| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/00971/И |
| Дугаар | 101/ШШ2020/01020 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2020/01020
2020 03 26 101/ШШ2020/01020
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г.С
Хариуцагч: Б.Б
Хариуцагч: Г.Ш
1,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.С, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Г.Штэй 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн №1882 тоот “Түрээсийн гэрээ”-г байгуулж, Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 15 гудамж 192а тоот хаягт байрлах 80 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Хүнсний дэлгүүрийн зориулалтаар түрээслэж, 2019 оны 11 дүгээр сард түрээсийн гэрээг зогсоох уг объектыг суллан тухайн үед өөрийн 1,500,000 төгрөгийн үнэ бүхий 5 ширхэг лангуу, 1 ширхэг хөргүүрийг тус тус үлдээсэн болно. Хариуцагч Г.Ш нь дээрх объектыг хариуагч Н.Бд худалдсан бөгөөд тухайн үед би Г.Шгээр дамжуулан Н.Бат-Амнгаланд миний 5 ширхэг лангуу, 1 ширхэг хөргүүрийг мөн худалдсан болно. Гэвч одоо хариуцагч нар нь хоёул дээрх эд хөрөнгийн төлбөрийг төлөхгүй гэх болж Н.Б нь Г.Шд өгсөн гэх болж Г.Ш нь надад өгөөгүй гэх болсон. Миний зүгээс хувиараа хариуцагч нараас дээрх төлбөрийг удаа дараа шаардсан боловч огт төлбөр төлөөгүй болно.
Иймд хариуцагч нараас 5 ширхэг лангуу, 1 ширхэг хөргүүр худалдсаны төлбөрт 1,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 02 дугаар сарын 30-нд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Алтан-Өлгий 15-192а тоот Наранбулаг 8 нэрийн хүнсний дэлгүүрийг уг дэлгүүрийн эзэн болон Г.Ш болон төрсөн дүүгийн хамтаар үзэж, ярилцаж тохиролцсоны үндсэн дээр худалдан авсан.
Уг дэлгүүрийн эзэн болон Г.Ш энэ миний дэлгүүр, яаралтай мөнгөний хэрэг гарсан тул зарах гэсэн юм, дэлгүүрт байгаа эд зүйл лангуу, хөргүүр хүний юм байгаа гэж огт хэлээгүй, гадаад хашаанд бариатай гэр бол хүнийх, хэд хоногоос авахаар ирэхэд нь өгөөгүй гэсэн. Бид тэр хүний утсыг авч, ярьж байж гэрийг нь хүлээлгэж өгсөн. Гэтэл үйл ажиллагаа явуулаад хагас жил болсны дараа гэнэт нэг хүн утсаар болон өөрөө ирж энэ дэлгүүрээс хөргүүр, лангуу авъя гэж ирсэн. Би, энэ дэлгүүрийг Г.Ш гэдэг хүнээс худалдаж авсан, тэр хүнтэй учираа ол гээд явуулсан. Гэтэл удаа дараа утсаар ярьж, элдээр хэлэн лангуу, юмаа авъя гэж дарамтлах болсон. Бидний энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийднэ үү гэв.
Хариуцагч Г.Ш шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үед Г.С нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн Наранбулаг хүнсний дэлгүүрийг түрээслэн ажиллаж байгаад тухайн оны 9,10 сарын үед ажиллуулахаа больж гэрээгээ цуцласан. Тэр үед хашаанд гэр, дэлгүүрт хөргүүр, булангийн лангуу, жижиг модон шилэн тавиур , тавцангуудыг үлдээгээд явсан. Эдгээр үлдээсэн зүйлээ авахгүй удсан. Энэ хооронд Г.Сд удаа дараа эд зүйлээ авахгүй юм уу? гэж хэлж байсан. 2019 оны 01 дүгээр сарын үед Г.Солонгын ээжийн нөхөр болох Мөнххишиг нь ирж тухайн үед дэлгүүрт ажиллаж байсан миний төрсөн эгчийн хүү болох М.Батбаганатай хамт дэлгүүрт байсан эрдэнэшишийн машин болон бусад эд зүйлээ гэрлүүгээ зөөн оруулж орхисон болно. Тэр үед Батбагана нь эндээс өөр авах зүйл байна уу ? ойрын хугацаанд дэлгүүрээ зарах гээд зар тавьчихсан байгаа гэж хэлэхэд хөргүүр , булангийн тавиур ,жижиг модон дээгүүрээ шилэн тавиур 3 л үлдэж байна. Бусад тавцангууд нь муудсан учир хаяж болно гээд орхиод явсан. Үүний дараа 2019 оны 02 дугаар сард иргэн Б.Б нь дүүгийн хамтаар дэлгүүр худалдаж авахаар 2-3 удаа ирж үзэн, уулзаж байх үед дүү Батбагана нь Б.Бд хэрэв худалдаж авах бол дэлгүүрт байгаа хөргүүр, булангийн лангуу, жижиг модон шилэн тавиур гуравыг гадна байгаа гэрээ авахдаа хамт авна гэдгийг хэлж байсан болно. 2019 оны 02 дугаар сарын 25-нд хууль ёсны гэрээ хэлцэл хийж дэлгүүрийн түлхүүр өгөхдөө Г.Ш би мөн эдгээр зүйл хүнийх, гэр авахад нь өгөөрэй гэж Н.Б болон түүний энхэрт хэлсэн. Иргэн Г.Солонгын нэхэмжилсэн 1 ш хөргүүр 5 ш тавиур, лангууны Зш тавиуруудыг нь муудаж цаашид ашиглах боломжгүй болсныг ээжийнх нь нөхөр болох Мөнххишиг нь хаяж болно гэсний үндсэн дээр хаясан болно. Мөн хөргүүр болон булангийн лангуу, жижиг модон шилэн тавиурыг нь иргэн Н.Бд хэлж үлдээсэн болно. Иймд 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй татгалзаж байна гэжээ.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.С нь хариуцагч Г.Ш, Н.Б нарт холбогдуулан, 5 ширхэг лангуу, 1 ширхэг хөргүүр худалдсаны төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хриуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь 5 ширхэг лангуу, 1 ширхэг хөргүүрийг түрээслэн ажиллуулж байсан дэлгүүрт үлдээгээд явахад хариуцагч Г.Ш нь эдгээр зүйлсийг дэлгүүрийн хамт хариуцагч Н.Бд худалдсаны улмаас эд зүйлсээ авч чадахгүй болсон тул хариуцагч нараас 1,500,000 төгрөг гаргуулна гэх ба уг 1,500,000 төгрөгийг тооцохдоо, хөргүүрийг 700,000 төгрөгөөр худалдан авсан, нэг лангууг нь 300,000 төгрөгөөр худалдан авч 50,000 төгрөгөөр ачуулсан, бусад 4 лангууг 400,000 төгрөгөөр худалдан авч мөн 50,000 төгрөгөөр ачуулж байсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлав.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулахад, нэхэмжлэгч нь дээрх лангуу, хөргүүр зэрэг эд зүйлсийг хариуцагч Г.Шд хадгалуулсныг хариуцагч Н.Бд худалдсан хэмээн тайлбарлах атлаа эд зүйлсийг хариуцагч нарт худалдсан гэж тооцож, үнийг гаргуулна гэх агуулгаар мэтгэлцэж байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
Зохигч талуудын хооронд худалдах-худалдан авах хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу нэхэмжлэгчийн шаардаж буй эд зүйлсийн үнэ гаргуулах үүрэг бүхий эрх зүйн харилцаа Г.С болон Н.Б, Г.Ш нарын хооронд үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд зохигч талууд хэн аль нь дээрх үүргээ биелүүлээгүй.
Мөн хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад хүргүүлсэн боловч хариуцагч Г.Ш хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Г.Ш, Н.Б нараас 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Г.Солонгын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,850 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА