Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00246

 

 

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00246

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1795 дугаар магадлалтай,

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдох

 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 240,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Сугар, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Отгондорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Мөнхтуул, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 240,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үндэслэлгүй тул Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 240,500,000 төгрөг гаргуулах тухай ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 1,360,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал 400,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-аас гаргуулан шинжээч Х.Чулуунбаатарт олгуулахаар шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1795 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 240,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай. гэж, 2 дах заалтын ... үлдээж, гэсний дараа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 1,360,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож гэж нэмж, ... нэхэмжлэгч ******* ХХК-иас ... гэснийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас гэж тус тус өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021.12.15-ны өдрийн 1795 дугаар магадлалыг эс зөвшөөрч хэргийг хянуулахаар гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх нь хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т заасны дагуу хэрэг хянаж шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, 172.2.3-т шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас магадлалд өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэдэг үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан үндэслэлээ Талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглээгүй байна. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2020.09.15-ны өдөр гэрээний зүйл болох автогрейдерийг хүлээн авах комисс томилон ажиллуулах хүсэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байх бөгөөд 2020.09.28-ны өдөр хариуцагч байгууллага нь 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилон ажиллуулжээ. Ажлын хэсгийн гишүүд болох Аж ахуйн тасгийн үндсэн хөрөнгийн нярав О.Анударь, Орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа, Төлөвлөлт гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн орон нутгийн хөгжил хөрөнгө оруулалтын төлөвлөлт хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөндалай, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын сантехникийн инженер П.Бямбасүрэн нар нь гэрээний зүйл болох автогрейдерийг ашиглалтад хүлээж авах саналын хуудаст гарын үсэг зурсан байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт заасан буюу худалдагч тал гэрээнд заасан чанар бүхий хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй. гэж шүүх дүгнэсэн. 7 гишүүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг томилсон. Нийлүүлэгч тухайн техник хэрэгслийг техникийн тодорхойлолтод нийцэж байгаа эсэх талаар нууж дээрх гишүүдийн 4 гишүүнээр саналын хуудсанд дүгнэлт бичүүлсэн. Ажлын хэсгийн гишүүд санал зөрүүтэй байсан. Саналын хуудаст санал бичнэ гэдэг бол хүлээж авсан биш үүрэг даалгавар өгч, биелүүлсний дараа Машин механизм нийлүүлэх ажлыг хүлээлгэн өгсөн акт"-д бүх гишүүд гарын үсэг зурснаар хүлээн авсанд тооцох атал гарын үсэг зураагүй хүлээж аваагүй байхад хүлээж авсан мэтээр дүгнэж бичсэн. Нэхэмжлэгч ******* ХХК нь тус автогрейдерийн техникийн үзүүлэлтийг нууж, худалдан авагчид үнэн зөв мэдээлэл өгөхгүй байсан тул автогрейдер нь манай захиалсан техникийн тодорхойлолтод нийцэж байгаа эсэх талаар тусгай мэдлэг шаардсан байх тул мэргэжлийн хүнээр дүгнэлт гаргуулахаар 2020.10.13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга А/122 дугаар тушаал гаргаж, улмаар Монгол Улсын авто тээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжаваар автогрейдерийн техникийн дүгнэлтийг хийлгэсэн. Дүгнэлтэд Бүгд Найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэгдсэн LONGJIABN 162 маркийн автогрейдер нь тэгш гадаргуу дээрх сул шороо түрэх авто зам засвар үйлчилгээний зориулалттай техник болно. Тус автогрейдерээр уулын өгсүүр, уруу, хотгор, гүдгэр, налуу, бартаат талбайн шороо болон замуудыг тэгшлэх түрэлтийн ажил хийх нөхцөлд зориулагдаагүй ба дээр дурдсан 2 үзүүлэлт нь техникийн хэвийн ажиллах нөхцөл, ажлын шаардлага хангахгүй гэсэн дүгнэлттэй байна. гэж гарсан. Ийм учраас 2021.10.21-ний өдөр дүүргийн Засаг даргын 2020 оны А/44 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд, нийлүүлэгч ХХК-ийн төлөөлөл хуралдаж, гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын авто тээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжавын дүгнэлтийг үндэслэн хүлээн авах боломжгүй гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч ******* ХХК-д 2020.10.26-ны өдөр 03/3518 албан тоотоор хүлээн авах боломжгүй талаар мэдэгдэл хүргүүлсэн. Нийлүүлэгч ******* ХХК нь техникийн тодорхойлолтод заагдсан автогрейдер нийлүүлэхээ илэрхийлж тендерт албан бичиг, харьцуулсан хүснэгт ирүүлсэн тус хүснэгтэд худалдан авагч талаас гаргасан техникийн тодорхойлолтод яг таг таарч байсан учир тендерт шалгарч гэрээ байгуулах эрх олж авсан. Л.Пүрэвжав инженерийг хариуцагч талаас шүүхэд гэрчээр оролцуулах хүсэлт гаргаж, шүүх гэрчээр оролцуулах хүсэлтийг хангаж, гэрчээр оролцуулсан. Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжийн хоёр дахь хэсэгт заасан Гэрчийн мэдүүлэг нотлох баримт, нотолгооны хэрэгсэл болох нь заасныг зөрчин гэрчийн мэдүүлгийг анхаарч үзээгүй Монгол Улсын дээд шүүхийн 2009.11.30-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн найм дахь хэсэгт давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй хэт нэг талын барьж төрийн байгууллагын эрх ашиг зөрчсөнд гэж үзэж байна. Тухайн гэрээний зүйлийн талаар гаргасан Монгол Улсын авто тээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжавын техникийн дүгнэлтэд хутганы эргэлтийн өнцөг 360 градус эргэхгүй хөдөлгүүрийн хүч 162 к.вт, хутганы газарт орох гүний хэмжээг хэмжих боломжгүй буюу техникийн тодорхойлолтоос 3 үзүүлэлт зөрүүтэй болохыг тодорхойлжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх нэхэмжлэгч ******* ХХК-ийн хүсэлтээр Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль Механик тээврийн сургуулийн багш Х.Чулуунбаатарыг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулсан байна. Гэрээнд хутганы эргэлтийн өнцөг 360 градус, хөдөлгүүрийн хүч 169 квт хутганы газарт орох гүний хэмжээ 787 мм гэсэн боловч тус дүгнэлтээр хутганы эргэлтийн өнцөг хагас эргэлттэй 50 градус хүртэл, хөдөлгүүрийн хүч 162 к.вт хутганы газарт орох гүний хэмжээ онолын хувьд 787 мм байх боломжгүй мөн л гурван үзүүлэлтийн зөрүүг заажээ. гэж шүүх дүгнэсэн. Гэрээгээр худалдагч ******* ХХК Техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт-д заасан үзүүлэлт бүхий 1 ширхэг автогрэйдер /хөрс шороо тэгшлэгч машин механизмыг нийлүүлнэ гэж албан хүсэлт ирүүлж, тендерт оролцсон. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д заасан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй. Худалдан авагч нь өөрийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр худалдан авах бараа бүтээгдэхүүний шинж байдлыг тодорхойлж, техник хэрэгслийн түлшний зарцуулалт, хаана ямар зориулалтаар ашиглах, ямар ажил хийх зэргийг худалдан авагч өөрөө тооцож, гэрээ байгуулсан. Энэ талаар анхан шатны шүүхэд гэрчээр дуудагдаж, мэдүүлэг өгсөн Монгол Улсын авто тээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжав Автогрэйдрийн хутга 360 градус эргэдэг байх нь нарийн гудамж талбайн замыг тэгшлэхэд урт техник хэрэгсэл эргэх үйлдэл хийхгүйгээр шороог хусах зайлуулах боломжтой гэж мэдүүлсэн. Шинжээч Х.Чулуунбаатар маргаагүй. Шинжээч Х.Чулуунбаатар Хөдөлгүүрийн өндөр хүчин чадлаар ажиллуулбал 169 квт чадал гарах боломжтой ба энэ нь тахир голыг эргүүлэх хурдаас хамаарах буюу агаар, түлшний холимгийг ямар хэмжээгээр хөдөлгүүрийн цилиндрт шахах /газ буюу хаазлах/-аас хамаарна, мөн Автогрейдерийн хутга 360 градус эргэх боломжгүй тийм шаардлага байхгүй гэх атлаа өөр өөр зориулалт бүхий эргэдэг эргэдэггүй хутгатай автогрейдр гэж байдаг 360 градус эргэдэг хутга /хусуур/-ыг автогрэйдерт суурилуулахын тулд тусгай шингэнт шахуурга /гидронасос/ хэрэгтэй ба энэ төрлийн автогрэйдер үлэмж үнэтэй гэж анхан шатны шүүх хуралд тайлбарласан.

Анхан шатны шүүхийн шийдвэрт шинжээч нь дээрх тайлбарыг зөрүүтэй өгч байгаа нь Логик уялдаагүй байна. Энэ нь автогрейдерийн хутгатай холбоотой түүний дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг гэж үнэн зөв дүгнэсэн байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нь хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдааны тэмдэглэл болон нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас нь бүхэлд нь хянаж үзэхгүй дүгнэж, хуулийг буруу хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэн магадлал гаргасан нь төрд үр ашиггүй, хэрэгцээгүй тоног төхөөрөмж нийлүүлдэг үйл ажиллагааг өөгшүүлсэн шийдвэр нь төрийн байгууллага, Сонгинохайрхан дүүргийн иргэдийн эрх ашиг, татвар төлөгчдийн мөнгийг хэрэгцээгүй зүйлд зарцуулагдахад хүргэсэн шийдвэр гэж үзэж байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дах хэсэгт Үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг, бага хэмжээгээр шилжүүлсэн, эсэхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан тул гэрээний зүйл болох автогрейдерийн зарим үзүүлэлт техникийн тодорхойлолтод зааснаас өөр байгааг дээрх хуульд зааснаар бүхэлд нь доголдолтой гэж үзэх боломжгүй. Хэдийгээр нэхэмжлэгч ******* ХХК-ийн нийлүүлсэн автогрейдерийн 3 үзүүлэлт техникийн тодорхойлолтоос зөрүүтэй болох нь дээрх хоёр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх боловч шинжээч Х.Чулуунбаатар нь аюулгүй ажиллагааны дүрэмд хамах өнцгийг 45-50 градусаас илүү эргүүлж болохгүй автогрейдерийн эргэлтийн өнцгийг 360 градус эргүүлэх ямар ч шаардлагагүй 360 болон 50 градусын ялгаа ажлын бүтээмжид нөлөөлөхгүй, хөдөлгүүрийн чадал нь 14,5 хувийн нөөцтэй жинтэй харьцуулбал хангалттай чадалтай, хааз нэмэхэд хөдөлгүүрийн хүч 169 квт байтугай нэмэгдэх боломжтой... хутганы шигдэх хэмжээ 787 мм гэсэн нь биелэх боломжгүй автогрейдер нь хоёр хусуурынхаа нэгийг газарт шигтгэж ухалт хийнэ, түүнээс илүү ухна гэж байхгүй тул автогрейдер нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан гэж дүгнэсэн байна. гэж дүгнэсэн.

Анхан шатны шүүх хуралд хариуцагчийн төлөөлөгч П.Баярмаа нь 2021.08.12-ны өдрийн шүүгчийн 184/Ш32021/08557 дугаар захирамжид Манайх 2020.10.06-ны өдөр автогрейдрийг хүлээн авахад тусгай мэдлэг шаардлагатай байсан учраас Монгол Улсын авто тээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжав гэдэг хүнээр дүгнэлт гаргуулсан тиймээс гэрчээр оролцуулах хүсэлтэй байна. Мөн шүүхээс томилогдсон шинжээчийн дүгнэлт техникийн тодорхойлолтыг хангаж байгаа гэсэн боловч асуултын 17 дахь бусад заалт нь автогрейдрийн техникийн тодорхойлолтыг хангаж байгаа гэсэн зөрүүтэй тайлбар гаргасан байх тул шүүх хуралдаанд оролцуулах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн дээрх хоёр инженер зөрүүтэй дүгнэлт гаргаад байгаа учир дахин шинжээч томилж өгнө үү гэж хүсэлт гаргасан. Мөн Захирамжлах нь хэсэгт Шинжээч Х.Чулуунбаатарыг шүүх хуралдаанд биечлэн оролцуулсугай. Л.Пүрэвжавыг шүүхэд гэрчээр дуудан ирүүлж мэдүүлэг авсугай. гэж гэрч болон шинжээчээр шүүхэд дуудаж оролцуулсан. Гэтэл давж заалдах шатны шүүх хоёуланг нь шинжээч мэтээр дүгнэж бичсэн нь хариуцагчийн эрх ашгийг ноцтой зөрчиж, хэргийн үнэн зөв бодитой, талаас нь бүхэлд нь хянаагүй, хуулийг буруу хэрэглэсэн шүүх хуралдааны ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байна. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Хутганы эргэлтийн өнцөг, хөдөлгүүрийн хүч техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрүүтэй байгаа нь автогрейдерийн ашиглалтад ноцтой нөлөөлөхгүй ердийн нөхцөлд бүрэн ашиглах боломжтой болохыг шинжээч Х.Чулуунбаатар тодорхойлсон байх тул гэрээнээс татгалзах эрх хариуцагч байгууллагад үүсээгүй гэж үзнэ. гэж дүгнэсэн. Сонгинохайрхан дүүрэг өөрийн онцлогт тохирсон автогрейдер захиалсан хөдөлгүүрийн чадал 169, хутга, /хусуур/ 360 градус эргэхгүй байгаа нь уг техник хэрэгслийг зориулалтын дагуу ашиглах боломжгүй уулын өгсүүр, уруу, хотгор, гүдгэр, налуу, бартаат талбайн шороо болон замуудыг тэгшлэх түрэлтийн ажил хийх нөхцөлд зориулагдаагүй ба дээр дурдсан 2 үзүүлэлт нь техникийн хэвийн ажиллах нөхцөл, ажлын шаардлага хангахгүй байхад нийслэлийн давж заалдах шатны шүүх нь шинжээчийн дүгнэлтийг үндэслэл болгож тухайн хэргийн шийдвэрлэхдээ Монгол Улсын дээд шүүхийн 2008.10.10-ны өдрийн зөвлөмжийн Гурав дахь хэсэгт Шинжээч томилуулах тухай зохигчийн хүсэлтийг хангах эсэхийг шийдвэрлэхгүй орхигдуулсан. Шинжээчийн дүгнэлтийг бусад нотлох баримттай харьцуулан үзэхгүйгээр шийдвэрийн үндэслэл болгосон шинжээчийн дүгнэлт нь нотолгооны давуу байдалтай онцгой хэрэгсэл биш тул шүүх хэрэгт авагдсан бусад нотлох баримттай тал бүрээс нь харьцуулан үзсэний үндсэн дээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэ зөв эргэлзээгүй талаас нь үнэлнэ гэж заасан заалт зөрчигдөж, шинжээчийн дүгнэлтийг тулгуурлан хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчим алдагддаг, шүүх шийдвэр гаргахдаа шинжээчийн дүгнэлтийн үндэслэл болгосон тохиолдолд хэрэгт авагдсан бусад нотлох баримт нь шинжээчийн дүгнэлтээр хэрхэн үгүйсгэгдэж байгаа хэргийн шийдвэрлэлтэд хэрхэн нөлөөлж байгаа үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаагүй шинжээчийн дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох тохиолдолд зөвхөн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр тогтоолоор нэгэнт тогтоогдсон үйл баримтыг нотлохгүй гэсэн зарчмыг баримтлах шаардлагатай. Тийм учраас шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, тогтоол гаргаагүй хэргийн шинжээчийн дүгнэлтийг одоо шийдвэрлэж буй иргэний хэргийн шийдвэрийн үндэслэл болгож болохгүй. Гэрээний зүйл /автогейдер/-ийн шинж байдал гэрээ байгуулах саналд тодорхой заасан. Зохигчдын хооронд байгуулсан гэрээ нэр болон ашигласан хэвлэмэл маягтын хэлбэрээс үл хамааран Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба үл хөдлөх эд хөрөнгийн үнийг төлж, өмчлөх эрхийг шилжүүлэх агуулга бүхий худалдах, худалдан авах гэрээний шинжтэй байна. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үздэг, үзсэн анхан шатны шийдвэрийг үгүйсгэж, Иргэний хуулийн 248 дугаар зүйлийн 248.2-т зааснаар худалдан авагч эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх тодорхой үйлдэл хийсэн бол түүнийг эд хөрөнгө хүлээн авсанд тооцдог ба эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан худалдан авагч эд хөрөнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхээ алдахаар Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1-д заасан заалтыг хэт нэг талыг баримталж, хэрэглэх ёстой хуулийн хэрэглээгүй, хэргийг бүхэлд нь хянаагүй, хуулийг буруу тайлбарласан нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэж заасан байхад манай хэрэгт анхан шатны шүүхэд гэрчээр оролцсон Л.Пүрэвжавыг шинжээч гэж давж заалдах шатны шүүх үзсэн нь шийдвэр гаргах ажиллагааны ноцтой зөрчил гаргаж хариуцагчийн эрх ашгийг зөрчиж байна. Анхан шатны шүүхийн нотлох баримтаар тогтоогдсоор байхад давж заалдах шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн нь хуулийг ноцтой зөрчиж хариуцагч буюу төрийн байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байна. Мөн Монгол Улсын дээд шүүхийн 2009.11.30-ны өдрийн 02 дугаар зөвлөмжийн 7 дахь хэсгийг зөрчиж магадлал гаргажээ. Иймд хэргийг хянан үзэж, 2021.12.15-ны өдрийн 1795 магадлалыг хүчингүй болгож, 2021.10.07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч ******* ХХК Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтын үндсэн дээр байгуулсан худалдах-худалдан авах гэрээний төлбөр болох 240,500,000 төгрөгийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, ...автогрейдер нь техникийн тодорхойлолтод нийцээгүй, биет байдлын доголдолтой болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, гэрээний дагуу нийлүүлсэн эд хөрөнгө доголдолтой тул төлбөр төлөхгүй гэж маргасан байна.

 

6. Анхан шатны шүүх ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас 240,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангажээ.

 

7. Дээд шүүхийн иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хуралдаанаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдлыг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн.

 

8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д зааснаар Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газраас зарласан хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм худалдах этгээдтэй гэрээ байгуулахаар нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч ******* ХХК оролцож, Иргэний хуулийн 197 дугаар зүйлийн 197.8-д зааснаар ялагч болсон байна.

 

2020.07.31-ний өдөр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газартай Хот тохижилтын тусгай зориулалтын техник хэрэгсэл, машин механизм нийлүүлэх ажил нэртэй гэрээ хийж, талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д нийцсэн гэж үзнэ.

 

9. Худалдагч ******* ХХК нь техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд заасан үзүүлэлт бүхий 1 ширхэг автогрэйдер /хөрс, шороо тэгшлэгч машин механизм/-ийг нийлүүлэх, худалдан авагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар 240,500,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, гэрээний зүйл /автогрейдер/-ийн шинж байдлыг мөн гэрээ байгуулах саналд тодорхой заасан буюу машин механизмын хөдөлгүүрийн чадлыг 169 квт, хутга /хусуур/-ны эргэх өнцгийг 360 градус байна гэж заасан байна.

 

Гэвч худалдагч ******* ХХК дээрх нөхцөлөөс өөр буюу 162 квт хөдөлгүүрийн чадалтай, 45 градус эргэх өнцөг бүхий хутга /хусуур/-тай машин механизм нийлүүлсэн, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй.

 

10. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ гэж зохицуулсан.

 

11. Анхан шатны шүүх ...худалдан авагч өөрийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзсэний үндсэн дээр худалдан авах бараа бүтээгдэхүүний шинж байдлыг тодорхойлдог буюу техник хэрэгслийн түлшний зарцуулалт, хаана, ямар зориулалтаар ашиглах зэргийг худалдан тооцож үзсэний үндсэн дээр эд зүйлийг сонгосон байна. ... шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Л.Пүрэвжав: ... дүүргийн нутаг дэвсгэр хүн ам ихтэй, хашааны зай талбай давчуу байдаг тул автогрэйдерийн хутга 360 градус эргэдэг байх нь нарийн гудамж талбайн замыг тэгшлэхэд урт техник хэрэгсэл эргэх үйлдэл хийхгүйгээр шороог хусах, зайлуулах боломжтой ... гэж мэдүүлсэн, ... шинжээч Х.Чулуунбаатар: ... автогрэйдер зориулалтуудаасаа хамаараад хутга /хусуур/ нь 360 градус эргэдэг, эргэдэггүй гэх мэт олон төрөл байдаг ... гэж, түүнчлэн, ...хөдөлгүүрийг өндөр хүчин чадлаар ажиллуулбал 169 квт чадал гаргах боломжтой ба энэ нь тахир голыг эргүүлэх хурднаас хамаатай буюу агаар, түлшний холимгийг хэр хэмжээгээр хөдөлгүүрийн цилиндрт шахах /газ буюу хаазлах/-аас хамаарна ... гэж мэдүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж, Энэ нь түлш зарцуулалтад зайлшгүй нөлөөлөх нэг хүчин зүйл мөн тул захиалагчийн хувьд эдийн засгийн үр ашиггүй хэрэглээг бий болгохоор байна гэж дүгнэснийг үндэслэл бүхий гэж үзлээ.

 

Иймээс ...шинжээч Х.Чулуунбаатар 360 градус эргэдэг хутга /хусуур/-ыг автогрэйдерт суурилуулахын тулд тусгай шингэнт шахуурга /гидронасос/ хэрэгтэй ба энэ төрлийн автогрэйдер үлэмж үнэтэй ... хэмээн тайлбарласан, мөн хөдөлгүүрийн хүчин чадлыг үйлдвэрлэгчээс тогтоосон хязгаараас нэмэгдүүлэх боломжгүй тул дээрх доголдлыг Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3-т зааснаар зарим хэсгээрээ доголдолтой, эсхүл мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д зааснаар үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл хуульд нийцсэн.

 

12. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад Иргэний хуулийн бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэгтэй холбоотой зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, худалдан авагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.3-т зааснаар худалдах-худалдан авах гэрээний зүйл болох автогрейдерийг хүлээн авахаас татгалзах, улмаар мөн хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д зааснаар гэрээг цуцлах эрхтэй буюу худалдагч ******* ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар автогрэйдерийн үнийг худалдан авагчаас шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв байна.

 

13. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүхээс дүгнэв.

 

14. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байна.

 

14.1. Нэхэмжлэгч Од пропертиз ХХК нь 2020.09.15-ны өдөр гэрээний зүйл болох автогрейдерийг хүлээн авах комисс томилон ажиллуулах хүсэлтийг хариуцагч Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт хүргүүлсний дагуу 2020.09.28-ны өдөр хариуцагч нь 7 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг томилон ажиллуулсан байна.

 

Энэ ажлын хэсэгт нярав О.Анударь, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхтуяа, Төлөвлөлт, гүйцэтгэлийн хяналт шинжилгээний хэлтсийн орон нутгийн хөгжил, хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнгөндалай, Захиалагчийн алба ОНӨААТҮГ-ын сантехникийн инженер П.Бямбасүрэн нар нь автогрейдерийг ашиглалтад хүлээн авах саналын хуудаст гарын үсэг зурсан байна.

 

Гэвч гэрээний зүйлийг ашиглагч байгууллага болох ТЦҮ ОНӨААТҮГ-ын саналаар техникийн тодорхойлолтод нийцэхгүй гэсэн тул техникийн тодорхойлолтод нийцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар гэрээний талуудын хамтын шийдвэр гаргасан ба гэрээний зүйлийг техникийн тодорхойлолтод нийцэхгүй гэсэн инженерийн дүгнэлт гарсан тухай баримт хэрэгт авагдсан байхад давж заалдах шатны шүүх ...худалдан авагч нь эд хөрөнгийг шилжүүлэн авах үедээ нэн даруй шалган авах үүрэгтэй. Нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний үүргийг биелүүлж автогрейдерийг хариуцагч байгууллагад хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т нийцээгүй, хэрэглэх ёсгүй Иргэний хуулийн 255.1.2 дахь хэсгийг хэрэглэсэн нь буруу болжээ.

 

14.2. Монгол Улсын автотээврийн зөвлөх инженер Л.Пүрэвжав болон Шинжлэх Ухаан Технологийн Их сургууль Механик тээврийн сургуулийн багш Х.Чулуунбаатар нарын дүгнэлтээр гэрээний зүйл 3 үзүүлэлтээр зөрүүтэйг заасан байхад ...үүргийн гүйцэтгэлд ноцтой нөлөө үзүүлэхээргүй бол эд хөрөнгийн зарим хэсгийг дутуу буюу гэрээнд зааснаас өөр барааг, бага хэмжээгээр шилжүүлсэн, эсхүл эд хөрөнгийн нэг хэсэг нь доголдолтой байсан ч түүнийг бүхэлд нь доголдолтой гэж үзэхгүй гэж заасан тул гэрээний зүйл болох автогрейдерийн зарим үзүүлэлт техникийн тодорхойлолтод зааснаас өөр байгааг дээрх хуульд зааснаар бүхэлд нь доголдолтой гэж үзэх боломжгүй гэж дүгнэснийг зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс ...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-т үүргийг ялимгүй зөрчсөн тохиолдолд гэрээнээс татгалзаж болохгүй гэж заасан. Хутганы эргэлтийн өнцөг, хөдөлгүүрийн хүч техникийн тодорхойлолтод заасан үзүүлэлтээс зөрүүтэй байгаа нь автогрейдерийн ашиглалтад ноцтой нөлөөлөхгүй, ердийн нөхцөлд бүрэн ашиглах боломжтой болохыг шинжээч Х.Чулуунбаатар тодорхойлсон байх тул гэрээнээс татгалзах эрх хариуцагч байгууллагад үүсээгүй гэж дүгнэн, маргааны үйл баримтад Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

 

15. Хяналтын шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, энэ тогтоолын 11, 12-т заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 1795 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 184/ШШ2021/02528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангасугай.

 

2. Хариуцагч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

Д.ЦОЛМОН