| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2019/03779/И |
| Дугаар | 101/ШШ2020/01019 |
| Огноо | 2020-03-26 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2020/01019
2020 03 26 101/ШШ2020/01019
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Б
Хариуцагч: Б.Д
23,700,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганцэцэг, хариуцагч Б.Д, хэлмэрч И.Болормаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.Б нь 2017 оны 12 дугаар сарын 10 өдөр иргэн Д.Батжаргалтай зээлийн гэрээ байгуулж 5,000,000 төгрөг, 2017 оны 12 сарын 21-ний өдөр нэмэлт зээлийн гэрээ байгуулж дахин 5,000,000 төгрөг нийт 10,000,000 төгрөгийг зээлж сарын 6 хувийн хүүтэйгээр 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэлх хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаанд Д.Батжаргалын өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 хороо, цэргийн хотхон гудамж, 3336 тоот, 275 м.кв газар, 45 м.кв хувийн орон сууцыг харилцан тохиролцож барьцаалж барьцааны гэрээ байгуулсан болно.
Д.Батжаргал нь зээл авсан хугацаанаасаа хойш зээлээ огт эргэн төлөөгүй бөгөөд улмаар 2018 оны 06 сарын 06-ны өдөр нас барсан байсан болно. Д.Батжаргал нь ганцхан хүүтэй бөгөөд хүү болох Батбуян овогтой Далайбуян нь тус барьцааны гэрээний барьцаалбар хөрөнгө болох Баянзүрх дүүрэг 4 хороо, цэргийн хотхон гудамж 3336 тоот, 275 м.кв газар, 45 м.кв хувийн орон сууцанд өвийг хүлээн авч тус байрандаа амьдарч байгаа болно. Зээлийн гэрээнд заасны дагуу зээлийг эргэн төлүүлэх гэж талийгч Д.Батжаргалыг амьд сэрүүн байхад мөн түүний төрсөн хүү Б.Дд шаардах хуудсыг удаа дараа хүргүүлсэн боловч уулзахгүй төлөхгүй хуулийн байгууллагаар шийдүүлнэ гэсэн болно. Иймд зээлийн гэрээний дагуу Д.Батжаргалын авсан 10,000,000 төгрөг, үндсэн зээлийн хүү 7,200,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, өмгөөллийн ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 23,700,000 төгрөгийг өв хүлээн авагч Б.Дгаас гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.
Өвлөх эрхээ нээлгэхэд хэрэгтэй бичиг баримт, өмчлөх эрхийн гэрчилгээгээ авч болно гэж хариуцагчид хэлсэн боловч эргэж холбогдоогүй гэв.
Хариуцагч Б.Д шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ээж маань нас барахаасаа өмнө зээл авсан талаар мэдээллийг надад өгөөгүй. Би өөрийн гэсэн орлогогүй. Эхнэр хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Энэ хашаа байшин нь эхнэр хүүхэдтэйгээ амьдрах ганц гэр орон юм. Би зээл аваагүй, энэ мөнгийг төлөх боломж байхгүй.
Хашаа байшингаа өөртөө авч, өвлөгч болоход өмчлөх эрхийн гэрчилгээ нь хэрэгтэй болоод байгаа. Тэр гэрчилгээ нь нэхэмжлэгчид байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Б.Дд холбогдуулан, үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн хүү 7,200,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, өмгөөллийн ажлын хөлс 1,500,000 төгрөг, нийт 23,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан, 2017 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Барьцаат зээлийн гэрээ, Барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Нэмэлт зээлийн гэрээ зэргээс үзэхэд, зээлдүүлэгч Д.Б нь зээлдэгч Д.Батжаргал нарын хооронд нийт 10,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн барьцаанд Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Цэргийн хотхон гудамж 333б тоот хаягт байршилтай Г-2204020877 дугаарт бүртгэлтэй, 275 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай Ү-2204057198 дугаарт бүртгэлтэй 45 м.кв талбайтай хувийн сууц зэргийг барьцаалжээ.
Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал болох Д.Батжаргал /регистрийн дугаар: ЧА57051701/ нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын төв архивын 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 101/003853 дугаартай “Нас барсны бүртгэлийн лавлагаа”-аар тогтоогдов.
Зээлдэгч Д.Батжаргалын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгийг өвлөх эрхтэй холбогдуулан түүний хууль ёсны өв залгамжлагчид өв хүлээн авах болон өв хүлээн авахаас татгалзсан хүсэлт гараагүй, өвлөх эрхийн гэрчилгээ, гэрээслэлийн гэрчилгээг нотариатчаас олгогдоогүй болох нь Монголын нотариатчдын танхимын 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 133 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Дээр дурьдсан лавлагаа, албан бичгээс үзэхэд, Д.Б, Д.Батжаргал нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний дагуу төлбөр төлөх үүрэг хүлээсэн этгээд одоогоор байхгүй байна.
Хариуцагч Б.Д нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй...” гэж заасан этгээд биш болох нь дээр дурьдсанаар тогтоогдлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Дгаас 23,700,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Д.Бын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 346,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА