| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2020/00523/и |
| Дугаар | 101/ШШ2020/01236 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2020/01236
2020 04 09 101/ШШ2020/01236
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.С
Хариуцагч: С.Н
Зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Сийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С нь 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Хаан банкнаас хадгаламжийн дэвтрээ барьцаанд тавин 5,800,000 төгрөгийг зээлэн хариуцагч С.Нд 6,000,000 төгрөг болгон сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Хариуцагч нь зээлийн гэрээний хүүг сар бүр дутуу өгч байсан. 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 1,000,000 төгрөг өгсөн.
Иймд хариуцагч С.Нгээс зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч С.Нн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Хандармаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хариуцагч нь нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөгийг зээлсэн. Энэ хугацаанд хариуцагч нэхэмжлэгчид дансаар нь нийт 4,130,000 төгрөгийг төлсөн байна. Хариуцагчийн төлсөн 4,130,000 төгрөгийг 6,000,000 төгрөгөөс хасуулаад үлдэх мөнгийг төлөх болно. Хэрвээ, гар бичвэрийг хүчин төгөлдөр гэж тооцох юм бол 4 сарын хүү л тооцохоор байгаа. 4 сарын хүүг нийт 2,400,000 төгрөг, үндсэн зээл нь 6,000,000 төгрөг, нийт 8,400,000 төгрөг болж байна. Хариуцагч нь нийт 4,130,000 төгрөг төлсөн тул хариуцагч 4,270,000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзэж байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч С.Нд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Талууд 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр харилцан тохиролцож, зээлдүүлэгч Д.С нь 6,000,000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэйгээр, зээлдэгч С.Нд зээлдүүлж мөн өдрөө 6,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан хариуцагч С.Нн бичсэн бичвэр зэргээр тогтоогдож байна.
Хариуцагч С.Нн гараар бичсэн бичвэрт “-2017 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөгийг сарын хувийн хүүтэй зээлж авав. -Зээлийн хүүг 2017 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс өмнөх 2 сарын хүүг 1,200,000 төгрөгөөр өгнө. -2017 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 9, 10 сарын хүүг цуг өгнө. – үүнээс хойш хүүг сар сард өгнө. С.Н 99222309” хэмээн бичсэнээс үзэхэд, 4 сарын хүүг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дээрх бичвэрт дурдсанаар, хариуцагч 6,000,000 төгрөгийг төлж дуусах хүртлээ сар бүр хүү төлөх үүрэгтэй хэмээн нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь дэмжиж байх боловч зээл төлөгдөх хүртэл хугацаагаар сар бүр 10 хувийн хүү төлөхөөр талууд тохиролцсон гэж нотлоогүй, харин 2017 оны 7-10 дугаар саруудын буюу нийт 4 сарын хүүг төлөхөө зээлдэгч илэрхийлсэн үйл баримт тогтоогдов.
Талууд, дээр дурьдсанаар хэлцэл хийсэн, харилцан тохиролцсон мөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж тооцох нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1.-д заасантай нийцнэ.
Талуудын байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ....” гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу 4,130,000 төгрөгийг зээлдүүлэгч талд буцаан төлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул нийт 8,400,000 төгрөгөөс /4 сарын хүү 2,400,000 төгрөг, үндсэн зээл 6,000,000 төгрөг/ 4,130,000 төгрөгийг хасч, 4,270,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч С.Нгээс 4,270,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 730,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Нгээс улсын тэмдэгтийн хураамж 83,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ст олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА