| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатарнямын Одбаяр |
| Хэргийн индекс | 167/2023/0160/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/165 |
| Огноо | 2023-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Одбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оюу-Эрдэнэ,
Улсын яллагч Б.Дашням,
Шүүгдэгч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М-д холбогдох эрүүгийн .....дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б овогт Д-ийн М
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн .... гэх газарт байх гэртээ И.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой хэсэгт төмрөөр цохиж толгойн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Д.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, торгууль төлөх боломж байхгүй. Даланжаргалан суманд хүүхдээ хардаг...” гэсэн мэдүүлэг,
-Хохирогч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б-ын гэрт нь очиход Б болон эхнэр М нар согтуу байсан ба “Чи яагаад зүгээр байгаа хүнийг хэл амаар доромжлоод, мал хөөгөөд байдаг юм бэ? гэж асуухад “Чи юу юм. Чамайг ч гэсэн ална” гэж хэлэхээр нь би уурандаа мотоциклоос нь татаж унагаасан. Бид хоёр маргалдаад ноцолдож байтал эхнэр М нь гартаа мотоциклын махир яндан барьчихаад “Бүгдийг нь ална” гэж хэлээд над руу дайрсан. Нөхөр Б нь миний хоёр хөлөөс зуурахад нь би уначихсан юм. Намайг унах хооронд эхнэр М нь миний толгой хэсэгт барьж явсан төмрөөрөө цохисон ба тухайн үед нүд харанхуйлаад хүзүү дагаад цус гарч эхэлсэн... гэсэн мэдүүлэг /хх 7-8 ху/,
- Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн ... дугаартай “...И.Б-ын биед толгойн хуйхны шарх гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэх боломжтой. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... “ гэсэн дүгнэлт /хх 14 ху/,
-Яаралтай тусламжийн хуудас, эмнэлгийн баримт /хх 27-28 ху/,
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 33, 34-35, 39-40 ху/,
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 20 ху/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.
Шүүгдэгч Д.М нь согтуугаар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн .... гэх газарт байх гэртээ И.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж түүний толгой хэсэгт төмрөөр цохиж толгойн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч Д.М-ын “...Үйлдсэн зөрчлөө хүлээн зөвшөөрч байна. Миний буруу, торгууль төлөх боломж байхгүй. Даланжаргалан суманд хүүхдээ хардаг...” гэсэн, хохирогч И.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бид хоёр маргалдаад ноцолдож байтал эхнэр М нь гартаа мотоциклын махир яндан барьчихаад “Бүгдийг нь ална” гэж хэлээд над руу дайрсан. Нөхөр Батжаргал нь миний хоёр хөлөөс зуурахад нь би уначихсан юм. Намайг унах хооронд эхнэр М нь миний толгой хэсэгт барьж явсан төмрөөрөө цохисон ба тухайн үед нүд харанхуйлаад хүзүү дагаад цус гарч эхэлсэн...” гэсэн мэдүүлгүүд, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан ... дугаартай шинжээчийн дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, зэрэг хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хохирогчийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан буюу хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр алдагдуулах, эсхүл дээрх хоёр үр дагаварт нэгэн зэрэг хүргэсэн байхыг ойлгоно.
Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтоодог. Үүнд гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош хугацаагаар сарниулсан буюу түр сарниулсан гэмтлүүд хамаарах бөгөөд энэ нь хохирогчийн ерөнхий хөдөлмөрийн чадвар алдангийг 5-15 хувиар алдагдуулсан байдаг.
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ...дугаартай шинжээчийн дүгнэлтээр хохирогч И.Б-ын эрүүл мэндэд толгойн хуйхны шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон байх бөгөөд прокуророос шүүгдэгч Д.М-ын үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Өөрөөр хэлбэл хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан оролцогч нарын тайлбар, мэдүүлэг зэргээс харахад шүүгдэгч Д.М нь И.Б-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогчийн толгойн тус газарт эд зүйлээр цохисон гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд дээрх үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж үзлээ.
Хохирогч И.Б-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь нотлох баримтаар нэхэмжилсэн зүйл байхгүй тул нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Тус гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь хохирогч болон шүүгдэгч нарын хоорондын бэлчээрийн маргааны улмаас гарсан байх бөгөөд хохирогчийн зан харилцааны зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд “...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Д.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, мөн хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Иймд түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ, хор уршиг, гэм буруу болон прокурорын дүгнэлт зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.М-д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д-гийн М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ыг 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, энэ хугацаанд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-ын оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.М-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэнд хяналт тавихыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОДБАЯР