Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2020/01319

 

 

 

 

 

 

 

 

 2020         04          16                                       101/ШШ2020/01319

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Э.Д

 

Хариуцагч: “ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар” холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газарт холбогдох, 

 

Орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй,

Орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ, хариуцагчийн төлөөлөгч Белозеров В.В., орчуулагч Е.Үржинцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

 

Э.Д миний бие Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 байр, 56 тоот 4 өрөө ОХУ-ын өмч болох тус орон сууцыг ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газрын Монгол Улсад дахь төлөөлөгчийн газрын түрээслүүлэгч “Росинка”ХХК-тай анх 2009 оны 5 сараас орон сууц хөлслөх гэрээг байгуулсан. 2009-2011 онуудад давхар түрээслүүлэгч “Росинка” ХХК, 2012-2016 онуудад “Россинка” ХХК, 2016-2017 оны 8 сар хүртэл “Даяар хас” ХХК-тай тухайн үед орон сууц хөлслөх гэрээг шинэчлэн байгуулан гэрээг үргэлжлүүлсээр ирсэн. 2009 онд сарын 550 000 төгрөгийг сарын түрээсийн төлбөрт төлж байсан бол 2016 он гэхэд сарын түрээс 740 000 төгрөг болж өссөн. Энэ хугацаанд манайх ямар нэг төлбөрийн маргаангүй ба гэрээнд заасан үүргээ биелүүлж нийт 10 жил нөхөр хүүхдийн хамтаар амьдарч байна.

2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр “Даяар хас” ХХК-тай орон сууц түрээслэх гэрээг байгуулж 2016-2017 оны 7 сар хүртэл “Даяар хас” ХХК-ийн дансанд түрээс болон бусад зардлыг дансаар болон бэлнээр шилжүүлж байсан. “Даяар хас” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээ сунгагдаагүй ч уг гэрээний 2.7-д байрны түрээс болон ашиглалтын зардлаа сар бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана гэж заасан байх тул бид уг түрээсийн гэрээ сунгагдаад явж байгаа гэж ойлгож байна. Төлөөлөгчийн газраас сар бүр манайхаас өгсөн нэхэмжлэхийн дагуу Худалдаа хөгжлийн банкны 404224686 тоот дансанд төлбөрийг шилжүүлж бай гэсний дагуу 2017 оны 8 сараас эхлэн 2019 оны 7 сар хүртэл тогтмол зардлаа шилжүүлж, зохих төлбөрүүдийг цаг хугацаанд нь хийсээр ирсэн. Тус хугацаанд Төлөөлөгчийн газраас миний түрээсэлж буй орон сууцны эзэмшил, ашиглалт, төлбөр тооцоотой холбоотой ямар нэг гомдол, санал надад ирж байгаагүй юм.

Гэтэл 2019 оны 6 сараас эхлэн тус байрны оршин суугчдын болон манай гэрт хэсэг бүлэг хүмүүс ирж Төлөөлөгчийн газраас тус орон сууцыг өөр хүнд түрээслүүлсэн тул шинэ түрээслэгч нарт яаралтай орон байр суллаж өг, гарахгүй бол албадан гаргана гэх мэтээр айлган сүрдүүлж, зарим түрээслэгч иргэдийн өмч хөрөнгийг хурааж, ус цахилгаан тасалж, хаалга үүд эвдэх зэрэг ёс зүйгүй үйлдлийг байнга гаргах болсон. Энэ талаар “Түрээсийн байр эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо” ТББ, ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газрын Монгол Улсад дахь төлөөлөгчийн газарт мэдэгдсэн боловч одоог хүртэл тайлбар өгөөгүй. Мөн удаа дараа Цагдаад мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөхгүй байсаар өнөөдрийг хүрээд байна. Бидэнд өнөөдрийг хүртэл эдгээр хүмүүс тус орон сууцнаас түрээслэгчдийг албадан гаргах шаардлага бүхий ямар ч эрх зүйн акт, албан бичиг, шүүхийн шийдвэрийг үзүүлэлгүй хууль бусаар дураараа авирлаж бидний эрхийг зөрчиж, амгалан тайван байдлыг алдагдуулж байгаад гомдолтой байна. Өнөөдөр хэн, ямар компани түрээслүүлэгчийн эрх, үүргийг хүлээж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй болоод байна. Ерөнхий түрээслэгч нь ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газрын Монгол Улсад дахь төлөөлөгчийн газар байх атлаа бидэнд хууль ёсны мэдэгдэл өгөлгүй хуульд заасан түрээслэгчдийн давуу эрхийг зөрчиж байгаа нь өөрөө хууль бус юм.

ОХУ болон МУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр манай оршин суугаа тус орон сууц нь МУ-ын Засгийн газрын өмчлөлд шилжихээр болсон бөгөөд энэ тохиолдолд Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-дэх хэсэгт заасны дагуу хууль ёсны эзэмшигчийн хувьд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрх үүсэх хууль зүйн боломж бүрдэнэ.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газрын Монгол Улсад дахь төлөөлөгчийн газраас манайхыг хууль бусаар орон сууцнаас албадан гаргаж, суллаж өгөхийг шаардаж байгаа нь дээр дурдсан ИХ-ийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасан хуулийн боломжийг өөр бусад гуравдагч этгээдэд хууль бусаар шилжүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх үр дагавартай байна гэж миний бие үзэж байна. Иймээс Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 байр, 56 тоот, 4 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч болохыг шүүхээр тогтоолгохоос өөр аргагүй байдалд хүрээд байна.

Өмнө нь миний бие уг асуудлаар тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101 /Ш32019/19587 дугаар шүүгчийн захирамжаар “.... Хууль ёсны эзэмшигчээр тогтоолгосны үр дагаврыг тодорхой шаардаагүй “ гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байх ба одоо уг зөрчил арилсан тул нэхэмжлэлийг дахин гаргаж байна. Түүнчлэн шүүгчийн захирамжийн ҮНДЭСЛЭХ нь хэсэгт дурдсан 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс2017 оны 7 сарын 01-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаатай Орон сууц хөлслөх гэрээ нь гэрээний талуудын хэн аль нь татгалзаагүй, цуцлах болон дуусгавар болох талаар санал санаачлага гаргаагүй байх тул миний шаардлагыг нотлох хангалттай баримт мөн гэж миний бие үзэж байна .

Иймд тус ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийн удирдлагын газрын Монгол Улсад дахь төлөөлөгчийн газрын зохион байгуулж буй хууль бус үйлдлийг таслан зогсоож, миний эзэмших, ашиглах эрхийг хамгаалж, намайг Баянзүрх дүүрэг, 5-р хороо,15 хороолол, 8 байр, 56 тоот,4 өрөө орон сууцны хууль ёсны эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

 

Хариуцагч “ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар” холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын төлөөлөгч Белозеров В.В. нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийн төлөөлөгч Белозеров В.В. шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газар (ФГУП “Госзагрансобственность”) нь Бичээч овогт Энххуягийн Дгийн нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

Иргэний хуулийн 90.1-д зааснаар “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ”. Нэхэмжлэгч нь энэ тохиолдолд шударга эзэмшигчээр тогтоогдох боломжгүй юм. Хуучин түрээслэгч болох “Росинка” ХХК болон “Даяар хас” ХХК-ийн гэрээний хугацаа дуусгавар болсон, нэхэмжлэгч үүнийг маш сайн мэдэж байгаа. Бичээч овогт Энххуягийн Д нь 2017 оны 01 дүгээр сарын 01 өдрөөс хойш ОХУ-ын өмчийг ямар ч эрх зүйн үндэслэлгүй ашиглаж байгаа юм. Ерөнхий түрээслэгч болох “Росинка” ХХК болон “Даяар хас” ХХК-тай байгуулсан гэрээнүүдийн хугацаа дуусгавар болсны дараа эд хөрөнгийг ашиглах гэрээг шууд Төлөөлөгчийн газартай байгуулах эсвэл эд хөрөнгийг чөлөөлж өмчлөгчид шилжүүлж өгөх шаардлагатай гэдгийг 8-р байрны бүх оршин суугчдад удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн. Гэвч нэхэмжлэгч нь гэрээ байгуулахаас болон тус орон сууцыг чөлөөлж өгөхөөс татгалзсан, улмаар өнөөг хүртэл эд хөрөнгийг хууль ёсоор ашиглахад санаатайгаар саад хийж байгаа.

Нэхэмжлэгч нь эд хөрөнгийг хууль ёсоор ашиглах, эзэмших тухай ямар ч баримт гаргаж өгөөгүй, учир нь түүнд хууль ёсоор ашиглах, эзэмших тухай бичиг баримт байхгүй бөгөөд өөрөө ч үүнийг сайн мэдэж байгаа.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-р хэсэгт "Өмчлөгч нь хууль эсвэл гэрээгээр олгогдсон өөр этгээдийн эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж заасан. МУ-ын Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-р хэсэгт: “өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”. Өмчлөгч нь нэг бус удаа эд хөрөнгийг чөлөөлж өгөх эсвэл эд хөрөнгийг ашиглах тухай гэрээ байгуулахыг шаардаж байсан, гэвч нэхэмжлэгч нь шаардлагуудыг биелүүлээгүй, удаан хугацааны турш ашигласны төлбөрийг төлөхгүйгээр өмчлөгчийн эрхийг санаатайгаар зөрчиж байгаа.

Нэхэмжлэгч нь “Даяар хас” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлсөөр байгаа гэж мэдүүлж багаа боловч энэ нь үнэнд нийцэхгүй юм, түрээсийн төлбөр төлсөн тухай баримт гаргаж өгөөгүй, тэгээд ч “Даяар хас” ХХК нь аль хэдийнээ үйл ажиллагагаа зогсоосон. Нэхэмжлэгчийн мэдүүлж байгаа шиг Төлөөлөгчийн газар нь ашиглалтын зардлын нэхэмжлэх өгөөгүй, энэ бол худлаа. Төлөөлөгчийн газар нь нэхэмжлэх өгөх боломжгүй, учир нь гэрээний харилцаа байхгүй тул төлбөрийн ямар нэг нэхэмжлэх өгөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь сайн дураар дансанд төлбөр шилжүүлдэг, ингэхдээ хэдийд хэдэн төгрөг шилжүүлэхээ дур мэдэн шийддэг. Гэвч Төлөөлөгчийн газар нь гэрээ, үндэслэл байхгүй тул энэ төлбөрүүдийг тооцох эрхгүй, мөн буцаах ч боломжгүй учир нь төлбөрийг бэлэн мөнгөөр банкаар дамжуулан шилжүүлээд байдаг. Нэхэмжлэгч ашиглалтын зардлын төлбөрийг шилжүүлээд байгаа нь шударга эзэмшигч гэдгийг шүүхэд батлах оролдлого юм. Ашиглалтын зардлыг дур мэдэн төлснөөр шударга эзэмшигч болчихгүй юм, өмчлөгчтэй гэрээний харилцаа бий болгохоос санаатайгаар татгалздаг. Төлөөлөгчийн газар нь үйлчилгээний байгууллагуудтай байгуулсан гэрээнүүдийн дагуу үзүүлсэн үйлчилгээний төлбөрүүдийг ганцаараа бие даан бүрэн хэмжээгээр нь төлдөг бөгөөд нэхэмжлэгчийн дур мэдэн шилжүүлсэн төлбөрийг тэр төлбөрүүдэд оруулах боломжгүй болохоор Төлөөлөгчийн газар нь байнга алдагдал хүлээдэг болохыг тэмдэглэх нь зүйтэй болов уу.

Орон сууцны 8-р байр, 56 тоотын хамт ОХУ-ын өмч юм, МУ-ын хууль тогтоомж болон Олон улсын хэм хэмжээний дагуу бүрдүүлэлт хийснээр өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон бөгөөд нэхэмжлэгчийн мэдүүлж байгаа шиг ЗГ хоорондын хэлэлцээрийн дагуу тус байр нь Монгол Улсад шилжихээр болсон гэдэг мэдээлэл бодит байдалд нийцэхгүй, одоогийн байдлаар Монголын талд шилжүүлэх тухай төлөвлөгөө байхгүй юм.

Нэхэмжлэгч нь Төлөөлөгчийн газар бичгээр ямар ч шаардлага хүргүүлээгүй гэж мэдүүлсэн, гэвч энэ тийм биш юм, нэхэмжлэгчид удаа дараа бичгээр шаардлага хүргүүлсэн, харин нэхэмжлэгч шаардлагыг хүлээж авах болон гарын үсэг зурахаас татгалзаж байсан. Шаардлагыг орон сууцны хаалга болон орцны хаалга дээр нааж байсан, мөн түүнчлэн цагдаагийн байгууллагын ажилтнуудтай хамт биечлэн гардуулж байсан, цагдаагийн байгууллагын ажилтнууд албаны хэрэгслээр бичлэг хийж байсан, шүүх шаардлагатай гэж үзвэл цагдаагийн байгууллагаас гаргуулж болно. Нэхэмжлэгч энэ талаар мөн л сайн мэдэж байгаа.

Нэхэмжлэгч түүнийг шударга эзэмшигчээр тооцож түүний эзэмших эрхийг хамгаалахыг хүсэж байна, гэвч энэ эрх нь хаанаас бий болсон гэдэг нь огт ойлгомжгүй байна. Нэхэмжлэгчид өмчлөх эрхийн гэрчилгээ байхгүй, тус орон сууцыг хууль ёсоор ашиглаж байгаа гэдгийг баталгаажуулах эд хөрөнгө ашиглах хүчин төгөлдөр гэрээ буюу өөр ямар нэг бичиг баримт байхгүй юм. Тэгсэн хирнээ тэрээр 3 гаруй жилийн хугацаанд эд хөрөнгийг ашиглах хууль ёсны харилцааг бий болгох эсвэл эд хөрөнгийг чөлөөлөхийг татгалзаж өмчлөгч болон шударга ашиглагч нарт эд хөрөнгөө хууль ёсны дагуу ашиглахад нь санаатайгаар янз бүрийн саад учруулж байна. Бичээч овогт Энххуягийн Д нь ямар ч нөхцөлд шударга эзэмшигч байх боломжгүй юм.

Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1-д заасны дагуу шударга бус эзэмшигч нь эрх бүхий этгээдэд эд хөрөнгө буцааж өгөх үүрэгтэй. Мөн хуулийн 94.1-д зааснаар Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй. Иймд нэхэмжлэгч нь ямар ч тохиолдолд өмчлөгчийн шаардлагын дагуу эд хөрөнгийг чөлөөлөх үүрэгтэй. Гэвч 3 гаруй жилийн турш хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байгаа юм.

Иймд дээр дурьдсаныг үндэслэн Э.Дгийн нэхэмжлэийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Э.Дг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот орон сууцны шударга бус эзэмшигчээр тогтоож, уг орон сууцыг чөлөөлүүлж, Э.Дг тус орон сууцнаас албадан гаргуулна уу гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Замбага-Эрдэнэ сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Хариуцагч сөрөг нэхэмжлэлийнхээ шаардлагын нэг үндэслэлийг “эд хөрөнгийг ашиглах тухай гэрээ байгуулахыг удаа дараа шаардаж байсан боловч нэхэмжлэгч нь шаардлагуудыг биелүүлээгүй, эзэмшил ашиглалтын төлбөрийг удаан хугацаагаар төлөхгүйгээр өмчлөгчийн эрхийг санаатайгаар зөрчсөн” гэж тодорхойлжээ.

Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс 2017 оны 6 дугаар сарын 02-нд Төлөөлөгчийн газартай орон сууц хөлслөх гэрээ хийх хүсэлтээ өгч байсан боловч энэ талаар ямар нэг хариу өгөөгүй. Мөн 2019 оны 06 сарын сүүлээр Төлөөлөгчийн газраас утсаар залгаж “ирж өмнө нь хийж байсан гэрээ төлсөн төлбөрөө шүүлгүүлж гэрээгээ сунгана уу” гэсний дагуу Төлөөлөгчийн газарт гурван ч удаа очиж уулзсан бөгөөд гэрээ хийх хүсэлтэй байгаа бол хүсэлтээ өргөдлөөр бичээд үлдээ гэж зөвлөсний дагуу өргөдөл хүргүүлж байсан.

Түүнчлэн хариуцагч нь “Төлөөлөгчийн газар нь ашиглалтын зардлын нэхэмжлэл өгөөгүй, өгөх боломжгүй гэрээний харилцаа байхгүй тул төлбөрийн ямар нэг нэхэмжлэл өгөх үндэслэл байхгүй. Нэхэмжлэгч нь сайн дураараа дансанд төлбөр шилжүүлдэг. Ингэхдээ хэдийд хэдэн төгрөг шилжүүлэхээ дур мэдэн шилжүүлдэг... нэхэмжлэгчийн дур мэдэн шилжүүлсэн төлбөрийг бусдаас авсан үйлчилгээний төлбөрүүдэд оруулах боломжгүй болохоор Төлөөлөгчийн газар нь байнга алдагдал хүлээдэг” гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагынхаа бас нэг үндэслэлийг тодорхойлсон байна.

Нэхэмжлэгчийн хувьд Баянзүрх дүүрэг 5 хороо, 15 хороолол, 8 байр, 56 тоот орон сууцанд 2009 оны 5 сараас эхлэн орон сууц хөлслөх гэрээг байгуулан нийт 10 жил тус орон сууцанд зохих төлбөрийг цаг хугацаанд нь хийж ямар нэг асуудалгүй амьдарч байсан билээ.

“Даяар хас” ХХК-тай 2016 оны 07 сарын 20-ны өдрийн Орон сууц хөлслөх гэрээг нэг жилийн хугацаанд хийсэн хэдий ч тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.7-д Хөлслөгч нь байрны түрээс болон ашиглалтын зардлаа сар бүр тогтмол барагдуулсан нөхцөлд тухайн гэрээг шууд сунгана гэж заасан байдаг. Мөн Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийн өмчийн хөрөнгийг удирдах УУГ төлөөний газраас ашиглалтын зардалыгтооцон гаргасан нэхэмжлэхийг өөрсдийн байгууллагын тамгатай, 2 гарын үсэгтэй, албан ёсны нэхэмжлэхийг манайд өгч байсан нь хавтаст хэрэгт өгсөн нотлох баримтаар харагдаж байгаа. Хилийн чанадад байгаа төрийн өмчийн хөрөнгийн удирдах газар 404224687 дугаар дансанд бид нэхэмжлэхийн дагуу төлбөрийг төлсөөр байтал хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ өөрсдөө бидэнд өгсөн өөрсдийнхөө байгууллагын дансанд орсон төлбөрийг “оруулах боломжгүй” гэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд энэхүү алдагдалд орсон гэх шалтаг нь биднээс шалтгаалаагүй худал гүтгэлэг юм .

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэрэг эрхлэх газрын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Монгол улс дахь төлөөлөгчийн газар нь орон сууцыг 10 түүнээс жил шударгаар эзэмшиж байгаа эзэмшигчидтэй орон сууц хөлслөх гэрээг сунгах, давуу эрхтэйгээр шинээр байгуулах талаар ямар нэг алхам хийхгүй цаг хугацаа авч байгаад бусдаас хууль бус өндөр төлбөр аван эзэмших эрхийг шилжүүлэх хууль бус ажиллагааг зохион байгуулж байгаа бөгөөд энэ талаарх тодорхой хэргүүд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст өнөөг хүртэл хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн шалгагдаж байгаа болно.

/Шүүх шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон бусад нотлох баримтыг шүүхийн журмаар гаргуулан авч болно/. Хэргийн нөхцөл байдал ийм байхад хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг шударга бус эзэмшигчээр тогтоолгож, улмаар орон сууцыг чөлөөлүүлэн орон сууцнаас албадан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй хууль бус гэж үзэж байна.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

      

Нэхэмжлэгч Э.Д нь хариуцагч “ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар” холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газарт холбогдуулан, орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж, талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь ОХУ-ын ерөнхийлөгчийн хэрэг эрхлэх газар” холбооны улсын үйлдвэрийн Хилийн чанад дахь төрийн өмчийг удирдах үйлдвэрийн газрын Алс дорнодын бүс нутгийн улс орнуудын төлөөлөгчийн газрын түрээслүүлэгч гэх “Росинка” ХХК-тай 2009 оны 5 дугаар сард гэрээ байгуулан, ОХУ-ын өмчлөлийн, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот орон сууцанд хөлсөөр сууж, нөхөр хүүхдийн хамт 10 жил амьдарсан хэмээн уг орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд хандсан.

Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШЗ2019/19587 дугаар захирамжаар дээр дурдсан үндэслэл, шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, тухайн орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг нотлох баримтыг нэхэмжлэлд хавсаргаагүй, үр дагаварыг тодорхой дурдаагүй зөрчил арилгахыг нэхэмжлэгчид мэдэгдсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь тус шүүхийн шүүгчийн 101/ШЗ2019/19587 дугаар захирамжид дурьдсан зөрчлийг арилгасан хэмээн 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл нийт 12 сарын хугацаатай Орон сууц хөлслөх гэрээний талууд хэн аль нь гэрээнээс татгалзаагүй, цуцлах болон дуусгавар болох талаар санал санаачлага гаргаагүй тул үүгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотолно, хууль ёсны эзэмшигчийн хувьд уг орон сууцыг Иргэний хуулийн 105 дугаар зүйлд зааснаар өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрх үүсэх хууль зүйн боломж бүрдэнэ хэмээн энэхүү нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргасан.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулах ажиллагааг шүүх гүйцэтгэсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т тухайлан заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх боломжийг хэргийн оролцогчид олгосон. 

Орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай шаардлагыг нотлоно хэмээн нэхэмжлэгч талаас гаргасан, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай, хөлслүүлэгч “Даяар хас” ХХК, хөлслөгч Э.Д нарын хооронд байгуулагдсан “Орон сууц хөлслөх гэрээ” нь 12 сарын хугацаатай байгуулагдсан байх ба хугацаа сунгагдаагүй, гэрээний хугацаа нь 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдөр дууссан байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1.-д зааснаар, хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүсэх бөгөөд мөн хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3-т заасны дагуу хууль буюу хэлцлийн үндсэн дээр тодорхой хугацаагаар эд хөрөнгийг эзэмших эрх нэхэмжлэгч Э.Дгийн хувьд дуусгавар болжээ.

Дээр дурдсанаар, нэхэмжлэгч Э.Д нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот орон сууцанд хөлсөөр суух хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 90 дүгээр зүйлд заасан шударга эзэмшигч биш байх бөгөөд Иргэний хуулийн 95 дугаар зүйлийн 95.1.-д тухайлан зааснаар, уг орон сууцыг эрх бүхий этгээдэд буцааж өгөх үүрэг хүлээсэн шударга бус эзэмшигч болох нь тогтоогдов.

ОХУ-ын ерөнхийлөгчийн ХЭГ-ын Хилийн чанад дахь өмчийг удирдах Үйлдвэрийн газрын Холбооны улсын үйлдвэрийн газар нь ОХУ-ын хилийн чанадад байгаа төрийн өмч хөрөнгийг удирдах газрын төлөөлөгч мөн болох нь хэрэгт авагдсан гэрчилгээгээр тогтоогдож байх бөгөөд Улсын бүртгэлийн Ү-2204008824 дугаартай бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, /13343/ Ж.Лхагвасүрэнгийн гудамж, 8 байр хаягт байршилтай 3025 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ОХУ бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д зааснаар, өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Э.Д тухайн орон сууцыг эзэмших, ашиглах эрхгүй, гэрээний дагуу эрх үүсээгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, 8 дугаар байрны 56 тоот орон сууцны хууль ёсны эзэмшигчээр тогтоолгох тухай нэхэмжлэгч Э.Дгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, уг орон сууцнаас Э.Дг албадан гаргуулж, орон сууцыг чөлөөлүүлсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70,200 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Э.Дгаас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг гаргуулж, хариуцагчид  олгосугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА