийг “12 жил 6 сараас доошгүй хугацаагаар хөдөлмөрийн хүнд нөхцөлд ажилласан байх хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр нь  үндэслэлгүй бөгөөд Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3-д  заасантай нийцээгүй, хууль бус бөгөөд уг татгалзлын улмаас нэхэмжлэгчийн өндөр насны  тэтгэвэр тогтоолгох эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар  зүйлд  зааснаар М.Ад 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн  өндөр насны тэтгэвэр тогтоохыг даалгаж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр  зүйлийн 3 дахь хэсгийн 3, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь хангаж,  М.Ад өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс  өндөр насны тэтгэвэр тогтоохыг Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас  чөлөөлөгдсөн болохыг дурдаж,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т зааснаар хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.

           3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЕРКЕШ